sonin.mn
Улайсам говийн элсэн нүүдэлд хүн, малгүй гудайж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжсөн говиос хэн хүнгүй дайжсан энэ цагт нэгэн гэрэлтэй мэдээ цар тахлын мэдээнээс дутахааргүй чих дэлсээд байгаа. “Говь-нэг сая мод” төслийг санаачлагч, “Говь-ойн зурвас” ТББ-ын тэргүүн В.Дамдинсүрэнтэй ярилцлаа.
 
-Цаг уурын өөрчлөлтийн эсрэг, нэг ёсондоо байгалийн хуульд өөрчлөлт оруулах их үйлсийг өрнүүлэх болсон, “Говь- нэг сая мод” төслийг санаачлах болсон шалтгаанаас тань яриагаа эхлэх үү?
 
-Байгаль эх дэлхий маань хэвийн байж бид оршино. Гэтэл хэвийн биш болж, дэлхийн уур амьсгал их өөрчлөгдөж, хүн төрөлхтөн бид өөрсдөө ч байгаль эхтэйгээ буруу харьцаж байна. Говь нутаг нүдэн дээр минь илт цөлжиж, бас эзгүйрч байгааг хараад үнэндээ зүгээр сууж чадсангүй ээ. Тэгээд “Ногоон хөгжлийг говьд бий болгоё. Ногоон ажлын байр бий болгоход нийслэлийг чиглэсэн их хөдөлгөөн багасна. Дээр нь говийн хөрсөө сайжруулах үүднээс тэжээлийн ургамал тариалж, говио цөлжилтөөс хамгаалъя, говийг ногоон бүс болгон хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулъя” гэсэн зорилгоор анх 2010 оны аравдугаар сараас анх төлөвлөгөө гаргаж байлаа.
 
-Одоогоор 5000 мод суулгачихаад байгааг чинь сошиалаас харлаа. Нүд чилэм элсэн нүүдэлтэй, ангамал цөл шахам говьд тийм их мод тарихаас халгаагүй юү. Өмнө нь мод тарьж байсан туршлага бий юу?
 
-Монголчууд “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэдэг дээ. Халгаагүй ээ. Харин ч хөгжих боломж гэж харж байгаа. Хотод мод тарьж байсан ч говьд мод тарьж байгаагүй л дээ. Харин манай төслийн багт хамтарч байгаа агрономич маань Дорнод аймгийн Баяндун суманд таван га газар ойн зурвас бий болгосон туршлагатай хүн.
 
Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт тарьсан бургас ургасан нь, арчилгаа усжуулалт
 
-Говьд байтугай бороо хур тасардаггүй хангай газар ч мод тарихад инженерийн шийдэл, усалгаа гээд хамгийн том асуудал баймаар. Үүнийгээ хэрхэн шийдэж байна вэ?
 
-Яг тийм. Ер нь мод тарихад инженерийн зөв шийдэл хэрэгтэй. Бид энэ тал дээр Япон, Солонгос инженерүүдээс их зөвлөгөө авсан. Ногоон хөгжилд энэ шийдэл тун чухал. Усалгааг шийдэх шийдэл уг нь олон л доо. Гэхдээ жаахан өртөг ихтэй тусна. Харин бид говийн эрдэнэ мэт усыг зөв зохистой хэрэглэх үүднээс мод тарих, тэжээлийн ургамал тариалах хоёртоо зэрэг ашиглаж байгаа. Нэг ёсондоо модоо ч усална, тэжээлийн ургамлаа ч услана гэсэн үг. Одоохондоо гүний худгийн ус ашиглаж байна. Цаашдаа байгалийн усыг ашиглах гарц шийдлийг эрэлхийлж байгаа.
 
-Ингэхэд энэ төсөл хэр удаан үргэлжлэх вэ?
 
-Хоёр үе шаттайгаар 2050 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөө гаргаад байгаа. Түүнээс цаашид ч үргэлжилнэ. 2050 он гэхэд говь цөлийн бүсийн долоон нутагт Экологи хамгаалах, сэргээх аж ахуй байгуулах мөн 25 км урттай долоон ойн зурвас байгуулах төлөвлөгөө тавьсан. Энэ ажлынхаа хүрээнд долоон сая мод тарьж ургуулах зорилготой байгаа. Энэ зорилгодоо заавал хүрнэ гэж л үзнэ дээ.
 
-Төсөл гэхээр санхүүжилт гэж хамгийн том асуудал, шийдэл ярих нь дамжиггүй. Цөлжилтийн эсрэг бараг Монголыг аврах хэмжээний том зорилго өвөрлөсөн энэ төслийн чинь эхний ээлжийн санхүүжилт яаж боссон нь сонин байна?
 
-Энэ төсөл Баянхонгор аймгийн Баацагаан суманд өнгөрсөн жилээс хэрэгжиж эхлээд байгаа. Энэ суманд байгалиараа ургадаг чихэр өвс гэх эмийн ховор ургамал ургадаг газар. Монгол орны хэмжээнд ургадаг нийт чихэр өвсний 50-60 хувь тэнд ургадаг. Гэтэл энэ ховор эмийн ургамал элсэнд автаж, устах аюул нүүрлэсэн. Энэ аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс тус сумын удирдлага, аймаг, хотод суугаа нутгийн уугуул иргэдийг уриалсан. Тус сумын хотод байдаг ахмад багш нарын зөвлөл, сургуулийн захирал асан Ц.Амарсанаа тэргүүтэй хэсэг багш биднийг хүлээн авч уулзсан. Сумын сургууль төгссөн төгсөгчид ч “Төгсөгчдийн төгөл” байгуулах ажлыг эхлүүлж уриалсан. Ингээд сумын удирдлагууд ч, аймгийн удирдлагууд ч, ахмад багш нар, төгсөгчид ч төслийг маань баяртайгаар дэмжиж, уриалгыг минь баяртайгаар хүлээн авч, идэвхтэй оролцсон. Нутгийн иргэд, малчид ч дэмжин оролцож, Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөл, уугуул иргэд гээд бүгд эрвийх дэрвийхээрээ хөдөлж, мод тарих газар, хашаа, хашааны материал, худаг, усалгааны тоног төхөөрөмж, мод худалдан авах, бүтээн байгуулалтын ажлыг голлон гүйцэтгэсэн. Бас би “Говь-нэг сая мод” пэйж хуудсаараа олныг уриалан хандахад Монгол орны өнцөг булан бүрээс баяр хүргэн, нэгдсээр байна. Сүүлийн үед гадаадад суугаа монголчууд их оролцож байгаа. Эхний санхүүжилт ингэж л боссон доо. Монголчууд нэгэн зүгт зориглон, нийлж нэгдэж хөдөлбөл бүтээж чаддагийг харуулж байна гэхэд болох байх.
 
-Ёстой л тийм байна. Хаа нэг газрын том санхүүжилт хүлээгээд суух биш, байгаа боломжоо судлан, үнэхээрийн магтууштай гэрэл гэгээтэй ажил эхлүүлжээ. Одоо төслийн үр дүн ямар явж байна?
 
-Одоо Баацагаан суманд харуул хамгаалалт бүхий 500 м урттай, 17 м өргөнтэй хашаанд гурван эгнээ 5000 ширхэг мод тарьчихаад байгаа. Гүний худаг гарган, сувгийн усалгаатай байнгын арчилгаатай, хоёр усжуулагч хүн жилийн турш тордон арчилж байна. Энэ тарьсан 5000 мод маань бургас л даа. Уг нь тухайн бүс нутагт бургас ургаж байсан ч харамсалтай нь бидний буруутай үйл ажиллагаанаас болж устсан. Гэхдээ цөөхөн хэдэн бургас үлдсэн байна лээ. Бид чихэр өвс устах аюулаас урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд нутгийн хойд талаар нь модоо тарьсан.
 
-Танай төслийн багийн талаар сонирхвол?
 
-Төсөл маань говьд эдийн засгийн өсөлт бий болгох, цөлжөөд, эзгүйдээд байгаа бүс нутгаа ногоон ажлын байр бий болгож, аж ахуйнууд байгуулах төлөвлөгөөт аян л даа. Алсын хараа, зорилго зорилт маань угтаа бол нутгаа эзэнтэй байлгах шүү дээ. Эзгүйрч буй нутагт маань харийнхан ирээд суучих вий гэсэн болгоомжлол. Энэ утгаараа төслийн баг маань өргөн бүрэлдэхүүнтэй. Танай сонины хамт олон ч гэсэн өнөөдрөөс манай багт орж байна гэхэд болно. Харин мод тарих ажилд гардан ордог хүмүүс маань мэргэжлийн судлаач, агрономич, инженерүүд, ойжуулагч нар байгаа. Тухайлбал, манай судалгааны ажлыг ХААИС-ийн агроэкологийн эрдмийн хамт олон, ойжуулалтыг Дорнод аймгийн Баяндун суманд таван га газар ойн зурвас тарьж ургуулсан хамт олон, инженерийн шийдлүүдийг Монгол, Япон, Солонгосын инженерүүд хийдэг.
 
 
Ирээдүйд бий болох Ногоон төгөл
 
 
-Санаачлагчийн хувьд төслийнхөө ирээдүйн цар хүрээг ямраар харж байна?
 
-Монгол орны цөлжсөн бүх нутагт хэрэгжих боломжтой. Бид 2050 он гэхэд долоо ба түүнээс ч олон  газар Экологи хамгаалах, сэргээх аж ахуйтай болно. Үүнд  мод үржүүлэг, хүлэмж бас ховор ургамлын үрийн аж ахуй, цэцэрлэгт хүрээлэн, 2-25 км уртай ойн зурвасууд, долоон сая мод ургуулах, уургийн өндөр агууламжтай олон наст тэжээлийн ургамал тариалан, хөрсөө сайжруулж, хадлан тэжээлийн нөөцийг  зохих хэмжээгээр бэлдэнэ. Тарьсан модныхоо нөмөрт нь нутгийн онцлогт тохирсон жимс, жимсгэнэ тариалж, нутгийн иргэд ногоон ажлын байраар хангагдан, эко хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүд бий болно. Манай говиос дэлхийн шилдэг дарс ч гарна гэж харж байгаа. Ер нь цөлжилт 50-60 хувь буурч, тэр хэмжээгээр бэлчээрийн даац нэмэгдэн, 300 мянга гаруй экологийн ажлын байр шинээр нэмэгдэн, төв суурин руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн 99 хувь, ажилгүйдлийн түвшин 50 хувь буурна гэж тооцоолж байгаа.
 
-Сайхан ирээдүй нүдэнд харагдчихлаа. Ингэхэд энэ төсөлдөө гадаадынхныг татан оролцуулж, гадны хөрөнгө оруулалтыг татах байх даа?
 
-Говийг ногоон бүс болгох талаар би 2010 оноос цаг заваараа гадна дотны эрдэмтэдтэй хамтран судалгаа, шинжилгээ хийж, өнгөрсөн жилээс модоо тарьж эхэлсэн. Бүх л нарийн ширийн ажлыг япон эрдэмтэд зааж өгдөг. Тэд “Манай зүүн азийн орнуудад тоосжилтоос болж үүсэж байгаа амьсгалын замын өвчин, технологиийн салбарт тулгарч байгаа шар шороо танай Монголоос босож байгааг бид тодорхойлсон. Иймд та нар модоо зөв тариад эхэлчихвэл бид тусална” гээд, Зүүн азийн орнуудаас санхүү босгож өгөх талаар амласан. Тэд хөл хорионоос болоод ирж чадахгүй байна. Гэхдээ бид хийж байгаа ажлаа онлайнаар байнга танилцуулж байгаа. Зүүн азийн орнууд төдийгүй дэлхийн аль ч улс орноос санхүүжилт босгож, цайдам говио ногоон болгох нь бидний үүрэг гэж бодож байгаа. Япончууд, солонгосчууд энэ тал дээр тусална гэдгээ байнга илэрхийлж байгаа.
 
-Нэгэнт үндэсний аян болгосон юм чинь аяны хүрээнд хүмүүст хандаж юу хэлж, бас юу гэж уриалмаар байна?
 
-Үндэсний аян болгож эхлүүлсэн нь хүн бүрийг татан оролцуулах гэсэндээ тэр. Хэн хүнгүй мод тарьж ургуулах сонирхол байдаг ч хүчээ тарамдуулаад төдийлөн ургуулж чаддаггүй. Мөн хүн заавал өөрөө тарьж кайф авах гээд байдаг. Уг нь ургуулж кайф авах ёстой байхгүй юу. Иймд сайн харуул хамгаалттай, арчилгаагаа хийдэг мэргэжлийн хүмүүст нь зардлыг нь өгөөд модоо тариулаад, ургуулах хэмжээний үр дүнг нь нэхэх хэрэгтэй байгаа юм. Тарих гээд байгаа хүмүүс маань харин арчилгааны үеэр очиж тусалж болно. Манайхны нэг алдаад байгаа зүйл нь харуул манаанд бага ач холбогдол өгдөг. Харуул хамгаалалт нь төсөв хөрөнгөө сайн шийдэх хэрэгтэй. Тэр ургаж буй нялх модыг мал, туулай, шувуу, элс гээд бүх эрсдэлээс хамгаалах маш чухал ажлыг тэр хүмүүс гүйцэтгэнэ. Тэгж байж бидний ажил үр дүнтэй болно. Тиймээс та мод тарьж буян хийх гэж байгаа мэргэжлийн байгууллагад л зардлаа өг. Харин мэргэжлийн байгууллагууд харуул хамгаалалт, арчилгаан дээрээ онцгой анхаараг гэж хэлмээр байна. Бас “Говь-нэг сая мод” үндэсний аянд бүгдээрээ нэгдэн оролцоорой. Дэлхийн талыг эзэлж явсан монголчууд бид нэгдээд, эх орныхоо говьд ногоон хөгжлийг хамтдаа бий болгож, хойч үедээ элсэн нүүдэл биш, ногоон зурваст говь хангай өвлүүлж өгье гэж уриалмаар байна даа.
 
-Сайхан ирээдүйтэй далайцтай том төсөл санаачлахад тань мэргэжил тань их нөлөөлөв үү, эх орноо гэх халуун сэтгэл нөлөөлөв үү. Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
 
-Би чинь Монголын анхны эрдэмтэн докторуудын нэг Жамъяншаравын зээ хүү Вандангийн Дамдинсүрэн. Манай өвөө анагаах ухааны салбарт элэгний өвчнөөр хүн эндүүлж үзээгүй гэнэ лээ. Адууны явдал хөдөлгөөнөөр, хомоолоор нь, бор гүүний саамаар, эмийн ургамлаар хүн эмчилж эдгээдэг гоц эрдэмтэн хүн байсан юм. Би өвөөгийнхөө дурсгалд зориулж 108 мод тарьж, модон суварга босгож байгаа. Би менежментийн маркетинг, барилгын инженер мэргэжилтэй. “Хонгорын шинэ эрин” компанийн ТУЗ-ийн дарга, “Хөх морьт адуу” морь уналгын төв, “Монгол шагай наадгай” брэнд, “Морин өртөө” хүргэлтийн үйлчилгээг үүсгэн байгуулагч хүн л дээ. Эхнэр хоёр охины хамт амьдардаг.
 
Усалгаа хийж буй нь
 
 
Ч.Өлзийням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин