sonin.mn

 
ОРШИЛ БОЛГОН ӨГҮҮЛЭХ НЬ

Монгол ардын зүйр цэцэн үгэнд «Ажил хийвэл ам тосдоно» гэдэг. Нээрэн хэн ч бодсон ажил хийхгүй бол хэн л ам руу нь хоол хапбагадаад хийгээд байх вэ дээ. Настан буурлууд ажил хийхгүй байж болдог. Яагаад гэвэл тэд цагтаа их, бага хэмжээгээр, хүнд хэцүү онцлогтойгоор хийдгээ хийчихсэн болохоор өөртөө ногдох, зохих хувь хишиг болох тэтгэвэр, тэтгэмжээ авч, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа хэрэг. Гэтэл өнөөдрийн залуу үе маань «Ажил олдохгүй байна» гээд л аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгөнөөс монжисхийгээд л алхаад байна. Гэтэл ажил олддоггүй мөртлөө тэдэнд архи олдоод байдаг нь нууд биш. Ийм л нийгэмд ийнхүү амьдарч, хорвоогийн бор өдрүүдийг енгөрөөж, залуу халуун насаа элээж байгаа нь харамсалтай. Тэр битгий хэл зарим залуус орой үдэш ганц нэгээр яваа ахмад настанг гэрт нь дөхүүлээд өгөхийн оронд хоёр, гурваараа бүлэглэн дээрэмдэж, зодож гэмтээн танхайрч байна. Ийм жишээ Баянгол дүүрэгт үе үе гардаг юм билээ. Мэдээж тэд төрийн цагдаагийн хараанаас үл мултарч хуулийн дагуу зохих ял, шийтгэлээ эдэлж л таарна.

Тийм учраас би вээр «Ажил хүнийг голдоггүй» гэж хэлэх гээд тэр санаан дээрээ жишээ баримттайгаар бичихийг зорилоо. Үнэхээр ч хүн ажлыг голно уу гэхээс ажил хүнийг голдоггүй юм байна. Голж шилэхгүйгээр хийх л юм бол ажил хаана ч өчнөөн төчнөөнөөрөө байдаг ажээ. Ийм жишээ олныг дурьдаж болно.

Нэг дэх жишээ.

ГУТАЛ ТОСЛОГЧ


Ямар нэгэн ажил гараад гудамжаар яаруу сандруу алхаж явтал улаан зам дээр чинь «Ах аа! гутлаа тослуулах уу?» гэдэг ч юм уу, «Эгч ээ! Гутлыг чинь тослоод өгье...?» гэж хэлнэ. Хариуд нь таг дуугүй өнгөрдөг ч юм уу, «Дараа болъё», эсвэл «Үгүй» гэж хэлчихээд яваад өгөх удаатай. Үнэндээ ч завтай агаад үнэхээр гутал маань тоос шороо болчихсон, өнгөө алдчихсан үед уухайн тас тэрхүү гутал тослогчийн хүсэлтийг зөвшөөрөх үе ч бий. Эхлээд тоос, шороог нь сайтар арчина. Дараагаар нь тосолж гарна. Тэгснээ өнгө оруулан өнгөлгөөний тос түрхээд өөр нэгэн щётка гаргаж ирээд зүлгэж байх юм. Харсаар байтал гутал маань никельдсэн юм шиг гялалзаад явчихлаа.

-Хэдийг төлөх үү? гэж асуувал:

-За яахав, 1500 төгрөг гэж байна. За яахав гэхийг бодоход бас ч гэж харж үзэн, нааш татсан бололтой. Би болохоор түрүүвчээ уудлахдаа үнэтэй байна гэж бодож зогссон хүн. Тэр өдрөөс хойш хоёр, гурав хоногтоо гутал маань өнгөө алдахгүй гялалзсаар л байв.Тиймээс ч шороог нь унагах төдий л явлаа. Тэр үед өнөөх гутал тослогчийн «Таны гутал ойрын хэдэн хоногтоо өнгөө алдахгүй» гэж хэлж байсан үг санаанд орж байв. Үнэхээр ч сайхан өнгө оруулдаг юм билээ. Тэгээд л тийм ажлыг, тэгж үнэн сэтгэлээсээ хийж байгаа хүнээс гар татах хэрэггүй санагдсан шүү.

Мань эр өөрийгөө «Бажка» гэж танилцуулсан. Нэг гэм нь иймэрхүү ажил хийдэг хүмүүс нэрээ бүтнээр нь хэлэх, зургаа татуулах дургүй байдаг юм билээ.

-Өдөрт хэдэн хүний гутал тосолж байна вэ?

-За даа, хориос нэг их буухгүй шүү.

-Тэгвэл чи чинь өдөрт дажгүй орлого олдог юм байна ш дээ...?

-Гайгүй шүү. Олсон орлогоосоо материалаа авна. Бас татвараа төлнө. Тэгээд цаана нь хоолныхоо мөнгөтэй үлддэг л юм гэлээ. Бажка маань өдөрт нэг үйлчлүүлэгчээсээ 1500 төгрөг аваад байхад хорин хүнээс өдөртөө 30 000 төгрөгийн орлого олно гэсэн үг. Татвараа төлөөд материалаа авлаа гэхэд цэврээр дор хаяж 25 000 төгрөгийн ашиг орлого орж байгаа хэрэг. Үүнийг сараар тооцох юм бол 750 000 төгрөгийн цалин авдаг болж таарч байна. Өнөөдөр ийм хэмжээний цалин авдаг төрийн албан хаагч цөөхөн байдаг байх. Амьжиргааны доод түвшингийн мөнгөөр тооцоход л 5-6 дахин их ажээ. Ингээд л бодоход ажил хүнийг голдоггүй гэдгийн баталгаат жишээний нэг энэ.

Хоёр дахь жишээ.

САМАР БОРЛУУЛАГЧ


Өнгөрегч намраас эхлээд л өдий хүртэл бараг бүтэн жилийн турш гудамж, байшин барилгын булан тохойд суугаад самар зарж борлуулдаг хүмүүс харагддаг нь хэвийн үзэгдэл болсон.

-Самар ямар үнэтэй вэ? гэж асуувал:

-Уухайн тас бага нь 500, том нь 1000 төгрөг гэж байна. Бага, том гэж юу гэсэн үг юм бол гэж бодоод лавшруулж сонжвол ууттай самрын аман дээр жижиг, том аяганд самар дүүргээд тавьчихсан байгааг хараад учирыг ойлгож мэдрэв.

-Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог вэ? гэвэл эгдүүдэнгүй харснаа:

-Хэдэн төгрөг олдгоор нь яах гээв? гэж сөргүүлж асууж байна.

-Танд ямар нэгэн муу юм хийх гээгүй. Би сурвалжлагч хүн байна. Самар зарж борлуулдаг хүмүүсийг дэмжих талаас нь бичиж дээдсийн сонорт хүргэх гэсэн юм гэвэл, харц нь жаахан зөөлрөөд:

-Янз бүр л байдаг. Арав, хорин мянган төгрөг олдог л юм гэж байна.

Тэр мэдээж орлогоо дарж хэлсэн байж таарна. Захын хүнд байдгаа байгаагаар нь илчлээд орхих хэн л байв гэж. Ямар ч гэсэн гутал тослогчоос нэг их дордохгүй ашиг орлого олдог бололтой. За яахав хэлсэн амаар нь хамгийн багаар тооцоход өдөрт 10 000 төгрөгийн орлоготой гэж бодъё. Тэгвэл сардаа 300 000 төгрөг өлхөн олдог гэсэн үг. Энэ бол тогтмол цалинтай хүнд ч бага цалин биш. Ингээд л бодохоор ажил хүний голдоггүй гэдгийн бас нэг жишээ энэ. «Гар хөдөлбөл ам хөдөлнө» ч гэдэг дээ. Нэгэнтээ сонсож дуулсанаар нэгэн самар зарж, борлуулагч олсон орлогоороо орон сууцтай болсон гэдэг шүү. Тэр лав л цуурхал биш, ортой нь ортой л үг байж таарна.

Гурав дахь жишээ.

«00»-ийн ЦААС БОРЛУУЛАГЧ


Аль ч захын хаалгаар орох юм уу, ороод гарахад «нойлын цаасаа аваарай. Мянгад дөрөв шүү» гээд сууж байдаг хүмүүс байнга тааралдана. Ийм дүр зураг автобусны буудал, «ТҮЦ»-энд ч таарна. Үнэндээ ч «00»-ийн цаас хүмүүсийн өглөө, үдэш, өдөр тутмын өргөн хэрэглээ. Тийм болохоор гүйлгээ сайтай байдаг бараа гэж хэлж болно. Уг цаасыг хаанаас, ямар аргаар олж авдаг нь сонин биш, гагцхүү хэрхэн борлуулж, өдерт хэдэн төгрөгийн ашиг, орлого олдог нь сонин байлаа. Харж байхад уг цаасыг хүмүүс тасралтгүй аваад л байгаа шинжтэй. Мэдээжээр ууж, иддэггүй хүн гэж үгүй. Тийм болохоор «00»-ийн цаас зайлшгүй эрэлт хэрэгцээг хангана. Нэг удаа 4 ширхэгийг 1000 төгрөгөөр худалдан авагчид өгөөд байхад өдөрт багагүй орлого олдог нь тодорхой. Аанай л өнөөх гутал тослогчтой зүйрлэн бодож өдөрт 20 хүнд үйлчиллээ гэхэд 20 000 төгрөг. Тэгвэл сардаа 600 000 төгрөгийн орлого олно гэсэн үг. Ихээр бодоод цаад эзэндээ 70 хувийг нь өгөөд өөртөө 30 хувийг нь авдаг юм аа гэж бодоход 180 000 төгрөг гар дээр нь үлдэж байна. Тийм ээ, ажил хүнийг голдоггүй.

Дөрөв дэх жишээ.

БИЕИЙН ЖИН ҮЗЭГЧ

Хэн боловч өөрийгөө таргапж байгаа болон эсвэл турж байгаагаа үл мэднэ. Хавьд уулзаагүй байсан хэн нэг ойр дотны анд нь тааралдвал «Чи яасан их таргалсан юм бэ?» ч гэдэг юм уу, «Турчихсан байх чив» гэх удаатай. Тийм учраас гудамжаар явж байхдаа жин үздэг өвгөд, эмгэдийг хараад түр саатаж 100 төгрег төлөн жингээ узүүлчихээд явахдаа төвөгшөөдөггүй. Ийн жин үздэг хүмүүс ч гэсэн одөртөө бас л хөөрхөн орлого олчихдог бололтой. Жингээ үзүүлж байгаа хүнээс гарч байгаа 100 төгрөг юу ч биш байж болно.

Гэтэл «Олны олон таван цэн» гэгчээр хүн хүний 100 төгрөг нийлж цуглахаараа багагүй мөнгө болдог байна. Жингээ үзүүлэхэд тухайн хүнээс нэг их юм гарч байгаа хэрэг биш болохоор жингээ үзүүлэх үйлчлүүлэгч тасардаггүйгээрээ онцдогтой аж. Өдөрт дор хаяж 30 хүний жин үзлээ гэхэд 3000 төгрөг. Ямар ч л гэсэн талхныхаа мөнгийг элбэгхэн олж чадаж байна. Тэгвэл сард 90 000 төгрөг гэж бодоод тэтгэвэрийн хэдэн бор төгрөг дээрээ нэмэрлэчихээр чамлахааргүй орлоготой байж болж байгаа юм.

Энэ мэтээр «Гар хөдөлбөл, ам хөдөлдөг», «Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал», «Ажил хийвэл ам тосдоно» гэх зэрэг Монгол ардын зүйр дэцэн үгс үеийн үед эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн сургааль болой. Үнэхээр ажил хүнийг голдоггүй нь дээрх цеөн жишээ баримтаас тодорхой харагдана. Энэ мэтээр бичээд байвал цааш үргэлжлээд байх болно. Гэвч дээрх 4 жишээ хангалттай гэж үзээд бичиж мэдрүүлэх гэсэн санаагаа үүгээр өндөрлөе. Залуусдаа хандаж бас дахин хэлэхэд «Ээ дээ, дүү нар минь хүн ажлыг голно уу гэхээс, ажил хүнийг голдогүй юм шүү» гэх байна.

Д.Сэрээтэр

 

Эх сурвалж: МОНЦАМЭ