сонин mn
Сайхан амьдралын төлөө цагаачлалаар харийн нутгийг зорьсон нэгэн гэр бүлийн 13 настай охин үе тэнгийн охидод зургаан цагийн турш хүчирхийлүүлсэн хэрэг таван сарын өмнө гарчээ. Гэвч БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсний дараа буюу таван хоногийн өмнө монголчууд мэдлээ. Хүчирхийлэлд өртсөн охин сургуульдаа явах байтугай гэрээс гарч, нийгмийн амьдралд оролцож чадахгүй болтлоо сэтгэл гутралд орсон талаар охины ээж Солонгосын хэвлэлд ярьжээ. Энэ хэрэгт эмзэглэсэн иргэдийн төлөөлөл Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа баасан гарагт жагсав. Энэ үеэрээ хохирогч охинд  өмгөөллийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхийг шаардсан албан бичгийг хүргүүлсэн юм. Нэг талаараа энэ нь зөв үйлдэл.
 
Гэхдээ гадаадад хүчирхийлэлд өртсөн охинд туслахын төлөө сэтгэл зүрхээ зориулан тэмцэж байх үед гэртээ суугаа таны хүү эсвэл охинд ийм зүйл тохиолдоогүй гэдэгт та итгэлтэй байна уу. Гаднаас нь харахад бие эрүүл, ямар нэгэн гэмтэлгүй ч таны энхрий үрийн дотоод сэтгэл зүрх ямар нэгэн шархгүй, хайраар дүүрэн байгаа юу. Үе тэнгийн хэн нэгний цахим эсвэл биет гадуурхалд өртөн сэтгэл дотроо шаналж яваа юм биш биз гэсэн олон асуултыг оюун бодолдоо тунгаахыг дээрх хэрэг бидэнд санууллаа.
 
Сэтгэл зүйн гэмтэл насан туршид үргэлжилдэг
 
Хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн тохиолдолд тухайн шарх тийм амар эдгэрдэггүй. Тиймээс улс орнууд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд бүх анхаарлаа хандуулан, сэтгэл зүйн тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй болгоход бодлого шийдвэрээ чиглүүлэн ажиллаж байна. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилиг “Хүний биед учирсан гэмтэл ихэнх тохиолдолд эдгэх хэдий ч, сэтгэлзүйд учирсан цочрол эдгэрч, хэвийн байдалд ордоггүй. Насан туршид нь үлдэж, нөлөөлдөг, улмаар сэтгэцийн эмгэг, өвчтэй болох магадлал өндөр. Энэ нь даамжирвал амиа хорлох, амьдрах итгэлгүй болох, сөрөг үр дагавартай гэдгийг Сэтгэл судлалын шинжлэх ухаан судалж, тогтоосон байдаг. Сэтгэцийн цочрол, өөрчлөлт нь намжмал байдалд байж, түр хугацаанд хэвийн мэт байдалд ордог боловч сэтгэлзүйн засал, үйлчилгээ аваагүйн улмаас улам сэдэрч сэтгэцийн эмгэг, өвчин болох магадлалтай” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв
 
 
 
Сэтгэл гутрал дан ганц хүчирхийллээс үүддэггүй. Насанд хүрээгүй хүүхдүүд ойр дотны хүнээ алдах,  гэнэтийн осол аваарт өртөх зэрэг уй гашуугаа хэрхэн тайлах, даван туулахаа мэдэхгүйгээс сэтгэл гутралд орж улмаар амиа хорлоход хүрдэг талаар Монгол Улсад анх удаа хийсэн амиа хорлолтын талаарх судалгаанд тэмдэглэжээ. Мөн манай улс сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэл зүйн эмчилгээ, үйлчилгээг орхисноос болж өсвөр үеийнхний амиа  хорлолт нэмэгдэж байгааг дээрх судалгаанд дурдсан байдаг.
 
 
 
Нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалан шинэ үеийнхний сэтгэл зүйн байдал маш эмзэг болсон гэдгийг сэтгэл судлаачид онцолж, тэдний сэтгэл зүйн асуудалд онцгойлон анхаарахыг зөвлөж байна. Гэтэл Монгол Улсад насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр даана гэх атлаа сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлдэггүй. Ийн хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хаясан нь ямар ноцтой үр дагаварт хүргэдгийг сүүлийн жилүүдэд бүртгэгдэж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн амиа хорлолт, гэмт хэргийн тоо баримт бидэнд баталж байна.
 
Өрх, дүүргийн эмнэлгүүдэд сэтгэл зүйчийн орон тоог нэмье
 
Манай улс Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай бие даасан хуулийг 2000 онд баталж, 2013 онд энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.9-д “Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж гэж өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төвд сэтгэцийн тулгамдсан асуудал, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийг эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх, эмчлэх, лавлагаа, тусламжид илгээх, эмнэлэгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж авсаны дараа хяналт тавих, сэргийлэх арга хэмжээг хэлнэ” гэж заасан байдаг. Тиймээс манай сурвалжлах баг өрх болоод дүүргийн эмнэлгүүд 0-18 насны хүүхдүүдэд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдэг эсэхийг тодруулахад дээрх эмнэлгүүдэд мэргэшсэн сэтгэл зүйч алга.
 
Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII хорооны Ачлахуй өрхийн эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн I хорооны Учрахуй  өрхийн эмнэлгээс тодруулахад “Манайд сэтгэл зүйч байдаггүй. Даатгалаар хүүхдүүдэд сэтгэл зүйн үйлчилгээг үнэгүй үзүүлдэггүй” гэсэн хариу өглөө. Дараа нь  Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү очиход ижил нөхцөл байдал биднийг угтав. Чингэлтэй дүүргийн хүүхэд хариуцсан эмч нь “Миний хувьд 0-18 насны хүүхдүүдийг хүлээн авдаг. Тусгайлсан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэггүй. Хэрэв хүүхдийн сэтгэл зүйн асуудал хүнд байвал СЭМҮТ рүү шилжүүлдэг” гэж ярьсан юм. Тиймээс өрх болоод дүүргийн эмнэлгүүдийн сэтгэл зүйчийн орон тоог нэмж, 0-18 насны хүүхдүүдэд сэтгэл зүйн  үйлчилгээг даатгалаар үзүүлдэг больё гэсэн асуудлыг бид хөндлөө.  Учир нь “Эрүүл мэнд гэдэг нь хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын сайн сайхан байдлын цогц бүрдлийг хэлнэ” гэж  ДЭМБ-ын дүрэмд тусгажээ. Мөн ДЭМБ-аас эрүүл мэнд нь биеийн, сэтгэцийн, нийгмийн эрүүл мэндийн гэсэн гурван хэмжигдэхүүн, бүрэлдэхүүнтэй хэсэгтэй гэж тодорхойлсон байна.
 
Хувийн сэтгэл зүйчийн нэг цагийн зөвлөгөөний үнэ 50-70 мянга
 
Хэрэв хувийн сэтгэл зүйчид хандвал нэг цагийн 50-70 мянган төгрөг төлнө. Сэтгэл зүйн зөвлөгөө хамгийн багадаа нэг жил үргэлжилж байж үр дүнд хүрнэ. Хэрэв тухайн хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол сард 23 удаагийн зөвлөгөө авах ёстойг  мэргэжилтнүүд ярилаа. Ингэхээр хувийн сэтгэл зүйчид хандвал сард нэг сая 150 мянгаас нэг сая 610 мянгыг төлөх нь. Гэтэл  нэг жил байтугай нэг сарын  хувийн сэтгэл зүйчийн төлбөрийг төлөх чадамжтай гэр бүл Монголд хэр олон бэ.
Харин хүүхэд хүчирхийлэл, гадуурхалд өртөх, сэтгэл зүйн асуудалтай тулгарсан тохиолдолд өөрт ойрхон орших өрх эсвэл дүүргийн эмнэлгээс сэтгэл зүйн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаараа үнэгүй авдаг болчихвол нийгмийн олон суурь асуудал шийдэгдэх юм.
 
 
 
Сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг тусгайлсан төв байгуулахаас илүү сэтгэл зүйчдээ чадавхжуулж, өрх болоод дүүргийн эмнэлгүүддээ тусгайлсан сэтгэл зүйчтэй болгох нь энэ цаг үед нэн шаардлагатай хамгийн чухал шийдвэр юм.
 
 
 
Эс бөгөөс сэтгэлийн уй гашуугаа хуваалцаж, мэргэжлийн зөвлөгөө авч чадаагүйгээс хэдэн мянган хүүхэд амиа хорлож, насан туршийн сэтгэлийн гүн шархтай үлдэхийг бид таашгүй. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 180-р тушаалаар баталсан “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” тушаалын  “Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээ, түүнд хяналт тавих журам”-д заахдаа “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт дараах сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг оношлох, эмчлэх, зөвлөгөө  өгөх тусламж үйлчилгээг үзүүлнэ” гэсэнд сэтгэл түгших, сэтгэл гутрах эмгэгүүд багтжээ. Дээрх журам байтугай батлагдаад 11 жил болсон Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай хууль хэрэгжихгүй байгаагийн уршгийг бид цаашид хэдэн жил хүртэж, хэдэн мянган хүүхдийнхээ сэтгэл зүйг гэмтээсний дараа ухаарах вэ.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин