sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Ц.Нямдорж, Үндэсний Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Д.Дагвадорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, "Херо энтертайнмент" ХХК-ы захирал Б.Баатар нарыг шалгуулах хүсэлт гаргаж буйгаа Авилгатай Тэмцэх Газарт өөрийн биеэр хүргэж өглөө.
 
Энэ үеэрээ тэрээр: " Нэгдүгээрт, Монголын төрд 32 жил ажилласан Ц.Нямдорж гуайг шалгуулахаар өгч байна. Ашиг сонирхлын тухай хууль зөрчсөн. Хүү нь Гадаад Харилцааны Яамны ТНБДарга, өөрөө ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Амбаар гэдэг хаус нь зах зээлийн үнэлгээгээр 4 сая орчимт тооцогддог. Хоёрдугаарт,  "Hero"-гийн Баатар гэж Л.Оюун-Эрдэнэтэй эцэг нэг нөхрийг АТГ-т шалгуулахаар өгч байна.
 
 
 
"Hero"-гийн Баатарыг та бүхэн мэдэж байгаа. Засгийн Газраас мөнгө авч, "Мэдээний урсгал" гэсэн нэвтрүүлэг хийх нэрээр хачин юм хийсэн. Энэ нэвтрүүлэг нь Монголын залуучууд, хүүхдүүдэд ямар ч ач холбогдолгүй шар мэдээ шиг л юм болсон. Мөн "Цахим наадам" гэж 3 тэрбум төгрөгөөр клип хийсэн. Энэ их мөнгийг буцааж төлүүлнэ.
 
 
 
"Гэрэг тауер"-т 4 тэрбумын обьект авсан байна лээ. Ямар мөнгөөрөө үүнийг авсныг нь шалгуулна. Энэ бол мөнгө угаалт байж болзошгүй. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгуулахаар өгч байна. Х.Баттулга нь 2012 оноос эхлэн шалгагдаж, шүүхэд шилжихийн өмнөхөн Ерөнхийлөгчөөр сонгогдон, хуулийн хамгаалалтанд орсон. Түүнтэй холбоотой Тавантолгой, Гашуун сухайтын төмөр замын гэмт хэрэг гэсэн тодотголтой 250 сая ам.долларын хохирол бүхий хэргийг сэргээхийг шаардаж байна. Мөн Аж Үйлдвэрийн Парк байгуулах нэрээр баахан макет хийж, Чингис бондноос мөнгө авсан, "Шинэ сум" төсөл хэрэгжүүлэх нэрээр улсад 80 сая төгрөгний хохирол учруулсан. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 2021 оны 2-р сард ҮАБЗ-ийн ажилтнууд олон сая ам.доллар машинаараа оруулж ирсэн. Ер нь Х.Баттулгын үйлдлийг яриад байвал бузар нь дуусахгүй. Х.Баттулгын Монголын төмөр зам, дэд бүтцийн төслүүдийг гацаасан. Энэ хооронд манай өрсөлдөгч ОХУ БНХАУ-руу их хэмжээний экспорт хийсэн.
 
 
 
Өөрөөр хэлбэл Х.Баттулга Монголын боломжийг гацаасныхаа шагналд Оросуудаас мөнгө авсан гэж хардаж байна. Саяхан Х.Баттулга бас Виржинья арлын оффшор компаниараа дамжуулж, “Хаан” банкны хувийг авсан. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Х.Баттулгатай хамааралтай.
 
 
 
Учир нь тэр Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуултай багын найз. Монголбанкны Ерөнхийлөгчийг солих хэрэгтэй. Ер нь Монголбанкинд М.Энхболд, Сү.Батболд гэх мэт баахан олигархиудын хүүхдүүд байгаа. “Их Майдар”, “Түмэн хишигтэн” төслийн хандивын асуудлыг мөн шалгуулна. Х.Баттулга Төвдөөс лам нар авчирчихсан хараалгуулж байна гэнэ. Уучлаарай, Х.Баттулга аа. Нэмэргүй шүү, би тийм мухар сүсэгтэй хүн биш. Дөрөвдүгээрт, Д.Сумьяабазарыг мөн шалгуулахаар өгч байна. Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд байхдаа төрсөн дүү Д.Дагвадоржийнхоо шинэ эхнэрийн нэр дээр “Ундрах-Од” гэж компани байгуулаад, Тавантолгой-Ханги Мандлын чиглэлийн 5 тэрбум төгрөгийн төслийг авч өгсөн. Гэвч Д.Дагвадорж ганц ч хүрз хатгалгүй хаус авч, “Аса ресорт”-доо хөрөнгө оруулалт хийсэн юм байна лээ. Мөн циркийн хувьчлалыг бүгд мэдэж байгаа. Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк дампуурчихсан шүү!” гэв.
 
 
Э.Мягмар