sonin.mn
Бүсгүйчүүддээ Мартын 8-ны мэнд дэвшүүлж энэ өгүүллээр бэлэг барьж байна. Монгол хүн гадаад хүмүүсийн нэрийн учрыг олох тун хүндрэлтэй. Жишээлбэл, Путины бүтэн нэр нь Путин Владимир Владимирович. Харин Жо Байдены бүтэн нэр нь Жозеф Робинетт Байден болох ба үүнийг дээрээс “бага” гэж тодотгоно. Харин Меркелийг Анжела Доротея Меркель гэнэ. Цаашилбал Гегель гэвэл бүр монгол хүн баларна. Георг Вильгельм Фридрих Гегель юм шүү дээ. Дээр нь Европт түгээмэл “фон”, “де”, “ван” гэдгийг нэмбэл 5 нэртэй болно. Цаашаа Дорно дахин руу орвол бүр мангартана. Ухаандаа Ши Цинпин гэвэл ёстой бүү мэд. Аль нь жинхэнэ өөрийнх нь нэр, аль нь эцэг, аль нь ургийн нэр юм ?! Энэ “будлиан” нь хүний нэр хийгээд нэрийн систем нь дэлхийн улс орон, иргэншлүүдэд өөр өөр байдагт оршино. Үүний учрыг олох гэж баахан ухсны үр дүнд хийсэн бяцхан эрэгцүүллийг Та бүхэнд толилуулж байна…
 
Орос нэрийн систем
 
Оросын албан хэллэг болон уран зохиол уншихад орос хүний нэр их түвэгтэй. Ямар ч гэсэн Лев Толстойн алдарт “Дайн ба энх” романы 2 гол баатраар жишээ авъя. Граф Пьер Петр Кириллович Безухов-ыг зохиолч нэг хэсэг Пьер гэж явна. Тэгснээ Петр Кирилович гэж дуудна, тэгснээ залуу Безухов гэнэ. Харин нөгөө баатрын бүтэн нэр нь Гүн Николай Андреевич Болконский. Зохиолч гүн Болконский гэж явна. Тэгснээ Николай гэж дуудна. Дараа нь Николай Андреевич гэнэ. Энэ романд өөр олон Николай гарах ба энэ нь “холилдоод” үнэхээр зовлонтой. Хүний нэрийг ингэж янз бүрээр дуудаж хэрэглэх нь монгол хүнд их зовлонтой, үгүй ядаж тогтооход түвэгтэй.
Орост 3 нэр хэрэглэнэ. Энэ нь өөрийн нэр (имя), эцгийн нэр (отчество), ургийн нэр (фамилия) юм. Энэ гурвыг бүрэн нэр хэмээнэ. Дээрээс нь багын нэр, хоч, нууц нэр гэж бий.  
Дэлхийн аль ч улс орон хүний нэрийг эцгийнх нь нэртэй хамт хэрэглэдэг байжээ. Маш цөөн тохиолдолд эхийн нэрийг хэрэглэнэ. Харин ургийн нэр нэлээд хожим XIY-XY зууны үед үүссэн ба түүнийг анхлан ноёд язгууртнууд авдаг байжээ. Дараа нь худалдаачид болон лам нар авдаг болжээ. Бүр хожим 1861 онд хамжлагын харилцааг халсны дараа тариачид болон энгийн хүмүүс ургийн нэрийг хэрэглэдэг болжээ. Ургийн нэр авах үйл явц ХХ зууны 30-аад онд дууссан аж.  
Өөрийн нэр. Энэ бол ойлгомжтой. Эхээс төрөхөд тухайн хүнд өгсөн нэр. Дэлхийн бүх ард түмэн ингэдэг. Ухаандаа Путины жинхэнэ өөрийн нэр нь Владимир юм. Гэхдээ түүнийг багад нь Володя гэж дуудна.     
Эцгийн нэр. Энэ ч бас л ойлгомжтой. Энэ дэлхийн ямар ч хүнийг голдуу эцгээр нь ялгаж дууддаг. Путины эцгийнх нь нэр Владимирович юм. Оросын эцгийн нэр үндсэндээ “(в)ич” болон “(в)на” гэсэн төгсгөлтэй. Нэлээд дээр үеийн “ов” болон “ин” төгсгөл бас бий.  
Монголоор бол тэрний тэр буюу эцгийн нэрийг харъяалахын тийн ялгалаар хэлдэгтэй адил. Жи: Дашзэвэг (ийн) Ганхуяг.   
Орост эцгийн нэр 3 үүрэгтэй. 1. Өөрийн нэрийн нэмэлт болж тухайн хүнийг бусдаас ялгана. 2. Гэр бүлийн хамаарлыг (эцэг – хүү, эсвэл охин) заана. 3. Хүнийг хүндэтгэж буйг илэрхийлнэ.    
Харин эцгийн нэрийг франц хэлэнд “де”, герман хэлэнд “фон”, голланд хэлэнд “ван” гэж өөрийн нэрийн урд хэрэглэдэг ёс бий.
Ургийн нэр. Энэ нь тухайн хүнийг нийтлэг өвгөөс эх авсан тодорхой урагт хамаарч байгааг заана.Явцуу утгаар бол тухайн хүмүүс нэг гэр бүлээс үүдэлтэйг харуулна. 
“Дайн ба энх” романы гол баатар гүн Илья Андреевич Ростов хүү, охин хоёртой. Хүүг нь гүн Николай Ильич Ростов гэнэ. Охиныг нь Наташа (Наталья) Ильинична Ростова гэнэ. Эндээс эцэг, хүү, охины хамаарал тод харагдана.     
Оросын ургийн нэрийг эцгийн шугамаар үе дамжин хэрэглэнэ.Дашрамд дурдахад оросын язгууртнуудын ургийн нэр монгол гаралтай байх нь түгээмэл.
Зарим үед ургийн нэрээр үндэстнийг ч тодорхойж болно. Жи: ургийн нэр “вич” төгсгөлтэй бол белорусс, “енко” төгсгөлтэй бол украин, “швили” юмуу “зе”-ээр төгссөн бол гүрж, “ян”-аар төгссөн бол армян хүн гэж хялбархан мэдэж болно.
 
Манай тохиолдолд Путин бол ургийн нэр юм. Бүдүүн тоймоор бол Путины удмын баагий гэсэн утга. Харин эцгийнх нь нэр бас л Владимир, харин бүтнээрээ бол Владимир Спиридонович Путин гэнэ. Энд монголоос зөрж байгаа юм нь эцгийн болон өөрийн нэр давхцаж буй явдал юм.
 
Орос нэр монгол нэрийн ёсноос зөрөх өөр нэг тохиолдол нь орос эмэгтэй нөхөрт гарвал нөхрийнхөө ургийн нэрийг авдаг. Жишээ нь: Путины ээжийг Мария Ивановна Шелемова гэж байгаад нөхөрт гарсныхаа дараа Мария Ивановна Путина болно. Энэ заншил нь гэр бүл болох хийгээд салах үед эмэгтэй хүнд наад зах нь паспорт, баримт бичгээ солиулах гэхчлэн ихээхэн зовлон болдог.
“Путин ээ” гэж манайх шиг дуудах хүн орост ганц ч байхгүй. Ингэвэл тун бүдүүлэг хэрэг болно. Харин Владимир Владимирович гэж авгайлна.
Орос хүний нэрийг паспорт мэтийн албан бичигт ФИО гэсэн дэс дараагаар бичнэ. Эхлээд ургийн нэр (фамилия), дараа нь өөрийн нэр (имя), хамгийн сүүлд эцгийн нэр (отчество).
 
Европ нэрийн систем
 
Эртний Европт бусдын адил өөрийн нэр, эцгийн нэрийг хэрэглэдэг байжээ. Харин ургийн нэр яг орчин үеийн утгаар дөнгөж ХХ зуунд үүссэн байна. Чингэхдээ голдуу гэр бүлийн ургийг үндэслэгчийн хочноос үүсэн гарчээ.
Ургийн нэр анхлан Умарт Италид үүсчээ. Умарт Итали нь Европын эдийн засгийн хувьд хамгийн их хөгжсөн бүс нутаг байсан ба энд өмч хөрөнгө угсаа залгамжлах эрх үүссэн учраас тодорхой хүн хийгээд түүний гэр бүлийг бусдаас ялгахын тулд ургийн нэрийг хэрэглэх болжээ.     
Европын бусад хэсэгт ургийн нэр бүр хожим XY зууны үед тархсан байна. Ургийн нэр бий болсноор эцгийн нэр шахагдан хэрэггүй болжээ. Харин Орос болон зарим оронд эцгийн нэр хэвээр үлдсэн байна. Иймээс европ хүнийг нийгмийн зиндааг (статус) мэдэхийн тулд түүний ургийн нэрийг л мэдэхэд хангалттай.  
Европт ургийн нэр үүсэхэд гэр бүлийн бизнес гол үүрэг гүйцэтгэжээ. Жи: Медичийн удмынхан банкны ажил эрхэлж, бүх Европыг санхүүжүүлж байсан учраас үүгээрээ ихэд алдаршжээ. 
Ялангуяа испаничууд, португалчууд сайн гарал үүсэл болон эх оронч үзлээ харуулахын тулд хоёр ургийн нэр (фамилия) авдаг ёсыг нэвтрүүлжээ. Чингэхдээ эцгийн болон эхийн 2 ургийн нэр, мөн өөрийн болон сүмийн өгсөн нэр гэсэн 2 нэр авдаг болжээ. Нийлээд 4 нэр болно.
Жишээлбэл: Хосе Мария Исидоро Луис нэртэй испани баагий байлаа гэхэд Исидоро нь эцгийн ургийн нэр, харин Луис нь эхийн ургийн нэр болно. Улмаар Хосе нь өөрийн нэр, Мария нь сүмийн нэр гэнэ. Сүмийн нэрэнд эр эм хүйсийн ялгаа байхгүй учир эр хүн эм нэртэй, эм хүн эр нэртэй байх нь элбэг. 
Харин Англи болон АНУ-д эцгийн нэрийг хэрэглэдэггүй. Түүний оронд “дунд нэр” (middle name), “хоёр дахь нэр” гэсэн ойлголт хэрэглэдэг. Ийм нэрийг гэр бүл дотроо нэр хүнд бүхий хамаатан садан болон санваартныг дурсан өгдөг байжээ. Одоо бол таалагдсан дуучин, хөл бөмбөгчин зэрэг ямар ч хүний нэр өгч болно.    
 
Америк, англи нэрийн систем
 
АНУ болон Англид өөрийн нэр (first name) болон ургийн нэрийг (last name) голдуу хэрэглэдэг. Үүний дээрээс “дунд нэр” (middle name) гэгчийг дураараа нэмж болох бөгөөд энэхүү дунд нэр нь хэд хэдэн нэрээс бүрдэж болно. Жи нь: Жимми Картер, Мэри Луиза Стрип, Уолтер Брюс Уиллис, Кристофер Эштон Катчер, Дэвид Жуд Хейворт Лоу г.м. Хүний нэр заримдаа 2, заримдаа 3, заримдаа 4 болохоор чинь “ганцхан нэр”-тэй монгол хүний толгой эргэж таарна биз дээ.
Америкууд энэхүү дунд нэрээ ашиглаж ч болно, эсвэл ашиглахгүй байсан болно, үзэмжээрээ хэлдэг аж. Гэхдээ англи хэлт орнуудад дунд нэрийг паспорт болон албаны бусад баримт бичигт заавал хэрэглэдэг. Найз нар нь хүртэл дунд нэрийг нь мэдэхгүй байх тохиолдол элбэг.        
Дунд нэр нь хэт их тархсан Смит, Браун мэтийн нэрсийг ялгахад их тустай гэнэ. Ийм тохиолдолд дунд нэрийг заримдаа үндсэн нэр хийгээд ургийн нэртэй тэнцүү шахам хэрэглэдэг.
Ингээд америк баагий өөрийн нэр (first name), ургийн нэрний (last name) дээр дунд нэр (middle name) авах ба энэ нь дээд тал нь 4 хүртэл байдаг гэнэ. Тэгвэл мань баагий 6 нэртэй болно. Энэ тохиолдолд монгол хүний толгой “хага үсэрнэ” гэсэн үг. Ялангуяа монгол хүн Барууны кино үзэх юмуу ном уншсан үед олон нэр толгой эргүүлдэг…
 
Жишээлбэл: Английн Ерөнхий сайд  Александр Борис де Пфеффель Джонсон. Мань эрийн аав нэг оростой үй зайгүй найз байсан ба хүүдээ түүний Борис нэрийг өгчээ. Де гэдэг бол яг ч нэр биш, харин дээд язгуур гаралтайг илэрхийлдэг франц гаралтай үг юм.   
 
 
Хятад нэрийн систем
 
Хятад нэрийн систем хийгээд соёл нь Европынхоос эрс ялгаатай. Хятад бүрэн нэрийг бичихэд эхлээд ургийн нэрийг дараа нь өөрийн нэрийг бичдэг. Жишээлбэл Ши Циньпин гэдгийн Ши нь ургийн нэр, Циньпин нь өөрийн нэр. Хятад нэр тийн ялгалд ордоггүй, тэр чигээр нь бичдэг. Ши даргын аавыг Ши Чунсюнь гэдэг. Тэгэхлээр энэ Ши гэсэн ургийн нэр үе дамжин хэрэглэгдэж байна.
Ургийн нэр. Хятадын нэрийн систем Зүүн Ази, Зүүн-Өмнөд Азид ихээхэн тархсан байдаг. Хятадын олонхи ургийн нэрийг ганц дүрс үсгээр (иероглиф) бичнэ, тун цөөн тохиолдолд 2 дүрс үсгээр бүрдэж болно. Ийм “стандарт бус” ургийн нэр 20 орчим байдаг гэнэ.
Оросоос ялгаатай нь хятад эмэгтэй нөхөрт гараад нөхрийнхөө ургийн нэрийг авдаггүй, өөрийн нэрээ хадгалж үлддэг. Харин хүүхэд эцгийнхээ ургийн нэрийг өвлөн авдаг.
Өөрийн нэр. Хятад өөрийн нэр голдуу нэг буюу хоёр үеэс бүрдэнэ. Үүнийг ургийн нэрийн дараа бичнэ. Манай жишээнд Циньпин. Зарим баагий @ дүрс үсгийг нэр болгож авах гэснийг хуулиар хориглосон байна.
Нэгэнт дүрс үсэгтэй болохоор өөрийн нэрийг сонгохдоо утга санаа, дуудагдах байдал, дүрс үсгээр сайхан харагдах гээд толгой эргэм олон хүчин хүчин зүйл харгалздаг ба энэ нь бараг шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байдаг гэнэ.
Хүүхэд төрмөгц эхлээд албан нэр (мин) буюу сүүн нэр, хүүхдийн нэр (сяо-мин) өгдөг. Тэр хүүхэд сургуульд ороход сурагч нэр (сюэмин буюу сюньмин) өгдөг. Энэ нь монголын хүүхэд лам болоход “номын нэр” гэж өгдөгтэй төстэй.
Улмаар тэр хүүхэд насанд хүрээд ирмэгц эцэг эх нь “хоёр дахь нэр” өгдөг ба гаднын хүмүүс энэ нэрээр л дуудах ёстой. Цаашаагаа хүүхэд шалгалтаа амжилттай өгвөл түүнд “том нэр” буюу гуаньмин (албан ёсны) нэр өгнө. Харин энэ “том нэр”-ийг хүн насан туршдаа хэрэглэж, ургийн нэрийн дараа залгаж бичнэ.
Хүүхдийн нэр. Жишээлбэл:Ли Чэньфань (Брюс Ли) багадаа Ли Сяолун (Бяцхан луу Ли) нэртэй байжээ.
Хоёрдахь нэр. Энэ бол хүүхэд насанд хүрсэн буюу 20 орчим насанд өгдөг нэр бөгөөд үүнийг насан туршаа хэрэглэнэ.
Авгайлах нэр. Хятад олон хүнтэй учир нэрүүд давхцдаг. Иймээс хүмүүсийг ялгахын тулд авгайлах нэр буюу хао өгнө. Авгайлах нэр нь 3 буюу 4 дүрс үсэг буюу нэрээс бүрдэж болно. Авгайлах нэр бол ургийн болон өөрийн нэртэй огт холбоогүй, зүгээр л хүмүүсийг ялгахын тулд хэрэглэдэг “нэмэлт нэр” юм. Ухаандаа нэрт яруу найрагч Су Ши-г Дунпо Цюши буюу “Дорнын уулын бэл дэх харш” гэж авгайлах жишээний.
Хятадуудын тэн хагас нь үндсэн 5 ургийн нэр хэрэглэдэг ба тэр нь: Ван, Ли, Жан, Жоу, Чэнь болно. Үүнээс цааш бол ямар нэртэй байхыг эцэг эхийн уран сэтгэмж мэднэ. Хятадын ургийн нэрийн ихэнхи нь нэг үетэй байхаас гадна хятад нэрийн 99 хувийг эртний хятадын “Бяйци син” буюу “100 ураг” гэсэн номонд байдаг гэнэ.   
Эрэгтэй хүний нэрийг сонгохдоо голдуу сурлага, ухаан, хүч, ой, луу гэсэн утгатай дүрс үсэг сонгоно, харин эмэгтэй нэрийг сонгохдоо янз бүрийн цэцэг, үнэт эрдэнэсийн чулуу, сайхан гэсэн утгыг агуулсан дүрс үсэг сонгодог.   
 
Монгол нэрийн систем
 
Монгол бол санаа амар ганцхан нэртэй. Надад гэхэд л Ганхуяг нэрийг багад минь өгсөн. Одоо ч тэр хэвээрээ. Гэхдээ ганц нэрийг маань хүртэл дуудахаасаа залхуурна. Ихэнхи тохиолдолд Ганаа, тун цөөн тохиолдолд Хуягаа гэнэ. Бусад “үй түмэн” Ганхуягаас ялгах гэвэл хоч өгчихнө.
 
-Ямар Ганхуяг ? – Яагаав, судлаач Ганхуяг. –Бишээ, хасын Ганхуяг байхгүй юу гэх мэт “тодруулах” яриа хэвийн үзэгдэл. Одоогийн байдлаар Монголд 5618 Ганхуяг байгаа. Энэ ч гайгүй. Харин Энх-тэй дарга нараа ялгах гэж үйлээ үзнэ шүү дээ…   
 
Хочноос гадна мэргэжил, албан тушаалаар нэрлэнэ. Хаа очиж надад хоч бараг байгаагүй юм. Нэг хэсэг толгой холбож гахай Ганаа гээд удалгүй больсон, учир нь надад гахайтай төстэй юу ч байгаагүй. Одоо бол судлаач Ганаа дээр тогтож байх шиг. Дэлхийн бүх ард түмэнд хоч байх, гэхдээ манай монгол шиг толгой дараалан шахам хочтой байх нь тун ховор. Манай муу  аавын нэр, ургийн нэр маань иргэний үнэмлэх дээр л байдаг. Ингээд л гүйцээ…
Манай хамгийн шилдэг роман “Тунгалаг Тамир”-аас жишээ авъя. Тэнд бараг бүх баатар нь дан нэртэй. Эрдэнэ, Долгор, Бат, Хонгор гэх мэт. Харин Итгэлтийг бол дэвхрэг Итгэлт гэж ердөө л ганц удаа гарна. Бүрэн нэр, “хаягийг” нь дурдсан цорын ганц хүн нь Засагт ханы цахиур Төмөр. Харин Бадарч тахар бол албан тушаал юм. Хүрээ Ёндон бол хаяг-хоч юм. Ч.Лодойдамба гуай соёлтой хүн учраас хочийг бараг хэрэглээгүй. Гэхдээ л романы баатрууд бүгдээрээ шахам цаанаа хочтой байсан гэдэгт би огт эргэлзэхгүй. Учир нь манайд хоч нэн түгээмэл. Киноноос жишээ авахад л Хачиг Луузан, Ягаан Гажид, Япон Данзан, зэвсгийн Дэндэв, гоймон баатар, сэлэм Тогмид гэх мэт.
 
1923-1934 оны хавьцаа Коминтерний зөвлөх: “Танайд ганц хүний нэр л хэрэглэж байна. Тэгээд тэднийгээ зөвхөн хочоор нь ялгаж байна. Энэ чинь бүдүүлэг явдал. Та нар ядаж хүний нэрэн дээрээ аавынхаа нэрийг хамт бичиж сур” гэж шүүмжилжээ.
 
Ингээд Засгийн Газрын тогтоол гарч, “өөрийн нэрийг аавынхаа нэртэй хамт бичиж байх” тогтоол гаргажээ. Энэ талаар Л.Түдэвийн “Бүгд Найрамдах Улсын анхдугаар он” романд маш тодорхой өгүүлсэн буй…       
Ямар ч гэсэн ХХ зууны эхэн үед эртний монгол нэр хийгээд нэрийн систем алга болж, оронд шашны түвд нэр бүрэн ноёрхох болжээ. Энэ нь нийгмийн хоцрогдлын тод жишээ болно. Харин ардын засгийн жилүүдэд 40-50-иад оны үеэс эхлэн монгол нэр сэргэх болжээ. Ингэж хоёр нэртэй болж хэсэг яваад дөнгөж саяхнаас гурав дахь буюу ургийн нэр хэрэглэх болов. Энэ нь сайн хэрэг боловч хэт замбараагүй болсон ба ямар сайндаа монголчуудын 60% нь боржигон, 40 % нь доктор гэсэн онигоо гарч байхав дээ…
Монголчууд өөрийн угсаа гарвал, харъяалал, удам судраа илэрхийлэх өвөрмөц системтэй байсан бөгөөд тэр нь устан алга болсон буюу нэн бүдгэрсэн. Түүнийгээ одоо шууд сэргээх боломж хомс. Өөрөөр хэлбэл Монголд нэр хийгээд нэрийн систем дахин сэргэж, шинээр үүсэн бүрэлдэж байна. Шинэ учраас үүнийгээ ч бүрэн хэрэглэж сураагүй байна.
 
Харин энэ тухайд бол жичид нь өгүүлсэн нь дээр…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
2021 оны 03 дугаар сарын 08
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?