sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС. /CNN/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми наадмын 65 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо амжилттай болж өнгөрлөө. 
 
Энэ удаагийн наадмыг “The Daily Show” нэвтрүүлгийн хөтлөгч асан Тревор Ноа хөтлөн явуулсан бөгөөд тайзнаа Харри Стайлс, Лиззо, Бэд Банни, Сэм Смит, Ким Петрас, Брэнди Карлайл тэргүүтэй дуучид уран бүтээлээ толилуулав.
 
Дуучин Харри Стайлс “Harry’s House” цомгоороо “Оны шилдэг цомог” шагналын эзэн болов. Тэрбээр Адель, Бейонсе, “ABBA”, Бэд Банни зэрэг уран бүтээлчидтэй өрсөлдөн энэхүү шагналыг хүртжээ.
 
Энэ жил 74 нас хүрч буй дуучин Бонни Райт “Just like that” дуугаараа “Оны шилдэг дуу” төрөлд тэргүүллээ. Тэрбээр “Грэмми-2023” наадамд дөрвөн төрөлд нэр дэвшиж гуравт нь ялалт байгуулжээ.
 
“Оны шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг 23 настай жазз дуучин Самара Жой хүртлээ. Ташрамд дурдахад, 2021 онд “Jazz Times” сэтгүүлээс түүнийг “Шинэ шилдэг уран бүтээлч”-ээр нэрлэж байсан юм.
 
Дуучин Тейлор Свифт “All Too Well: The Short Film” дууны клипээрээ “Шилдэг клип” төрөлд шалгарав. Нийт 15 минут үргэлжлэх энэхүү клипээ тэрбээр өөрөө найруулан үзэгчдийн хүртээл болгож байсан юм.
 
“Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр” шагналыг дуучин Адель “Easy on you” дуугаараа хүртэв. Тэрбээр энэхүү шагналаа өөрийн хүү Анжелод зориулж байна хэмээн тайзан дээрээс хэлжээ.
 
“Шилдэг поп дуэт/хамтлагийн үзүүлбэр” шагналыг дуучин Сэм Смит болон Ким Петрас нар “Unholy” уран бүтээлээрээ хүртэв. Германы дуучин Ким Петрас Грэммийн шагнал хүртсэн анхны трансжендер эмэгтэй уран бүтээлч болж байна.
 
Дуучин Брэнди Карлайл “Broken Horses” дууны үзүүлбэрээрээ “Шилдэг рок үзүүлбэр” шагналын эзэн боллоо. Энэхүү дуу нь түүний 7 дахь цомог “In These Silent Days”-т багтсан юм.
 
“Шилдэг металл үзүүлбэр” шагналыг Английн дуучин Оззи Осборн болон гитарчин Тони Айомми нарын хамтарсан уран бүтээл "Degradation Rules" хүртэв. О.Осборн “Patient Number 9” цомгоороо “Шилдэг рок цомог” төрөлд мөн ялалт байгуулсан юм.
 
Америкийн рэпер Кендрик Ламар “The Heart Part 5” үзүүлбэрээрээ “Шилдэг рэп үзүүлбэр” төрөлд тэргүүллээ. Мөн тэрбээр “Шилдэг рэп дуу”, “Шилдэг рэп цомог” төрөлд шалгарлаа.
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг