БНХАУ-ын дарга Ши Жиньпин арваннэгдүгээр сарын 18-ны орой гэргий Пэн Ли-юаний хамт Шэньжэнь хотын Олон улсын солилцооны төвд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Эдийн засгийн удирдагчдын 33 дахь албан бус уулзалтад оролцож буй зочдод зориулан хүндэтгэлийн зоог барилаа.
Хүндэтгэлийн зоог эхлэхийн өмнө Ши Жиньпин, Пэн Ли-юань нар АПЕК-ийн гишүүн эдийн засгуудын удирдагчид, төлөөлөгчид болон тэдний гэр бүлийнхний хамт дурсгалын зураг татуулав.
Зоогийн үеэр Ши Жиньпин үг хэлж, Шэньжэнь хотын хөгжил дэвшил, Хятадын шинэчлэл, нээлттэй бодлогын үр дүн болон Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.
Тэрбээр Шэньжэнь хотыг Хятадын шинэчлэл, нээлттэй бодлогын амжилтыг тод харуулсан жишээ хэмээн тодорхойлж, 1978 онд анх ирэхэд нь загас агнуурын жижиг тосгон байсан газар өнөөдөр дэлхийн хэмжээний орчин үеийн их хот болон хөгжсөнийг тэмдэглэжээ.
Ши Жиньпиний хэлснээр, Шэньжэнь хотын хөгжлийн үндэс нь нээлттэй байдал, инновац, олон улсын хамтын ажиллагаа юм. Тус хот жил бүр олон улсын патентын 20 орчим мянган мэдүүлэг гаргаж, дэвшилтэт үйлдвэрлэл болон орчин үеийн үйлчилгээний салбарыг зэрэгцүүлэн хөгжүүлснээр Хятадын инновацийн тэргүүлэх төвүүдийн нэг болжээ.
Түүнчлэн дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн авьяаслаг мэргэжилтнүүдийг нэгтгэж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааны чухал төв болон өргөжсөнийг онцолсон байна.
“Шэньжэний хөгжлийн түүх бол Хятадын шинэчлэл, нээлттэй бодлогын бодит илэрхийлэл төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны амжилттай жишээ юм” хэмээн Ши Жиньпин тэмдэглэжээ.
Тэрбээр цааш нь АПЕК байгуулагдсан цагаасаа нээлттэй байдал, инновац, хамтын ажиллагааг эрхэмлэж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов. Үүний үр дүнд Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн хамгийн эрчимтэй хөгжиж буй бүсүүдийн нэг, өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж чадсан гэдгийг дурджээ.
Мөн Хятад улс энэ онд АПЕК-ийг даргалах хугацаандаа 16 хотод 300 гаруй уулзалт, арга хэмжээ зохион байгуулж, гишүүн эдийн засгуудын 10 мянга гаруй төлөөлөгчийг хамруулсныг мэдээлэв. Эдгээр арга хэмжээ нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжлийн нийтлэг зорилтуудыг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэсэн байна.
Ши Жиньпин үгийнхээ төгсгөлд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хамтдаа тодорхойлж, бүс нутгийн хөгжил, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө гишүүн эдийн засгуудтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямба
Пүрэв - 11 сарын 19,
2026
Сэтгэгдэл0