sonin.mn
Солонгос улсад суралцдаг Перу бүсгүй Энди хичээлийнхээ зав чөлөөгөөр Монгол хэл судалж эхэлжээ. Түүнтэй цахимаар ярилцлаа.
 
Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
Сайн байцгаана уу? Намайг Энди гэдэг. Би Перу улсын иргэн. Солонгос улсад амьдардаг. Гадаад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Өнгөрсөн жилээс Монгол хэл сурч эхэлсэн. Монгол хэлээ сайжруулмаар байгаа учраас youtube.com дээр Монгол хэлээр бичлэг хийж байгаа.
 
Таны влог Монголын үзэгчдэд их таалагдсан. Анх яагаад Монгол хэл сурахыг хүссэн юм бол? Монгол хэлний онцлог нь юу байв?
 
Олон хүн надаас ингэж асуусан л даа. Солонгост сурч байхад манай ангид олон Монгол оюутнууд хамт сурч байсан. Тухайн үед анх Монгол хэлийг сонсоод үнэхээр сонирхолтой санагдсан. Нэг найз маань надад Монгол дуу сонсгосон.
Надад маш таалагдсан учраас би өөрөө олон Монгол дуу хайж сонссон. Ингээд би Монгол дуунд маш дуртай болж, улмаар танай оронд очмоор байсан учраас Монгол хэлний талаар сонирхож эхэлсэн. Өнгөрсөн жил их сургуулийн номын дэлгүүрт санамсаргүй Монгол хэлний ном харсан. Тэр номыг аваад би Монгол хэл
сурч эхэлсэн.
 
 
Монголчуудын талаар ямар төсөөлөлтэй байдаг вэ? 
 
Би одоохондоо Монгол улсад очиж үзээгүй л байна. Өнгөрсөн жил очих гэж байсан боловч коронавирусээс болоод явж чадаагүй. Ирэх жил корона дуусахаар заавал Монголд очно оо.Гэхдээ би Монгол явж үзээгүй ч Солонгос улсад олон Монгол найзтай болсон.
 
 
Миний анзаарснаар Монголчуудын ааш зан бол манай Перу улсын, Латин Америкийн хүмүүсийн ааш зантай төстэй санагдсан.
Тийм ч учраас Солонгос хүмүүсээс илүүтэйгээр Монгол хүмүүстэй найз болох нь илүү амархан гэж бодсон.
 
Монголчуудыг үнэхээр сайхан сэтгэлтэй гэж боддог. Хэдийгээр би Монгол хэл сайн мэдэхгүй ч youtube.com дээр шинэ бичлэг оруулах бүрт олон хүмүүс намайг дэмждэг. Бас миний мэдэхгүй зүйлийг зааж өгдөг. Үүнд нь миний сэтгэл их хөдөлсөн.
 
Та өөрийн youtube.com дахь хуудсан дээрээ The Wasabies хамтлагийн дууг дуулсан  байсан шүү дээ. Монголын өөр ямар хамтлаг, дуучдын дууг мэдэх вэ?
 
Би Монгол дуунд маш их дуртай. Миний гар утсанд олон Монгол дуу байдаг.
Би өдөр бүр л сонсдог. Монгол хамтлаг дуучдаас анх дуучин Укагийн дууг сонсож байсан. Одоо миний хамгийн дуртай уран бүтээлчид бол АМ-С, Vandebo, NMN, Nene, дуучин Болд. Бас The Wasabies маш их таалагддаг.The Wasabies хамтлагийн шинэ дуун дээр, мөн AM-C-гийн хоёр дуунд дээр reaction видео хийсэн.
 
 
Та хэдэн орны хэлээр ярьж чаддаг вэ? Гадаад хэл сурах гээд хичээж байгаа залуучуудад хэл сурч байгаа арга барилаасаа хэлж өгч болох уу?
 
Миний эх хэл бол Испани хэл. Латин Америкийн ихэнх улс Испани хэлээр ярьдаг. Испани, Англи, Хятад, Португали, Солонгос хэл гээд таван хэлээр ярьдаг. Мөн Япон хэл, бас Монгол хэл сурч байна. Миний сурсан хэлүүд дотроос Монгол хэл хамгийн хэцүү нь гэж бодож байна. Монгол хэлний дуудлага маш хэцүү. Дүрэм нь ч бас амархан биш. Гэхдээ миний бодлоор хамгийн хэцүү нь ч гэсэн сонирхолтой аргаар сурах боломжтой. Монгол хэл сурах материал бараг байхгүй ч өөр сурах арга олно оо. Жишээ нь дуртай дууныхаа үгийг толь бичиг ашиглаад орчуулах, бас youtube.com дээр Монгол влогчдын бичлэг үзэх гэх мэт олон арга бий. Би ойлгохгүй ч өдөр бүр үздэг.
 
Монгол найзуудтайгаа Солонгос хэлээр ярьдаг учраас миний Монгол хэлний дуудлага сайн биш шүү. Тийм учраас дуудлагаа сайжруулах гэж Монгол хэлээр бичлэг хийж эхэлсэн. Аливаа гадаад хэлийг сурахдаа хөгжилтэй байх нь хамгийн чухал гэж боддог.
 
Ярианыхаа төгсгөлд залуучуудад хандаад юу гэж хэлмээр байна?
 
Дуртай зүйлээ хийж, мөрөөдлөө дагаарай. Өмнө нь би олон хүнээс гадаад хэл сурах бол мэргэжил биш, хобби гэдэг үгийг сонсож байсан. Гэхдээ одоо би дуртай мэргэжлээрээ ажил хийж байгаа учраас өдөр бүр маш баяртай байгаа.
 
 
Бидэнтэй ярилцсанд танд маш их баярлалаа.
 
Ярилцсан Н.Энхдэлгэр