sonin.mn


Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Улсын драмын эрдмийн театр, Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс Олон улсын театрын өдрийг тохиолдуулан явуулдаг "Гэгээн Муза-2011" наадамд "Боржигин сэцэн" дуулалт жүжгээр өрсөлдөхөөр Говьсүмбэр аймгийн "Боржигон" чуулгынхан ирээд байгаа билээ. "Боржигон сэцэн" жүжгийн хөгжмийн зохиолч УГЗ-ын С.Дашнямтай ярилцлаа.

-Чуулга хэрхэн хэзээ байгуулагдсанаас яриагаа эхлэх үү?

-"Боржигон" чуулга бол Боржигон овгийн түүх соёлыг судлан сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн болон монголын шилдэг уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд туурвих зорилготой 1993 онд анх байгуулагдсан. Одоогийн байдлаар 60 гаруй уран бүтээлч ажиллаж байгаа бөгөөд "Бодончир сэцэн", Боржигон сэцэн", "Мандуухайн паян", "Боржигон түмний дуулал" зэрэг томоохон дуулалт уран бүтээлүүдийг туурвиж үзэгч түмний хүртээл болгоод байгаа.

-Танай чуулгын уран бүтээлүүдийг хараад байхад ихэвчлэн дуулалт жүжгүүд байна. Яагаад үүнийг сонгох болов?

-Ерөнхийдөө манайд Монгол дэг ёсоор дуулдаг, бүжиглэдэг жүжиг ховор байдаг. Тийм учраас бид дуулалт түүхэн жүжгээр дамжуулан монголын соёл, биет ба биет бус уламжлалыг ирээдүй хойчдоо таниулах зорилгоор дуулалт уран бүтээлүүдийг түлхүү хийж ирсэн. Бид боржигон өв соёлыг таниулах зорилготой "Боржигон түмний дуулал" тоглолтоо Дархан, Сэлэнгэ, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудад аялан тоглолт хийсэн. Мөн ОХУ, Эрээн, Хөх хотод урилгаар тоглолт хийж байсан.

-Орон нутгаас соёлын өвийг тараах, монгол дэг ёс, уламжлал таниулах ажлыг хийхэд хэр хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

-Маш сайхан асуулт байна. Ер нь бол гадагшаа аялан тоглолт юм уу, уралдаан тэмцээнд явахад төсөвлөсөн мөнгө гэж байдаггүй. Соёлыг түгээж яваа болон аливаа уралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцож байгаа байгууллагуудад яам, тамгын газар тусгайлан харж, тодорхой хэмжээний уран бүтээлийн зардлыг нэмж олгож байгаасай гэж бодож явдаг. Уран бүтээлчид маань бор зүрхээрээ л явж байна. Хэрэв төр засаг уран бүтээлчдээ дэмжих бодлого барихгүй бол нэг л өдөр элсэн дээр барьсан байшин шиг алга болж магадгүй.

-Танай чуулгын ихэнх нь залуу уран бүтээлчид байна. Уран бүтээлчидээ байгууллагын зүгээс хэрхэн дэмждэг байна вэ?

-Улсаас уран бүтээлчдийг орон сууцжуулаагүй. Цэргийн хуучин ангийг түшиглээд уран бүтээлчдээ орон сууцтай болгож байгаа нь манай аймгийн нэг давуу тал юм. Гэхдээ уран бүтээл буцалж байгаа учраас залуучууд маань манай чуулгыг зорьж ирээд ажилд ордог гэж бодож байна.

-"Гэгээн Муза" наадамд ямар бүтээлээр оролцож байна вэ?

-Манай чуулга энэ наадамд "Боржигон сэцэн"-гээр оролцохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд байна. Өчигдөр гуравдугаар сарын 19-нд драмын театрт шалгаруулалт явагдаж дууслаа.

-Жүжгийн тухай товч дурьдвал...?

-"Боржигин Сэцэн" дуулалт жүжигт XVI зууны Монголын түүхээс сэдэвлэн Монгол улс Манжын эрхшээлээс гарах гэж тэмцэлдэж байгаа тухай гардаг Төрийн шагналт, СГЗ Д.Төрбатын цомнол, МУ-ын УГЗ С.Дашням, Ардын жүжигчин Б.Мөнх    найруулгаар 2011 онд Говьсүмбэр аймгийн театрт тавигдсан. Энэ жүжигт дуу хөгжмийн бүхий л  төрлүүдийг оруулж өгсөн.

Өөрөөр хэлбэл хөгжмийн драматурги бий болгож өгснөөрөө дуулалт жүжгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж өгсөн гэж бодож байна. Уг наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй шилдэг хөгжмийн зохиол, шилдэг зураач, шилдэг найруулагч гэсэн номинацид тус тус нэр дэвшиж байгаа. Сайн сайн уран бүтээлчид оролцож байгаа учраас бид их найдлага тавьж байна.

-"Гэгээн Муза" наадмын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Энэ маш сайхан наадам. Гэхдээ бодох зүйл их байна. Энэ наадамд орон нутгаас оролцоход асар их зардал гардаг. Тийм ч учраас орон нутгийнхан бүрэн оролцож чаддаггүй байх. Миний бодлоор А,Б гэсэн зэрэглэлтэй болгоод уралдааны шагналыг маш өндөр болгох хэрэгтэй байна. Холоос өндөр зардал гаргаж ирдэг. Эндээс нь олон жилийн туршлагатай мэргэжлийн драмын жүжигчид нь ихэнх шагналуудыг нь авчихдаг гэсэн яриа ч байдаг. Наадамд жүжигчид зэрэглэлээрээ өрсөлддөг. Мөн шагнал нь өндөр байвал зүгээр байх.

Тус жүжгийн шилдэг эрэгтэй дүрд өрсөлдөж байгаа "Боржигон" дуу бужгийн чуулгын гоцлол дуучин Б.Энхбаяртай үргэлжлүүлэн ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулаач?

-Би 2001 онд Хөгжим бүжгийн коллежийг дуулаач, 2005 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Боржигон дуу бүжгийн чуулгын гоцлол дуучнаар ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд нэлээн хэдэн жүжгийн гол ба туслах дүр бүтээсэн. "Бодончир сэцэн" дуулалт жүжигт зарцын дүр бүтээж байсан. Одоо бол "Боржигон сэцэн" жүжгийн Цэвдэнбэйлийн дүрийг бүтээж шилдэг эрэгтэй дүрийн номинацид өрсөлдөж байгаадаа баяртай байна.

-Тоглож байгаа дүрийнхээ тухай "Гэгээн Муза"-д анх удаа оролцож байна уу?

-Тийм ээ анх удаа оролцож байна. Энэ жүжигт Манжчин улс Халхыг өөрийн эрхшээлд бүрэн оруулж дуусаад Ойрд, Халхыг хооронд нь хагаралдуулж байгаа тухай гардаг. Миний дүр бол Галданбошигт, Ану хатан хоёрын үр удмыг таслахгүйн төлөө Монгол Улсаа хамгаалан тэмцэж буй ноёны дүр юм.

-Энэ жүжиг бусад оролцож байгаа жүжгүүдээс юугаараа онцлог гэж та бодож байна вэ?

-Жүжигчин хүн дуулах, бүжиглэх гээд олон талын чадвартай байх ёстой гэж манай чуулга үздэг. Тиймдээ ч олон талаараа чадварлаг жүжигчид оролцон тоглож байгаа. Дуулалт жүжигт мэргэжлийн дуучид амьд оркестортой дуулж байгаагаараа онцлог болов уу гэж бодож байна.

Д.Нармандах
Эх сурвалж: "Нийгмийн толь"