Би дуугүй байж тэвчихгүй нь. Бид яагаад бусдын татсан тамхины утаагаар амьсгалах ёстой гэж. Дам тамхидалтын хор уршиг зөвхөн хоолой сэрвэгнээд, хахаж цацаад өнгөрөх төдийхнөөр хэмжигддэггүй, цаг минут тутамд намайг хэмэлж үхэл рүү ойртуулж байна. Үүнийг сонсоод тамхичид “Юун ч сүртэй юм” гэх нь мэдээж. Сүртэй, сүртэй. Сүртэй байхаас ч аргагүй.
Тамхины фильтер гэх утаа шүүгч нь асч байгаа тамхины утаатай хамт ялгарах хорыг тодорхой хэмжээгээр шүүж тамхичныг хамгаалдаг бол тамхинаас ялгарч буй утаагаар хордсон агаарыг би ямар ч шүүлтүүргүйгээр амьсгалж байгаа учраас илүү хордоод байна.
Мөн тамхи татдаггүй бид тамхины утаатай өрөөнд цаг орчим байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг болохоор дуугүй байж тэвчишгүй нь. Манай улсын таван хүн тутмын гурав нь ажлын газар болон гэртээ тамхи татдагсадтай хамт ажиллаж, амьдарч алхам тутамдаа хорт утаагаар утагдаж байна шүү дээ.
Дэлхийн олон улс орон дам тамхидалтын хор уршгийн тухай судлагаа хийсэн байдаг. Манай улсын хувьд олон тоо баримт дурьдаж, өгүүлдэг ч ахиц гарч буй нь төдийлэн мэдрэгддэггүй.
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг дөхөөд ирэхээр тамхины тухай дээр доргүй ярьцгаадаг ч үр дүнд хүрдэггүй. Тэгвэл доор өгүүлэх нэгэн баримтыг сонирхцгооё. Ж.Оюунцэцэг гэх эмэгтэй 30 жилийн өмнө нэгэн залуутай гэр бүл болж хоёр жилийн дараа хөөрхөн хүүтэй болжээ.
Хүү нь хугацаанаасаа өмнө, жиндээ хүрэхгүй гарсан тул байсхийгээд л эмнэлэгт “хатгаатай” гэсэн оноштойгоор хэвтдэг байв. Ой шүргэх үедээ түүний хүү нэг өглөө хөхөө хөхөж байгаад амьсгал хурааж орхиж. Уй гашууд автаж Зүүнхараагийн эмнэлгийг ах дүү амраг саднаараа нийлээд” муу муухай” хэмээцгээж гэнэ.
Гэтэл тус эмнэлгийн эмч, хижээл насны эмэгтэй “Та нарт ямар хүнд байгааг ойлгож байна. Миний хоёр дүү залуу улс юм чинь дорхноо л дахиад хүүхэдтэй болчихно. Харин хүүхэдтэй болохоосоо өмнө тамхинаас гараарай.
Ялангуяа эхнэр тань гарах хэрэгтэй шүү” гэж хэлэхэд нь ах дүүсээрээ нийлж байгаад тэр эмэгтэйг “Хүний сайхан үрийг мэдлэггүйнхээ улмаас алчихаад одоо ээж, аавынх нь тамхинаас болсон гэж хэлэх нь үү, хөдөөний юу ч мэдэхгүй эмч” гээд бараг л ажлаас нь халуулах дөхжээ.
Харин жич хүүгээ үзээд бөөн баяр байсан өвөө тэр бүх үйл явцыг харж аньсага нь чийгтэн суухдаа “Бүрлээчийг төрхөөс гарч ирэхэд нь үнэрлэхэд хүүхдийн нялх, зөөлөн үнэр үнэртэх ч цээж нь яг л муурынх шиг хэржигнэж байсан” гэжээ. Энэ үг өвөөгийн нэр хүндийг унагаж “Зөнөг өвгөн” гэх хочтой болгосон аж.
Бүрлээч хүүгээсээ хойш эхнэр нөхөр хоёул тамхинаас гарч хоёр жил орчмын дараа 3.4 кг жинтэй удаах хүүгээ төрүүлж гэнэ. Мэндлээд хоёр хонож байгаа жич хүү дээрээ өвгөн яаран гүйж ирчихээд үнсэхээсээ урьтаж өлгийнийх нь гаднаас цээжийг нь чагнаж үзээд “Одоо алзахгүй ээ, миний хүү ” гэж хэлчихээд яваад өгч. Тэгэхэд бүгд хал үзэж халуун чулуу долоохоос бусдыг үзсэн өвөө, олон жил хөдөө ажилласан сумын эмч хоёрын зөв байсныг ойлгожээ.
Тамхийг өдөр тутмын чухал хэрэглээ мэт бараг л булаалдаад татдаг байсан эхнэр нөхөр хоёр бүсгүйн хэвлийд бойжиж буй үрээ хордуулж байснаа хожим нь ухаарсан ч сэтгэлийнхээ гүнд шархтай хорвоог туулж яваа гэдгээ ярьсан юм. Дам тамхидалтад өртөж байсан хүүхэд эхээс мэндлэхдээ л бронхиттой, уушги нь хэвийн бус байдгийн нэг жишээ энэ.
Хүмүүс бараг өдөр тутам нэг шинэ өвчин бий болж байна. Эхээс төрөхдөө л тархины хавдартай гарлаа гэх зэргээр гайхан ярьж идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүндээ буруу өгдөг.
Тэгвэл дам тамхидалтын хор уршиг насанд хүрэгчдэд тархины цусан хангамж багасч, цус харвалт үүсэх, нүд хорсох, загатнах, нулимс гоожих, болор цайх, сохрох, уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20-30 хувь нэмэгдүүлдэг байна.
Мөн судасны ханыг зузааруулж нарийсган бөглөрөл үүсгэх, цус өтгөрүүлэх, зүрхний бах, шигдээс үүсгэх, урагт нөлөөлж бага жинтэй хүүхэд төрөх, зулбах, хугацаанаасаа эрт төрөх, нярай гэнэт эндэх зэргээр илэрдэг аж.
Харин хүүхдэд тархины цусан хангамж нь багасах буюу бидний хэлдгээр тархины даралттай болох, ой тогтоолт сэтгэн бодох чадвар нь буурах, тархины хавдар, дунд чих болон гуурсан хоолойн үрэвсэлт өвчнүүд үүсч улмаар хүндрэх, зүрх судасны тогтолцоонд нөлөөлөх, тунгалагийн булчирхайн хоргүй хавдар үүсгэх зэргээр илэрдэг байна.
Мөн эцэг эхийн тамхидалт нь хүүхдийн эрүүл мэнд, хичээл сурлагад муугаар нөлөөлж, зан үйл, хэл ярианы гажуудал үүсгэдэг бөгөөд хүүхдүүд өсвөр насандаа тамхинд орох магадлал өндөр байдаг төдийгүй хэрэв тухайн гэр бүлийн нэг гишүүн тамхи татдаг бол хүүхдийн амьсгалын замын өвчлөл 70, хоёр хүн тамхи татдаг бол 88.6 хувь болж өсдгийг эмч мэргэжилтнүүд өгүүлсэн байдаг.
Хүмүүст ийм ойлгомжтой сургамжууд олон байхад хууль тогтоох дээд байгууллага нь тамхи татаж болох болохгүйн тухай буюу хүний эрхийн асуудал хэмээн яриад сууж буйг “Эмгэнэл” гэхээс өөр юу гэх билээ. Би дуугүй байж ер тэвчихгүй нь.
С.Цээл
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
БИ ТАМХИ ТАТАХ ЭРХТЭЙ.ТАМХИ ТАТАХ ГАЗАР ГАРГАЖ ӨГ.ЧӨЛӨӨТЭЙ ЗАРУУЛ.ЖИЧ:БИ БАС АРХИ УУЖ АГСАН ТАВИХ ЭРХТЭЙ УУХ ТАЛБАЙ ГАРГАЖ ӨГ ГЭХ ҮҮ?