sonin.mn
Арван есхөн настай цэл залуухан цэрэг хүү зуурдаар амиа алдсанд эмгэнэн гашуудаж байна. Мөрдэс зүүсэн цэргийн хүний хувьд, удахгүй цэрэгт мордох хүүтэй ээж хүний хувьд ар гэрийнхэн, ойр дотныхонд нь эмгэнэл илэрхийлье. Сэтгэл зүрх өмрөн гашуудаж байна. Өөрөө буруутай юм шиг толгой гудайлгаж харц дальдчаад дүрэмт хувцастайгаа олны дунд орохоос халширч байна. Хэдхэн хоногийн өмнө л буюу "Төрийн далбааны өдөр"-өөр ажил мэргэжлээрээ, мөрдэс нэгт нөхдөөрөө бахархаж зогссон юм сан. Улсын сүр цэрэгтээ цэргийн сүр жагсаалдаа гэдгийг тод томруун илэрхийлсэн ёслолын жагсаалыг маань амтай бүхэн магтаж ард иргэд сэтгэл догдлон үзэж байсан сан. Гэтэл одоо ганц хоёр хүний хариуцлагагүй байдлаас болж салбараараа, мөрдэстэй бүхэн буруутан болж хувирлаа. Өдөр шөнөгүй халуунд халж хүйтэнд хөрж бэлдэн хүүхэд залуус, иргэддээ сонирхуулсан сүрт жагсаалын уухайг саринуулж, хэдэн 100 цэргийн алба хаагчийн хөдөлмөр талаар нэг болчихлоо. Яагаад гэж тэр хариуцлагагүй нөхдөөс асуумаар бүр гомдсондоо хашгирмаар байна. Төрийн торгон цэргүүд Есөн хөлт цагаан тугаа залан Төв цэнгэлдэхэд орж ирэхэд уухайлан долгилох ард иргэдийн дуу хоолой одоо ч цуурайтсаар. Биднээр ямар их бахархаж аньсага нь чийгтэж байсан бол.
 
Хурдан морьдын уралдааныг маш сайн зохион байгууллаа. Өнөөх дагаж давхидаг том том машинууд бараа сураггүй морьддоо дэлгэцээр хяналт тавих боломжтой сайхан наадаж байна гэж морио дээдэлдэг монголчууд баяртай байсан сан. Үүний ард хэчнээн олон цэрэг эрсийн хөдөлмөр зүтгэл шингэсэн гэж санана. Баярлах завгүй халуунд халж, хүйтэнд хөрж түмэн олныг баярлуулах гэж хичээж зүтгэсэн тэдний минь сэтгэл зүтгэл бас л талаар нэг болж байх шиг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн үг бий. Ийм л юм болчихлоо. Бидний амжилт, хөдөлмөр хамгийн гол нь сэтгэл зүтгэл маань дэндүү хайран. Хэдэн цэргээ гэсэн сэтгэлээр нойр хоолоо хасан гэр бүл үр хүүхдээ шийтгэж байгаа аятай гэр орондоо баярлах амрах завгүй харуул манаа эргүүл хийн өнөө хэддээ сэтгэл зовон өндөлздөг олон олон офицер ахлагч нарын сэтгэл зүтгэл ч бас салхинд хийсчихлээ. Баяр наадмын өдрүүдэд анги байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хариуцлагатай эргүүл, жижүүр манаа томилогдож шат шатандаа анхаарал хяналтаа дээшлүүлдэг гэдгийг захын цэргийн алба хаагч мэднэ дээ.
 
Хаана хэн ямар ажилтай явааг хоногийн 24 цаг шат шатны эргүүл жижүүррүүддээ илтгэж мэдээлдэг биз дээ. Тэр өдрүүдэд үүрэг гүйцэтгэж байсан эргүүл жижүүрүүд цэргийнхээ хойноос хараа хяналт тавьсан бол ийм харамсалтай хэрэг гарахгүй шүү дээ. Хэдэн сэтгүүлчдийн өмнө хэрэгтэн ялтан аятай байцаагдаж хэлэх үгээ олж ядан ээрэгдэж суугаа дарга нараа харахад харамсалтай ч юм шиг.
 
Уруулаа ув улаанаар будаж, час улаан өнгийн хувцас өмсчихсөн “алдарт” сэтгүүлч мөрдөн байцаагч аятай аяглахыг харах гутармаар ч юм шиг. Сурвалжлаад байна уу, өс зангидаад байна уу гэж бодогдмоор. Баяр ёслол сурвалжилахаар ирээгүй л байлтай. Би ч бас сэтгүүлч мэргэжилтэй. Бидэнд гоо зүй, биеийн хэлэмж, хамгийн гол нь сэтгүүлчийн ёс зүй гэж томоохон хичээл заадаг юм даа уг нь. Саяхан л бид хаа холын Африк тивд эрдэнэт хүний амийг монгол цэргүүд аварлаа гэсэн олон сайхан мэдээгээр дэлхий дахинд монгол цэргийн суу алдрыг өргөж, цэнхэр дуулгатнууддаа баярлаж, тэднээрээ бахархаж байсан бус уу. Хүний нутагт хүнд амаргүй нөхцөлд үүргээ гүйцэтгэж Монгол Улс, монгол цэргийн нэрийг өндөрт өргөж яваа тэдний маань хөдөлмөр ч газраар хөглөрч байгаа нь дэндүү харамсалтай.
 
Цэргийнхнийхээ үндсэн үүргийнхээ хажуугаар барилга барьж, төмөр зам тавьж, эх орныхоо бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд ажиллаж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үйлсэд ханцуй шамлан зүтгэж аль хэрэгтэй гэсэн газар хамгийн түрүүнд бэлэн байдгаар нь бахархдаг сэтгэл минь гундуухан болчихлоо. Алуурчид яргачид гэж хэдэн зуугаараа турхиран сошиал орчноор давалгаалж байгааг харах зүрх зүсэм. Бид буруутай. Гэхдээ бүгдийг харлуулж, ажлаа хийсэн шиг хийж яваа олон мянган алба хаагчийн сэтгэл зүтгэлийг дэвсэлж байгаа нь харамсалтай. Биднийг харааж зүхэх ч яах вэ. Хамгийн гол нь үр хүүхдээ цэрэгт явуулахаа больё, жагсъя тэмцье, хүүхдүүдээ цэргийн албанаас нь очиж авцгаая гэж уриалан турхирч байгааг харах үнэхээр харамсалтай. Бид ч бас хүн. Мөрдэстэй бүхэн өөрийгөө буруутай мэт бодож хайран сайхан хүүгийн төлөө харамсан гашуудаж байна. Бид буруутай. Буруугаа хүлээх ч ёстой. Өөрсдийгөө өмөөрсөн юм огт биш шүү.
Эр цэрэгтэйдээ эх орон нь бүтэн байдаг болохоор эх орны эр цэргийг бэлдсээр л байх болно.
 
Дэд хурандаа Х.ГАНЗУЛ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин