sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын үеэр Америкийн жүжигчин, продюсер Виола Дэвис Эмми, Грэмми, Оскар, Тони шагналыг хүртсэн 18 дахь эрхэм боллоо.
 
В.Дэвис “Finding Me” намтар номоороо Грэмми наадмын “Шилдэг аудио ном” төрөлд шалгарснаар “ЭГОТ”-ын /Эмми, Грэмми, Оскар, Тони/ эзэн болжээ.
 
“Зургаан настай Виолад зориулан бичсэн энэхүү номондоо түүний аж амьдрал, баяр баясгалан, сэтгэлийн шаналал гээд бүхнийг багтаахыг хичээсэн” гэж В.Дэвис хэлсэн байна. Тэрбээр 2016 онд “Fences” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын “Шилдэг туслах дүр” шагналыг хүртсэн юм. Мөн “How To Get Away With Murder” телевизийн цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн шагналыг гардан авсны сацуу “Тони” шагналыг хоёр удаа /“King Hedley II (2001), “Fences” (2010)/ хүртсэн билээ.
 
Грэммийн шагналаа гардан авах үеэрээ В.Дэвис “ЭГОТ”-ын эзэн болсноо баяртайгаар дуулгаад, “номынхоо гол хэсэг нь болсон гэр бүлийнхэндээ” талархал илэрхийлсэн байна.
 
“ЭГОТ”-ыг Английн жүжигчин Жон Гилгуд, Пуэрто-Рикогийн жүжигчин Рита Морено, Английн хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэббер, Америкийн дуучин Жон Леженд, Америкийн дуучин, жүжигчин Женнифер Хадсон тэргүүтэй 17 эрхэм хүртсэн байдаг. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг