ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /DW/. Бусад компанийн арилжааны нууцыг хулгайлж, Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийсэн хэрэгт Хятадын цахилгаан холбооны “Хуавей” компани буруутай гэж Бруклиний Холбооны тойргийн шүүх үзжээ. Энэ тухай Нью-Йорк Таймс цахим сонин болон Америкийн болон дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Хуавей компани 2019 оноос хойш АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалахгүй байгаа тул шүүхийн шийдвэр компанийн борлуулалтад бараг нөлөөлөхгүй юм. Гэсэн хэдий ч уг шийдвэрийн улмаас нэр хүндэд нь үүссэн хар толбо бизнест нь саад учруулах магадлалтай.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 11 долоо хоног үргэлжилсэн бол тангарагтны шүүгчид бүтэн долоо хоногийн турш зөвлөлджээ. Хуавей концерн эрүүгийн хэргийн 12 зүйл ангиас 10-т нь гэм буруутай гэж шүүх үзсэн байна. Тодруулбал, эдгээр зүйл анги нь банкны луйвар хийх, арилжааны нууцыг хулгайлах зорилгоор хуйвалдах, АНУ-ын эсрэг залилан үйлдэхээр хуйвалдах зэрэг үйлдлүүдийг хамарч байна. Харин гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулахаар хуйвалдсан гэх хэрэгт буруугүй гэж үзжээ.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, Huawei компанийн удирдлага нь ажилтнуудаа Америкийн болон бусад компанийн оюуны өмчийг хулгайлахад өдөөн турхирч байсан бөгөөд T-Mobile, Cisco зэрэг компаниудын арилжааны нууцыг хууль бусаар олж авсан байна. Хулгайлсан мэдээлэлдээ тулгуурлан Huawei компани ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн улмаар хямд үнээр худалдсан ажээ.
Түүнээс гадна, Хуавей компанийн нийлүүлсэн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг Хятадын талд тагнуул хийх зорилгоор ашиглаж болзошгүй хэмээн барууны тагнуулын байгууллагууд сэжиглэж байна. Харин тус компани энэ бүхнийг үгүйсгэж байгаа юм. Олон жилийн турш тус компанийг онилж буй нь улс төрийн сэдэлтэй бөгөөд тодруулбал, Хятад улс дэлхий даяар 5G сүлжээ байгуулах санаачилга гаргасны хариуд авч буй арга хэмжээ гэж Хуавейг дэмжигчид үзэж байна.
Хуавей компани 25-нд шилжих шөнө мэдэгдэхдээ, Америкийн шүүхийн шийдвэр нь "ямар ч үндэслэлгүй" бөгөөд үүний хариуд "шаардлагатай" бүхий л хуулийн арга хэмжээ авна гэжээ.
Б.Адъяахүү
Лхагва - 11 сарын 25,
2026
Сэтгэгдэл0