sonin.mn
АН-ын ҮБХ-ы гишүүн Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал энэ үеэрээ тэрээр: " Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН институциэрээ оролцож байгаа. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг хувь хүн гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн институцийн төлөө УИХ-д суудалтай намууд өрсөлддөг. Миний өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа гол зорилго бол АН-ын нэрээр Ерөнхий сайд болж байсан, Ерөнхийлөгч болж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс биечлэн болон биет бусаар цагаан сонголтонд уриалаад байгааг буруушааж буйгаа илэрхийлэх юм. Та бүхэн анзаарсан бол АН-ын даргаар ажиллаж, Ерөнхий сайд хийж явсан Н.Алтанхуяг гэж хүн  "Цагаан сонголт"-ыг уриалсан бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд тавьжээ.
 
Н.Алтанхуяг АН-ын нэр дээр Ерөнхий сайд болж байсан. Сангийн сайд хийж байсан. Хөдөө аж ахуйн сайд болж байсан. Шадар сайд хийж явсан. АН-ын нэр дээрээс, жагсаалтаар буйдан дээр сууж байгаад УИХ-ын гишүүн болж ч явсан. 2017 онд одоогийн АН-ын удирдлагатай намын даргын сунгаанд өрсөлдөөд ялагдсан. 
 
Ялагдчихаад 2016 оноос хойш 4 жилийн турш өөрийнхөө тойрон хүрээлсэн троллууд буюу цүнх баригчдаар АН-руу нохой мэт хуцуулсан.
Өөрийнхөө туслах, барлагыг нь хийж явдаг П.Галиндэвийг сүүлд нь Баянгол дүүрэгт бие даалгаж нэр дэвшүүлсэн. Ингэж л намаа хорлосон. Нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулга Лу.Болд, Ж.Батзандан мэтийн нөхдүүдээр “ШИНЭ” намыг байгуулж, АН-ын саналыг хувааж, өнөөдөр энэ хоёроо нэгийг нь элчин зөвлөхөөр, нөгөөг нь дэргэдээ Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг сэтэр өгөөд авч явж байгаа.  Ийм л хүмүүс "цагаан сонголт" гэгчийг уриалж байна.
 
 АН-ын гишүүддээ хандан, "Та бүхэн маань нэр дэвшигчээ субьектив байдлаар биш институци гэж үзэж, энэ түгжилүүдийн цагаан сонголт хийх ухуулгад автахгүйгээр сонгуульдаа идэвхитэй оролцоорой, намынхаа нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөрэй" гэж уриалж байна.
Мөн зарим хүмүүс АН-ынханд "ХҮНамын нэр дэвшигчид саналаа өг. Танай нэр дэвшигч бүтэхгүй" гэсэн байдлаар уриалж буй юм байна. ХҮНамын нэр дэвшигчийн талаар би товчхон мэдэгдэл хийе. За яахав дээ, гялгар, мундаг сэхээтний дүрд тоглосон хүмүүс Монголоор дүүрэн байгаа. Манай Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал шиг "Би лаг, би мундаг" гэдгээ хэвлэл мэдээллээр л илэрхийлдэг нэг хүн бол Д.Энхбат шүү дээ.
 
Монголын амьдрал, гэр хорооллын амьдрал, хөдөөний малчдын борог амьдралыг Д.Энхбат мэдэхгүй шүү дээ. Өөрсдийгөө сэхээтэн гээд бодчихсон ХҮНамынхан нь яг л таарч, Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн. Д.Энхбат бол 2008 оны 07 сарын 01-ний үйл явдлын зохион байгуулагч. Тухайн үед эвсэл болж ороод, ялагдаад, 5 сайхан залуугийн амь насаар тэр жагсаал дууссан.  Д.Энхбат уг жагсаалыг “Буян” Жагаа, Ж.Батзандан тэргүүтэй хүмүүстэй хамт зохион байгуулаад, замын дундаас хаяад зугтчихсан. Ингэж л улс төр хийдэг хүн. Бэртэгчин зантай.
 
Мөн  Д.Энхбат чинь 5 нам дамжсан юм байна лээ. 1990-1992 онд МАХН-ын гишүүн байсан.  МАХН-ын буянаар Үндэсний хөгжлийн яамны дэд сайд байсан юм билээ. 1992 онд Монголын Сэргэн Мандлын Нам гэж, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн байгуулж байсан намд байсан. 2008 онд МНН-ын дарга байхдаа “Иргэний эвсэл” байгуулж, УИХ-ын гишүүн болж байсан. 2011 онд Иргэний Зориг намтай нийлж, 4 дэхь намдаа орсон. Одоо ХҮНам гээд 5 нам дамжчихсан байгаа байхгүй юу. Мөн би хэвлэл мэдээллээс харлаа.
 
Тайланд улсад, Монгол төгрөгөөр бол 900,000,000 орчим төгрөгийн хаустай гээд баримт нотолгоотой гаргаад тавьчихсан байна лээ. Тэрийг судлаад үзэхээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн ингэж худлаа ярьж болдог юм уу?
 
Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитаар баталгаажуулдаг. Гэтэл Д.Энхбат Аудитын газарт өөр мөрийн хөтөлбөр өгчихөөд, тарааж байгаа сонин дээрээ малчдыг цахимжуулна, юу юу гэнэ вэ? Амьдралд хэрэгжихгүй мөрөөдлийн амлалт бичээд тараачихсан байх жишээтэй. Иймэрхүү л дүр зурагтай нэр дэвшигч байна шүү дээ." гэв.
 
 
 
 
М.Чойжал