sonin.mn

 

Улстөр цэвэршсэн цагт л сэтгүүл зүй цэвэршинэ
 
Монголчууд хэвлэлийн эрх чөлөөг эх орондоо тунхагласнаас хойш 20 дахь жил­тэйгээ золгож байна. Хүнээр бол нас шүд жигдэрч, эрийн цээнд хүрлээ.  
 
 
Гэвч бид хэвлэлийн эрх чөлөө хэмээн ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний ажилтнууд, сэтгүүлчдийн эрх чөлөөг хам­гаалах талаар цаг тутамд толгойгоо га­шилгаж суугаагаас бус иргэний мэ­дээл­лийн эрхийг хангах нэг хэрэглүүр болсон сэтгүүл зүй өнөөдөр энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар анхаарлаа бага хандуулж байна. 
 
 
Өнгөрсөн хугацаанд Монголын сэтгүүл зүй ямагт  эрэмгий дайчнаар урагш давшсаар ирж чадав уу. Эсвэл энэ бүхэн зөвхөн цаасан дээрх бичиг, хэн бүхний уушгинаас гарах хий төдийхнөөр хязгаарлагдаж байв уу.
 
 
Үүнийг хэвлэл мэдээллийнхэн төдийгүй бусад салбарынхан ямар нүдээр харж, хэрхэн бодож тунгааж явдаг бол. Энэ талаар тодруулахаар “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй орон мөн үү. Та энэхүү эрх чөлөөгөө хэрхэн эдэлж байна вэ” гэсэн асуултад хариулт авсан юм.
 
 
Олон нийтийн мэдэх эрхийг хүндэтгэх соёл Монголд бий болж байна
 
-Монгол Улс  хэвлэлийн  эрх чөлөөтэй орон болж чадсан, чадаагүй гэдэг бол харь­цангуй ойлголт л доо. 1990, 1993, 1995 онтой харь­цуулбал манай сэтгүүл зүйн салбарт харьцангуй эрх чөлөө мэдрэгдэж байна. Хууль эрх зүйн нэгдсэн зохицуулалт маш муу байгаа.
 
 
Гэхдээ энэ дайны ажиллаж байгаа нь манай салбар эрүүл, боломжийн байгаагийн илрэл.  Олон улсын  байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний  индексийг тодорхойлдог шал­гуур үзүүлэлтэд жил, жилд янз бүр гардаг нь тухайн жилд манай салбарт гарсан зөрчил болоод бусад үзүүлэлтээс хамаардаг.
 
 
Ерөнхийдөө олон жилийн практикийг ха­рахад дэлхийн олон оронтой харьцуулахад харьцангуй эрх чөлөөтэй орон.  Хэвлэлийн эрх чөлөө гэдэг иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрхийг хангаж байгаа эрх юм.
 
 
Тийм учраас зөвхөн энэ салбарын бус нийгмийн бүх төлөөллийн мэдээлэл авах эсэх тухай асуудал хөндөгддөг учраас сүүлийн үед дэлхий нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөг өргөн утгаар нь авч үзэх болсон.
 
 
Манайд ч гэсэн энэ талаар маш том дэвшилт гарсан нь Мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2011 онд батлагдсан явдал юм. Үүнд тодорхой хуулийн хязгаарлалтад үл хамаарах бүх мэдээлэл нээлттэй байх ёстой гэж заасан.
 
 
Харин энэ мэдээллийг өгөөгүй албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасныг иргэд ч, сэтгүүл зүйн салбарынхан ч муу мэдэж байна.  Аливаа түвшиний удирдах ажилтнуудын дунд олон нийтийн мэдэх эрхийг хүндэтгэх соёл бий болж байна.
 
 
Би жишээ болгож Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг хэлмээр байна. Улаанбаатар хотын бүх шатны шийдвэр гаргах албан тушаалтны гаргасан шийдвэрийг 72 цагийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй бол хүчингүй болгоно гэдгээ Э.Бат-Үүл орон даяар зар­ласан.
 
 
Энэ бол манайд өмнө нь харагдаж байгаагүй том соёл. Нөгөөтэйгүүр иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэх соёлыг улстөрд ч бас бий болгохын эхлэл болж байна.  Тэнцвэртэй байдал тухайн редакцид алдагдаж байгаа боловч олон мэдээллийн хэрэгсэл зэрэг мэдээлэл дамжуулж байгаа гэдэг утгаараа мэдээллийн олон талт байдал нөхөгдөж байгаа талтай.
 
 
Улстөр, бизнесийн бүлэглэлүүд манай салбарт сөргөөр нөлөөлж байгаа цагт бид хэчнээн сайхан диваажин бүтээх гэж зүтгээд үр дүнд хүрэхгүй. Учир нь Манай улсын бүх салбар нь улстөрөөс хамааралтай, уяатай, эмзэг орон юм байна. Тиймээс улстөр цэвэршиж байж л манай салбар цэвэршинэ. 
 
 
Хэвлэлийн эрх чөлөө сэтгүүлчдийн чин сэтгэл дээр л тогтож байна
 
-Монголд хэвлэлийн эрх чөлөө огт байхгүй гэж би хэлэхгүй. Гэхдээ энэ нь хууль тогтоомж, эрх зүйн орчин юм уу, сэтгүүл зүйн байгууллага дээр биш хэдэн сэтгүүлчийн эх орноо гэсэн тэр сайхан сэтгэл дээр л тогтож байна. Зөв  юм  бичээд, асуудлыг шударгаар тавьс­ныхаа төлөө ажлаасаа халагдаж, сэтгүүл зүйн байгууллагаасаа дарамтад өрт­сөн олон сэтгүүлч бий. 
 
 
Дандаа ингэж хувь сэтгүүлч хохироод байхгүйн тулд  эвлэлдэн  нэгдэж, хөдөл­мөрийн харилцааныхаа талаар өөрсдийгөө хам­гаалдаг бүтэцтэй болооч гэж би байнга хэлдэг. Бас хэвлэл мэдээллийн тухай хууль тогтоомжид үүнийг оруулахын төлөө зүтгэж байна. 
 
 
Сэтгүүлчид үйлдвэрчний эвлэл буюу өөрсдийнхөө  хөдөлмөрлөх  эрхийг  хам­гаал­даг байгууллагатай болсноор редакцийн хараат бус байдлаар цэвэр сэтгүүл зүйн сал­бартаа мэргэжлээ худалдахгүйгээр, шу­дар­гаар бичиж уран бүтээлээ туур­виж, хүмүүсийн төлөө үйлчлэх боломжоор хангагдана. 
 
 
Би  сэтгүүлчидтэй чин сэтгэлээсээ ха­рил­­цаж, муу,  сайн бүх юмаа тэдэнтэй ху­ваалцдаг. Намайг муулаад ч, сайлаад ч хаа холдох вэ. Эрүүл  мэндийн даатгалын хууль, хүмүүсийн зовлонгоор мөнгө олж байгаа тендерчдийн талаар би ярьдаг.
 
 
Хоёр жил хагасын өмнө эрүүл мэндийн маш олон тендерийг  будилаантуулсан хүмүүсийн талаар намайг ярьж байхад хэвлэл мэдээллийн нэг ч хэрэгслээр энэ тухай гараагүй. 
 
 
Хамгийн аюултай нь сэтгүүлчдийн асар их хөдөлмөрийн цаана Засгийн газар жирийн сэтгүүлчдийг алгасаад сэтгүүл зүйн байгууллагатай  ямар  гэрээ  контракт  хийдэг юм бэ. Энэ нь яагаад сэтгүүлчдэд хамаагүй байдаг юм бэ. Хаалтын гэрээ гэж юу юм бэ. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг мөнгөөр боомилж байгаагийн нэгэн том илрэл. 
 
 
Хэвлэлийн эрх чөлөөг үнэлэх хэмжүүр нь иргэдийн итгэл юм
 
-Хэвлэлийн эрх чөлөө байна уу гэхээр зарим нь бүрэн дүүрэн байна гэж хариулдаг. Зарим  нь  огт байхгүй  гэдэг. Тэгвэл хэв­лэлийн эрх чөлөө байгаа эсэхийг юугаар хэмжих вэ. Үүнийг хэмжих олон үзүүлэлт бий.
 
 
Хамгийн нэгдүгээрт эрх зүйн орчин. Үүгээр эрх чөлөөг нь баталгаажуулдаг. Дараа нь цензурыг хориглодог. Үүний дараа сэтгүүлч хүний мэргэжлийн болоод хөдөлмөрлөх эрхийн таатай орчин байх ёстой. 
 
 
Өөрөөр хэлбэл, сэтгүүлч  хүн өөртөө цензур тавьж, айдас бий болгохгүйгээр үгээ хэлнэ. Түүндээ тохирсон аюулгүй орчинд ажиллана.  Түүнээс  гадна нийгмийн орчин нь аюулгүй байх ёстой.
 
 
Энэ бүгдээс аваад үзвэл би эргээд сэтгүүлчдээс “Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу” гэж асуумаар байгаа юм. Дараа нь иргэдээс асуумаар байна. Яагаад гэвэл хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол иргэний эрх юм. 
 
 
Ардчилсан нийгэмд хамгийн идэвхтэй иргэн ч  гэсэн  энэ олон мэдээллийн хэрэгс­лийг бүгдийг нь үзэх юм уу, эсвэл  өөрөө яваад   бүх  мэдээллийг  цуглуулах бо­ломж­гүй. Тиймээс ч  бүх найдвараа хэвлэл  мэдээллийн хэрэгсэлд  тавьдаг.
 
 
Надад үнэн мэдээлэл өгнө гэж итгэл хүлээлгэдэг. Энэ бүхнээс авч үзвэл хэвлэлийн эрх чөлөөг үнэлэх хамгийн гол хэмжүүр нь иргэдийн итгэл юм.  Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэж байгаа итгэлийн хувь тун бага байгаа.
 
 
Улаанбаатарынхаас хөдөөгийн иргэдийн ит­гэлийн хувь бүр бага байна. Яагаад гэвэл иргэд аль мэдээллийн хэрэгсэлд итгэхээ мэдэхгүй байна. Уг нь энэ бүх хэрэгслээр нэг л мэдээлэл очих ёстой. Гэтэл завсарт нь редакцийн ямар нэгэн нөлөө байна гэдэг нь харагдаад байна. Тэр нөлөөний нэг нь яах аргагүй цензур.
 
 
Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульдаа цензурыг хориглосон боловч энэ зүйл маш олон хэлбэрээр боди­той оршиж байгаа. Хамгийн түрүүнд дур­даж хэлэх хэлбэр нь хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн эзэмшигч, эздээс удирдлагаар нь дам­жуулан орж ирж байгаа цензур.
 
 
Хоёрт нь эдийн засгийн цензур. “Эдийн засгийн эрх чөлөөгүй цагт улстөрийн эрх чөлөө бий болохгүй” гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдэгдсэн.  Энэ жижигхэн зах зээл дээр мэдээллийн олон хэрэгсэл оршин тогтнох нь эдийн засгийн асуудал болж хувирсан.
 
 
Зах зээ­лийн энэ ширүүн өрсөлдөөн дунд оршин тогтнохын тулд бид сэтгүүл зүйн хамгийн үнэт зүйлээ алдаж эхэлж байна. Энэ бол хараат бус байдал. Иргэдэд үгээ хэлж, үнэнийг хүргэхийн төлөө  бидний мэргэжил нэгт нөхөд дэлхийн өнцөг булан бүрт тэмцэн, амь  насаа  алдаж, хавчлага, мөрдлөгөд өртөж байна.
 
 
Яагаад гэвэл хэвлэлийн эрх чөлөө бол хүний суурь эрхийнхээ хувьд үнэтэй зүйл юм.  Ашиг олох гэсэн улайрал дундаа бид энэ үнэт зүйлээ алдах уу, яах уу гэдэг нь Монголын хэвлэл мэдээллийн удирдлагууд, сэтгүүлчид, иргэдийн өмнө асуулт болж үлдэж байгаа. 
 
 
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэн нэгэн улстөрч, мөнгөтэй хүн мөнгөө төлөөд өөрийнхөө дэгийг хэвлэл мэдээллийн хэ­рэгсэлд тогтоохыг хэлдэггүй. Сэт­гүүлчид хараат бус байдлаар иргэддээ үнэнийг хэлэхийг хэлээд байгаа юм. 
 
 
Үнэн   үгэнд дургүй, шүүмжлүүлэх  дур­гүй. Хэвлэл мэдээллийн  хэрэгслийг  өөрийн­хөө төлөө ашиглах  сонирхолтой хүмүүс их байна. Тэр хүмүүсийг эсэргүүцэх дархлаа  манай  хэвлэл мэдээлэлд алга. Хэвлэл мэ­дээллийн байгууллага энэ дархлаагаа олж, яаж хараат бус байдлаа хадгалж үлдэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. 
 
 
Сэтгүүлчид бусдын төлөө тэмцдэг хэрнээ өөрсдийнхөө төлөө дуугардаггүй 
 
-Монгол Улсад ардчилал хөгжөөд 23 жил болж байна. Гэтэл дэлхий дахинд Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэсэн үнэлэмжтэй байсан хэвээр.  Жил ирэх  тусам  хэвлэлийн  эрх чө­лөө­ний индексээрээ ухарсаар байгаа.
 
 
“Хил хяз­гааргүй сэтгүүлчид” хэмээх байгууллагаас гаргасан судалгаагаар 2005 онд Монгол Улс 50 дугаар байрт орж байсан бол 2013 оны байдлаар 98-д жагсчээ. Найман жилийн хугацаанд 48 байр хойшоо ухарчээ. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө улам л хумигдаж байгааг илтгэж байгаа үзүүлэлт.
 
 
Ардчилсан Монгол Улс хөгжөөд байдаг ч хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ сүүл мушгих дээрээ тулж байгаатай эвлэрээд суугаад байж болохгүй. Сэтгүүлчид бусдын эрх ашгийн төлөө үргэлж тэмцдэг хэрнээ өөрсдийнхөө  төлөө дуугардаггүй. 
 
 
Манай нэрт сэтгүүлч Ц.Дашдондов гуай “Хэвлэлийн эрх чөлөөг төр засагтай амраглаж байж олдоггүй, харин байлдаж тэмцэж байж олдог” гэж хэлсэн шүү дээ. 
Тогоон дотор нь “буцалж” байгаа бид л санаачлага гаргаж, нэгдэж нийлж тэмцэхгүй бол хэн бидний өмнөөс дуугарч, асуудал дэвшүүлэх билээ дээ. 
 
 
Манай орны хувьд хэлэх эрх нь байна уу, хамгаалах хэмжээнд хэлэх эрхтэй байна уу гээд бодохоор эргэн харах зүйл бишгүй байна. Хэлэх эрхтэй хүмүүс нь тэрийгээ хамгаалъя гэж байна. Гэтэл манайд хэлэх эрх байхгүй учраас хамгаалах зүйлгүй болчихоод байна. Тиймээс ч хамгаалахаасаа илүү эхний ээлжинд хэлэх эрхтэй байя, хагас эрхээ бүтэн болгохын төлөө тэмцэх хэрэгтэй.
 
 
Редакцийн зүгээс бүтээлийн чанарт тавих хяналт суларчихаж
 
-Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон. Гэтэл энэ эрх чөлөө нь жилээс жилд  хумигдсаар байна. Одоогийн байдлаар хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд эрх мэдэлтэн, бизнесмен, улстөрчдийн гарт орчихсон. 
 
 
Нөгөө талаас төр засгийн зүгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах шинжтэй арга хэмжээг байнга авч байгаа. Төвийн хэвлэлүүдийг хааж, сайтуудын сэтгэгдэлд хяналт тавих зэргээр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд байнга халдаж байгаа учраас хэвлэлийн эрх чөлөө сайнгүй байна.
 
 
Миний хувьд мэргэжлийн хүн учраас ямар ч нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж чадаж байна. 
Гэтэл хувь нэг хүн гэхээсээ илүү нийт ард түмэнд Үндэсний хуулиар олгосон эрх чөлөөг   хязгаарлачихаад  байна.
 
 
Жирийн ард  түмний  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал, эрх зүйн орчин ч хангалтгүй байна. Ард түмэн төдийгүй сэтгүүлчид хүртэл мэдээллийг чөлөөтэй олж авах эрх нь хязгаарлагдмал байна.
 
 
Нөгөө талаас сэтгүүлчдийн цалин бага, ажиллах орчин нь муу, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаагаас далд сурталчилгаа, захиалгат нэвтрүүлэг хийх зэргээр ёс зүйн алдаа гаргах нь ихсэж байна. Редакцийн зүгээс ч сэтгүүлчдийн ажиллах нөхцөл боломжийг бүрэн хангаж өгөхгүй байна.
 
 
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төрийн бодлого их үгүйлэгдэж байна. Энэ бодлогыг бий болгохын тулд сэтгүүл зүйн байгууллагууд өөрсдөө тэмцэх хэрэгтэй. Эрх чөлөөг тэмцэж олохоос биш зүв зүгээр суугаад олж авч чадахгүй. 
 
 
Сэтгүүлчийн нэр хүндийг бууруулж байгаа бас нэгэн асуудал бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа үг үсэг, хэл найруулга, ёс зүйн алдаанууд юм. Энэ бол сэтгүүлчийн өөрөө өөртөө тавих хийгээд редакцийн хяналт эрс муудсаны илрэл. 
 
 
Энэ асуудлыг шийдэхийн  тулд ре­дакцийн зүгээс бүтээлийн чанарт хяналт тавих хэрэгтэй. Гэхдээ цензур биш. Ингэж байж хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайжирч, нэр хүндээ олж авна.
 
 
Нөгөө талаас улстөрийн эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох хэрэгтэй. Эсвэл хэн ямар мэдээл­лийн хэрэгсэлтэй байгааг ард түмэнд байнга нээлттэй мэдээлж байх ёстой. Тэр цагт мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалж чадна. 
 
 
Сэтгүүлчид нөөц бололцооныхоо хүрээнд онц үнэлгээтэй ажиллаж байгаа
 
-Чухамдаа сэтгүүлч л жирийн иргэнээс авахуулаад удирдах албан тушаалтан, сайд дарга, төрийн тэргүүнийг хүртэл ОНМХ-ээр шүүмжлэх эрхээр хангагдсан байдаг. Гагцхүү сэтгүүлчийг л ОНМХ-ээр шүүмжлэх тийм дархан эрх хэнд ч албан ёсоор заяагдаагүй.
 
 
Гэтэл манай өнөөгийн нийгэмд сэтгүүлчид энэ эрхээ эдлэх байтугай, редакцийн нийтлэлийн бодлогод нөлөөлөх ч эрхгүй. Яг л эздийн гар дахь багаж мэт байна. 
Ингэж боолын нөхцөлд ажиллаж байгаа хүн хэзээ ч чанартай, үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж чадахгүй. 
 
 
Гэвч хууль эрх зүйн орчин, эздийн ноёрхол, техник технологийн бололцоо зэргийг аваад үзэхэд манай сэтгүүлчид яг байгаа нөөц бололцооныхоо хүрээнд онц үнэлгээтэй л ажиллаж байна.
 
 
Хуучны “Главлит”-ын үзэг өнөөгийн эрх баригчдын халаасанд явж л байна
 
Монголд  хэвлэлийн  эрх чөлөө хан­галт­гүй байна. Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс гэдэгтэй санал бүрэн нийлнэ. Хуучны “Главлит” буюу Хэвлэл утга зо­хиолыг хянах газрын үзэг өнөөгийн эрх баригчдын халаасанд явж л байна. 
 
 
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хангалттай эдэлж чадаж байна. Харин хэвлэн нийтлэх, хэвлэлийн эрх чөлөө гэж ярих юм бол 100 хувь гэж хэлж чадахгүй. Учир нь төрийн байгууллагынхны хүнд суртал биднийг ажлаа хийхэд алхам тутамд саад болж байна. 
 
 
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үнэн гэж алга
 
Хэвлэлийн эрх чөлөө байна гэж ха­рагдуулаад байгаа хүчин зүйл нь хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй байгаад л оршиж байна. Жишээ нь би боломжтой бол сонин гаргаж, телевиз байгуулж, сайт нээсэн ч болно. Ингээд бодохоор би эрх чөлөөтэй  ч юм шиг. 
 
 
Харин цаад мөн чанарыг  нь ухаад  үзвэл бодит байдал огт өөр. Болхи миний бодож байгаагаар сэтгүүлчийн ёс зүй, мэдээллийн тэнцвэртэй байдал, голч чанар, шударга байдал гэх мэт зүйлээр хэвлэл мэдээллийн мөн чанар хэмжигддэг байх. 
 
 
Гэтэл эрх  чөлөөг   нь боогдуулж бай­гаа зүйл олон байна. Үнэндээ өнөөгийн мэдээллийн хэрэгслүүд зүгээр л талуудын байлдах хэрэгсэл, үзэл суртлын зэвсэг, хүмүүсийн тархийг угаах “шампунь” бол­чихсон. Ямар ч голч чанар, шударга ёс, тэнцвэртэй байдал, сэтгүүлчийн ёс зүй байхгүй. Хэн илүү мөнгө төлнө, түүнд л үйлчилнэ. 
 
 
Нийгэмд үнэт зүйл бүрэлдэхэд итгэл гэж нэг том  зүйл бий. Биднийг бага байхад сонин дээр гарч, телевизээр ярьсан бүхнийг хүмүүс үнэн гэж итгэдэг байлаа. Гэтэл өнөө цагт жалгын мухрын малчин хүртэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн зүйлийг үнэн гэж хүлээж авахаа больчихож.
 
 
Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол шалгуур нь үнэн байх ёстой.  Гэтэл бид хэн дуртай нь бичиж, нийтэлж болно гэдгийг л хэвлэлийн эрх чөлөө гэж төөрөлдөөд явж байна шүү дээ. Үнэндээ бичихэд ч бас тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзний шалгуур, цензур ордог л байхгүй юу. 
 
 
Хүн бүр шударга үнэн зүйл ярьдаг болчихвол л  түүнийг  үг хэлж, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж ойлгомоор байгаа юм даа. Энэ бүхнээс гарахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эдийн засаг, улстөрийн аливаа хүчин зүйлээс ангид болгох хэрэгтэй. 
 
 
Хэзээ, хаанаас, ямар дарамт ирэх бол айдастай явдаг
 
-Хэвлэлийн эрх чөлөө гэж ярих боловч үнэн чанартаа энэ эрх нь боогдмол байгааг сэтгүүл зүйн салбарт ажиллагсдаас гадна ард иргэд ч мэдэж байгаа. Өнгөрсөн 20 жилд манай  салбарт дэвшилттэй зүйл  олон  гарсныг үгүйсгэхгүй.
 
 
Гэвч Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл боддоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хүн бүр бүрэн эдэлж чадахгүй байна. Эрхээ бүрэн дүүрэн эдлэх орчин нөхцөл нь бүрдэхгүй байна гэх үү дээ. 
 
 
Учир нь үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлснийхээ төлөө торгуулж, ажлаасаа ха­лагдаж, сэтгэл санаа болон бие махбодийн дарамтанд орох ч тохиолдол олон байна. Хэн нэгэн албан тушаалтны талаар эвгүйхэн асуудал хөндчихвөл өрөөндөө дуудаж эсвэл утсаар заналхийлэх нь энүүхэнд.
 
 
Монголын сэтгүүл зүйн салбарынхан ч үүнийг байдаг л нэг асуудал мэтээр хүлээж авдаг болчихож.  Эргээд  энэ нь сэтгүүлчийг мэргэжлийн ёс зүйтэй  байж, үнэнч шударгаар ажил үүргээ гүйцэтгэхэд саад болдог.
 
 
Сэтгүүлчид байнга хэзээ, хаанаас, ямар дарамт ирэх бол гэсэн айдастай байдгаас цаг зав, хөдөлмөр зарцуулж олж авсан мэдээллээ олон нийтэд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр мэдээлж чадахгүй байна. 
 
 
Олон улсын сэтгүүлчдийн холбооны гол баримт бичигт “Хэрэв зээ сэтгүүлчид авлига, ядуу зүдүү байдал, айдас хүйдсийн нөхцөлд байвал тэнд хэвлэлийн эрх чөлөө байхгүй” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Ингээд бодохоор Монголд хэвлэлийн чөлөө байхгүй л байгаа биз дээ. 
 
 
Ард түмэн бүгдийг харж, сонсож, ухаарч байгаа
 
Д.Мөнх-Эрдэнэ Хувиараа бизнес эрхлэгч. Өмнөговь аймаг:
 
-Хүн бүр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй мэт харагддаг. Гэвч амныхаа хэмжээгээр бураад байвал хаа нэгтэйгээс хэн нэгнээс дарамт шахалт зайлшгүй ирнэ. 
 
 
Тиймээс  хүн  бүр  үгээ  хэлэхдээ үзэл бодлоо  “хайрцаглаж”, хэлэх гэсэн санаа­наа­саа тойрч, айж эмээсэн байдал ажиг­лагддаг. Сэтгүүлчдийн бичсэн зүйлийг харахад ч бас тэдний айдас, эмээлт мэдрэгддэг. 
 
 
Гэтэл улстөрчид, нийгэмд нөлөө бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байнга худал ярьж, түүнийгээ “ард түмний тархийг угаачихлаа” хэмээн эндүүрч байна. Тэд очиж үзээгүй газар, мэдэхгүй амьдралынхаа талаар үлгэр зохиож ярьдаг. 
 
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ч бодит байдал  дээр биеэр очиж үзээгүй хэр­нээ тэдний үгээр “худал ярьж, бичдэг”. Гэтэл бодит байдал тэдний ярьж, бичснээс тэс өөр.  Тэгсэн хэрнээ сонгуулийн үеэр хааяа нэг ирэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьснаасаа огт өөр зүйл ярьж, үлгэрийн мэт амьдрал  амална.
 
 
 Ард түмэн гэдэг  чинь аглаг  буйдад  даяанчилж суугаа лам нар биш шүү дээ. Хараахан ард түмний нүдийг таглаж, чихийг бөглөчихөөгүй байна. Тиймээс ард түмэн бүгдийг харж, сонсож, ойлгож, ухаарч байгаа. 
 
 
 
Эх сурвалж: