sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы Макс Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологи болон Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Science сэтгүүлд  Монголын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний хүний ясны геномын судалгааны талаар нийтлүүлжээ.
Тус өгүүллийг эх хэлээрээ хүргэж байна. 
 
 
 
 34 мянган жилийн өмнөх Еврази хүмүүсийн генетикийн хамаарал болон эртний Зүүн Азийн иргэдийн удамшил зүй
 
 
 
Судалгааны үр дүнд тухайн ясны олдвор нь 25 хувийн Баруун Евразийн ДНХ агуулсан 34 мянган жилийн настай гэж тогтоогджээ. Үүнээс үзэхэд эртний хүмүүс одоогийн амьдарч буй хүмүүсийн өвөг дээдсийг суурьшихаас өмнө Еврази тивийг аль хэдийн дамжин нүүдэллэж байсныг илтгэж байна. Түүнчлэн Хятадаас илэрсэн 40 мянган жилийн настай Денисовын ДНХ агуулсан олдворын судалгаа болон тус судалгаанаас үзэхэд  орчин үеийн хүн үүсэхээс өмнө устаж үгүй болсон гоминидууд нь Азийн нутаг дэвсгэр дээр иргэншиж байсан хэмээн таамаглаж байна.
 
Монголын зүүн бүсэд орших Норовлин сумын Салхитын хөндийгөөс 2006 онд уурхайчид нэгэн морфологи хэв шинжээрээ содон гавлын ясны олдворыг олсон. Олдворыг Mongolathropus, Неандерталь эсвэл Homo Erectus байх магадлалтай гэж анхлан тодорхойлсон. Тус олдвор нь зөвхөн плейстоцены үед хамаарах хэдий ч он цагийн хувьд маргаантай байсаар ирсэн.
 
Гавлын ясанд хийгдсэн ДНХ судалгаанаас үзэхэд тус олдвор нь 34 мянган жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй хүнийх бөгөөд Европ биш Ази хүн байсныг илрүүлсэн. Салхитын олдворыг генетикийн хувьд ганцхан Хятадын Тиняны агуйгаас олдсон 40 мянган жилийн настай эрэгтэй хүнийхтэй харьцуулах боломжтой байсан бөгөөд туршилтын үр дүнгээс үзэхэд эдгээр олдвор нь өөр хоорондоо хамааралтай болох нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч Салхитын олдвор нь гарал үүслийн хувьд дөрөвний нэг буюу 25 хувийн баруун Евразийн хольцтой. Энэ нь магадгүй эртний Сибирийн хэв шинжийг удамшин авч үлдсэн байх. Макс-Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологийн судалгааны удирдагч доктор Д.Массалини өгүүлэхдээ, “Тус олдворт хийсэн судалгааг дүгнэхэд Зүүн Азид иргэншиж буй орчин үеийн хүмүүс 34 мянган жилийн өмнөөс эхлэн шилжин суурьшиж байсны нэгэн нотолгоо хэмээн үзэж байна. Энэхүү ховор олдвор нь 35 мянган жилийн өмнө эртний хүмүүс тодорхой давтамжтай Евразийг дамнан нүүдэллэж байснаас гадна өөр хоорондоо ямарваа нэгэн байдлаар харилцаа хамааралтай байсныг харуулж байна” хэмээжээ.
Салхитын хөндий болон Тиняны агуйгаас илэрсэн олдворын геномын судалгааг Макс-Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологийн доктор Б.Петерийн шинэчилсэн арга зүйд тулгуурлан хийжээ. Тус судалгааны үр дүнгээс харахад Салхит болон Тиняны бодгалиуд нь Неандерталь болон Денисовын ДНХ агуулж байсан нь Ази хүн Неандертальтай хамааралтай болохыг илтгэж буй ховор тохиолдол юм. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Б.Гүнчинсүрэн хэлэхдээ, “Бидэнд байгаа Зүүн Азийн эртний хүмүүсийн генетикийн үр дүнгээс харахад эртний хүмүүсийн өвөг дээдэс ямарваа нэгэн байдлаар Денисовын хүмүүстэй харилцаа холбоотой  байснаас гадна мөхсөн гоминидууд нь Ази-Номхон далайн бүсийн арлын одоогийн ард иргэдийн эртний өвөг болох нь харагдаж байгаа нь үнэхээр гайхалтай юм. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүмүүс болон Денисовынхон 40 мянган жилийн өмнө хоорондоо харилцаа хамааралтай байсныг батлах баримт болж байна” гэв.
Доктор Массилани “Орчин үеийн хүмүүсийн Денисовын геномын ДНХ хэсгүүд нь эртний Зүүн Азид амьдарч байсан Денисовынхны ДНХ хэсгүүдтэй давхцаж байгаа ч Номхон далайн арлын хүмүүстэй тохирохгүй байгаа нь сонирхол татаж байна” хэмээв.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг