sonin.mn

КИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 12 /NHK/. Туркийн Истанбул хотноо болсон хэлэлцээний үеэр тохиролцсоны дагуу Орос, Украины талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан солилцжээ.

Украины эрх баригчид лхагва гарагт мэдэгдэхдээ, Оросын тал 1212 хүний ​​цогцсыг шилжүүлэн өгсөн гэв. Тэдгээр нь Оросын баруун нутгийн Курск муж, ОХУ өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн муж болон бусад газарт амь үрэгдсэн цэргүүдийн цогцос байжээ. Холбогдох албаныхан одоо цогцсуудын хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.




ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийн мэдээлснээр, 27 цэргийн цогцсыг хүлээн авсан байна. Энэ сарын 2-нд Истанбул хотноо Орос, Украины өндөр албан тушаалтнууд хэлэлцээ хийж, олзлогдогсдыг солилцож, тус бүр 6000 цогцсыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон юм. 




Хоёр улс олзлогдсон цэргүүдийг солилцох ажиллагааг хэдийн эхлүүлсэн юм. Даваа, мягмар гарагт солилцсон цэргүүдийн дунд хүнд шархадсан хүмүүс болон 25-аас доош насны цэргүүд байжээ. Гэхдээ гал зогсоох асуудал тодорхойгүй хэвээр байна. Украин мягмар гаргаас лхагва гаргийн өглөөний хооронд Оросын нисгэгчгүй онгоцнуудын дайралтад өртөж, Харьковт гурван хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг