сонин mn
Статистикийн салбарыг 2021-2025 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулахаар төрийн болон олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байгаа. ҮСХ-ны дарга Б.Батдаваа өчигдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юнь Согхёнтой уулзаж энэ талаар ярилцлаа.
 
 
 
 
ҮСХ-ны дарга Б.Батдаваа энэ үеэр Статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл танилцуулж, ОУВС-тай хамтран нөөц, ашиглалтын хүснэгтийг зэрэгцүүлэх үнээр туршилтаар хийх, жил, улирлын ДНБ-ний зэрэгцүүлэх үнээр тооцоход хэлхээ суурь он ашиглах, үндэсний тооцоонд хөрөнгийн үйлчилгээний статистикийг тусгах, хөрөнгө бүтээмжийн статистик бий болгоход хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.
 
 
 
 
Суурин төлөөлөгч Юнь Согхён нь хөтөлбөрөө танилцуулсанд болон дээр дурдсан чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсанд талархал илэрхийлээд, хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид дэмжихээ мэдэгдлээ.
ҮСХ нь ОУВС-тай хамтран өндөр давтамжит үзүүлэлт тооцох чиглэлээр гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 10-нд Канад Улсын зөвлөх Крейг Каванахатай хамтран ажиллах бөгөөд эхний туршилтын тооцоо хийж, үр дүнд нь үндэслэн дутуу мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлж, тооцох арга зүйг судлах аж.
Уулзалтад ҮСХ-ны Үндэсний тооцоо шинжилгээ, судалгааны газрын дарга А.Дэмбэрэл, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Отгонбаяр, Эдийн засгийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал, Д.Мөнхзул оролцов.