НЬЮ-ЙОРК. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан яаралтай хуралджээ. АНУ, Япон зэрэг улсуудын хүсэлтээр даваа гарагт хийсэн хуралдааны үеэр Барууны орнуудын төлөөлөгчид БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн шүүмжилсэн байна.
БНАСАУ өнгөрсөн пүрэв гарагт Япон тэнгис рүү пуужин харвасан бөгөөд түүнээс нэг хоногийн дараа “Hwasong-17” пуужинг “харвах сургуулилалт” хийсэн гэдгээ мэдэгдсэн юм.
АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хуралдааны үеэр Хятад, Оросыг Аюулгүйн Зөвлөлд саад учруулж байна гэж буруутгаад, тэд “Пёньяныг ямар нэгэн шийтгэлгүйгээр баллистик пуужин хөөргөхийг дэмжиж байна” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр БНАСАУ-аас Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг дагаж мөрдөхыг шаардсан мэдэгдэл гаргах санал дэвшүүлсэн байна.
Японоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Шино Мицүкогийн хувьд АНУ-ын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд үүргээ биелүүлэхийг гишүүн орнуудад хандан уриалжээ. Харин Хятад, Оросын талууд АНУ-ын саналыг эсэргүүцсэн бөгөөд Хятадын төлөөлөгч уг саналыг бүтээлч биш хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр бүс нутгийн хурцадмал байдал даамжирч байгаад Солонгосын хойгийн эргэн тойронд явуулж буй АНУ-ын цэргийн сургуулилалтуудыг буруутгажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(2)
Энэ улсыг зүгээр л орхичихооч ээ.Заавал хажууд цэргийн хамтарсан сургууль хийж сүрийг үзүүлж өдөх хэрэггүй дээ.Хоригоо тавиад зөнд нь орхичих.Хөдөлгөөнгүй байсан ус өмхийрч ногоорч өөрөө хэрэгцээгүй болдог юм. Заавал хажуунаас нь хавьчиж тэг ингэ гээд зааварлаж тушаах хэрэггүй дээ.
тийм шүү