Хүн бүрийн амьдралын зам мөр насны тоо, арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл дээр хэмжигддэггүй. Сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо ч харилцан адилгүй байдаг. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” булангаа хүргэж байна.
Энэ удаа Монголын и-спортын Counter-Strike төрлөөр дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа The MongolZ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай болон дэлхийн шатрын спортын нэгэн бүтэн эрин үеийг тодорхойлсон Норвегийн их мастер Магнус Карлсен нарыг онцолж байна.
Нэг нь цахим спортын тайзнаа багийнхаа тоглолт, тактик, залуу тамирчдын сэтгэлзүйг удирдан чиглүүлдэг бол нөгөө нь 64 нүдтэй шатрын хөлөг дээр дэлхийн шилдгүүдтэй оюуны тулаан өрнүүлдэг. Тэдний сонгосон спорт, өссөн орчин, амьдралын замнал өөр боловч нэг ижил онцлог бий. Тэд хоёулаа өөрийн салбартаа тууштай хөдөлмөр, сахилга бат, сэтгэлзүйн тэсвэрээрээ ялгарч, дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан чацуутнууд юм.
Тайзны ард бичигдсэн Монгол хүүгийн эхлэл

Дэлхийн цахим спортын хамгийн том тайзнаа Монгол Улсын нэрийг дуурсгаж, олон улсын хүчирхэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж буй The MongolZ-ийн амжилтын тухай ярихад тоглогчдын нэр хамгийн түрүүнд дурдагдана. Харин тэдний ард өрсөлдөгч бүрийн тоглолтыг судалж, тактикийн шийдэл боловсруулж, залуу тамирчдынхаа сэтгэл зүй, ур чадварыг тордож суудаг нэгэн эрхэм бий. Түүнийг Б.Эрдэнэдалай буюу дэлхийн Counter-Strike-ийн хүрээлэлд MaaRaa нэрээр нь андахгүй. Өнөөдөр түүний нэр олон улсын тэмцээний тайзнаа, дэлхийн шилдэг дасгалжуулагчдын жагсаалтад бичигдэж байна. Гэвч энэ амжилтын эхлэл өчигдөрхөн тавигдаагүй.
Монголын цахим спорт дэлхийд танигдахаас өмнө, мэргэжлийн багийн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй цаг үед тэрээр тоглогчийн хувиар өөрийгөө сорьж, хожим дасгалжуулагчийн замыг сонгожээ.
Ийнхүү нэгэн үе өөрөө тоглолтын талбарт өрсөлдөж явсан залуу өнөөдөр бусдыг ялалтад хөтлөх үүрэг хүлээсэн нь түүний амьдралын сонирхолтой эргэлт байв. Б.Эрдэнэдалайн Counter-Strike-ийн замнал 2015 оноос эхтэй. Түүний нэр The MongolZ багтай эртнээс холбогдож, 2016 оны IEM Taipei тэмцээнд түрүүлсэн багийн түүхтэй ч огтлолцдог. Тухайн үед Монголын баг олон улсын томоохон тэмцээнд түрүүлнэ гэдэг өнөөдрийнх шиг төсөөлөхөд амар зүйл байсангүй. Гэсэн ч The MongolZ Азийн бүсийн өрсөлдөгчдөө ардаа орхиж, Тайванийн нийслэл Тайбэйд болсон тэмцээний аваргаар тодорсон юм. Энэ ялалт Монголын цахим спортын гадаад дахь нэр хүндийг өсгөсөн эхний томоохон амжилтуудын нэг байв. Гэхдээ түүний карьер зөвхөн нэг багийн хүрээнд үргэлжилсэнгүй. Тоглогчоос дасгалжуулагчийн ажилд шилжиж, Mazaalai, w2c, Checkmate, IHC Esports зэрэг багт ажиллан туршлага хуримтлуулжээ.
Өөр бүрэлдэхүүнтэй, өөр зорилготой багуудтай ажилласан энэ хугацаа түүнийг тоглолтын тактик боловсруулах төдийгүй багийн дотоод зохион байгуулалт, тоглогчдын харилцаа, сэтгэл зүйн онцлогийг ойлгодог мэргэжилтэн болоход нөлөөлсөн биз ээ.
2023 оны дөрөвдүгээр сард The MongolZ-д дахин нэгдсэнээр түүний дасгалжуулагчийн карьерын шинэ үе эхэлсэн юм. Энэ удаа тэрээр өөрийн туршлагаа залуу тоглогчдын хөгжилд зориулахаар ирсэн байлаа. Тухайн үеийн баг өнөөдрийнх шиг дэлхийд танигдсан нэр хүндтэй байгаагүй ч ирээдүйд хүрэх зорилго нь тодорхой байв. Энэ нь монгол тоглогчдоос бүрдсэн баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжтой гэдгийг харуулах. Түүний хөдөлмөрийн үр дүнг 2024 оноос эхлэн олон улсын тэмцээнүүдийн амжилтаас харж болно.
Эцэг шиг нь түшиг болдог хүн

The MongolZ баг Perfect World Shanghai Major тэмцээний шөвгийн наймд шалгарч, дэлхийн томоохон багуудын анхаарлыг татав. Үүний дараа 2025 онд BLAST.tv Austin Major тэмцээний финалд хүрсэн нь Монголын цахим спортын түүхэнд онцгой байр суурь эзлэх амжилт байлаа. Улмаар наймдугаар сард Саудын Арабт болсон Esports World Cup тэмцээний Counter-Strike 2 төрлийн финалд Туркийн Aurora Gaming багийг 3:0-ээр буулган авч, аваргын цом хүртсэн юм.
Хагас сая ам.долларын шагналын сантай уг тэмцээний түрүү нь The MongolZ-ийг дэлхийн тэргүүлэх багуудын эгнээнд баттай оруулсан томоохон үйл явдал байв. Үүнээс гадна өнгөрсөн бүхний ард дасгалжуулагчийн оролцоо их бий.
Тэрээр тоглолтын өмнө өрсөлдөгчийнхөө арга барилыг судалж, тоглогч бүрийн үүрэг, байрлалыг тодорхойлж, тэмцээний явцад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийдэг. Гэхдээ түүний ажлыг зөвхөн тактикийн самбар, статистик үзүүлэлтээр хэмжих боломжгүй. Залуу тоглогчдыг алдар нэрийн оргилд хүрсэн үед нь даруу байлгах, ялагдлын дараа өөртөө итгэх итгэлийг нь сэргээх, багийн нэгдмэл байдлыг хадгалах нь дасгалжуулагчийн бас нэгэн чухал үүрэг билээ. Австралийн Counter-Strike-ийн шинжээч, тайлбарлагч Elfishguy 2024 оны арван нэгдүгээр сард өгсөн ярилцлагадаа maaRaa-г The MongolZ-ийн залуу тоглогчдын хувьд эцэг шиг нь түшиг болдог хүн хэмээн тодорхойлсон байдаг. Тэрээр багийн гол цөм болсон bLitz, Techno, maaRaa нарын тогтвортой байдал бүрэлдэхүүн өөрчлөгдөх үед багийг нэгтгэхэд чухал үүрэгтэйг онцолжээ. Мөн тоглогчдыг цахим спортын хүрээлэлд үүсдэг элдэв маргаан, сөрөг нөлөөнөөс хол байлгаж, амжилтын оргилд хүрсэн ч биеэ зөв авч явахад нь нөлөөлдөг гэж үнэлсэн байна. Энэ бол түүний ажлыг гаднаас нь ажигласан мэргэжилтний өгсөн онцлох үнэлгээ юм. Харин түүний хувь хүний тухайд сонирхол татах түүх цөөнгүй.
The MongolZ багийнхан 2025 оны гуравдугаар сард нэгэн хөгжилтэй мэдээлэл хуваалцсан нь дасгалжуулагчийнхаа хуучин хүрмийн тухай байв. МaaRaa тоглогч байхдаа өмсдөг байсан, багийн хуучин логотой нисгэгчийн хүрэмдээ ихэд дассан нэгэн гэнэ.
Багийнхан нь шинэ хүрэм авч өгсөн ч тэр хуучнаа өмсөх дуртай хэвээр байжээ. Магадгүй тэр хүрэм түүнд зүгээр нэг хувцас биш, тоглогчийн замналаа эхлүүлсэн он жилүүд, хамтдаа туулсан дурсамжийг нь сануулдаг биз. Түүнчлэн The MongolZ-ийн тоглогчидтой хийсэн ярилцлагад тэрээр дуртай хоолоо цуйван, хуушуур, хорхог хэмээн нэрлэж, Game of Thrones цуврал болон Монголын “Маш нууц 2: Байтаг Богд” киног үзэх дуртай, монгол дуу сонсох сонирхолтой тухайгаа ярьсан нь бий. Дэлхийн олон орноор аялж, тэмцээн уралдаанд оролцдог ч түүний сонголт монгол ахуй, эх орныхоо соёлтой ойр хэвээр байгаа нь анзаарагдана.
Мэргэжлийн хөдөлмөрөөрөө олон улсын хэмжээнд ч үнэлэгдсэн
Түүний амьдралд 2026 оны гуравдугаар сард нэгэн баярт үйл явдал тохиосон юм. Тэрээр хоёр дахь удаагаа аав болсон тул BLAST Open Rotterdam тэмцээнд багтайгаа хамт оролцож чадаагүй. Харин The MongolZ-ийн залуус дасгалжуулагчаа орлож, гэрэл зургийг нь тоглолтын арын сандал дээр байрлуулсан нь олон улсын цахим спортын хүрээлэлд инээд хөөр дагуулсан үйл явдал болжээ.
Гадаадын сэтгүүлчид хүртэл түүний зургийг ярилцлагын зочин мэт үзэж, асуулт тавих гэж оролдсон ч maaRaa хариу өгсөнгүй. Дасгалжуулагчийнхаа эзгүйд ийм байдлаар хүндэтгэл үзүүлсэн нь багийнхны хоорондын дотно харилцааг илтгэсэн хөгжилтэй агшин байлаа.
Түүнийг багийнхан нь хэрхэн үнэлдгийг харуулсан өөр нэгэн үйл явдал бий. 2025 оны тавдугаар сард болсон Austin Major тэмцээний үеэр The MongolZ-ийн тоглогчдын албан ёсны тоглоомын наалт дээр дасгалжуулагч maaRaa болон багийн үүсгэн байгуулагчдын нэрийг оруулсан юм. Тус багийнхан “Каз, Даркис нар манай байгууллагыг үүсгэн байгуулсан, харин maaRaa бол бидний дасгалжуулагч. Тэд бүгд өмнө нь мэргэжлийн тоглогч байсан ч өөрсдийн гэсэн наалттай болж байгаагүй. Харин одоо л энэ боломжийг олголоо” хэмээн тайлбарласан. Энэ бол багийнхаа амжилтын ард зогссон хүмүүсийг мартахгүй гэсэн тоглогчдын хүндэтгэлийн илэрхийлэл байв. Тэрээр мэргэжлийн хөдөлмөрөөрөө олон улсын хэмжээнд ч үнэлэгдсэн. 2025 оны HLTV Awards-ийн оны шилдэг дасгалжуулагчийн төрөлд нэр дэвшиж, 2026 оны нэгдүгээр сард зарлагдсан эцсийн дүнгээр 50 оноотойгоор хоёрдугаар байрт шалгарсан юм. Тус шагналын ялагч нь Францын Vitality багийн дасгалжуулагч XTQZZZ байв.
Дэлхийн шилдэг багуудын мэргэжилтнүүд, салбарын шинжээчдээс бүрдсэн багийн санал хураалтаар ийнхүү хоёрдугаар байрт бичигдсэн нь Монгол дасгалжуулагчийн хувьд онцгой үнэлгээ байлаа.
Харин энэ оны арваннэгдүгээр сарын 8-нд The MongolZ баг IEM Beijing тэмцээний финалд шалгарч, MOUZ багтай аваргын төлөө өрсөлдсөн ч 0:3-аар ялагдан дэд байрт орлоо. Финалд хүрэх замдаа олон улсын хүчирхэг багуудыг буулган авсан нь тэдний өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг дахин харуулсан юм. Ялалт, ялагдлын аль алинаас суралцаж, дараагийн тэмцээндээ бэлтгэх нь мэргэжлийн спортын салшгүй хэсэг. Энэ утгаараа maaRaa-гийн ажил нэгэн тэмцээний үр дүнгээр дуусахгүй.
Хязгаартай орон зайд хязгааргүй мэт сэтгэж чаддаг нэгэн

Шатрын хөлөг дээр 64 нүд бий. Түүн дээр цагаан, хар өнгийн 32 дүрс ээлжлэн нүүдэл хийж, өрсөлдөгчийнхөө бодлыг уншиж, хэд хэдэн алхмын цаадах боломжийг тооцоолдог. Гэвч тэрхүү хязгаартай орон зайд хязгааргүй мэт сэтгэж чаддаг нэгэн бий. Түүнийг Магнус Карлсен гэдэг. Норвегийн энэ их мастерын нэрийг дэлхийн шатрын ертөнцөд танилцуулах шаардлагагүй.
Түүний тоглолт, амжилт, рекордын тухай шатар сонирхогчид төдийгүй мэргэжлийн тамирчид, дасгалжуулагчид, шүүмжлэгчид олон жил ярьсаар иржээ. 1990 оны арван нэгдүгээр сарын 30-нд Норвегийн Тёнсберг хотод төрсөн Свен Магнус Ээн Карлсен багаасаа л ой тогтоолт, сэтгэн бодох чадвараараа бусдаас ялгарч байв.
Хоёр настайдаа 50 хэсэгтэй эвлүүлдэг тоглоом эвлүүлж, дөрвөн настайдаа өөрөөс нь хэдэн насаар ах хүүхдүүдэд зориулсан лего тоглоомоор бүтээл хийдэг байсан тухай намтарт нь тэмдэглэжээ. Таван настайд нь аав Хенрик Карлсен шатрын дүрмийг заасан ч тэр даруйдаа энэ спортод татагдсангүй. Харин улс орнуудын нэр, хүн ам, далбаа, нийслэлийг цээжлэхэд илүүтэй дуртай байлаа. Найман настайгаасаа шатрын нүүдэл, өргийн учир шалтгааныг өөрөө сонирхон судалж эхэлснээр түүний амьдралын чиг өөрчлөгджээ. Карлсенийг бусдаас ялгаруулсан зүйл нь зөвхөн хурдан боддог чадвар биш байв. Тэр нэгэн байрлалыг хараад боломжит нүүдлүүдийг тооцоолохын зэрэгцээ өрсөлдөгчийнхөө алдаа гаргах магадлалыг мэдэрч, энгийн мэт харагдах байрлалаас ч давуу тал олж чаддаг байлаа. Шатрын ертөнцөд түүнийг заримдаа “хүний компьютер” хэмээн нэрлэдэг ч Карлсений тоглолтыг зөвхөн тооцооллоор тайлбарлахад дутна. Түүний онцлог нь тоглолтын төгсгөлийн шатанд ч өрсөлдөгчөө алдаа гаргах хүртэл шахаж, тэнцүүхэн байрлалаас ялалт байгуулах боломжийг эрэлхийлдэгт оршино.
Титэм хүртэх нэг хэрэг, хадгалж үлдэх өөр хэрэг

Тэр өсвөр насандаа дэлхийн шатрын анхаарлыг татаж эхэлсэн юм. 2004 онд дөнгөж 13 настайдаа их мастерын цол хүртсэн нь тухайн үеийн шатрын түүхэн дэх хамгийн залуу амжилтуудын нэг байв. Тэр жилдээ Москвагийн Аэрофлотын нээлттэй тэмцээнд оролцож, дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн тоглох чадвартайгаа харуулсан. Улмаар 2010 онд дэлхийн чансааны нэгдүгээр байрт бичигдсэнээр Норвегийн залуу хүү дэлхийн шатрын оргилд хүрэх замаа нээжээ. Гэхдээ Карлсений хувьд чансааны тэргүүн байр хангалттай байгаагүй. Түүний зорилго дэлхийн аваргын титэм байлаа. 2013 онд Лондонд болсон нэр дэвшигчдийн тэмцээнд Владимир Крамникийг тай-брейкийн үзүүлэлтээр ардаа орхиж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм.
Тэр жилийн арваннэгдүгээр сард Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн аваргын төлөөх тоглолтод тухайн үеийн аварга Вишванатан Анандыг 6.5:3.5-аар буулган авч, 22 настайдаа дэлхийн аварга болов.
Ингэснээр Норвегийн шатрын түүхэнд шинэ хуудас нээгдэж, Карлсен дэлхийн шатрын шинэ үеийн нүүр царай болсон билээ. Аваргын титмийг хүртэх нэг хэрэг, хадгалж үлдэх өөр хэрэг. Карлсен үүнийг дараагийн жилүүдэд нотолсон юм. Тэр 2014 онд Анандыг дахин ялж, 2016 онд Сергей Карякинтай хийсэн тулаанд тай-брейкээр, 2018 онд Фабиано Каруанаг мөн тай-брейкээр буулган авчээ. Харин 2021 онд Дубайд болсон дэлхийн аваргын тоглолтод Ян Непомнящийг 7.5:3.5-аар ялснаар сонгодог шатрын дэлхийн аваргын титмээ тав дахь удаагаа хамгаалсан байна. Арван жил шахам үргэлжилсэн ноёрхлынх нь турш Карлсен зөвхөн өрсөлдөгчдөө бус, өөрийнхөө өмнөх амжилтад ч сорилт тавьж байв. Түүний нэрийг шатрын түүхэнд мөнхөлсөн нэгэн үзүүлэлт бол чансааны дээд амжилт юм.
2014 онд ФИДЕ-гийн сонгодог шатрын чансаа 2882 хүрсэн нь өнөөг хүртэл түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт хэвээр байна. Түүнчлэн 2018 оны долоодугаар сараас 2020 оны аравдугаар сар хүртэл сонгодог шатрын 125 өрөг дараалан хожигдоогүй амжилт тогтоосон.
Энэ бол ганц тэмцээний аз, эсвэл нэг удаагийн оргил формын үр дүн биш. Дэлхийн шилдгүүдтэй олон жил өрсөлдөхдөө тоглолтын тогтвортой байдал, сэтгэлзүйн тэсвэр, алдаагаа хянах чадвараа хэрхэн хадгалж болдгийн илэрхийлэл байлаа. Гэвч Карлсен зөвхөн сонгодог шатрын аварга биш. Түргэн болон блиц шатрын төрөлд ч дэлхийн ноёрхлоо тогтоосон. 2014 онд гурван үндсэн цагийн төрөлд дэлхийн аваргын титмийг зэрэг эзэмшиж, шатрын олон талт ур чадвараа харуулсан. 2023 онд Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, харин 2022 онд сонгодог шатрын дэлхийн аваргын титмээ дахин хамгаалахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэ шийдвэр нь түүнийг шатрын спортоос холдсон гэсэн үг биш байв.
Нэг буруу нүүдэл бүхнийг өөрчилж болно
Харин өөрийн өрсөлдөх хүсэл, спортын ирээдүйд тавих зорилгоо өөр өнцгөөс тодорхойлсон алхам байлаа. Карлсений амжилтын жагсаалт жил ирэх тусам уртассaар байна. 2025 оны арван хоёрдугаар сард Дохад болсон дэлхийн рапидын аваргад зургаа дахь удаагаа түрүүлж, хоёр хоногийн дараа блицийн дэлхийн аваргын ес дэх титмээ хүртсэн юм. Харин 2026 оны хоёрдугаар сард ФИДЕ-гийн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны Фристайл шатрын дэлхийн аварга болж, Фабиано Каруанаг 2.5:1.5-аар ялсан. ФИДЕ энэ амжилтыг түүний бүх цагийн төрлийг хамарсан дэлхийн аваргын 21 дэх титэм хэмээн тодорхойлжээ. Шатрын нэг төрөлд ноёрхсон тамирчин өөр өөр форматаар өрсөлдөж, шинэ сорилт бүрт өөрийгөө дахин баталж чадна гэдгийг тэр ийн харуулсаар байна.
Магнус Карлсен бол зөвхөн цом, медаль, чансааны тоогоор хэмжигдэх тамирчин биш. Түүний амжилт шатрын спортыг дэлхийн олон нийтэд илүү ойртуулж, залуу үеийнхний сонирхлыг татахад ч нөлөөлсөн.
Тэр цахим орчин, онлайн тэмцээн, шатрын бизнесийн шинэ хэлбэрүүдэд идэвхтэй оролцож, шатар зөвхөн нам гүм танхимд өрнөдөг оюуны тулаан биш, орчин үеийн спортын өргөн хүрээний үзэгдэл болж чаддагийг харуулсан юм. Шатрын хөлөг дээр нэг буруу нүүдэл бүхнийг өөрчилж болно. Харин Карлсен олон жилийн турш дэлхийн шилдгүүдтэй тоглохдоо алдаа гаргахгүй байхыг бус, алдаа гаргасан ч тоглолтоо үргэлжлүүлж, боломжийг дахин олж харахыг чухалчилж ирсэн мэт. Тэр дэлхийн аваргын титмээ орхисон ч дэлхийн шатрын оргилоос буугаагүй. Учир нь түүний хувьд шатар бол зөвхөн аваргын цомын төлөөх тэмцэл биш, өөрийнхөө чадварын хязгаарыг үргэлж шалгах талбар юм. Тиймээс Магнус Карлсений нэрийг шатрын спортынхон мэддэг гэдэг нь энгийн үнэн. Харин түүний бүтээсэн түүхийг ойлгоно гэдэг бол шатрын спортын нэгэн бүхэл эрин үеийг ойлгохын нэр билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 11 сарын 19,
2026
Сэтгэгдэл0