sonin.mn
“МАНАЙ МОНГОЛ МАНДАНА”
/төслийн хураангуй танилцуулга/
 
ТӨСЛИЙН УРИА: 
 
“Өөрсдийн хийснээ хүрт
Өөрсдийн оёсноо өмс
Эс тэгвээс бусдын идэш болно...”
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН 
 
ТӨСЛИЙН ҮЗЭЛ САНАА:
 
Үндэсний үйлдвэрлэл гэдэг нь зөвхөн гар урлал, эсгий урлахыг хэлэхгүй.
Монгол эх орон даяар хийгдэж бүтээгдэж буй оюун санаа, хөрснөөс төрж бий болж буй баялаг, Монгол хүний гараар бүтээгдэж байгаа бүх зүйлийг үндэсний үйлдвэрлэл гэж хэлнэ. Үүнийг маш өргөн далайцтай хөдөлгөж чадвал цааш үр дүнтэй бөгөөд өнөөгийн нийгэмд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг нийтийн хүчээр даван туулахад туйлын өндөр ач холбогдолтой.
Иргэд, төр хоёрын хооронд сүүлийн жилүүдэд үүссэн ан цавыг арилгах.
Хатуу өвлийг эрсдэлгүй даван гарахад иргэддээ сэтгэлийн цучил, итгэл, урам нэмэх.
Шинэ цагийн "СОЁЛЫН ДОВТОЛГОО"-г эхлүүлэх.
Нийгмийн амин хувиа хичээх үзэл, хөдөлмөрч бус, залхуу хойрго сэтгэлгээг халах.
 
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
 
Монголчууд бид өнөөдөр өөрсдөө хийж бүтээж чадвал, маш том соёл, ахуйтай бөгөөд бусдаас гуйхааргүй улс орон гэдгийг батлаж нотлох цаг нь нэгэнт болжээ.
Энэхүү төсөл хөтөлбөрийн дараа 3 сая гаруй хүн амтай манай улс, гадаадын улс орнуудаас бүхий л эд зүйлээ авах шаардлагатай юу? 
Эсвэл шаардлагагүй юу? 
Бид дотооддоо хангалттай хийх нөөц бололцоо байгаа юм байна гэдэг дүгнэлтийг гаргаж тавих, дүн шинжилгээг хийх, үндэсний үйлдвэрлэгч, шинэлэг уламжлалт, эрэлт хэрэгцээтэй зүйлсийг нээн бий болгож байгаа байгууллага, иргэд, залуусыг дэмжиж нэгтгэхэд төслийн үндсэн зорилго оршино.
 
АЙМАГ СУМД, ОРОН НУТАГ, ХОТ ДҮҮРГҮҮДЭД ХИЙГДЭХ АЖЛУУД:
 
• Үндэсний үйлдвэрлэгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулна.
• Үндэсний үйлдвэрлэгч нарын үзэсгэлэнг зохион байгуулна.
• Иргэдийн хийж бүтээж чадаж буй, хийсэн зүйлүүдтэй танилцах. 
Үүнд:
-Бүтээгдэхүүнээ хэрхэн хийж байгаа, түүхий эд, бэлдэцээ хаанаас бэлтгэж буйг нарийвчлан судлах.
• Тэдэнд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох.
• Үр дүнг Засгийн газар болон яам, тамгын газар, чиглэл чиглэлийнх нь салбар хариуцсан холбогдох албан тушаалтанд мэдээлэх.
• Санхүүгийн хүндрэл талаас нь шийдэх асуудлууд дээр анхаарч ажиллах, баримт цуглуулах.
• Үйлдвэрлэл эрхэлж буй зарим онцлох сум, суурингуудад газар дээр нь очиж танилцах.
• Аймаг орон, тухайн газруудын үйлдвэрүүдийн хүчин чадал болон орон нутагаа хэрхэн хангаж буй чадварыг тодорхойлох.
• Нийслэл болон гадаадын улс орнуудад гаргадаг бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг тодорхойлох.
• Орон нутаг, дүүрэг бүрийн урлагийн байгууллагууд, хөгжимт жүжгийн чуулгын уран бүтээлчид болон гоц авъяастнуудаас сонгож, тэднээр "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" дууны хоолойн бичлэг, дүрсийг бэлтгэж чанарын өндөр түвшинд түгээнэ. 
Үүнд: "Т-рекордс" дуу бичлэгийн газрыг УБ хотоос тухайн газруудад нүүлгэн шилжүүлж ажиллана.
 
ТӨСЛИЙН СҮЛД ДУУ:
 
Манай ард түмэн "Амны билгээс ашдын билэг", "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг. Яг өнөөгийн нийгмийн сэтгэлзүй дандаа болохгүй бүтэхгүй, амны билэггүй, хараал зүхлийн шинж чанартай зүйлсийг дуудаж, амьдралд хэрэгцээ нэмэр болох оюун санааны зөв онч мэдээллийг төдийлөн хүлээж авах чадвар дорой болжээ. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч үүнийг олж харахгүй харалган байна.
Тэгвэл нийгэмд болж буй гэгээлэг зүйл олон байна. Жишээ нь: Монгол эрдэмтэд дэлхийд оюуны хурдаар тэргүүлэх зэрэгт амжилт үзүүлж байна. 5-6 настай жаалхан хүү дэлхий шатрын аварга болж байна. Оюун ухааны дэлхийн аваргаар Монгол хүүхдүүд тодорлоо. Монгол улс биеийн тамир, соёл урлагийн чиглэлээр дэлхийд маш өндөрт амжилттай явж байна. Энэ мэт 2016 оноос хойших Монголын бахархлуудыг дууны дүрсэнд шингээхээс гадна, сүлд дууг үзээд ямарч Монгол хүний сэтгэлд "Монголд минь болж буй зүйл өчнөөн байгаа юм байна. Бид одоо болохгүй мууг харж, бусдаас өө эрж биш, зөв зүйлээ олж, харж, бахархаж хичээж, дагаж явах ёстой юм байна. Бид ч мөн эднийхээ адил сэтгэл дэвсэж хичээх ёстой юм байна зэргээр Монголд маань "САЙН ЦАГ" ирж буйг мэдэрч, өмөрч уярах, омогшин бадрах сэтгэлзүйг бий болгох.
 
СҮЛД ДУУНЫ ШҮЛЭГ: 
 
Үг. С.Жавхлан
Ая. Б.Магсаржав
 
"Манай Монгол мандана"
Ижий, ерөөл, сүү гуравтаа сүслээд
Элэг нь зөөлөрдөг уяхан монголчууд
Аав, адуу, аялгуу гурваа анирдаад
Хийморь нь сэргэдэг тэнгэрлэг Монголчууд
 
Дахилт:
 
Есөн цагаан хүслийнхээ ерөөлөөр
Ертөнцөд манай Монгол мандана
Нутаг, ус, сүрэг гураваа хараад
Нулимс нь цийлэгнэдэг гэгэлгэн монголчууд
Уул, овоо, өвгөд гуравтаа мөргөөд
Ухаан нь цэлмэдэг гэгээн Монголчууд
 
Дахилт:
 
Цадиг, жудаг, чанар гурав алдарваас
Зүрх нь оволздог үнэнтэй монголчууд
Туг, сүлд, уухай гурваа өргөөд
Цөс нь бадардаг зоригтой монголчууд
 
Дахилт:
 
Есөн цагаан хүслийнхээ ерөөлөөр
Ертөнцөд манай монгол мандана
Ертөнцөд манай монголчууд мандана
Хурай хурай хурай
 
ТӨСЛИЙН ЗАРИМ ҮР ДҮН:
 
• "Үндэсний үйлдвэрлэгч нарын нээлттэй хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулна.
• Төсөл хэрэгжиж дуусах шатанд аймаг, хот, дүүрэг тус бүрээс шилдэг 5-10 үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудыг Улаанбаатар хотод урьж оролцуулна.
• Хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд хийнэ.
• Хамгийн сайн зохион байгуулж, оролцсон, дэмжсэн аймаг, хот, дүүргийг шалгаруулан төслийн нэрэмжит "Үндэсний үйлдвэрлэгч аймаг" цомоор шагнаж урамшуулах.
• "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" дууг хамгийн сайн дуулж түгээсэн аймаг, уран бүтээлчдийг шалгаруулж алдаршуулах.
• Бүх аймгуудын онцлогт тохирсон үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого боловсруулах.
• Орон нутаг хариуцсан албан хаагчидтай хамтран ажилгүйдлийн түвшингийн судалгааг нарийвчлан тогтоож, дүн шинжилгээг шинэ түвшинд гаргаж тавих.
• Үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн сүлжээ холбоог үүсгэх.
• Монгол орон даяар эхлүүлэх энэхүү асар том оюун сэтгэлгээний хувьсгал, үндэсний үйлдвэрлэгчид, иргэд залууст уриа дуудлага, урам зориг болох үйл ажиллагааг маш өндөр хэмжээнд эхлүүлэх нь чухал байгаа бөгөөд, цаашид жишиг бодлого болж боловсруулагдана.
 
ТӨГСГӨЛД:
 
“Манай Монгол Мандана” төсөл нь та бүгдийн мэдэх “Хамаг Монгол” төсөлтэй дүйцэхүйц маш эрч хүчтэй, ашиг тустай ажил үйл болно. Монголчууд бидэнд өнөөдөр яг л ийм зүйл үгүйлэгдэж байна. Ийм ийм зүйлүүд болноо гээд хүмүүсийн санаа сэтгэлийг сонссон, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, малчдад урам зориг хайрласан, Монгол орноо тойрч бүх олонтойгоо уулзаж тэр хүмүүсийн дотоод сэтгэлийг нээсэн, жаргал зовлонгоо хуваалцсан, сайхан үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Бусад...
 
Төслийг санаачлагч: Самандын Жавхлан