сонин mn
Манай улсын нийт хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Тэр хэрээр буюу хүн амын хэт их төвлөрлийн улмаас агаар, хөрсний бохирдол, автомашины түгжрэл зэрэг хүндрэл бэрхшээл үүсээд удаж байна. Төр, засгийн үе үеийн удирдлагууд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө ихээхэн хэмжээний санхүүжилт зарцуулан тодорхой ажлуудыг хийдэг ч бодит буюу иргэдийн хүсэн хүлээсэн үр дүнд хүрсэн удаагүй. Харин сүүлийн жилүүдэд нийслэлд тулгамдаж буй асуудлыг эхнээс нь шат дараатай шийдвэрлэж, тодорхой, бо-дит үр дүнд хүрч байгаад нийслэлчүүд сэтгэл хангалуун байна. Тухайлбал, түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш нэвтрүүлэн агаарын бохирдол буюу утааг 50 хүртэлх хувиар бууруулж чадсан. Цаашид үүнийг шат дараатай буюу 80-100 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна. Үүний үр дүнд бид тун удахгүй цэвэр агаартай хоттой болно.
Дараагийн асуудал нь нийслэлчүүдийн, ялангуяа жолооч нарын “толгойн өвчин” болсон, нэн даруй шийдвэрлэх ёстой автомашины түгжрэл юм. Улаанбаатар хотын гол авто замуудын сүлжээний даацыг 2010 онтой харьцуулахад гурав дахин хэтэрсэн, нийт автозамын 80 орчим хувь нь түгжирдэг тул иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртгийг шатахууны зардал болон нөөцийн үр ашиггүй хуваарилалт, цагийн зарцуулалт зэргээр тооцож гарга-хад өнгөрсөн онд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
 
 
Цаашид энэ байдлаараа үргэлжилбэл 2025 он гэхэд алдагдал 24 их наяд болох тооцоо гарчээ. Тиймээс төр, засгийн удирдлагууд энэ асуудлыг шийдвэрлэх ажилд ханцуй шамлан ороод байна. Засгийн газраас түүхэн шийдвэр гаргаж, үүнд зарцуулах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Тодруулбал, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, энэхүү хөрөнгийг автозам, замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны болон дугуйн зам барих, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэг цогц арга хэмжээнд зарцуулах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийг холбогдох сайд нарт даалгасан.
Автомашины түгжрэлийг шийдвэрлэхийн тулд заавал хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудын санхүүжилтийг шийдсэн нь тухайн асуудлын 50 хувийг шийдсэнтэй ялгаагүй. Харин одоо хийж эхлэх, төлөвлөсний дагуу гүйцэтгэх, эцсийн үр дүнг нь үзэх л үлдээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамтаар түгжрэлийг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж, зарим үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаад нийслэлчүүд талархалтай хандаж байна.
 
 
 
2024 он гэхэд байгальд ээлтэй 500-1000 автобус үйлчилгээнд гаргаж, 290 буудлыг шинэчлэн, 5000 автомашины зогсоол шинээр байгуулах, гол гудамж зам, тойрог замын сүлжээ, хороолол дундах холбоос зам, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүр, явган болон дугуйн замыг шинээр барьж, өргөтгөж шинэчлэх юм. Эдгээр болон бусад цогц арга хэмжээг авснаар 2024 он гэхэд түгжрэл 50 хувь бууна.
 
 
 
Эхний ажил нь автозамыг нэмэгдүүлж, өргөтгөх явдал юм. Улаанбаатар хотын автозамын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөний дагуу гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км зам, гүүрэн байгууламж, нүхэн гарцыг барьж эхлээд байна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд Ботаникийн цэцэрлэгээс “Монос”-ын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явуулахаар төлөвлөсөн байна. Нийт 17 км замын 10 нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил байх аж. Харин Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаж, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явуулахаар төлөвлөжээ. Долоодугаар сард 7.2 км дугуйн зам ашиглалтад оруулна.
 
ДЭД ТӨВҮҮДИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР ТҮГЖРЭЛ 30 ХУВИАР БУУРНА
 
Дараагийнх нь түгжрэлийн голомтуудаа тодорхойлж, дэд төвүүдийг байгуулахаар ажиллаж эхэлсэн. Улаанбаатар хот ганцхан төв замтай байгаа нь түгжрэл үүсэх нэг шалтгаан. Тиймээс хамгийн их утаатай, дэд бүтэц муу газартаа төлөвлөлт хийж эхлээд байгаа юм. Тодруулбал, арван дэд төв байгуулах бөгөөд Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастай дэд төвийн инженерийн байгууламжийг хэсэгчилсэн байдлаар шийдэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, түгжрэлийг бууруулах хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжүүлж, зургаан дэд төвийг ашиглалтад оруулна.
 
 
 
Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгойт, Шархад гэх зэргээр хэрэгжүүлэх юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төслийг баталж, энэ онд багтаан тендер зарлахаар болжээ.
 
 
 
Сэлбэ гол дагуу 6.6 км автозам, явган хүний зам, гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, автобусны зогсоолыг ашиглалтад оруулаад байна. Мөн Сэлбийн 25.2 км урт хурдны зам нь захын гэр хороолол, зусланг хотын төвтэй холбох юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь хийснээр түгжрэл 30-40 хувь буурах тооцоо гарсан байна. Мөн дэд төвүүдийг ашиглалтад оруулснаар тухайн хэсэг рүү төрийн ямар байгууллагуудыг шилжүүлэхээ төлөвлөх, хотын төвөөс гарахыг дэмжих, хотын төвд төрийн байгууллагын барилга барихгүй байх зарчмыг баримталж буй. Яам, томоохон төрийн байгууллагууд нүүх саналаа эхнээсээ ирүүлсэн байна. Дээр дурдсан зургаан дэд төвийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын түгжрэл 30 хувиар буурах судалгаа бий.
 
“БОГДХАН” ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫГ ИРЭХ САРЫН 4-НӨӨС ӨМНӨ ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ
 
Хотын төвлөрлийг сааруулах түгжрэлийг бууруулах бас нэгэн шийдэл нь дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах явдал юм. Тодруулбал, Богдхан уулын урд талаар Мандал өртөө-Багахангайг холбосон 175 км төмөр зам барьж ачаа тээвэр, транзит тээврийн урсгалыг нэмэхээр төлөвлөөд байна. “Богдхан” төмөр замын трассыг эцэслэн батлуулж, санхүүжилтийг шийдвэрлүүлэн, барилга угсралтын ажлыг ирэх сарын 4-ний өдрөөс өмнө эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгов. “Богдхан” төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн автомашин нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ үргэлжлүүлэх боломжтой болно. Мөн нефть бааз, худалдааны томоохон зах, тээвэр логистикийн төв зэргийг “Богдхан” Хөшигийн хөндийн логистикийн төвийг түшиглэн үе шаттай шилжүүлснээр хүнд даацын автомашин хотын автозамын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байна. Түүнчлэн хот руу чиглэх галт тэрэгний хөдөлгөөн 15-20 хувь буурах юм.
 
Д.СУМЪЯАБАЗАР: ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ТҮВШИНД ДЭМЖИЖ БАЙГАА УЧРААС ХИЧЭЭН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
 
Дээр дурдсан болон бусад бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох үүрэг чиглэл өгч ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулж, түгжрэлийг бууруулах ажлыг яаралтай хийх ёстой. Энэ байдлаараа үргэлжилбэл агаар орчны бохирдол ихсэж, 0 зогсолт хийхээр нөхцөл байдалд хүрчихээд байна. Тиймээс Засгийн газар нийслэлийн ЗДТГ-т хүч нэмж ажиллахаас аргагүй байна. Бид бодлогоор дэмжинэ. “Богдхан” төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх, том худалдааны төвүүдийг Хөшигийн хөндий рүү гаргах зэргээр цогцоор нь суурь асуудлаа шийдэж байж түгжрэлээс гарна. Хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын асуудлыг зөвхөн нийслэлийн засаг захиргааны нэгжид тохоод орхихгүй Засгийн газар хамтарч шийдээд явна” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төсөв, санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас болж Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд хуримтлагдсан, шийдэж чадаагүй олон ажил бий. Ийм үед Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр гаргасан нь маш том дэмжлэг. Засгийн газраас Улаанбаатар хотыг түүхэндээ анх удаа бодлого, санхүү, эрх зүйгээр нь дэмжиж байгаад талархаж байна. Мөн түүхэндээ анх удаа Улаанбаатар хот УИХ-аас том дэмжлэг авч байна. Хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-ын гишүүд байгуулсан. Цаашид хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөд том дэмжлэг болно. Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах болно” хэмээж байлаа.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин