сонин mn
Насанд хүрсэн хүний зөв зохистой хооллолтын "гэр" зөвлөмж
 
Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн биеийн жингээ хэвийн түвшинд барьж, архи, тамхины хэрэглээг бууруулж чадсанаар зүрх судасны өвчнийг 80, чихрийн шижинг 90, хорт хавдрын тохцолдлыг 30 хувиар тус тус бууруулах боломжтой. Илүүдэл жин, таргалалт нь эдгээр өвчнүүдийн хоёрдогч эрсдэлт хүчин зүйл болдог. Манай улсын 15-64 насны хүн амын 54.4 хувь нь илүүдэл жинтэй, 61.9 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихтэй, 27.5 хувь нь цусны даралт ихэсдэг, 6.3 хувь нь чихрийн шижин өвчтэй байгаа нь эрүүл бус хооллолтын үр дагавар юм.
 
 
 
Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай илчлэг, шимт бодисыг агуулсан хоол хүнсийг нас, хүйс, ажил хөдөлмөр, улирал, эрүүл мэндийн байдалдаа тохируулан сонгон хэрэглэх нь чухал юм.
 
 
 
Явган алхах, гүйх зэргээр ямар нэгэн хөдөлгөөн хийхэд таны биед энерги зайлшгүй хэрэгтэй. Мөн биеийн эд эсийн нөхөн төлжих, судсаар цус гүйх, хоол боловсруулах, шингэх, бие тогтмол дулаанаа барих зэрэг олон урвалд илчлэг хэрэгтэй байдаг. Хэрэв хоол хүнсээр хангалттай хэмжээний илчлэг авахгүй бол бие махбодын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон төрлийн өвчин эмгэг үүсэх суурь шалтгаан болдог. Энэ нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Харин насанд хүрэгчдийн хувьд илчлэгийн илүүдэл буюу илүүдэл жин таргалалт байдлаар илэрч байна. Өөрөөр хэлбэл өөрт шаардлагатай хэмжээнээс илүүдэл хэмжээгээр хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний хомсдолоос шалтгаалж таргалалт үүсдэг ажээ. Үр, тариа нь илчлэгийн эх үүсвэр болдог. Ийм учраас өдөрт хэрэглэх хэмжээ нь нийт хүнсний 40%-ийг эзэлдэг байна. Хэрэв та жингээ хянах болон хасахаар төлөвлөж байгаа бол энэ бүлгийн бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай. Хүнсийг сонгохдоо үйлдвэрийн боловсруулалтанд их орсон бүтээгдэхүүн болох дээд гурил түүгээр хийсэн гоймон, цагаан будаа, каша гэх мэт бүтээгдэхүүнийг бага хэрэглэх нь зүйтэй.
Таны биед шаардлагатай уургийн хэрэгцээг мах, махан бүтээгдэхүүн хангах болно. Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 180-200 гр мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалттай. Малын мах, өндөгний шар нь бага насны болон өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай төмрөөр баялаг байдаг. Махан хоолыг С аминдэмээр баялаг ундаатай хамт хэрэглэхэд төмрийн шингэц нэмэгддэг бол цайтай хамт хэрэглэхэд шингэц нь багасдаг байна.
 
Сүү, бяслаг, тараг нь яс шүд гэхчилэн тулгуур эрхтэнд шаардлагатай бөгөөд кальцаар баялаг. Насанд хүрсэн хүнд тослог багатай сүү ач холбогдолтой байдаг бол таваас доош насны хүүхдэд хэвийн тослогтой сүү илүү ач тустай. Хоногт хоёр аяга сүү, тараг хэрэглэхэд хангалттай. Жимс, ногоо нь бага хэмжээний илчлэг агуулдаг ба аминдэм, эрдэс, эслэгээр баялаг. Хүн өдөрт 400 гр хүртэл жимс, ногоо хэрэглэснээр олон төрлийн өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалж чадна. Судалгаагаар Монголчуудын 96,4 хувь нь жимс, ногоог хангалттай түвшинд хэрэглэж чадахгүй байгаа нь тогтоогдсон байна. Өөх тос нь бие махбодийн зарцуулах илчлэгийн хэрэгцээг хангах үүрэгтэй үндсэн шимт бодис юм. Өөх тос нь хүний биеийн эсийн бүрхүүлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Ялангуяа хүүхдийн тархи, мэдрэлийн эсийн өсөлт хөгжилтөнд шийдвэрлэх үүрэгтэй. Транс өөх тос гэдэг нь ургамлын гаралтай тосыг үйлдвэрийн боловсруулалтад оруулж гаргаж авсан тос бөгөөд хүний биед маш хортой бүтээгдэхүүн юм. Иймд ургамлын гэж тэмдэглэгдсэн масло, маргарин, олон дахин ашигласан ургамлын тосыг бүү хэрэглээрэй.
Насанд хүрсэн хүн хоногт таван граммаас бага, хүүхэд түүнээс ч бага хэмжээгээр давс хэрэглэвэл зохино. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэж, ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжих, хэврэгшихэд хүргэнэ. Давсны хэрэглээ өндөртэй улс орны хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдол их байдаг болохыг тогтоосон байдаг.
 
 
 
Та хоногт хэрэглэх давсны хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдлийг дөрөв дахин бууруулж чадна. Иймд давсны хэрэглээгээ багасгахын тулд хамгийн түрүүнд цайгаа давсгүй ууж хэвших хэрэгтэй.
 
 
 
Мөн сахар нь зайлшгүй шаардлагатай хүнс биш. Түүнд тэжээллэг чанар буюу амин дэм, эрдсийн агууламж байхгүй. Зөвхөн хоосон илчлэг өгдөг ашиггүй хүнс юм. Түүнчлэн сахар нь шүд цоорох, зүрх судасны өвчин, чихрийн шижин, батга гэх мэт арьсны өвчнөөр өвчлөхөд хүргэдэг. Хүн өдөрт 8-10 аяга ус уух шаардлагатай байдаг. Биеийн жингээ бууруулахын тулд дасгал хөдөлгөөн хийж, зохистой хооллосон ч хангалттай ус уухгүй бол үр дүнгүй. Өдөрт хэрэглэх усны хэмжээг тооцохдоо биеийн жингийн кг тутамд 35-45 мл байхаар тооцдог. Ус бага хэрэглэснээр цус өтгөрөх, таргалах, тархи усаар гачигдах, харшил, дархлаа сулрах, арьс хуурайших, өтгөн хатах, ядрах, бөөрний чулуу үүсэх, шулуун гэдэс, бөөрний хорт хавдар үүсэх гэх мэт олон эрсдэл дагуулдаг.
Хүнсний бүтээгдэхүүнээс бид уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс бодис, ус гэсэн шимт бодисуудыг авч байдаг. Эдгээр шимт бодисуудыг өөртөө бүгдийг нь агуулсан төгс хүнс гэж байхгүй. Тийм учраас олон нэр төрлийн бүтээгдэхүүцийг тодорхой хэмжээ, зохистой харьцаатайгаар хэрэглэхийг зөвлөж байна.
 
 
С.Намхай
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин