Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийн санал, шүүмжлэлийг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх үндэсний хэмжээний цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд “Ардчилсан тогтолцоо, эрх мэдэл нэг гарт төвлөрсөн нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг өчигдөр (2026.11.24) боллоо.
Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, докторант М.Чимэддорж нар илтгэл тавив. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намд зөвлөмж хүргүүллээ.
“АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО, ЭРХ МЭДЭЛ 1 ГАРТ ТӨВЛӨРСӨН НЬ”
ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС АРДЧИЛСАН НАМД ХҮРГҮҮЛЖ БУЙ ЗӨВЛӨМЖ
1. 2028 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орон нутгийн бие даасан байдал, иргэний хяналт, иргэний боловсролын талаар бие даасан заалт оруулах, хууль боловсруулах;
2. Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмчийг хэрхэн зарцуулж буй талаар иргэдэд мэдээлэл өгөх, нээлттэй, цахим хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулах;
3. Орон нутгийн намын хорооны бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн болон намын дотоод сонгуульд нэр дэвших журмыг нээлттэй, ил тод зарлаж мөрдөх, мөрдүүлэх, намын санхүүжилт, хандивлагчдын мэдээллийг нийтлэх
“АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО, ЭРХ МЭДЭЛ 1 ГАРТ ТӨВЛӨРСӨН НЬ”
ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГТ ХҮРГҮҮЛЖ БУЙ ЗӨВЛӨМЖ
1. Монгол Улсын хууль цаазын тэргүүн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа нарыг УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр дуудан асуулга сонсох, асуулгын үр дүнг хангалтгүй гэж үзвэл УИХ-д тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулах;
2. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилга болох парламентын танхимын дээрээс Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн сандлыг буулгах мөн гишүүний санаачилсан УИХ-д нийтийн албан хаагчид орж ирж худал мэдээлэл өгдөг байдалд хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлүүлэх;
3. Улсын төсвийн задаргааг ил тод болгох хуулийн төслийг өргөн барих, батлуулах, төсвийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг бүлгийн хурлаар тусгайлан авч хэлэлцэн үнэлэлт өгөх, холбогдох арга хэмжээг авах
Лхагва - 11 сарын 25,
2026
Сэтгэгдэл0