сонин mn
ТОКИО. /Kyodo/. Япон даяар коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаагаас үзэхэд цар тахлын найм дахь давлагаа наймдугаар сард оргил үедээ өдөрт 260 мянга гаруй тохиолдол илэрч байсан өмнөх давлагаатай ойролцоо юм уу илүү хүчтэй байж магадгүй байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны зөвлөх ажлын хэсэг лхагва гарагт мэдээлжээ.
Японд энэ долоо хоногийн мягмар гараг хүртэлх долоо хоногийн хугацаанд илэрсэн "COVID-19" халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 40 хувиар өссөнийг тус яамны мэдээлэл харуулсан бөгөөд лхагва гарагт халдварын 87 мянга гаруй тохиолдол шинээр илэрсэн байна.
 
 
 
Тодруулбал, баруун нутгийн Токүшима мужид халдварын тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 69 хувиар өссөн бол баруун өмнөд нутгийн Мияги, төвийн нутгийн Фүкүи мужид 66, 60 хувиар тус тус өсжээ. Мөн Хоккайдо аралд сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд 850 тохиолдол илэрсэн байна. 
 
 
 
Үүнтэй зэрэгцэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өсөж, ялангуяа 10-19 насныхны дунд ийм байдал ажиглагдаж байгаа нь өндөр настай олон хүн халдвар авсан тохиолдолд нас барагсдын тоон үзүүлэлт нэмэгдэх магадлалтай болохыг ажлын хэсэг мэдээлсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээллээр, наймдугаар сард илүүдэл эндэгдлийн тоо 12-15 мянгад хүрч, нас барагсдын тоон үзүүлэлт дунджаас өндөр байсан нь “COVID-19”-тэй юм уу эмнэлгийн ачаалал хэтэрсний улмаас үйлчилгээ авч чадахгүй тохиолдлын тоо өссөнтэй холбоотой байж магадгүй байна.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг