сонин mn
"Зүрхний хилэн", "Маш нууц-1, 2" зэрэг бүтээлүүдээрээ сүүлийн үед монголын кино урлагт цахиур хагалж, хүүхэд, залуусын дунд эх оронч үзэл суртлыг дэлгэрүүлж байгаа уран бүтээлчид бол "Фантастик продакшн"-ы хамт олон билээ. Иймийн учир болбоос сониныхоо Тусгаар тогтнолын өдөрт зориулсан тусгай дугаарынхаа зочин хойморт тус продакшны шилдэг уран бүтээлчдийн нэг, жүжигчин Ж.АЛТАНШАГАЙТАЙ ярилцлаа. 
 
Мэргэжил гэдэг тухайн хүнийг илтгэх том шалгуур болдог. Та жүжигчин хүн. Энэ мэргэжилтэй хэрхэн холбогдсон талаар яриагаа эхэлье.
 
-Би бүр багаасаа л энэ мэргэжилд хайртай байсан. Хүүхэд насны минь нэг мөрөөдөл гэсэн үг. Тухайн үед тулаантай, адал явдалтай, эрэлхэг баатруудын талаарх кинонууд элбэг хийгддэг байсан. Бидний сайн мэддэгээс Селвестр Сталлонейгийн тоглосон "Рэнбо"(Renbo), Жан-Клод Ван Дамийн "Төгс цэрэг" (Universal Soldier), Арнолд Шварценегерийн "Терминатор" (Terminator), мөн дээрээс нь Жаки Чанийн тоглосон энэ төрлийн олон шилдэг кинонууд зурагтаар олон давтамжтай гардаг байсан. Магадгүй энэ нь намайг кино гэх энэ урлагт хайртай, дуртай болгох нэг шалтгаан байсан гэж би боддог. Одоо ч тэр кинонуудыг үзэхэд уйддаггүй. Тийм шилдэг бүтээлүүд хийгдсэн байгаа юм. Түүнээс биш хэн нэгнээс шалтгаалж, аль эсвэл ямар нэгэн хувь зохиолоор энэ салбартай холбогдоогүй. 
 
Дунд сургуульд байхдаа сургуулийн урлагийн үзлэг, том жижиг урлагийн наадмуудад тун идэвхтэй хамрагддаг хүүхэд байсан. Ер нь энэ салбарын хүн юм байна гэдгээ ч мэдэрсэн. Улмаар СУИС-д конкурс өгч тэнцээд 2008 онд төгссөнөөсөө хойш 13 дахь жилдээ жүжигчин гэх энэ хүндтэй мэргэжлийг эзэмшиж явна. бүтээж байв? Анхны мэдрэмжийнхээ талаар хуваалцвал ...
 
-Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулж нэг ёсондоо тус үйлдвэрээс бэлэг болгож "Дурсамж төгсгөл үгүй" гэх уран бүтээлийг бид хийсэн. Тэр кино бол миний хамгийн анхны уран бүтээл. Асар их зүйлийг ойлгож, ухаарч, мэдэрч чадсан. Жүжигчин болох замналынхаа гарааг тэр мундаг бүтээлээрээ эхлүүлсэндээ баяртай байдаг. Хождоо надад маш их туршлага болж үлдсэн.
 
Урлагийн салбарт хөл тавиад хэдийнээ 10 гаруй жилийн нүүрийг үзсэн хуний хувьд дүгнэхэд хэр зөв мэргэжил сонгосон гэж бодогдож байна?
 
-Мэдээж маш зөв мэргэжлээ сонгосон гэж боддог. "Уулын оргилыг харна" гэдэг ойлголт байдаг шиг хүн амьдралдаа нэг том зорилго, мөрөөдлийнхөө биеллийг цаг ямагт төсөөлж л байдаг шүү дээ. Жүжигчид бид Оскарын шагналын эзэн болно, аль эсвэл сэтгүүлч та бүхний хувьд Пуллицерийн нэрэмжит шагналыг хүртэнэ ч гэдэг юм уу. Тухайн зорилгодоо хүрэхийн тулд л хүн мэргэжлээ сонгодог байх. Миний хувьд ч адилхан. Өөрийн зорилго, мөрөөдөлдөө хөтлөгдөж, түүнээсээ урам зориг, эрч хүчийг олж авсаар өнөөдрийг хүрч байна.
 
Та “Фантастик продакшн” гэдэг айлын гишүүн болж өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар иржээ. Ер нь эх орондоо нэр алдаа дуурьсгаж яваа энэ хамт олон анх яаж бий болсон нь сонирхол татаж байна. “Zura”, “Zura in winter” зэрэг телевизийн шоунуудаас харахад та хэд маань хоорондоо илүү дотно, нэг цул хамт олон мэт санагддаг.
 
-Хамгийн түрүүнд нөхөрлөл, мөн түрүүнд хэлсэнчлэн зорилго гэдэг хоёр зүйл дээр манай хамт олон бий болсон. Э.Алдар СУИС-ын манай дээд анги, М.Баярбат, Б.Тамир, Б.Батсайхан, Б.Ганчулуун дөрөв манай нөгөө анги, Б.Барслхагва манай доод анги, Э.Одбаярын хувьд Кино үйлдвэрийн дээд сургуулийн бүтээгдэхүүн. Ийм л залуучууд сэтгэл зүрхээрээ нэгдэн нэг хамт олон болж өнөөдөр 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Мэдээж бид сайн уран бүтээл хийхийг гол зорилгоо болгож л анх эхэлж байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй. Өнгөрсөн хугацаанд олон шилдэг залуучууд бидний эгнээнд нэгдсэн. Цаашид ч олон олон уран бүтээлүүдийг хийхээр төлөвлөж байна.
 
Тухайн жүжигчин хүнд тохирсон дүр гэж байдаг байх. Таны бодлоор өөрийгөө ямар дүрд тохирно гэж боддог вэ?
 
-Тохирох дүр гэдэг буруу ойлголт. Дүр хүнээ голно уу гэхээс, жүжигчин дүрээ голдоггүй. Хэдий жижигхэн дүр ч гэсэн маш их судалгааны ажил явагдаж л байдаг. Би Дандар баатар, аль эсвэл зүгээр л халтихан үзэгдээд л өнгөрдөг тогооч цэргийн дүрд тоглолоо гэхэд тухайн дүрийнхээ мөн чанарыг хамгийн сайн илэрхийлдэг байх ёстой. Кино үзээд дууссан үзэгчид "Гол дүрийн баатрууд гоё байлаа. Нээрээ тэр тогооч цэрэг ямар зэвүүн байв аа" гэж хэлтэл нь дүрээ бүтээх хэрэгтэй. Жүжигчин хүний бас нэг мөн чанар энэ. Найруулагчаас өгсөн ямар ч дүрд эзэн болгох нь чухал.
 
Таныг Практик буудлагын холбоо, Монголын хамгаалалтын буудлагын холбооны тамирчин, арми, тактикийн ажиллагааны сургалтад оролцдог талаар сонссон. Хэзээнээс буудлагын спортоор хичээллэж эхлэв? Үүгээр хичээллэх нь ямар давуу зан чанарыг суулгадаг гэж та боддог вэ?
 
-Би багаасаа зэвсгийн төрлийн зүйлийг маш их сонирхдог байсан. Ялангуяа буу, галт зэвсгийн хоббитой гэх үү дээ. Аав маань намайг ан гөрөө хийх болгондоо дагуулж явдаг байсан нь ч нөлөөлсөн байх. Одоо бол хобби гэхээсээ илүү мэргэжлийн тамирчны төвшинд бэлтгэгдэж байна. 
Ер нь баруун европын орнуудын ард иргэд галт зэвсгийн тал дээр өргөн хэмжээний ойлголттой байдаг. Монголчууд бид хоёр том гүрний хооронд оршин тогтнож байна. Тиймээс бид ч бас энэ төрлийн ойлголттой болох ёстой гэж хардаг. Адаглаад галт зэвсэгтэй зөв харьцаж сурах нь чухал. Жишээ нь саяхан Америкийн нэг алдартай жүжигчин кино зураг авалтын үеэр цэнэгтэй буугаар хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Хэрвээ галт зэвсгийн анхан шатны ойлголттой байсан бол ийм зүйл болохгүй шүү дээ. Хэрвээ надад нэг буу өгөөд "Сумгүй буу байгаа, энэ хүн рүү чиглүүлж байгаад буудчих" гэвэл би заавал хоолойд нь сум байгаа үгүйг шалгаад дараа нь гох дарна. Манай Практик буудлагын холбоо, Монголын хамгаалалтын буудлагын холбоо галт зэвсэгт эзэмшигчдэд маш том сургалтыг өгдөг байгууллага. Би үүгээр хичээллээд зургаан жил орчин болж байна. Жил болгон Ш.Жадамбаа генералын нэрэмжит буудлагын тэмцээн Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагынхан, манай тамирчдын дунд зохион байгуулдаг. Энэ жил би халз буудлагын төрөлд алтан медаль хүртсэн. Жил ирэх бүр л энэ спортдоо хайртай болж байна.
 
Дээрх холбоодын тамирчин болсноор тухайн хүнийг аливаад илүү хариуцлагатай хандахад сургаж байдаг. Зөвхөн өөрийнхөө бус, өрөөлийн амь нас, эрүүл мэндийг байнга бодолцож үзэх ёстой. Жишээ нь нэг буруу хөдөлгөөн хийгээд сум алдлаа гэхэд л нэгээс хоёр хүний амь насанд аюул учирна. Буу гэдэг чинь амьгүй мөртөө үүргээ гүйцэтгэж л байдаг. Тэр үүрэг нь хэн нэгний амь насанд хүрэх, ямар нэгэн зүйлийг буталж дэлбэлэхэд л оршино. Тиймээс энэ спортын тамирчид бид тогтоосон дүрэм журмыг ягштал мөрдөж байж л энэ холбоо оршин тогтноно. Хүсээгүй чигт галт зэвсэгт чиглүүлэхгүй, буудах болоогүй үед гохонд хуруу тавихгүй, байныхаа дэргэд амьд биет байгааг үргэлж хянаж байх зэрэг хэд хэдэн алтан дүрэм бий. "Энэ бууны хоолойд сум байхгүй шүү дээ, сүртэй юм" гэж эхэндээ бид боддог байсан. Харин одоо хэзээ ч тэгэхгүй. Буугаа барихтайгаа зэрэгцээд л хоолойд нь сум байгаа эсэхийг шалгана. Тэгэхээр өндөр хариуцлагаас гадна өндөр ёс суртахуунтай байж тамирчин гэх энэ нэр хүндийг өргөж явна гэж боддог.
 
Залуу хүний хувьд цэрэг, армийн талаар ямар бодолтой байдаг вэ?
 
-Би ер нь цэргийн хүнд их хайртай. Төрийн хувцас өмсчихсөн мануухай гэж хэлдэг хүмүүс ч  байдаг юм байна лээ. Хэрвээ дайн болох юм бол хоёр талаас нэг нэг кноп дархад л бүх зүйл дуусна гээд байдаг. Үнэн хэрэгтээ тийм биш. Сири, Армений жишээнээс харахад галт зэвсгээр л байлдаж байна. Тиймээс манай орны Зэвсэгт хүчин хэрэгтэй цагт улс орноо хамгаалж л таарна. Дээрээс нь манай цэнхэр дуулгатан энхийг захиулагчдаар дэлхий нийт биднийг илүү таньж мэдэж байна. Энх цагт торгон хилээ манаж байгаа манай хилийн цэргийнхэн, улс орноо батлан хамгаалахаар сэтгэл зүрхээ зориулан байгаа манай Зэвсэгт хүчнийнхнийгээ тусдаа хувь заяанд төрсөн хүмүүс байдаг гэж ойлгодог. Жирийн нэг хүний толгой дээр алтан соёмбо хадаатай байхгүй шүү дээ. Намайг нэг удаа цахим орчинд буу барьсан зураг байршуулахад "Чи өөрөө Зэвсэгт хүчинд алба хаасан юм уу" гэсэн утгатай асуултууд орж ирсэн. Би хариуд нь "Би Зэвсэгт хүчиндээ алба хаагаагүй, тэгэхдээ цэрэг, арми, эх оронч үзэл хандлагыг сурталчилсан хэд хэдэн уран бүтээлийг хийсэн" гэдэг хариултыг өгсөн. "Эрх чөлөө, тусгаар тогтнолыг зэвсэг барьсан хүн авчирсан юм шүү" гэдэг алдартай үг бий. Монголчууд эрт цагаасаа л дайчин уламжлалыг эрхэмлэдэг ард түмэн. Эх орны дайны цаг үед манай дайчид өлсөж цанган, алуулахаа шахаж байж л энэ тусгаар тогтнолыг авчирсан юм шүү гэдгийг байнга бодож явах хэрэгтэй. Одоо бид энх цагт амьдарч байгаа болохоор зарим хүмүүсийн үзэл хандлага цэрэг, армийнхны эсрэг байдаг талтай. 
 
Би нэг үгийг хараад их омогшиж байсан. "Хойчийн залуус та нарыгаа аз жаргалтай амьдраасай гээд 20 хэдтэй бид хорвоог орхиод явлаа" гэж манай хилийн цэргийн баатар дайчид бичиж үлдээсэн удаатай. Хүний амьдралын туйлын зорилго бол аз жаргалтай, элэг бүтэн, эрүүл энх амьдрах шүү дээ. Гэхэд тэдгээр залуучууд тэгж чадалгүй эх орныхоо төлөө амиа өргөсөн талаар сонсоход их л зүйл бодогдож байлаа. Тиймээс Төрийн цэргийн болон Хууль хүчний байгууллагуудынхаа алба хаагчдыг их хүндэлж явдаг юм. Ямар ч хүнд хэцүү цаг үед тэд нар маань л үүрэг гүйцэтгэдэг. Сая гэхэд л дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед нөгөө л мөрдэс нэгт алба хаагч нар маань тэргүүн шугамд зогсож, өлсөж ядрахаа хойш тавин байж ажилласны үр дүнд өнөөдөр харьцангуй бага хохирол амссан болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь эх оронд нь болзошгүй хүнд үе тохиоход тэдгээр алба хаагчид үгүй гэж хэлэлгүй, чин сэтгэл зүрхнээсээ ард түмнээ хамгаална гэдэгт бид итгэж, хайрлаж явдаг даа.    
 
Танай хамт олны бүтээсэн дэлгэцийн бүтээлүүд олон олон залуучуудад эр орноороо бахархах сэдлийг төрүүлсэн гэж хардаг. Төрөөс бодлогоор зохион байгуулдаг энэ зүйлийг та бүхэн урлагаар дамжуулж гайхалтай харуулдаг гэж би ч гэлтгүй бүх л хүн боддог байх. Тэдгээр бүтээлүүдийг хийх санаа хаанаас эхэлсэн бэ?
 
-Баярлалаа. Зохиолч Д.Төмөр-Очирын "Олонд бүү хүргэ" зохиолыг МУГЖ О.Бат-Өлзий ах маань кино зохиол болгох санаачилга гаргаж улмаар "Маш нууц" кино бүтсэн түүхтэй. Харин "Маш нууц-2: Байтаг богд" киноны зохиолыг О.Бат-Өлзий ах өөрөө бичээд хүү Б.Тамирын хамт найруулсан. Эх орны сөөм газар шороо ямар үнэтэй вэ гэдгийг бид ойлгуулахыг зорьсон. Цаашид ч энэ төрлийн кинонуудыг хийнэ. Одоохондоо кино төслөө дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
 
Жүжигчин хүнд дүрийн судалгаа гэдэг маш том ойлголт байдаг. Бидний дээр дурдсан кинонуудад дүрийн судалгаагаа хэрхэн хийсэн бэ? 
 
-"Маш нууц-2: Байтаг богд" кинонд гардаг Б.Гиваан баатрын тухай ярихад өөрөө Увс аймгийн харьяат уран дархан хүн байсан гэдэг. Харамсалтай нь үр хүүхдээ хорвоод үлдээж чадалгүй 20 гаруйхан насандаа эх орныхоо төлөө амиа өргөсөн залуу. Би тэр мундаг хүний дүрийг гаргахын тулд дотроо өөрийн гэсэн Б.Гивааныг бий болгосон. Ямар үзэл бодолтой, хүнтэй харилцах хандлагынхаа хувьд хэн байсныг сайтар судалж үзсэн. Харин "Зүрхний хилэн" киноны Жамьян бол хийсвэр дүр. Тэгэхдээ Жамьянгийн амьдралаар амьдарсан олон бодит хүнийг төлөөлөл болгож тэр дүрийг бүтээсэн. Манжийн соёлд нялх багаасаа эхлэн суралцсан монгол хүн ямар байх вэ гэдгийг сайтар бодож энэ дүрийг гаргасан. Тэгэхдээ кино гэдэг хамтын бүтээл байдаг учир ямар дүрийг яаж гаргах вэ гэдэг нь ганц жүжигчний гэхээсээ илүү бүх л хүний санаа, сэдэл тусгагддаг учиртай.
 
Тухайн үед амьдарч байсан түүхэн хүний дүрд орж, нүдээр нь харж, чихээр нь сонсоход арай өөр мэдрэмж төрдөг болов уу гэж боддог ...
 
-Мэдрэгдсэн. Нэгхэн жишээ дурдахад, "Байтаг богд" киноны төгсгөлийн сцен дээр дэлбэрэлт болсны ар дээр Б.Тэгшээ баатрын хөл нь тасарчихсан, Л.Даваадорж баатрын чих нь дүлийрсэн чигээрээ хөглийг нь боож байгаа, цаанаас нь дайснууд дайраад би (БНМАУ-ын баатар Б.Гиваан) пулемётоор галаар хамгаалж байгаа хэсэг гардаг. Тухайн үед камерын өмнө жүжиглэж байгаа, харин дотоод сэтгэлдээ үнэхээр анд нөхөд, эх орныхоо төлөө амиа өргөх л байсан байхдаа гэж бодсон. Тус киног бүтээхийн өмнө бид яг тэр зэвсэгт тулгаралт болсон газар дээр нь очиж үзсэн. Бахархал, омогшил зэрэг төрсөн. Тэр их хад асган дунд 10 хан цэрэг дайснууддаа харагдахгүйгээр нуугдаад өнгөрөх бүрэн боломжтой байсан шүү дээ. Тэгэхдээ хэзээ ч тэгээгүй. Өөрсдөөс нь 10 дахин илүү цэрэгтэй байлдах тийм сэтгэл зүрх байсан юм шүү гэдгийг бид киногоороо харуулахыг зорьсон. Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг гэдэг чинь энэ. "Соёмбо" сониныг уншиж байгаа хүмүүст уриалахад гадаадаар аялна гэхээс илүү тэр түүхэн газрыг очиж үзээрэй гэж хэлмээр санагдаж байна.
 
Ер нь таныхаар эх оронч үзэл гэж юу вэ?  
 
-Би нэг зүйлийг чухалчилж хэлмээр санагддаг. Эх оронч гэхээрээ л далбаагаа бариад, цээжээ дэлдээд, орилж чарлаад явахын нэр биш. Жинхэнэ эх оронч хүн өөрийн хийж буй ажилдаа үнэн сэтгэлээсээ л ханддаг байх ёстой. Дээрээс нь сайн аав, сайн хань, сайн найз байх нь чухал. Тэртээ тэрэнгүй эх оронд маань болзошгүй хүнд цаг тохиоход бүгд л цэрэг болоод үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой шүү дээ.
 
Саяхан цахим орчимд өсвөр үеийн залуучуудын тараар контент гарсан. Тэгтэл тэр контентод оролцож байгаа бүх хүүхдүүд монголдоо амьдрах төлөвлөгөөгүй байгаагаа хэлсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
 
-Хоёр талтай л юм. Монголын нийгэм, улс төрийн байдал, үнийн хөөргөдөл, үзэл хандлага гээд асар олон асуудлууд залуу үе, тэр дундаа өсвөр насныханд маш хүндээр нөлөөлж байгааг бид харж байна. Намайг бага байхад цахим орчинд мэдээлэл байршуулна гэдэг ойлголт байгаагүй. Харин одоо үнэн худал нь мэдэгдэхгүй олон зуун мэдээллийг тэр өсвөр үеийнхэн үнэн мэтээр л ойлгоцгоож байна. Энэ нь эргээд нийгмийн дарамт болон хувирч, ийм бусармаг орчинд амьдрахгүй юм сан гэсэн бодол төрж л байгаа. Тэгэхээр өсвөр насны залуучуудыг буруутгахын аргагүй. Юу сонсож өснө яг л тийм хүмүүжлийг олж авна шүү дээ. 
 
Миний л хувьд лав заавал энэ монгол газар шороон дээрээ л ясаа тавина. Яах вэ, хүн гадаад орноос туршлага хуримтлуулах л хэрэгтэй л дээ. Би Австрали, Америк, Солонгосоос эхлээд олон газар очиж үзсэн. Тэгэхдээ эх орноос минь илүү сайхан газар гэж хаа ч үгүй. Ямар ч хүн гэртээ л жаргалтай байдаг биз дээ.
 
Тэгвэл эх оронч үзэл хандлага, төлөвшлийг хэрхэн бий болгох ёстой гэж та хардаг вэ?
 
-Үүнд эцэг эхчүүдийн хувь нэмэр чухал. Зуны дэлгэр цагт хүүхдүүдээ дагуулаад Монгол орноороо аялал хийчихдэг байх ёстой болов уу. Бидний хойч үе монгол ахуйтайгаа илүү ойрхон байж л нүүдэлчдийн соёлыг хадгалж үлдэж чадна. Түүнээс биш адуу аюултай амьтан гээд унуулахгүй байж болохгүй. Өөрсдөө хамт аялж, нутаг усаа танилцуулж, морь малтай харьцаж сургах нь нөгөө эх оронч үзлийн нэг хэлбэр болж чадах болов уу. 
 
 
 Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин