Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр түлшинд хэрэглэхээр хамгийн ихээр сүйтгэж буй модлог ургамал бол заг юм. Заг нь Монгол улсын "Ойн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэхь хэсэгт зааснаар хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Заган ой байгалийн маш хатуу ширүүн нөхцөлд ургаж байдаг учир хүний буруутай үйл ажиллагааны нөлөөнд өртвөл нэн эмзэг, өөрийнхөө аясаар сэргэн ургах процесс маш төвөгтэй хязгаарлагдмал ургамал юм.
Тиймээс говийн ард түмэн дээр үеэсээ загийг түлшинд хэрэглэхдээ хөгширч хатаж унаснаас нь түүж авч хэрэглэдэг нарийн дэг жаягтай байлаа. Харин сүүлийн жилүүдэд энэ дэг ёс алдагдаж хүмүүс машин техникийн хүчээр хүрч болох бүх л газраас загийг талбайгаар нь хавтгайруулан түүж түлшиндээ хэрэглэж байгаа нь цөлжилтийн эхлэлийг өөрсдөө тавьж байгаа хэрэг.
Энэ замбараагүй ашиглалтаас шалтгаалан говь цөлийн бүсэд эзлэх заган ойн талбайн хэмжээ жилээс жилд буурч зарим газарт заган ой устаж, хөрс шороо сулран элсний нүүлт хөдөлгөөн ихсэж, ургамал амьтан цөөрч устах аюул нүүрлэлээ. Мөн загийн салмай нь малын амин чухал тэжээлийн нэг болдог. Олон айлын малын хөлд шинэ залуу загийн ургац устахаас гадна зулзаган загийн салмайг идэж сүйтгэн түүний нөхөн сэргэх явцад саад учруулж байна.
Дэлхий нийтийг хамраад байгаа цаг уурын дулааралтай холбоотойгоор жилд орох хур тунадасны хэмжээ багассанаас заган ой хатаж хуурайшин сийрэгжиж байна.
Байгаль экологийн тэнцвэртэй байдпыг хангах, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээ, эрх зүйн орчны талаар уншигч тантай саналаа хуваалцахын зэрэгцээ зөвлөгөө болгох үүднээс бичиж сууна.
Байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нутгийн иргэдийн сайн дурын нөхөрлөл байгуулах, ойн санг иргэдийн нөхөрлөлд эзэмшүүлэх талаар сургалт сурталчилгаа явуулах, заган ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд төрийн бодлого, шийдвэрийг түлхүү тусгаж ажиллах. Говь цөлийн бүсэд ургадаг заг болон бусад ховор мод бутлаг ургамлын тарьц суулгац бэлтгэх зэрэг ажлуудыг ард иргэдийн дунд зохион байгуулалтайгаар явуулах.
Загийг түлшинд хэрэглэх явдлыг таслан зогсоох тухай Монгол улсын "Ойн тухай" хууль, БОАЖ-ын сайдын 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан А-269 тоот тушаал болон бусад эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудыг ард иргэд мөрдөж ажиллах шаардлагатай байна. Манай байгууллага хичнээн ярьж хэлээд ард түмэн та бүхэн амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол хэдхэн жилийн дараа заган ойгүй болох аюул нүүрлэх болно.
Хэрвээ та "Ойн тухай" хууль зөрчиж, заган ойн сангаас машин, техник ашиглан хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд БОАЖ сайдын 2009 оны ойн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн, сүйтгэсэн 1 га талбайн хэмжээгээр учирсан шууд хохирлыг нөхөн төлж барагдуулна гэдгийг санах хэрэгтэй.
2001 онд батлагдсан "Ойн тухай үндэсний хөтөлбөр"-т заган ойг хамгаалах зорилгоор говь, цөлийн бүсийн зарим аймаг, сумдын түлшний хэрэгцээг хангайн бүсээс ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модоор хангаж, түүний тээврийн зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг орон нутгийн сумдын засаг дарга нар анхаарах шаардлагатай байна.
Монголчууд эрт дээр цагаас байгаль хамгаалах, байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, нөхөн сэргээхэд ихээхэн анхаарч төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгож холбогдох хууль цаазын бичигтээ тусгасаар ирсэн баялаг уламжлалтай ард түмэн билээ.
Эдгээрээс тойм төдий/ дурдахад "Их засаг" хууль "Алтан хааны цааз", 1640 оны Ойрад цааз, "Халх журам зэрэг сурвалж бичгүүдэд байгаль хамгаалах асуудлыг тодорхой заалтуудаар зохицуулж байсан байдаг. Тухайлбал "Их засаг" хуульд "Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазлана" хэмээн байдаг нь байгаль хамгаалахад хичнээн их анхаарч хууль цааз зөрчигсдийг хатуугаар цээрлүүлэн шийтгэж байсны нэг жишээ юм.
Тухайн үед шашны сургаалийг байгаль хамгаалахад ихээхэн ашиглаж байсан нь сүсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд цаг үеээ олсон зөв арга байсан талаар манай эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээсэн. Үүний сонгодог тодорхой жишээ бол 13-р зууны үеийн шашин төрийн хууль цаазын бичиг "Арван буянт номын цагаан түүх" юм.
Харин Хутагтай цэцэн хун тайжийн зохиосон "Алтан хааны цаазын бичиг"-т шашны нөлөө бараг тусаагүй, гагцхүү төрийн хууль цааз түүний дотор байгаль, ан амьтныг хамгаалах талаар тусгайлан оруулж өгч, ялын бодлогыг онцгойлон авч үзсэн байх юм. Жишээ нь: Зохисгүй цагт ан хийж буга, согоо, бодон гахай агнасан бол таван үхрээр торго, зээр, гур агнасан бол таван хониор торго гэх мэтээр тэр үед монголд байсан бараг амьтан бүрээр зааж өгсөн байх юм.
ГГБЦГХ-Захиргааны БОХУ-Байцаагч
В.Өсөхбаяр.
Эх сурвалж: "Монгол Говь"
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Үнэхээр сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа
Сэтгэгдэл үнэхээр сайхан байна
Үнэхээр үнэн бичсэн байна бид говийн амьтад ургамлаа хайрлаж хамгаалах хэрэгтэй гэж ухааруулсанд баярлалаа
Nice nice!
Гоё
Энэ эх сурвалж нь Монгол говь их гоё бна