sonin.mn
Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Албаны хүмүүсийн зүгээс тус хуулийн төслийг өнөөгийн нийгэмд нэн шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайтай ярилцлаа.
 
-Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх олон шаардлага гарсан учраас шинэчлэсэн найруулгыг боловсруулсан гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
 
 
-Гэр бүлийн тухайн хуулийг шинэчлэн найруулах хэд хэдэн гол үндэслэл бий. Өмнө нь батлагдсан гэр бүлийн тухай хууль 10 гаруй жил мөрдөгдсөн шүү дээ. Тэгэхээр тэр хуулиар зохицуулж байсан зарим эрхзүйн харилцаа нь нийгмийн өнөөдрийн харилцаанд зохицуулалт хийхэд шаардлага хангахгүй байгаа юм. Нөгөө талаас төрөөс гэр бүлийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, чиглэл тодорхой хуульчлагдаагүй байдаг. 
 
Өөрөөр хэлбэл, сүүлийн 20 орчим жил гэр бүлийн асуудлыг төрийн бус байгууллагад даатгах, тэдний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Түүнчлэн нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлд хандах хандлагад өөрчлөлт гарч эхэлсэн. Гэтэл энэ нь эргээд гэр бүлийн бүтэц, гэр бүлийн хэлбэр, төрлүүдэд тодорхой хэмжээний өөрчлөлтийг бий болгосон.
 
Үүнээс гадна гэр бүлийн талаархи үнэлэмж, хандлагад их өөрчлөлт гарсан. Сүүлийн 20 орчим жилд гэр бүлийн бүтцийн насны хувьд мөн л их өөрчлөлт гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, 820 гаруй мянган гэр бүлийн гуравны нэг нь залуу гэр бүл, дээрээс нь дунд насныхан орж ирэхээр дээрх нийт өрхийн гуравны хоёр нь залуу, залуувтар гэр бүл болж байгаа юм. 
 
Энэ мэтээр насны өөрчлөлт гэх мэтээс гадна гэр бүл нийгмийн анхдагч нэгж мөнийн хувьд эцэг, эхийн үүрэг хариуцлагын асуудлыг анхаарахгүй бол болохгүй болчихсон байна. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг, эхийн үүрэг оролцоо, гэр бүлийн орчны нөлөө гэдэг асуудал чухал болж байгаа юм. Энэ бүхэн маань хуулийг шинэчлэх практик, нийгмийн шаардлага болон гарч ирсэн.
 
-Гаднын улсуудаас нэлээд туршлага судалсан гэсэн?
 
 
-Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулаад Гэр бүлийн хуулийн талаараа төрийн бус байгууллага, иргэд, аймаг, орон нутаг гэх мэт шат дамжлагатай олон газруудад хэлэлцүүлэг зохион байгуулж, нэлээд санал авсан. Мөн гаднын улс орнуудыг туршлагыг судалсан. Ялангуяа Канад, Оросын гэр бүлийн хуулийг нэлээд судалж үзлээ. Өөрөөр хэлбэл барууны талын гэр бүлийн хууль ямар байна, манай хуучин тогтолцооны системээр явж ирсэн ОХУ-ын хувьд ямар байдаг юм гэдгийг судалсан. 
 
Түүнчлэн урд хөрш болон ерөнхийдөө Азийн орнуудын гэр бүлийн байдал ямар байна гэх мэтийг судалж үзсэн. Энэ бүгдийг судалж үзээд өнөөдрийн нөхцөлд Гэр бүлийн хууль маань ямар агуулгатай байх юм бэ гэдгийг тодорхойлсон. Дээрээс нь монголын уламжлалт гэр бүлийн дэвшилтэд уламжлалыг хэрхэн баталгаажуулж хуулинд авч үлдэх юм гэдэг асуудал гарна. Тиймээс үүнийг авч үлдэхийн тулд ямар чиглэлээр хуулийн томъёоллыг хийх вэ зэрэг олон асуудлыг ярилцаж, шүүмжлэгдэж явсаар хоёр жил болоод УИХ-д өргөн бариад байна.
 
-Хуульд шинээр тусгасан зүйлс дотор нэлээд сонирхол татахуйц асуудлууд бий. Тухайлбал гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлаг гэх мэт?
 
 
-Олон шинэ зүйл орсон. Нэгд тус хуульд гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бий болгох бүтцийг тусгасан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг байна гэсэн үг. Дээр би дурдсан шүү дээ гэр бүлийн асуудлыг 20 жил төрийн бус байгууллагад даатгах маягаар анхаарахгүй явж ирсэн талаар. Тиймээс энэ асуудлыг өөрчлөх үүднээс төв байгууллагатай болох нь зүйтэй. Төр улс оршин тогтнохын үндэс нь гэр улс. Тэгэхээр төр гэр улсынхаа өмнө тодорхой чиг үүргийг хүлээх үүрэгтэй. Энэ бүтэц бий болсноор баг, сум, хорооноос эхлээд Засгийн газрын агентлаг, түүнийг бодлогоор хангаж байх яам гэх том бүтэц хуулиар бий болж байгаа юм.
 
-Ийм том бүтэц бий болгоход олон зардал гарах юм биш үү?
-Ийм бүтэц бий болгохдоо одоо байгаа нөөцийнхөө зохион байгуулалтад анхаарахад л болно. Цаашлаад улсын төсөвт дарамт учруулахгүйгээр зохицуулах боломжтой. Өнөөдөр сум, хороон дээр байгаа нийгмийн ажилтнуудын чиг үүргийг гэр бүлийн ажилтны чиг үүрэг рүү хандуулах зохицуулалт хийнэ гэсэн үг шүү дээ. Ингэснээр бүтэц орон тоо нэмэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.
 
-Хуулийн шинэчлэсэн найруулгад гэр бүлийн болвсролыг олгох талаар тусгасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
 
 
-Сүүлийн үед гэр бүлийн салалт, хүчирхийлэл ихэсч байна гэдэг асуудал судалгаагаар гарч ирж байгаа. Салалтад ядуу байдал, архидалт, ажилгүйдэл нөлөөлж байгаа гэсэн үр дүн судалгаануудаар давхардаж гарсан байдаг. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийнхэн салалтын үндсэн шалтгаан нь дээрх хүчин зүйлс биш, үндсэн шалтгаан нь гэр бүлийн боловсролд байна гэж дүгнэсэн. 
 
Дэлхий нийтэд хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд шаталсан сургалтыг явуулдаг. Тоймолж хэлбэл тус сургалтаар ээж, аав гэж хэн юм бэ, ямар үүрэгтэй байх юм, хүүхэд аав, ээжтэйгээ ямар харилцаатай байх юм, гэр бүлийн гишүүний хувьд хүүхэд ямар үүрэгтэй байх вэ зэргээр ахмадуудаа хүндлэх асуудлыг гэр бүлийн боловсролоор олгодог. Цаашлаад хүүхдийг сургуульд орохоор ирээдүйн аав, ээж болохын тулд яах ёстой гэдгийг заадаг. 
 
Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлог, үүнээс үүдээд сэтгэлзүйн онцлог зэрэг энгийн зүйлийг заадаг. Ер нь нарийн асуудал энгийн зүйлээс эхэлдэг юм. Энэ мэтээр хүүхдийг дээд сургуульд орохоор гэрлэлтэд бэлтгэх хөтөлбөрийг заах нь. Ингээд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ зэргийг заачихаар гэр бүлд маргаан гардаггүй юм байна. Бие биенийхээ онцлогийг мэдрээд эхлэхээр зөрчлийг хүлээцтэй байдлаар шийднэ гэсэн үг. Тэгэхээр салалт байхгүй болно. 
 
Судалгаагаар эмэгтэй хүн өдөрт 23-25 мянга, эрэгтэй захирамж, харин гадаад үрчлэлийг ХАХНХЯ-ны хүүхэд үрчлэлийн зөвлөлөөр дамжуулан шийдвэрлэдэг байсан. Харин одоо гадаад, дотоод хүүхэд үрчлэлийг шүүхийн шийдвэрээр гаргахаар болж байгаа. Ер нь бол хүүхэд үрчлэлийн асуудалд болгоомжтой хандах ёстой.
 
-Баталгаат гэр бүлийн гэрээ гэдэг асуудал хуулийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд анхаарал татаж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
 
 
-Салалтыг багасаж, баталгаат гэр бүлийг дэмжих үүднээс гэр бүлийн гэрээг оруулж байгаа. Гэр бүл салахад хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн хохирдог. Тиймээс хамтран амьдрах гэрээ гэж оруулсан. Хамтран амьдрагч гэдгийг гэр бүлээс гадуур, нууцаар амьдарч байгаа хүмүүс гэж нийгмийн буруу хандлага бий. Хамтран амьдаргч гэдэг нь нэг бол гэрлэлтээ цуцлуулчихсан эсвэл гэрлээгүй хүмүүс хамтын амьдрал үүсгэж байгааг хэлж байгаа юм. Залуучууд сүүлийн үед хамтран амьдрах хэлбэрийг сонгож байгаа. Тиймээс энэ асуудлыг хуульчилж өгөхгүй бол хариуцлага болж байна.
 
-Хэрхэн хуульчилж өгөх талаар сонирхуулаач?
 
 
-Хамтран амьдрах тохиолдолд сайн дурын үндсэн дээр хамтын амьдралын гэрээ байгуул гэж байгаа юм. Жишээ дурдая л даа. Хоёр хүн үерхэж байгаад эмэгтэй нь
жирэмсэн болохоор хамтран амьдрагч орхиод явчихлаа гэж тооцоолъё. Энэ тохиолдолд хүүхдийг нь хэн тэжээх вэ гэдэг асуудал гарна. Гэрлэлтээ баталгаажуулаагүй учраас шүүхэд хандсан ч тэтгэмж тогтоолгох боломжгүй. 
 
Харин гэрээнд гэрлэлтээ баталгаажуултал хүүхэд гаргахгүй байх зэрэг хуулиас давсан бус бүхий л зүйлийг тусгаж болно. Ингээд сайн дурын гэрээг нотариатаар баталгаажуулсан тохиолдолд хариуцлага хүлээх болж байгаа юм. Энэ нэг талаас хамтран амьдарч байхаар гэрлэлтээ баталгаажуулж гэж шахаж байгаа хэлбэр. 
 
Нөгөө талаасаа гэр бүлийн хэлбэр болж байгаа нь зугаацаж байгаа хоёр хүний асуудал биш, хариуцлага хүлээх болж байна шүү гэдэг ойлголтыг толгойд нь суулгана. Энэ асуудал манайд дутагдаж байгаа учраас энэ талаархи асуудлыг хуульд оруулж өгсөн. Үүний дараагаар тусдаа амьдрах гэрээ гэдэг асуудал бас бий.
 
-Тодруулахгүй юу?
 
 
-Гэр бүл болсон хүмүүсийн нэг нь гаднын улсад ажиллаж амьдрахаар явсан тохиолдолд бүх асуудлыг гэрээлж өгөх юм. Энэ гэрээг байгуулах нь гэр бүлдээ хариуцлагатай хандаж байгаа асуудал шүү дээ. Энэ мэтээр хуульд гэр бүлийн дундын өмчлөл, ялангуяа хүүхдийн өмчлөлийн асуудлыг тусгай бүлэг болгон оруулж өгсөн. 
 
Хүүхдийн өмчийг эцэг, эх нь захиран зарцуулдаг. Харин тус хуульд хүүхэд насанд хүртэл түүний өмчийг хэн нэгэн захиран зарцуулахгүй байхыг тусгасан. Хүүхдэд ирээдүйн өмчийг нь бий болгож байгаа юм. Одоо Тавантолгойн хувьцааны асуудал бий. Хүн бүрт өгсөн шүү дээ. Түүнийг нь хүүхдэд хадгалан үлдээнэ гэж ойлгож болно.
 
-Хуульд нэлээд чухал асуудлыг тусгасан юм байна. Гэхдээ УИХ-ын гишүүд нэлээ баруунжсан хууль байна гэсэн?
 
 
-Глобалчлал болон залуу гэр бүлүүд ихэссэн өнөөдрийн нөхцөлд таарсан хэрнээ залуучуудын хүсэл, эрх чөлөөнд нийцсэн хуулийг бий болгохыг зорьж байгаа. Гэхдээ бид уламжлал гэр бүлээ хадлахыг гол зарчим болгож байгаа. ЛГБТ хүмүүс гэр бүл болох, цаашлаад хүүхэд өргөж авахыг нь нь зөвшөөрөхгүй байна гэдэг асуудал хүний эрхийн байгууллагуудаас их орж ирдэг. 
 
Манайх шин хүн ам багатай улс оронд тухайн хүмүүсийг гэр бүл болох, хүүхэд үрчилж авахыг нь зөвшөөрөх сэтгэлзүй төлөвшөөгүй байна. Тэр тусмаа энэ төрлийн гишүүнтэй гэр бүл ч үүнд дасаагүй байгаа юм. Тиймээс энэ асуудлыг хуульд аажмаар тусгаж өгөхгүй бол нөгөө цөөнх маань улам алдлагдах магадлалтай. Тэгэхээр тус хуульд ямар ч байсан уламжлалаа барьсан.
 
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин