
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болжээ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэх юм. Энэ дагуу явбал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал ирэх долоо хоног гэхэд шийдэгдчих төлөвтэй байна.
Хэрвээ Улсын Их Хурал тогтоолыг баталвал Ерөнхий сайдад итгэл үзүүлсэнд тооцно, харин эсрэг тохиолдолд огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилох юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар Засгийн газрын мэдээлэлд дурджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ аравхан сарын өмнө дэмжиж байгуулсан Засгийн газрынхаа үндсэн зорилтуудаа хэрэгжүүлье, ингэхдээ хамтын хариуцлага буюу хамтарсан Засгийн газраар ажиллах нь зөв гэж үзэж байгаа аж. Энэ бол ганц Л.Оюун-Эрдэнийн, эсвэл хамтарсан Засгийн газрын асуудал биш, зөвхөн хэдхэн хүний сандал, ширээгээр тогтохгүй том үр дагавартай учир УИХ-ын гишүүд хянамгай хандах нь тодорхой. Засгийн газрын асуудал өнөөдөр засаглалын хямралд хүргэх дөхөөд байна.
Намын Бага хурлын шийдвэрээр Засгийн газрыг огцруулж, Ардчилсан намыг хөөж гаргаж буй нь цаашид хамтарсан аль ч намыг, сайдыг гээд хэн дуртайгаа шахаж болох “хар жишиг” тогтооно. Намын дунд шатныхан санал шүүмжлэл олноор гаргасан гэх...
Хамтрахгүй ээ, гэрээ зөрчсөн гэх атлаа яг ямар заалтыг хэзээ хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй. Ардчилсан нам нь бид гэрээгээ зөрчөөгүй, манай сайд нар аль л галтай салбарт сайн ажилласан, мега төслүүдийг урагшлуулсан гээд байгаа. Ер нь саяхныг хүртэл Засгийн газар сайн ажиллаж байна, экспортлогч болъё гээд л төслийг нь дэмжээд байсан атлаа өнөөдөр яагаад гэнэт хамтарсан нэг намаа гэрээ зөрчлөө гэснийг олон нийт ч ойлгохгүй, бүх зүйл тодорхой биш байгаа. Ний нуугүй хэлэхэд, дараагийн ээлж хоолонд орохоор яарч байна гэцгээж байгаа нь нууц биш. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 хүнтэй томсгосон парламент байгуулж, салбар бүрийн төлөөллийг жагсаалтаар оруулсан. Зөвхөн улс төрийн хүрээнийхэн биш, харин мэргэжлийн хүмүүсээр төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлсний цаад гол зорилго нь улс эх орны хөгжил л байсан юм. Алтан дээр суусан гуйлгачин гэж өчнөөн жил өөрсдийгөө нэрлэсээр ирсэн бид энүүхэн жалгандаа муудалцаад, тамын тогоондоо нэг нэгнээ татаж унагаад ирээдүйг харж, үсрэнгүй хөгжиж чадаагүй үлдсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт алдаа ч бий, онооч бий. Гэхдээ ард түмний олонх түүнийг огцруулахыг хүсэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ иргэдэд хэн дарга сайд байх нь хамаагүй, эх орны хөгжил дэвшил, өөрсдийнх нь, үр хүүхдийнх нь амьдралын чанар сайжрах л чухал.
Эмхлэн байгуулагдаад ердөө арван л сар болж байгаа, мега төслийн тавыг нь хөдөлгөж, Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын хувийг энэ онд авна гэж амласан Засгийн газар. Эдгээр амлалтыг нь дээр доргүй, энгийн иргэдээсээ эхлээд УИХ, намууд бүгд дэмжсэн.
Гэтэл мега төслөө эхлүүллээ, хорь, гучин жилийн гацаанаас гаргалаа гээд магтаад байсан гишүүд харин одоо Ардчилсан нам чинь болохгүй байна, хөөж гаргая, ер нь Засгийн газраа огцруулаад шинэчлээд явъя гээд гэнэт эргэчихэв. Ингэснээр сайжрахгүй, харин ч улс төрийн хямралд орж, мега төсөл нь ч, үндэсний баялгийн сангийн тэгш хуваарилалт нь “үлгэр болж”, бие бие рүүгээ буруугаа чихдэг технологи руугаа буцаад орох вий гэж олон хүн ярьж байна. Хэн ч байсан ажил явна гэх юм, үнэн үү. Арван сартай Засгийн газрын сайд нарын ажил жигдэрсэн байж таарна. Шинэ хүн ирээд дахиад л эхнээс нь судална, бас л цаг хугацаа алдана. Наадам, зуны дэлгэр цагаар амардаг голдуу ард түмэн шүү дээ. Намраас л жигдрэх Засгийн газар нь учраа олох гэсээр байтал он дуусна, өмнөх рүүгээ чихнэ. Засгаас хөөгдсөн нам нь бүх юмыг дэмжээд нь явах нь юу л бол. Нэг иймэрхүү байдалтай он дуустал явах нь энгийн иргэдэд лав ашиггүй. Намын бага хурал чиглэл өгч болох ч Засгийн газрыг огцруулах эрхгүй нь хэнд ч ойлгомжтой. Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулах эрх мэдэл хуулиараа Улсын Их хуралд л байгаа. Талбай дээр жагсаж байгаа залуусын шаардлага ч орлогоо нотол, чадахгүй бол огцор л байсан. Гэтэл тэр нь МАН-ын Бага хурлаар тэс өөр зүйл болж хувирсан нь хачирхалтай хийгээд харамсалтай. Гэрээгээ биелүүлэхгүй байгаа Ардчилсан намыг Засгаас гаргах шийдвэр дээр тэд нэгдчихсэн. Уригдаж орж ирээд хөөгдөж байгаа Ардчилсан намынхан ч ууртай байна. Арга ч үгүй биз. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн эсэхээс үл хамааран ямар ч тохиолдолд манайх Засгаас гарна гэж мэдэгдэв.
Дээрээс нь хэт олонхоор ингэж хүч түрсэн шийдвэр нь Ардчилсан намаас хоёр жилийн дараа Ерөнхийлөгч төрөх сайхан хөрсийг бэлдэж байгаа гэж алсын тооцоо бодож ч байгаа биз. Манай ард түмэн чинь юмыг тэнцвэржүүлэх дуртай улсууд шүү дээ.
Нэгэнт Ардчилсан нам найман сайдаа засгаас татчихвал ХҮН ч шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орох уу, үгүй юу гэдэг асуулт бас гарч мэднэ. ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтрах, эсвэл МАН дангаараа засаглах хувилбарын аль нь ч энэ удаагийн хамтрал шиг хүчтэй байж чадахгүй л болов уу.
УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үү, үгүй юу гэдгийг харах үлдлээ. Эх орныхоо эрх ашгийн үүднээс хамтрах нь зөв гээд л арван сарын өмнө дэмжиж байгуулсан Засгийн газар, ингэснээр мега төслүүд урагшилсан гэж одоог хүртэл ярьж байгаа. Энэ бол энгийн нэг шийдвэр биш, улс эх орны хувь заяанд нөлөөтэй учир УИХ-ын чуулганы хуралдаан бүгдэд үзүүштэй зүйл болох нь тодорхой. Засгийн газар бол улс орны бүх асуудлыг гардан явуулж буй гүйцэтгэх засаглал. Дургүйгээ хүрэхээр буулгаж огцруулдаг, дураа хүрвэл буцааж байгуулдаг байх нь хэнд ч ашиггүй. Энэ удаад нэг намаа шахаад, дээр нь Ерөнхий сайддаа ч итгэл үзүүлэхгүй бол намын Бага хурал л Засгийн газрын хувь заяаг бүхэлд нь эргүүлдэг тоглоом хэзээ ч, хаана ч үргэлжилж болзошгүй. Зөвхөн олонх болсон биш, Засагт хамтарсан нам бүрийн Бага хурал улс төрийн шийдвэрээрээ Засгийн газрын асуудлыг шийдээд явах ч нигууртай. УИХ арван сарын өмнө дэмжиж баталсан Ерөнхий сайддаа итгэл хүлээлгэх эсэхээ, аль нэг намын Бага хурал цаашид гүйцэтгэх засаглалын хувь заяаг шийдэх эсэхэд хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хариу өгөх цаг ирлээ.
М.Мөнх
Сэтгэгдэл9
Орлогоо нотолсны дараа итгэл үзүүлэх эсэхийг ярих ёстой. МАН хуулийг уландаа гишгэж хошногоо арчиж байна
2.Ерөнхий сайдыг огцруулах, шинээр томилох, чөлөөлөх болон Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйл, Дөчин дөрөвдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу Улсын Их Хурал шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Орлогоо нотолсны дараа энэ асуудал яригдах учиртай. Жишээ нь хулгайн хэрэгт сэжиглэгдэж хулгай хийгээгүйгээ нотолж чадахгүй байгаа хүнийг цагдаа нар суллан явуулдагүйтэй адил.
Төсөв хэлэлцэж бхад бараа нь харагдаагүй,гадаадад зугаалж явсан ерөнхий сайд сандал суудал нь ганхаад ирэхлээр гэнэт итгэл үзүүлэх тухай яриад яахав дээ, угаасаа огцрох нь зөв,
МАН-ын албан тушаалын шуналтнууд, УИХ-ын хөлсний гишүүд нэгдэж, олигархиудын захиалгаар Л.Оюун-Эрдэнийг зайлуулахыг хичээх байх. Гэхдээ тэр огцорсон шударга үнэний төлөө, бүтээн байгуулалтын ажлын төлөө тэмцлээ орхихгүй байх.
64 ээс дээш гишүүн Оюунэрдэнийн талд саналаа өгөхөд Оюука буюу Данх суудал дээрээ үлдэнэ ! МАН ын жагсаалтын хүмүүс бол бүгд Оюукагийн хүмүүс бөгөөд Оюукад насан туршдаа өртөй хүмүүс ! Сайд нар солиорчихоогүй бол бүгд Оюукад саналаа өгнө ! найз нар нь ч өгнө ! ингээд бодохоор Данх суудал дээрээ баттай үлдэж байна ! Бараг 80 гишүүн Оюукад өгөх байх да !
Dolgortseren Davaa; Миний нөхөр 10 гаруй жил хамт амьдарч жаргаж зовж гуних үедээ гуниж олон бэрхшээлийг туулж ирлээ! 2 хөөрхөн хүүхэд төрүүлж өглөө. Гэтэл Нөхөр мөөнь өөр хүүхэнтэй явалдаад 2 хүүхэдтэй болоод хэдэн жил болжээ. Хайр оршдог газар хөндий хүйтэн итгэл сэтгэл шавхайнд хутгалдаад хэнд ч хэзээч битгий итгэ! Гэж өөртөө сануулж байна. Салъя гэхээр салахгүй гэх 2 айлын дунд хоног төөрүүлээд яахав дээ нөхөр минь, чамайг минь олон хүмүүс харж байгаа өөдрөг өнгөтэй амьдралаа нураасан хүн бол чи өөрөө шүү!!! Цаашдын амьдралаа хэрхэх ээ чи өөрөө мэдээрэй! Үнэ цэнэгүй гуниг гутарлаараа ташуур болгож өндийх болно оо бид 3. Ханийг минь ханиа гэж дууддаг бүсгүй та хэзээ нэгэн цагт миний амьралыг туулах болно оо чамд ч бас гунигтайхан алхах өдрүүд ирнэ ээ
Тэр тогтоолын төсөлд засгийн газарт итгэл хүлээлгэх юм уу Оюунэрдэнэд итгэл хүлээлгэх төсөл үү гэдэг ойлгомжгүй салаа утгатай юм. Уг нь ойлгомжтой тодорхой байх ёстой биш үү
Ямартай ч Ардын намын бага хурал Монголын улстөрд хямрал дуудсан, хатуухан хэлбэл нийгмийн тогтортой байдлыг бусинуулсан шийдвэр гаргачих шиг болсон.Засгийн газар төдийгүй парламент, Ерөнхийлөгчийн институтыг татан оролцуулсан донсолгоо эхлүүлчихсэн ч байж магадгүй гэж бодогдоно. Эндээс хэн хохирхов.Монголын нийгмийн дундаас доош төвшинийхэн жирийн иргэд олон нийт л хохироно. Бид ингээд л дээшээ гараад дархлагдчихсан хэдэн хүний эрх мэдэл, эд мөнгөний зодооны хөлд чирэгдэн ядууран доромжлуулсаар байх гэж үү.