sonin.mn


Ханбогд сумын тэмээний баяр 8 дахь удаагаа амжилттай болж өндөрлөв. Жавхлант багийн тэмээчин Г.Хайдав агсны хань, үр хүүхдүүд нь 2005 онд анх "Нутгаа мөнхөлсөн тэмээчид" тэмээний баярыг санаачлан эхлүүлснээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн энэ баярын гол зорилго нь дэлхийд дахин давтагдашгүй Галбын улаан тэмээний үүлдэр угсааг сайжруулан өсгөн үржүүлэх ашиг шимийг арвижуулан ашиглах тэмээчдийн урам зоригийг сэргээж тэмээгээ өсгөх идэвхийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна.

Энэ удаагийн "Нутгаа мөнхөлсөн тэмээчид" тэмээний баяраар 21 тэмээчин өрхийн 52 тэмээ ирж уралдаан тэмдээнд оролцсоноос хурдан тэмээний уралдаанд Номгон багийн тэмээчин Сайхандэлгэрийн хүрэн ат түрүүлж Гавилууд багийн тэмээчин Б.Охинхүүгийн хурдан ат удаалж Номгон багийн Б.Буяндэлгэр, Баяржаргал нарын тэмээд гурав, дөрөвт хурдлав.

Сайхан буур, ат, ингэ, сүүгэй ингэ номинацыг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг билээ. Энэ жилийн баярын ажиллагаанд хөдөөгийн малчид иргэд тэмээн сүргийнхээ cop болсон олон сайхан буур, ат, ингээ хөтлөн ирсэн байлаа. Хамгийн сайхан буураар Номгон багийн тэмээчин Х.Далантайн хүрэн буур шалгарч Баян багийн тэмээчин Д.Бөхчулууний улаан, Номгон багийн засаг дарга Г.Мягмарын хүрэн ат удаалав.

Сайхан ингээр Номгон багийн тэмээчин Н.Амарсайханы улаан, Жавхлант багийн малчин О.Хоролсүрэнгийн хүрэн, Б.Бадамсамбуугийн ингэ, сайхан атанд О.Хоролсүрэнгийн хүрэн, Ц.Цагааны улаан, Баян багийн тэмээчин Х.Бадамгаравын ат, хамгийн сүүтэй ингээр Х.Далантай, Г.Мягмар нарын ингэнүүд орж медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Уралдааны шагналын сан нь 2 сая төгрөг байлаа. Тэмээний баярын ажиллагааг сумын "Хас" банк, "Далайн дуулга" ХХК, "Оюутолгой" ХХК зэрэг байгууллагууд мөн Хайдав агсны хань М.Хоньхүү гуайн төрсөн ах дүү нар болох Жавхлант багийн иргэн М.Ренчинмядаг, Ж.Тогоо, Ц.Буянтогтох, Ц.Хандсүрэн нар хамтран ивээн тэтгэсэн байна.

Бас нэгэн арга хэмжээ бол хүүхдүүдийн дунд "Ааваа дуулья" дууны уралдаан зохион байгуулж ЕББДС- ийн 20-иод сурагч оролцсноос 7а ангийн сурагч Биндэрмаагийн Амаржаргал аавын тухай дууг чадварлаг сайхан дуулж үзэгчдийг уяраан түрүүлж мөн 7а ангийн сурагч Сувд-Эрдэнэ, 9б ангийн сурагч Б.Билэгдэмбэрэл нар удаах байрыг эзэлсэн юм.

Охин Х.Отгонжаргал үгийг нь бичиж сумын боловсрол, соёлын тэргүүний ажилтан ая зохиогч Ш.Эрдэнэжаргал аяыг нь хийсэн "Амьдралд хөтөлсөн аав минь" дууныхаа клипний зураг авалтыг энэ баярынхаа үеэр зохион байгуулав. Удахгүй аавын ачлал шингэсэн, ээжийн хайрыг дээдэлсэн, Галбын говийн эгэл жирийн тэмээчний алдрыг магтан дуулсан "Амьдралд хөтөлсөн аав минь" дууны клип нийтийн хүртээл болох нээ.

"Нутгаа мөнхөлсөн тэмээчид" тэмээний баярт зориулж орон нутгийн "НВ" телевиз "Ааваа дурсахуй" нэвтрүүлэг бэлтгэн явуулж сумын төвийн айл өрхүүдэд цацан үзэгчдэд хүргэв.

Ч. Амгалан /Өмнөговь/
Эх сурвалж: "Монгол говь" сонин