Нийтийн тээвэрт нас, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварладаг хүний эрхийн зөрчлийг анзаарч хардаг уу. Автобусны цахим төлбөрийн төхөөрөмжид карт уншуулахад “хөнгөлөлттэй зорчигч”, “ахмад настан”, “хүндэт донор”, “хүүхэд”, “оюутан” гэж олон түмний өмнө “тусгай” дуут дохиогоор цоллуулахад ямар мэдрэмж төрдөг бол. Тэр бүү хэл иргэнээ “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн томьёолж нийтийн өмнө ялгаварлаж байсан хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл саяхныг хүртэл байв.
Харин сүүлд иргэд гомдол санал гарган байж зарим нэршлийг нэгтгэн “хөнгөлөлттэй зорчигч” болгож өөрчилсөн. Гэхдээ “ахмад настан” гэх нэршил хэвээрээ. Нэг ёсондоо энэ хүн бол эрүүл мэндийн шалтгаантай, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, төлбөрийн чадваргүй учраас нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна гэдгийг нь онцолж, олны нүдэн дээр зарлаж буй хэрэг.
Гэтэл олон улсын конвенц, манай улсад мөрдөж буй бүхий л хууль журамд хэнийг ч ямар нэг байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалтууд. Ялангуяа, хүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг ямар ч үед нарийн чанд нууцлах ёстой байтал “хөнгөлөлттэй зорчигч” гэх нэршил нь эрүүл мэндийн нууцыг задруулж байгаа нэг хэлбэр юм.
Чингэлтэй дүүргийн иргэн А.С “Би хөгжлийн бэрхшээлтэй. Гэтэл автобусны карт уншуулахаар “хөнгөлөлттэй зорчигч” гэж зарладаг нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Бусад хүмүүсээс үнэ цэнгүй, хэтэрхий доогуур мэт санагддаг. Хүүхэдтэйгээ хамт явахад бүр ичмээр.
Би яахав гэхэд хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй ээжтэй гэдэгтээ гутардаг ч байж мэднэ. Зарим үед ингэж нэр төрөө гутаан барин явж байснаас мөнгөө төлөөд явдаг юм бил үү гэж боддог” гэсэн юм. Бас нэгэн иргэн “Хэн ч өөрийгөө янз бүрээр олон нийтэд зарлахыг хүсэхгүй шүү дээ. Би 40 гаруй настайдаа оюутан болсон. Сургуулиас оюутны карт аваад зорчиход “оюутан” гэж зарлахад нь үнэхээр ичсэн. Хүмүүс хачин хараад, шивнэлдэж яриад байсан. Тэгээд шууд картаа хаясан” гэв. Уг нь хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямарваа нэгэн алагчлалгүйгээр тэгш хамгаалуулах эрхтэйг дэлхийн бүх л улс орон дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэр дунд хөгжлийн бэрхшээлийн улмаас бүх хэлбэрээр ялгаварлахыг хатуу хориглож, үүний эсрэг боломжит бүхий л алхмуудыг хийж байгааг НҮБ-ын конвецид дурдсан.
Монгол Улс хэнийг ч ялгаварлахгүй гэсэн Үндсэн хуулийн амин сүнс, цаашлаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хуулиар алагчлалгүй нийгэм бүтээнэ гэдгээ баталгаажуулсан. Хүний эрүүл мэндийн мэдээллийг ч мөн адил Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хувийн нууц хэмээн хамгаалдаг.
Задруулбал, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс нийтийн тээвэрт төлбөрийн карт уншуулах үед зорчигчдын төрөл, эрүүл мэндийн байдлыг зарлах нь хүний эрхийн зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар бид ХЭҮК-оос тодруулахад иргэний гомдлын дагуу Нийтийн тээврийн газарт зөвлөмж өгсөн гэв. Зөвлөмжид “Хөнгөлөлттэй зорчигч гэж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэлж байгааг нийтээрээ мэдэх бөгөөд ийнхүү ялгаж дуудах нь иргэдийг нас, эрүүл мэндээр нь гадуурхаж байна” гэдгийг дурдаад холбогдох хууль, олон улсын гэрээ конвенциудыг хавсаргажээ.
Гэтэл Нийтийн тээврийн газраас “өөрчлөх боломжгүй” гэх хариу ирүүлжээ. Учир нь иргэдийг заавал “хөнгөлөлттэй”, “ахмад настан” хэмээн ангилж, нийтэд ил тодоор зарлахгүй л бол орлого буурч байна гэх бичиг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий нэршилтэйгээр гурван сар болгоход ахмад настан 24 мянга, хөгжлийн бэрхшээлтэй иргэн дөрвөн мянга, донор 45 болж өссөн.
Шугамын орлого сард 284-695 сая төгрөгөөр буурах сөрөг үр дагавартай байна. Тиймээс тусгай нэршлээр нь ялгаж, олон нийтийн хяналт тогтоохоос аргагүй гэжээ. Энэ тайлбарыг “сонссон” ХЭҮК “Орлого буурах гээд байгаа бол хүний эрхийг зөрчихөөс аргагүй юм байна” гээд өнгөрсөн байгаа юм. Үндсэндээ иргэдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй хамгийн том байгууллагын үнэн царай, нөгөө талд зоос бодохоос биш иргэнийхээ зовлонг ойлгодоггүй төрийн байгууллагууд энэ мэтээр асуудалд хэрхэн хүйтэн хөндий, сэтгэлгүй ханддагийн тод жишээг эндээс харж болно.
Уг нь Монгол Улсын ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэсэн тов тодорхой хууль бий. Өөрөөр хэлбэл, комисс хэмээх иргэний эрхийг хамгаалуулах бүрэн эрхтэй данхар бүтэцтэй байгууллагад автобусны карт унших төхөөрөмжинд тохиргоо хийлгэх нь хурууны үзүүрээр л зохицуулчих ажил. Сэтгэл байвал шүү дээ.
Ингэж ард түмнээ автобусанд алагчилж, ичээдэг орон манайхаас өөр үгүй. Заавал эрүүл мэндийн нууцыг нь задруулан барин орлого олох биш карт унших төхөөрөмжинд ерөнхий, нууцлалтай тохиргоо хийх зэргээр бусад улс орнуудаас аваад ашиглах технологийн хэдэн мянган шийдэл, гарц гаргалгаа бий. Эсвэл нас, эрүүл мэндээр нь алагчилсан хүний эрхийн мэдрэмжгүй нэршлүүдээ нэгтгэн цөөлж, өөр оновчтой байдлаар томъёолж ч болох юм.
С.УЯНГА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(15)
Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг.
Нэршилтэй байх нь зөв дөө.хэний картаар хэн зорчоод байгааг дээрхи 40 настай оюутанаас гаргалгааг гаргах хэрэгтэй дээ.1д Олны хяналт байгаа нь харагдаж байна.2т Нэршилгүйгээс болж нийтийн тээвэр алдагдалд хүлээх магадлалтай.Нэршилгүйгээс болж ахмадын картаар хэд нь зорчив.Энэ оюутан мөн бишийг хянах ямарч боломжгүй болно гэдгийг анхаарна уу
Манайханы ухамсар ямар билээ.Хөнгөлттэй картаар зорчиж буй иргэнийг чи дутуу төлөө гэдэг ч юм уу ямар нэгэн буруу карт хэрэглэсэн гээд асуудал гарна.Өндөр настаны хувьд хэлэхэд буруудахгүй ээ. Яагаад гэвэл нэг өндөр настаны КАРТААР ЭНГИЙН ИРГЭН ЗОРЧООД байвал автобусны төлбөр тооцоонд хохиролтой гарч мэднэ.
Зөв сэдэв хандсанд баярлалаа. Амжилт
Харанхуй бүдүүлэг монголчууд автобусанд бие биенээ түлхэнэ. Бие биенээ доромжилж суудал тавьж өгөхийг шаардана.
Байх нь зөв гэж бодож бна, Нэг удаа 5-6 дугаар ангийн болов уу гэмээр хүү гүйж орж ирээд картаа уншуулаад явсан чинь, ахмад настан гээд дуугарч байгаа :)) ... хэрвээ дуугардаггүй бол тэгээд хүүхдүүд эмээ өвөөгийнхөө картыг уншуулаад мөнгө төлөхгүй л явах нь бна ш дээ
Зарлах хэрэгтэй. Хаяж үрэгдүүлсэн картийг нь олоод зорчиж байгаа ч юм билүү. Хүний картаар хулгайгаар зорчоогүй л юм бол зарлуулхаасаа юундаа айдгын
Дэмий юм бичиж байхын оронд үнэгүй, хөнгөлөлттэй явдгийг болиулж бүгдээрээ мөнгөө төлөөд явдаг болгохыг шаардах хэрэгтэй шд, энэ сэтгүүлч. Энэ янзаараа наад нийтийн тээвэр чинь хэзээ ч сайжрахгүй. Үргэлжийн мөнхөд салж унах шахсан хуучин автобус, бүдүүлэг, хүнд үйлчилж чаддаггүй жолооч нар, мөнгөө төлдөггүй зорчигчид чихцэлдсэн, хүрэлцээ муутай хэвээрээ л байна.
ардчилал нэрийн дор,хүний эрхийн нэрэн дор хулгай хийх боломж гаргах гээд байхиймаа.40 настай оюутан бол юунаасаа ичдэгийн,оюутан л үнэн бол,хөгжлийн бэрхшээлтэй бол юунаасаа ичдэгийн,хувь заяатайгаа эвлэрэх л хэрэгтэй,зарлуулаагүй гээд ямар бүтэн болчих биш,би хөгжлийн бэрхшээлтэй 10аад жил тэгж зарлуулаад явж л бна,харваас эрүүл саруул болтой нөхдүүд яваад л байдгийн их гайхалтай,мань мэт нь тэгж нэг автобусаар үнэгүй гээд үнэндээ тэр болгон яваад байхгүй ш дээ,тийм болохоор цаанаасаа төлөх мөнгө нь ч бодитой болно шүү дээ,дунджаар тэр орчим болдгиймаа гээд төсөвт ч дөхөмтэй,үнэгүй яваад байгаам биш татаас өгч мөнгийг нь нийслэлээс төлж байгаа биз дээ.
Bvgd tulburtei zorchidog boloh heregtei
Hugshin hvn yagaad tulburuu tuluud yvj bolohgvi gej. Tetgeveriin sn nemeh heregtei
Юм л бол хүний эрх, тэгш байдал гээд эрхээ л ярьна. Үүргээ ухамсарлана гэж байхгүй. Хөнгөлөлттэй зорчигч гэхээр эрүүл мэндийн нууц нь задарчих юм байх. Аягүй бол хүүхэд чинь ханиад хүрчихэж гэвэл эрүүл мэндийн нууц гээд солиороод сууж байх юм байна. Манайхан хулгайч сэтгэхүйтэй болохоор ялгаж хэлэхгүй бол бүгд оюутан, ахмад настан, хөнгөлөлттэй зорчигч болчих байлгүй. Тэгш эрх гэдэг чинь шал өөр зүйл байдаг шүү. Нийтийн тээвэрт өөр өөр өөр янзаар хэлээд байна адилхан дохио өгдөг байя гэсэн үг үү? Үүрэг хариуцлагаа ухамсарлачихаад эрхээ ярь!
Цаг үнэн,заримдаа ичээд бдгийн,ахмад настан гээд улсууд дургүй байх шиг санагддаг
Нэг хүн тэр бүр автобусаар явдаггүй болохоор хүүхэд нь аваад явсан чинь өндөр настан гээд хүмүүсийн дэргэд чанга хэлсэн чинь ичиж үхэхээ шахаж гэнэ. Ёстой шараа боллоо , балай юм гээд байсан шүү.50 орчим насны хүн тэгж ярьж байсан.
Зарлахдаа гол гь биш тэгээд тийм карт уншуулаад тэр хүн ичээд мөнгөө төлөхгүй, зүгээр л тэр картаар нь явж болоод байгаа байхгүй юү. Тэр тохиолдолд хариуцлага тооцдог юм байхгүй.