sonin.mn
Архангай аймгийн Цахир сумаас олдсон занданшуулсан шарилын талаар тус' сумын төлөөлөгчид болон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, эрдэмтэн судлаачид мэдээлэл хийлээ. Занданшуулсан шарил нь 200 орчим жилийн өмнө амьдарч байсан “Өвгөн Гэсэр”ламтан Цэвээнраашийн Чүлтэм-сүрэн, аграмба Равсалын Санжайжав нарынх байжээ.
 
Эдгээр лам нар нь эрдэм ухаанаараа олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан бодит жишээ олон байдаг гэдгийг эрдэмтэн судлаачид дуулгав. Энэ тухай Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам  Д.Чойжамц “Цэвээнраашийн Чүлтэмсүрэн,  Аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилын увидас Итгэлт хамбынхтай адил.
 
Бид эдгээр лам нарын шарил гарч ирсэн нь хүн арддаа адис жанлаваа хайрлах цаг нь бүрдсэн юм болов уу гэж үзэж байгаа. Сүсэглэж чадвал адис жанлав нь хүн бүрт хүрнэ” гэв. Өвгөн Гэсэрлам Ц.Чүлтэмжамц, түүний шавь Аграмба Р.Санжайжав нарын занданшсан шүтээн биеийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээлгэх юм байна.
 
Харин энэ сарын 24,25-ны өдрүүдэд төрөлх нутаг буюу Архангай аймгийн Цахир суманд занданшсан шүтээн бие оршиж байсан газарт барьсан гэр өргөөнд нь залах аж.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин