sonin.mn

 

XVII зууны үед Халхын Сэцэнхан Шолой арван хөвгүүддээ төрөл бүрийн төмөрлөг эд юмсыг өмч болгон хувааж өгөхөд тэдгээрийн тоонд дарханы дөш орж байжээ. Энэ нь Халхчуудын дунд дархан хүний дөшийг хэзээнээс эрхэмлэн хүндэлж байсныг гэрчилнэ.
 
 
XX зууны дунд үеэс Сэцэнхан аймгийн Гонгор дайчин бэйлийн хошууны / Одоогоор Хэнтий аймаг Батноров сум/ мөнгөний ур дарх халх даяар нэрд гарч эмээлийн их, дунд, бага гарын мөнгөн чимэг, хормойн мөнгөн боолт, мөнгөн хазаарын ур хийц Дарьганга, төв, баруун аймгийн нэрд гарсан алт, мөнгөн урлалтай өөрийн гэсэн өвөрмөц хийц нарийн урлалаараа өрсөлдөж эхэлсэн.
 
 
Хэнтий аймгийн Батноров сум нь Тожил, Шонхойн Чойнбол зэрэг хийц ураараа гайхуулж, ард түмний дунд нэр алдар нь түгсэн урчуудтай нутаг юм. Батноров хийцийг халхад алдаршуулсан олноо алдаршсан нэр нь Тожил, Бадрахын Ишжамц дархан нь нутгийн Бошоогийн шаврыг муутуу цаасны үйрмэг нунтагтай хольж хэв үйлдэн шатааж, тэр хэвэндээ хайлшаа цутган хээлдэг учир урьд үеийн давтан хээлэхээс ялгаатай, үндэсний шинэ технологийг үүсгэсэн юм.
 
 
Мөн мөнгөн цутгуур, сийлбэр, хөөлтүүрийн нийлмэл хийц найруулгаараа алдартай, ялангуяа гагнуур цутгуурын увидасыг тэгш эзэмшсэн ур чадвартай хүн байжээ. Ардын хувьсгалын 25, 30 жилийн ойгоор маршал Чойбалсан урьж авчирч олон зүйл хийлгэж гадаадын төлөөлөгчдөд бэлэглэжээ.
 
 
Түүний шармалж алтлан шигтгээ суулгасан гүц, таваг хоёроор ЗХУ-д "Тожил" гэсэн ил захидлыг 1950-иад онд 250 мянган хувь хэвлэж гаргасан удаатай. Түүний алт мөнгөн эдлэлийн хэлбэр хийц, урьд үеийн дархцуулын бүтээлээс өвөрмөц юм.
 
 
Тожил дарханы хэвэнд цутгасан хайлш зузаан товгор, нүх сүв нэвт гардаг учир хээ нь тод гоёмсог болдог. Ийнхүү хүний эдэлдэг тансаг хээнцэр бүх гоёл чимэглэлийг хийдэг байжээ. Түүний шавь нар олон, нэгэн ёсны сургууль үүсчээ.
 
 
Хэнтий аймгийн музейд Тожил хийцийн Их, дунд, бага гарын мөнгөн чимэгтэй эмээл, хормойн боолт, түүний гарын шавь Н.Намжилсүхийн урласан мөнгөлсөн шаазан аяга зэрэг үзмэр бүтээлүүд хадгалагдаж байна.
 
 
 
 
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ” сонин