sonin.mn
Москва хот дахь Хилийн цэргийн цэрэг, улс төрийн дээд сургууль нь өнгөрсөн онд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд Монголын хилчдийг сургаж бэлтгэж эхэлсний 50 жилийн ой нь энэ жил тохиож байна.  Алдарт Голицыны Хилийн цэргийн цэрэг, улс төрийн дээд сургуулийн төгсөгч, ХХЕГ-ын дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга, ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Гансүхтэй ярилцлаа. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын агаарын хилийн олон улсын боомтыг хариуцан Хилийн 0218 дугаар ангийн захирагчаар ажиллаж байна.
 
-Баянхонгорын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Голицыны хилийн цэргийн дээд сургуульд явахаар болсон талаар яриагаа эхэлбэл сонин түүх сонсох байх?
 
-Биднийг сурагч байсан 1980-аад оны үед 10 жилийн сургуульд цэрэгжилт гэж сүрхий хичээл ордог байлаа. Сурагчдын дунд цэрэг спортын тэмцээн их зохионо. Хүүхдүүд цэрэг хувцас өмсөж жагсаалын бэлтгэл, зэвсгийн задаргаа, саадтай гүйлтээр өрсөлддөг байв. 1985 онд Х ангид би сургуулийнхаа цэрэг спортын тэмцээний багийг ахалж ороод аймагтаа түрүүлсэн. Гэтэл нэг өдөр манай ангийн багш дуудлаа. Яваад очвол Д.Бямбадоо багш нэг өндөр залуутай хамт зогсож байна. Тэр танихгүй залуу НАХЯ-наас цэргийн дээд сургуульд явуулах хүүхдүүдийг судалж яваа албаны хүн юмсанж. “Чамд цэргийн сургуульд явах сонирхол байна уу” гэж байна. Би ч шууд “Тэгье” гэлээ. Уг нь нэлээд олон хүүхдийг аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст цуглуулсан ч хасагдсаар 10 хүүхэд үлдсэн юм. Ингээд тэр жилээ бүгд шалгуураа давж цэргийн албанд татагдсан даа.
 
-ЗХУ-д суралцах залуучуудыг эхлээд шууд цэрэгт явуулчихдаг байсан хэрэг үү?
 
-Биднийг Улаанбаатар хотод 10 гаруй хоног эмнэлгийн үзлэгт оруулаад Баянчандмань дахь сургалт бэлтгэлийн заставын шинэ цэргийн сургалтын төвд сар гаруй бэлдсэн юм. Ингээд тангаргийн баярын шөнө бүгдийг нь машинд ачиж, тухайн үеийн Хилийн цэргийн нисэхийн 0200 дугаар ангиас өглөө нь АН-26 онгоцонд суулгаад Өмнөговь руу нисгэчихсэн. Ингэж би Хилийн 0131 дүгээр ангийн Жаал шандын заставт цэргийн албаа хаасан даа. Цэргийн сургуульд суралцах хүүхдүүдийг заавал хил дээр алба хаалгаж, жинхэнэ цэрэг болгодог мундаг уламжлал байж шүү. Цэргийн албаны тухай төсөөлөлгүй, зөвхөн гадаад явна гэж хөөрцөглөсөн бидний зарим нь “Энэ миний ирээдүйн амьдрал биш байна” гээд санаа бодлоо өөрчлөн шантарч буцсан тохиолдол ч бий. Хил дээр хэдэн сар алба хаачихаад Улаанбаатарт буцаж ирээд номын дуу сонссон.
 
Эцэст нь элсэлтийн шалгалт өгч тэнцсэн хүүхдүүд парадын бэлтгэл, усанд сэлэлтийн сургуулилт хийж сар гаруй болсны дараа нутагтаа очиж 14 хоног амарсан юм. Биднийг эргүүлж наймдугаар сарын 20-доор цуглуулаад Москва руу илгээж байсан. Улаанбаатар хотоос Б.Баянмөнх, Э.Зоригт, Б.Ганбаатар, Баян-Өлгийгөөс Б.Габиден, Ховдоос Ч.Энхбаяр, Хөвсгөлөөс М.Энхболд, Төв аймгаас Д.Энхжаргал, Баянхонгороос би дээр нь НАХЯ-ны III газраас ахлагч С.Цэрэнсамбуу, Хилийн 0214 дүгээр ангийн Замын шандын заставт алба хаасан хугацааны ахлагч Л.Олдов нар нэмэгдээд 10-уулаа аян замдаа шуударсан. Ингэж л бидний хувь заяаны зам холбогдсон түүхтэй. Москвад таван жил суралцаж цэргийн анги нэгтгэлийн улс төр, хүмүүжлийн ажилтан, түүх нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. Тухайн үед энгийн болон цэргийн хос мэргэжил олгодог байсан. Үндсэндээ зургаан жил суралцсаны эцэст дэслэгч цол хүртэж байлаа. Бид 1997-2000 онд ОХУ-д Хилийн албаны академийг цэргийн удирдлагын мэргэжилтнээр төгссөн. ОХУ-ын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгчөөр ажилласан нь 2012-2015 он. Миний амьдралын 10 гаруй жил Орос оронтой холбоотой. Би Орост гурван удаа суурьшсан хүн.
 
-Москвад анх хөл тавихад ямар сэтгэгдэл төрж байв?
 
-Анхны сэтгэгдэл мартагдашгүй содон. Миний хувьд амьдралдаа анх удаа галт тэргэнд сууж үзснээс л аялал маань эхэлсэн. Анх удаа улсын хилийг давж байгаа хүнд хүний газрын хот тосгод, ахуй амьдрал, галт тэрэгний буудал бүрт өрнөх арилжаа наймаа гээд сонин сайхан байсан. Ингэж явсаар тав хоногийн дараа Москва хотод буусан. Биднийг сургуулиас шар паз автобустай нэг офицер, тарган шар прапорщик хоёр ирж тоссон санагдана. Тэр нь манай ротын захирагч хошууч Б.Фомин, ротын жагсаалын дарга ахлах прапорщик О.Маслаченко нар байсныг хожим нь мэдсэн. Москва дахь манай улсын ЭСЯ-наас хурандаа Хулганаа гуай ирсэн. Толгой эргэм олон машин, өндөр байшин дундуур явсаар хотын нөгөө захад гарч, хөдөө маягийн буйд газраар хэсэг давхиж байснаа ротын захирагч маань нэг өндөр шар барилгыг зааж “За, та нарын сургууль чинь энэ байна даа” гэснийг санаж байна. Юм бүхэн мартагдахын аргагүй л сонин содон байсан шүү. Бид ч бас дурсах сонинтой л аялсан. Тухайлбал, хил гараад галт тэрэг Наушк өртөөн дээр хэсэг зогсдог доо. Тэнд манай Д.Энхжаргал купений цонхоо онгойлгочихсон толгойгоо цухуйлгаад хэсэг оюутнаас “Хөөе, хаанахын оюутнууд бэ” гэж асуухад нөгөө хэд нь зөрүүлээд асууж буй бололтой. Манай хүн ч “Бид Голицыных” гэж хариултал нөгөөдүүл нь “Голицыно хаана байдаг юм” гэх нь тэр. Манай хүний нүд нь эргэлдэн бидэн рүү нэг харснаа “Голицынодаа л байхгүй юу” гэж хэлээд хурдхан цонхоо хааж байсан юм. Хаана очих, сургууль маань яг хаана байдаг тухай ч төсөөлөлгүй хил давцгааж байсан. Москвад очихдоо Ярославын буудал дээр бид энгийн хувцастайгаа бууцгаасан юм. Ротын захирагч автобусанд ороод “Почему вы не в форме” гэж асуутал С.Цэрэнсамбуу маань урдаас нь “Я не форма” гэж товхийтэл хариулж ротын захирагчийнхаа нүдийг орой дээр нь гаргаж байв. Бидний хэн нь ч хэл ус сайн мэдэхгүй. Эхний жил бэлтгэл курс гээд голдуу орос хэлний хичээл орно. Светлана Ивановна Ивлева, Марина Владимировна гэдэг хоёр багш ихэнх хичээлийг заана. Ингэж л бид хэдэн сарын дараа багш нарынхаа яриаг ойлгохтойгоо болсон. Миний хувьд дээд тооны хичээлээс хамгийн их айдаг байлаа. Манай М.Энхболд, Б.Габиден хоёр тоондоо мундаг. Би хоёр нөхрөөсөө мөн ч их хуулсан даа. Татьяна Михайловна Шипетина гэж хар үстэй украйн эсвэл молдав үндэстэн болов уу гэмээр бүсгүй тооны хичээл ордог. Хоёрдугаар курсын хаалтын шалгалт дээр бид том сагстай цэцэг бэлэглэж, багш маань баярлаад тоонд тааруухан мань мэтийгээ харж үзэж тун давгүй дүн авцгаасан. Хурандаа А.Ф.Шингарев гэж манай факультетын орлогч дарга шалгалт дээр ирчихсэн, “Шавь нар нь ийм гоё цэцэг бэлэглэж байхад багш тааруухан дүн тавихгүй байлгүй дээ” гэж бас хажуугаас нь бидэндээ галын дэмжлэг үзүүлээд, их хөөрхөөн. Хурандаа Е.В.Подшивалов гэж манай спецфакультетийн дарга, ясны цэргийн дарга байсан. Сургуулийн штабын дарга М.А.Прудько хурандаагийн хэрхэн команд өгч, сургуулийн захирал, генерал Ю.В.Колосковт илтгэл өгөхөөр яаж хөл тавьж алхахыг нь харах гэж нэг дэх өдрийн өглөөний нэгдэлтэд эхний эгнээнд жагсахыг хүсдэг байлаа.
 
 
Үнэхээр урлаг гэмээр бахархмаар гоё хөл тавьж алхдаг байсан.
 
 
-Та 1986-1991 оны оюутан гэхээр яг нийгмийн шилжилтийн үе таарчээ?
 
-Ёстой сонин үе байсан шүү. Биднийг гуравдугаар курст орохоос эхлээд М.Горбачёвын өөрчлөн байгуулалт пижигнээд явчихсан. Яг ид үе л дээ. Цэргийн байгууллагын нам, улс төрийн ажлыг зохион байгуулах тухай хичээл бидний хамгийн гол хичээл байлаа. Багш маань дэд хурандаа О.М.Левадный. Төгсөх курст багш маань тэр хичээлийг аргагүйн эрхэнд нөхцөл байдлаас л болсон байх, Орос оронд өрнөж буй үйл явдлуудын талаар санал бодлоо солилцдог хичээл болгочихож билээ. 1990-ээд оны сүүлчээр О.М.Левадный багш улс төрд хүчээ үзэж, Голыцино тосгоны захирагч болж, Германы “Мерседес бенц” автомашиныг угсардаг том үйлдвэрийг Голицынод байгуулж, тосгоны олон хүнийг ажилтай болгосон гэж дуулдсан. Нийгэм шилжих үйл явцыг нүдээрээ үзсэн.
 
-Шилжилтийн үеийн оюутны амьдрал ямар байв. Тухайн нийгэм цаг үеэ хэрхэн мэдэрч, ойлгож байсан бол?
 
-Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хүлээж авахаас илүү гайхшрал төрж байлаа гэх нь зөв болов уу. Бид хүүхэд байхаасаа л социалист нийгэмд хүмүүжиж, төлөвшсөн хүмүүс. Оросын сургалтын нэг онцлог нь ерөнхий мэдлэгийг сайжруулах гэж их шахдаг. Тэгтэл нийгмийн шилжилтийн үйл явц бидний үзэж байсан зарим хичээлийн онолтой аяндаа зөрчилдөж эхлэхээр цоо шинэ олон зүйлийг хүлээж авах үнэндээ амаргүй байсан. Нөгөө Е.Гайдарын “Шок терапия” буюу рублийн ханшны уналтыг харж байсан. Монголчууд Москвагаар дамжин европын орнуудаас бараа болон машин зөөхөөр урсаж эхэлсэн. Зах зээлийн нийгмийн харилцаа гэж одоо нэг иймэрхүү л юм байдаг юм байх даа хэмээн гайхаж байсан. Ойлгож байсан гэж худлаа хэлээд юу гэх вэ.
 
-Та ОХУ-д цэргийн сургууль төгссөн. Орост төгсөгчид сургуулийнхаа талаар сонин содон зүйл их ярьдаг шүү дээ. Танай сургуулийн гол онцлог юу байв?
 
-Бидний сурч байсан сургуульд курсантуудын цэргийн хэргийн ерөнхий мэдлэг, улс төр хүмүүжлийн ажлын мэргэжлийн хичээлээс гадна хичээлийн хөтөлбөрт юу нэмэлтээр оруулж, юунд анхаардаг байсан бэ гэдгийг ганц нэг жишээн дээр товчхон яръя. Эхний ээлжинд гоо зүйн хүмүүжлийг онцгой анхаардаг байсан. Бид шинэхэн курсантууд амралтын өдрүүдээр гарч Москвагаар зугаалахыг хүснэ. Гэтэл бүгдийг нь автобусанд суулгаад музей, театр, түүх дурсгалын газраар залхтал аваад явчихдаг байлаа. Бид залуу хүүхдүүд юм чинь эхлээд учрыг нь сайн ойлгодоггүй байж. Сүүлд бодох нь ээ, энэ бүхэн хүнийг үнэхээр гайхалтай соён гэгээрүүлж, хөгжүүлж, хүмүүжүүлдэг юм байна. Эндээс л бид урлаг, соёлыг хүндэтгэж сурсан. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гоо зүйн хүмүүжил олгож байсан хэрэг шүү дээ. Өвлийн амралтаар биднийг хэдэн групп болгож хуваагаад Оросын хотуудаар аялдаг байв. Ленинград, Одесс, Киев, Таллин, Минск гээд ЗХУ-ын олон хотоор аялж түүх соёлтой нь танилцсан. Энэ нь мэдээж миний хувьд олон зүйлийг шинээр нээж өгсөн, шинэ мэдлэг, мэдрэмжийн суурь болсон юм.  Манай сургуулийн ойролцоо дэлхийн II дайнтай холбоотой түүхэн газар цөөнгүй. Бид хээрийн хичээлээр Нарофоминск, Кубинка гээд тэртээх 1941 оны хүнд өвөл амь өрссөн ширүүн тулалдаан болж байсан газруудад очно.
 
Хээрийн хичээлээр бид сургалтын цагийн байдлаар өгсөн даалгаврын дагуу газар орон дээр баахан шийдвэр гаргана. Багш маань төгсгөлд нь одоо яг өөрийн чинь зогсож байгаа газар тэдэн онд тийм тулаан болсон түүхтэй, тийм тийм нөхцөл байдал үүсэж тэгж төгсгөл болсон гэж сайхан түүх ярьж өгдөг. Сургалтын хөтөлбөрөө ингэж баталгаажуулж байвал хүнд илүү наалдаж үлддэг юм байна гэдгийг тэнд ойлгосон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр цэргийн дарга, офицер хүн заавал цэрэг дайны түүхийг сонирхдог, судалдаг байх ёстой. Бүр зайлшгүй шаардлагатай гэж захихыг л хүсээд байгаа юм. Тэр олон жилийн өмнө багшийн маань хэлсэн үг, заасан зүйлс өнөөдөр толгойд минь мартагдаагүй байна. Тэгэхээр бид цэргийн сургуулийн сургалтын хөтөлбөртөө энэ талаар түлхүү тусгаж, ирээдүйн офицеруудынхаа түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй санагддаг.
 
-Тэр үеийн оюутнууд шефийн харилцаа их тогтоодог байсан. Олон нийтийн арга хэмжээ их болдог байв уу?
 
-Тэр үед Москвад монгол оюутнууд хэдэн мянгаараа суралцдаг байлаа. Мах сүүний сургууль, Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургууль гээд хэд хэдэн сургуультай манайхан шефлэнэ. Баяр болохоор нөгөөдүүлийгээ урьж автобусаар сургууль дээрээ авчираад цэргийн хоолоор дайлж, үдэшлэг зохион байгуулна. Концерт тоглож өгнө. Манай сургууль цахилгаан хөгжмийн хамтлагтай. Ахлагч нь Т.Тэмүүжин, гитарчин Л.Ариунбат, Ц.Олдов, Н.Сайнзаяа, Э.Зоригт, бөмбөрчин Д.Ганзориг гээд авьяастай олон курсант байсан. Цэргийн баяр, Улс тунхагласны баяр, шинэ жилийн арга хэмжээнд тэднийгээ урина даа. Улс тунхагласны баяраар манай хотын оюутны урлагийн наадам болно. Тавдугаар сард оюутнуудын дунд спортын наадам зохион байгуулдаг байлаа. Тэр чинь ёстой жинхэнэ тулаан болно. Москва олон оюутантай, тэр дундаа манай хилийн цэргийн Бабушкины сургуулийнхан бол мундаг сагс тоглоно, хурд гэж аймшигтай, гүйцэгдэхгүй. Нэг, хоёрдугаар баг нь орж ирээд нэг, хоёрдугаар байрыг нь хамж аваад явчихдаг. Волейболоор Биеийн тамирын сургууль, Комсомолынхон сайн. Гэхдээ Фрунзын академийнхан бол хэнийг ч дагуулахгүй. Өөд болооч С.Гүржав генерал энэ хэд чинь жинхэнэ мундаг волейболчид байлаа шүү дээ. Бас цэргийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн гэж гал ассан өрсөлдөөнтэй тэмцээн болдог байсан.
 
-Залуу хүмүүс хойно Москва орчмоор хэр их дэггүйтэж явав?
 
-Залуу насанд цаг наргүй л манаргаж явлаа. Тэгж гайхуулах нь ч бас хаашаа юм. Гэхдээ хормойгоо өшиглөсөн амьтад байгаагүй /инээв/. Б.Габиден гээд манай курсын ахлагч найз маань бий. Бас Э.Зоригт гэж, яагаав хожим ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга байсан. Тэр маань бас манай курсынх, үндэсний группын жагсаалын дарга. Мань эр нэг зун гадуур зугаалж хотод хоноод өглөө нь нээлтээс өмнө сургууль дээрээ ирчих санаатай такси барьж л дээ. Гэтэл хар өглөөгүүр Б.Габиден бас сургууль руугаа яарчихсан Москвагийн хойд хэсгээр алхаж явсан гэдэг. Тэр том хотод Голыцины сургуулийн хоёр курсант өглөөний 05:00 цагт таарсан гэж байгаа. Ховор тохиолдол шүү. Нэг бахархууштай зүйл нь сургуулийн захиргаа биднийг яг орос курсантуудтайгаа ижил түвшинд харж, харьцдаг байв. Ерөнхий эрдэм, биеийн тамир, жагсаалын бэлтгэл гээд бүх хичээл дээр шаардлага яг адил. Харин галын бэлтгэлийн хичээл дээр манай монголчууд илт илүүрхэнэ. Бас сайн тамирчин олонтой. Манай сургуулийн Б.Бат таван жилийн турш сургуулийн самбо, чөлөөт бөхийн төрөлд нэг ч ялагдалгүй босоо явсаар төгссөн юм.
 
“Динома” нийгэмлэгийн аварга болчихоод сургууль руугаа буцаж явахад нь атаархсан кавказын нөхдүүд цомыг нь булааж авч хагалсан түүх ч бий. Таван жилийн турш самбо чөлөөт бөхөөр босоо аваргалан, орос найзуудын зүрхэнд нь шар ус хуруулаад төгсөхөд нь нөгөөдүүл “Батын дарангуйлал дууслаа” гэж баярлаж байсан. Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнүүд өрсөлдөөнтэй болдог байв. Манайд цэргийн холбооны 13 дугаар рот гэж байлаа. Нэг өдөр бид тэдний ротынхонтой хөлбөмбөг тоглоод хожчихгүй юу. Тэгсэн сургууль даяар 13 дугаар ротынхныг монголчуудад хожигдсон, бараг л улс үндэстнийхээ нэр хүндийг унагасан гэж сүртэй юм болсон юм. Тэгээд маргаашаас нь даагаа нэхье гэж шалцгаав. Хэд хоног гүрийсний эцэст бид тоглолоо. Би хаалгач. Тэд ёстой хариугаа авах шиг болсон доо. Хамаг шилдгүүд нь оролцсон шиг байгаа юм. Миний гар хүчтэй өшиглөсөн бөмбөг хаасаар сүүлдээ хавдаж хөндүүрлээд эхэлсэн юмдаг. Оросууд их сонин. Нэг сайн юмандаа маш сайн. Жагсаалын дуу гаргаад явахад солгой хоолойтой хүн олон. Гэтэл сайн дуулдаг хэд нь бүр гайхамшигтай сайн. Сагс, гар бөмбөгийн тэмцээн боллоо гэхэд манай монголчуудын дунд тоглодоггүй хүн бараг байхгүй, бүгд л жигд тоглоно. Харин оросуудын ихэнх нь эв дүйгүй юм шиг хэрнээ тоглодог хэд нь бүр мэргэжлийн шахуу байх жишээтэй.  
 
-Оюутан цагийн хамгийн дурсгалтай үйл явдал?
 
-Галт тэргэнд гэргийтэйгээ анх танилцаж байлаа. Миний эхнэрийг Д.Энхжаргал гэдэг. Төгсөх курсынхээ өвлийн амралтаар эх орондоо ирж амрахаар яваад галт тэрэгний нэг купенд нэг дор сууж таарсан юм. Улаанбаатарын вокзал дээр буухдаа баяртай гээд салсан хоёр амралтаа дуусаад буцахдаа дахин нэг вагонд таардаг юм. Ёстой заяаны хань зам дээр гэдэг үнэн шүү. Ингэж Украйны Харьков хотод нэхмэлийн технологичоор сурдаг хөөрхөн охинтой танилцаж, дараа нь бид нэг гэрт орсон. Би амьдралынхаа хань болох хүнийг тэгж олж авсан. Уг нь эхнэр маань Эрдэнэт, Улаанбаатар, Дорнод хивс гээд л тэр олон хивсний үйлдвэрийн аль нэгэнд ажиллаж байх ёстой байсан хүн байхгүй юу.
 
-Тэгээд таныг дагаад хил рүү явсан уу?
 
-Тэгсэн. Надаас нэг жилийн хойно төгссөн юм. Том хүү гэдсэнд байсан цаг. Би Овоотоос хүүгээ төрсний дараа сар шахам явж ирээд нэр өгч, төрсний гэрчилгээг нь авсан. Гэрчилгээг нь авах гэж бас хөгтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй бол ааваар нь овоглохгүй гээд эхнэр бид хоёр ажил тарж байх үеэр гэрлэх ёслолын ордны нэг давхрын хүний ажлын өрөөнд очиж хам хумхан бүртгэлээ хийлгэж байлаа. Одоо хувцас сольдог өрөө болчихсон байна лээ. Өнөөгийнх шиг гоё ганган хурим найр хийгээгүй ээ. Тэгээд л би удалгүй арванхоёрдугаар сард буцаад отряд руугаа явсан. Дараа жилийнх нь гурван сард манай хоёр хилийн заставт над дээр ирж байгаа юм. Манай эхнэр заставт угаагч, түүхий эдийн нярав, саальчин гээд янз бүрийн л ажил хийсэн. Одоо бид гурван хүүхэдтэй, хоёр ач, нэг зээтэй, өнөр өтгөн болсон. Овоотын отрядын Хөвдийн заставт хөлд орсон том хүү маань одоо уурхайчин мэргэжилтэй инженер хүн, дараагийн охин маань маркетингийн мэргэжилтэн, бага охин маань дунд сургуульд сурч байна.
 
-Төгсөөд эх орондоо ирэхэд ямар нөхцөл байдал угтав?
 
-Би найман хүүхэдтэй айлын тав дахь нь. Манай гэрийнхэн намайг сурах ёстой сургуульдаа сурч төгсөөд ирж байна л гэж хүлээж авсан байх. Биднийг ирэнгүүт хэдхэн хоноод хил рүү хуваарилсан. Би Овоотод томилогдож, тэндээс л хилчин офицерийн амьдрал эхэлсэн дээ. Анх ирээд монголоор командлах их хэцүү санагдаж билээ. Таван жил орос командад дассан болохоор тэр. Өмнөговийн Овоотын отрядод ангийн төвд хуваарилагдаж нэг жил ажиллаад хилийн заставт гурван жил болсон юм байна. Биднийг ажиллаж байх үед улс төрийн аппарат татан буугдаж, заставын улс төрийн орлогч албан тушаал маань соёл хүмүүжил эрхэлсэн орлогч болж өөрчлөгдөж байсан. Овоотын отряд миний ажлын гараагаа эхэлсэн төрөлх отряд маань. Хөвдийн заставт том хүү маань хөлд орж хүн болсон, одоо ч цэл залуу насандаа алба хааж байсан заставаа эхнэр бид хоёр байнга дурсдаг.
 
-Голыцины хилийн цэргийн цэрэг, улс төрийн дээд сургуулийг төгсөгчдөөс хоёр хүн ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар ажиллаж байсны нэг нь та. Нөгөө нь хошууч генерал С.Гүржав. Та дипломат албанд ч ажиллаж үзсэн, хил хамгаалах байгууллагын удирдлагын түвшинд ч ажиллаж байсан. Таны амьдралд алдарт Голыцины хилийн цэргийн цэрэг, улс төрийн дээд сургуулийн гүйцэтгэсэн үүрэг, үр өгөөж их байсан болов уу?
 
-Тэгэлгүй яах вэ. С.Гүржав дарга маань манай сургуулиас төрсөн ганц генерал, Хилийн цэргийн штабын даргаар хоёр удаа ажилласан. Бас Б.Буянжав дарга ХХЕГ-ын Захиргааны удирдлага хариуцсан дэд даргаар олон жил ажилласан. Хоёр дарга маань хил хамгаалах байгууллагын хөгжил дэвшилд өөрийн ул мөрөө тод үлдээсэн улс. Хийж бүтээсэн олон зүйл нь тэдний өмнөөс өнөөдөр ч “ярьсаар” байдаг. Мөн манай сургуулийн төгсөгч, эрхэм ах, хурандаа Ц.Сангарагчаа агсныхаа тухай би энд онцлон дурсмаар байна. Цэргийн дарга хүн ямар их мэдлэгтэй, чадвартай хэрнээ маш энгийн даруу байж, хэнтэй ч хүнлэг, шударга харьцаж чаддаг байх нь хувь хүний хүмүүжлийн тун нандин эрдмийг энэ хүнээс олж харж, бахархаж, насан туршдаа өөрийн үйл ажилдаа мөрдөж явахыг хичээж ирсэн. “Эрдэмтэй хүн даруу” гэж энэ хүнд л тохирсон үг. Даанч эрт буцчихсан даа, харамсалтай. Төрөлх сургууль маань ганцхан миний ч биш тус сургуулиар дамжиж эрдэм мэдлэгийн охь уурхайд суралцсан бид бүхний амьдралд их үүргийг гүйцэтгэсэн нь дамжиггүй үнэн. Хил хамгаалах байгууллагын хэдэн үеийн түүхийг манай сургуулийн төгсөгчид бүтээж, хилчин офицер хэмээх алдрыг нэр төртэйгөөр авч явсан. Манай сургуулийн төгсөгчид улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт одоо ч амжилттай ажиллаж байна. Энэ бол манай сургуулийн бидэнд өгсөн боловсролын ач тус. Бидэнд тал бүрийн мэдлэг олгож, ямар ч нөхцөлд хөрвөх чадвартай, хаана ч яваад очсон ажлын байртай, хариуцсан ажлаа сайн хийж чадах хэмжээний боловсрол төлөвшил өгсөн юм байна гэдгийг харж, мэдэрч байна. Наад зах нь хүнтэй ажиллах арга барилд их сургасан. Биднийг эх орныхоо төлөө шаардлагатай үед амиа өгөх үзэл санааг цэргийн албан хаагчдад суулгаж чадахуйц суртал ухуулгын ажилтнаар бэлтгэж байсан юм. Багш нар маань зөвхөн онолын эрдэм ч заагаагүй, амьдралд тохиолддог олон асуудлыг хэрхэн шийдэх талаар өөрсдийн туршлагаасаа ч харамгүй хуваалцдаг байсан.
 
 
 
Ганцхан жишээ хэлэхэд хүнд дарга биш хажууд байгаа нөхөд нь хамгийн их нөлөөлж чаддаг, сэтгэл зовоож анхаарал татсан цэргийнхээ хамгийн ойрын найзтай нь эхлээд яриад үзэх хэрэгтэй гэж захиж байсан багшийнхаа үгийг одоо ч санаж байна. Ер нь юу эсийг зааж сургасан гэх вэ. Би төрөлх Голицыны сургуулиараа, тэр эрдэмтэй олон багшийн үгийг сонсох завшаан тохиосондоо үргэлж бахархаж явдаг.  
 
 
 
-Өнөөгийн залуу офицеруудад хандаж юу хэлмээр байна?
 
-Офицер хүн бүр сурган хүмүүжүүлэгч байдаг. Ямар ч хүнд цаашдынх нь ажил, амьдралд хэрэгтэй зүйлийг цаг үед нь хэлээд өгчих хэмжээнд өөрийгөө бэлтгэж чадах нь чухал. Бас хүнтэй ажиллах арга барилд сурах. Хүний итгэлийг олж, сэтгэлийг удирдана гэдэг мэдээж амаргүй. Үнэнч шударга, үлгэрлэн манлайлагч байх эрдмийг л эзэмшихийг  хичээгээрэй гэж хэлэх байна. Энэ нь төрөлх Голицыны сургуулийнхаа эрдэмтэн багш нараасаа сонссон үгийг л хойч үеийн залуустаа дамжуулж байгаа төдий юм даа.
 
 
Ж.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин