sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 6-р сарын 11-ний өдөр хэлэхдээ, ОХУ хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бүтээхэд анхаарлаа хандуулах ёстой гэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээнд дурьдсанаар, В.Путин уг өдөр 2027-2036 он хүртэлх үндэсний зэвсгийн төлөвлөгөөний төслийг хянан хэлэлцэх хурлыг даргалжээ.


Тэрээр энэ үеэр онцлохдоо, үндэсний зэвсгийн шинэ төлөвлөгөө нь хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бүтээхэд чиглэх ёстой, үүний зэрэгцээ хэрэгцээ шаардлагыг урьдчилан авч үзэж, шинэ зэвсгийн системийн бүтээн байгуулалтад зориулан бааз, зэвсгийн агуулах, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийг бий болгох ёстой.


ОХУ тусгай цэргийн ажиллагаа болон бүс нутгийн янз бүрийн мөргөлдөөний туршлагыг ихээхэн ашиглаж, дэлхийн цэргийн технологийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэх ёстой, "үндэсний зэвсгийн төлөвлөгөөнд бидний одоогийн болон ирээдүйн хэрэгцээг хангахуйц хэмжээний, төрөл бүрийн зэвсэг, техникийг багтаасан байх ёстой” гэсэн байна.


Түүнчлэн ОХУ-д дотооддоо үйлдвэрлэсэн зэвсэг техник, ялангуяа өндөр эрчимтэй бодит тулаанд найдвартай, үр дүн нь батлагдсан зэвсэг, техник хэрэгслийн экспортын боломжийг нэмэгдүүлэхийг В.Путин үүрэг болгожээ.


Үүнээс гадна В.Путин онцлохдоо, сүүлийн жилүүдэд төрийн дэмжлэгтэйгээр ОХУ-ын цэргийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл асар хурдацтай нэмэгдэж байна, энэ нөөц бололцоогоо оновчтой ашиглаж, урт хугацааны үйлдвэрлэлийн төлөвлөлтөд анхаарч, шаардлагатай үед аж ахуйн нэгжүүд иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар бодолхийлэх хэрэгтэй гэсэн аж.


Г.Бямба