sonin.mn
Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 2022 онд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол боллоо. Тангараг өргөх ёслолыг үзэх сонирхохоор Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгаас байлдагч нарын аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн нь арга хэмжээг чимж, дайчдын сэтгэл ч ихэд хөдөллөө.
      Тангараг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын удирдлага, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахмад дайчдын төлөөлөл оролцож, шинэ дайчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.
 
        Эх орондоо үнэнчийн андгай болгож тангараг өргөсөн дайчдыг төлөөлж байлдагч Я.Нямбаатар “Цэргийн алба гэдэг бидний төсөөлж байснаас ч илүү сайхан орчин байна. Эх орны хүү боллоо гэдгийг мэдрэмжийг мэдрэх нь үгээр хэлэхийн аргагүй омогшил төрүүллээ. 45 хугацаанд шинэ дайчдыг өнөөдрийн өнгө жавхаатай дайчин болтол сургасан рот, салааны захирагч нартаа талархал илэрхийлье. Бид албаа нэр төртэй хаах болно гэдгээ хайртай аав, ээжийнхээ өмнө ам бардам хэлье” хэмээв.
 
 
        Харин дайчдын эцэг эхийг төлөөлж Архангай аймгийн Чулуут сумын иргэн н.Жалбаа “Танкийн тусгай хорооны дайчдыг харсан чинь залуу нас минь санагдлаа. Өвөө нь 50 жилийн өмнө яг л та нар шиг ийм хийморьлог эр явж байлаа. Цэргийн алба гэдэг ямар сайхан алба болохыг энэ хугацаанд та бүхнийг бүрэн мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд залуучууд нэгнээ гэсэн сэтгэлтэй, эв найрамдалтай албаа нэр төртэй хаахыг захисан юм.
 
         Мөн энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчид алс холоос хүрэлцэн ирсэн эцэг, эхдээ гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, хүчит 32 бөхийн барилдаанаар “бэлэг” барив.
 
    Хүчит 32 бөхийн барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, байлдагч Б.Мөнхбат түрүүлж, Архангай аймгийн Их тамир сумын харьяат, байлдагч Б.Сономжамц үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, байлдагч О.Батсүрэн, Хархорин сумын харьяат, байлдагч Л.Тэмүүжин нар шалгарсан юм. 
 
 
Ахлах дэслэгч Т.Алтантуул (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)