sonin.mn

Энэ сарын 12-ны өдөр “Neguun.mn” сайтад “Юнимед Интернейшнл” эмнэлгийн удирдлагууд ажилтнуудынхаа цалинг олгодоггүй гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийн удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар өглөө.

“Юнимед Интернейшнл” эмнэлгийн гүйцэтгэх захирал С.Буянт мэдээллийн эхэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог, үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл, нууцлалыг хамгаалах шаардлагын талаар онцолсон юм.



Тэрбээр “Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдаж буй эмэгтэйчүүд, тэдний нөхөр, гэр бүлийнхэн сэтгэл зүйн хувьд маш эмзэг байдаг. Зарим үйлчлүүлэгч ийм эмчилгээ хийлгэж байгаагаа ойр дотнын хүмүүстээ ч хэлдэггүй, нууцалдаг. Тиймээс бид үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээлэл, нууцыг хамгаалах үүрэгтэй” хэмээн тайлбарлав.



Түүний мэдээлснээр, энэ сарын 12-ны өдрийн 15:00 цагийн орчимд ажлаас гарахаар төлөвлөж байсан Дөлгөөн гэх ажилтан цалингаа эцгийнхээ дансаар авах хүсэлт гаргажээ. Тухайн үед эмнэлгийн удирдлага түүнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өгөхийг хүсэж, тооцоог нь тухайн өдөртөө багтаан дуусгахаар болсон байна.

Гэвч үүний дараа тухайн ажилтан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг дагуулан ирж, эмнэлгийн хүлээн авах хэсэгт бичлэг хийсэн гэж С.Буянт мэдэгдлээ.


Тэрбээр “Би тухайн ажилтанд өргөдлөө бичээд өгчих, өнөөдөртөө тооцоог чинь дуусгана гэж хэлсэн. Үүний дараа цайгаа уугаад иртэл сэтгүүлчид дагуулан ирсэн байсан. Тэд манай эмнэлгийн хүлээн авах хэсэгт камераа байрлуулж, нэг нь микрофон барин, бусад нь гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тухайн үед манай ажилтнуудаас гадна үйлчлүүлэгчид ч тэнд байсан. Дараа нь хяналтын камерын бичлэгийг шалгахад гурван автомашинтай долоо, найман хүн ирж, янз бүрийн өнцгөөс бичлэг хийсэн нь харагдсан” гэв.

Мөн тухайн үед ирсэн хүмүүс өөрсдийгөө ямар хэвлэл мэдээллийн байгууллагаас ирсэн, ямар асуудлаар мэдээлэл авах гэж байгаагаа тодорхой танилцуулаагүй бөгөөд эмнэлгийн удирдлагад асуултад бүрэн хариулах боломж олгоогүй гэж тайлбарлалаа.



Эмнэлгийн зүгээс уг үйл явдалтай холбогдуулан “Neguun.mn” сайтын сэтгүүлчдийн үйл ажиллагааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Түүнчлэн холбогдох баримт материалыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн хороонд хүргүүлжээ.



С.Буянт “Бид тухайн ажилтны цалинг олгосон. Гэтэл хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад ‘Neguun.mn’ сайтын сэтгүүлчид өчигдөр дахин ярилцлага авахаар ирсэн. Энэ бүх үйл явдлын цаана дарамт шахалт үзүүлж, мөнгө авах гэсэн зорилго байж болзошгүй гэх хардлага бидэнд төрж байна. Гэхдээ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.


Тэрбээр мөн тус эмнэлэг олон ажилтныхаа цалинг олгоогүй гэх мэдээллийг няцааж, ийм асуудал үүссэн гэх баримт байгаа бол олон нийтэд ил болгохыг хүсэв.


“Манай эмнэлэг одоогоор 60 гаруй ажилтантай. Гомдол гаргасан гэх ажилтан энэ оны есдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Харин ‘Neguun.mn’ сайтад мэдээлсэн шиг 20 гаруй ажилтны цалинг олгоогүй асуудал байхгүй. Хэрэв ийм мэдээллийг нотлох баримт байгаа бол гаргаж тавих хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.


Мөн тэрбээр эмнэлгийн үйл ажиллагааны талаар танилцуулахдаа “Манай эмнэлэг 1997 онд байгуулагдаж, анх хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 2012 онд үр шилжүүлэн суулгах лаборатори, лазер технологи бүхий эмчилгээний үйлчилгээг нэвтрүүлж, энэ чиглэлээр Монголдоо анхдагчдын нэг болсон. 2014 оноос хойш манай эмнэлэгт хандсан 8000 гаруй гэр бүл үр хүүхэдтэй болсон. Дэлхий дахинд үр шилжүүлэн суулгах эмчилгээний амжилтын түвшин 30–40 хувь байдаг бол манай эмнэлгийн хувьд 35 хувьтай байна” гэв.

Ийнхүү “Юнимед Интернейшнл” эмнэлгийн удирдлагууд ажилтнуудын цалинтай холбоотой нийтлэгдсэн мэдээллийг няцааж, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдлоо холбогдох байгууллагуудад гаргаснаа мэдэгдлээ.



С.Сарнай