сонин mn
Галсангийн Жамъян 85 насыг зооглоод тэнгэрт халин одов. Монголын сэтгүүл зүйд тасралтгүй тавин таван жилийн турш үзэг, цаас салгалгүй нийлүүлж үзэлцэж, тэмцэлдсэн үзэг нэгт нөхөр минь билээ, тэр. Тэр жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч байсан юм. Үүн дээр тэмцэгч гэдэг үгийг заавал нэмэх ёстой. Тэр зүгээр нэг мэргэжлийн сэтгүүлч байгаагүй, чухамхүү тэмцэгч сэтгүүлч байсан юм. Тэмцэгч сэтгүүлч гэдэг энэ өндөр дээд алдар ганцхан Г.Жамъянд л илүүтэй тохирно гэж би бодож байна. Өөр хүнд бол төдийлөн наалдахгүй.
 
Тэр Монголын сэтгүүл зүй, Монголын утга зохиолын салбар дахь жинхэнэ тэмцэгч, тэгэхдээ манлайлагч жагсаалын цэрэг нь байв. Тэр өөрийнхөө салбарт гал шиг бадарч, дөл шиг дүрэлзэж явсан жинхэнэ эр хүн байсан юм. Түүний алдарт нийтлэлүүдээс аянга нижигнэж, цахилгаан гялбалздаг байлаа. Үүгээрээ Галсангийн Жамъян олон олон сэтгүүлчдээс од адил онцгойрон ялгардаг байсан. Байлаа, байсан юм гэж өнгөрсөн цаг дээр өнөөдөр бичиж суугаадаа би ихэд гашуудан гунихарч байна. Тэглээ гээд яалтай ч билээ дээ, яаж ч болдоггүй бөөрөнхий хорвоог.
 
Миний нөхөр “Багш”, “Монголын мэдээ”, “Өдрийн сонин” зэрэг төвийн голлох сонинуудад үр бүтээлтэй ажиллаж байсан. Миний нөхөр бас “Миний Улаанбаатар”, “Чингис” яруу найргийн ном хэвлүүлж, “Хорьтын цагаан мөнгө”, “Цасангаа”, “Барууны тэжээврүүд”, “Сөрөг”, “Сөрж сөхөрч туулсан хорвоо” зэрэг үргэлжилсэн үгийн бүтээл туурвиж уншигч түмэндээ өргөн барьсан. Тийм болохоор түүнийг Монголын ард түмэн андахгүй. АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд хүртэл “Барууны тэжээврүүд” номыг нь хэрэг болгон Улаанбаатараас захиалж аваад гар дамжуулан шимтэн уншицгааж байсныг нь би мэдэх юм. Тэр бол өөрийн гэсэн мянга мянган уншигчидтай зохиолч, сэтгүүлч байсан. Тийм болохоор ганц би биш олон зуу, мянган хүн өнөөдөр Галсангийн Жамъянг үгүйлэн харамсаж байгаа. Уран бүтээлч хүнд энэ бол утга төгс амьдралын том тайлан, нийгмийн зүгээс түүнд өгч буй хамгийн том алдар гавьяа, нэр хүнд мөн. Улсын иргэн жар хүрээд тэтгэвэрт гардаг бол миний нөхөр ная гарсан хойноо ч зохиол бүтээлээ туурвисаар байсан юм. Үзэг цаас хоёроосоо хэзээ ч салаагүй. Үхэл л түүнийг салгалаа. Халагламаар, хашгирмаар байна.
Утга зохиолын нэрт судлаач, МУСГЗ, доктор, профессор Дожоогийн Цэдэв надтай нэг удаа тааралдахдаа манай үеийнхэн улам л цөөрсөөр байна даа. Заримынх нь нэр ч дуулдахаа болилоо. Харин Галсангийн Жамъян, та хоёр үзэг цаас салгах дургүй байх шиг байна. Бичсэн нийтлэлүүдийг чинь уншаад л байгаа гэж билээ. Энэ бол Галсангийн Жамъянд хаягласан нэртэй судлаачийн зартай өндөр үнэлгээ мөн биз.
 
Хоёр жилийн өмнө буюу 2020 онд би “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цувралынхаа 7-р ботийг “Монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал” /I ба II дэвтэртэй/ нэрийн дор хэвлүүлсэн билээ. Түүнийгээ эргүүлж нэгэнтээ харлаа. Уг ботийн 2-р дэвтрийн 710-716-р хуудсанд Галсангийн Жамъянгийн зарим уран бүтээлд, тухайлбал “Зууны мэдээ” сонинд түүний нийтлүүлсэн “Нүгэл” хэмээх нийтлэлд ажиглалт шинжилгээ хийжээ. “Ахмад сэтгүүлч Галсангийн Жамъянд өөр олон хүнд байдаггүй нэг онцгой содон шинж чанар бий. Тэр бэрхшээл сорилтын өмнө сөгдөж сөхөрдөггүй өмнөөс нь дүрэлзэн босч өрвөлзөн тэмцэж чаддаг сэтгүүлч юм. МАН-аас гурвантаа дөрвөнтөө хөөгдөөд ч бууж өгөлгүй, бултаж зугатаалгүйгээр харин ч улам ирлэгдэж хурцлагдаад намынхаа удирдагчдын шударга бус үйлдлийг шуудхан ил тодоор хэлж, хуудуутай үйл ажиллагааг нь хурцаар шүүмжилсээр эдүгээг хүргэсэн хүн. Өнөө үеийн залуу сэтгүүлчдэд энэ нь туйлын дуурайлалтай амьд жишээ юм” гэсэн мөрүүд нүдэнд тодхон тусч байна.
“Нүгэл” шүүмжлэлт нийтлэлээ энгийн задгай хэлбэрээр, өргөн олон уншигчдад ойлгомжтой хэл хэллэгээр бичжээ. Монгол түмний ахуй амьдрал, зан чанарын үнэт өв соёлын уламжлалтай холбон сэдвээ хөгжөөж, агуулгыг дэлгэрүүлсэн нь ихэд үнэмшилтэй, бас наалдацтай болгосон байна. Энэ бол туршлагатай сэтгүүлчийн өндөр ур чадварын илэрхийлэл мөн. Чамин ганган үгээр хөөцөлдөж гангарсангүй. Оньсого таавар адил бүдэг бүрхэг таамаглал дэвшүүлж уншигчдыг төөрөгдүүлсэнгүй. Хэлэх гэсэн үгээ шуудхан хэлж, гаргах гэсэн санаагаа хоёрдмол утгагүйгээр ил тодоор илэрхийлжээ. Бичлэгийн энэхүү содон шинж чанар Галсангийн Жамьянг бусад нийтлэлчдийн бүтээлээс онцгойруулан ялгаруулж байгаа юм. Тэр тэмцэгчдийн тэргүүн эгнээнд, тодруулж хэлбэл чөлөөт хэвлэлийн төлөөх тэмцэлд туг далбаа нь болон намирч явааг харахад юутай бахархалтай билээ” гэж үнэлжээ. Үнэхээр тэр тийм л уран бүтээлч байсан юм.
 
Эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд олгодог Хүний эрхийн байгууллагын анхны шагналыг ерэн оны ардчилсан хувьсгалыг манлайлагч Санжаасүрэнгийн Зориг, харин хоёр дахь шагналыг Галсангийн Жамъянд олгосон байдаг юмаа. Миний нөхөр Галсангийн Жамъян бол үнэхээр Монгол дахь хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, чөлөөт хэвлэлийн ариун үйлсийн төлөө хошуучлан манлайлагч байсан нь үнэн билээ. Тэр Монгол Улсын түүхэнд ингэж бичигдэж үлдэнэ. Монголын сэтгүүл зүйн түүхэнд бол шударга үнэний төлөө тэмцэгч сэтгүүлчдийн бүхэл бүтэн багийг Монголд үүсгэн буй болгож өсгөж өндийлгөн хөгжүүлэхэд өөрийн биеэр үлгэрлэн манлайлж, бүтээл туурвилаараа бусдыг халдварлуулж нэн хүндтэй өндөр хувь нэмэр оруулсан хэмээгдэж алтан үсгээр тэмдэглэгдэж үлдэх болно. Үүнийг би Монголын сэтгүүл зүйн мэргэшсэн судлаачийн хувьд батлан хэлж чадах байна. Ийм хүн эргэж Диваажинд төрөх хувь зохиолтой гэдэгт итгэнэм.
Үзэг нэгт анд нөхөр минь Энхжингийн тэр орондоо үүрд мөнхжин гэрэлтээрэй. Чи бол харанхуйг гэрэлтүүлэх хувь заяанд төрсөн нэгэн. Тэнгэрт ч гэсэн гэрэл гэгээ хэрэгтэй л байж таарна. Газар дээрх амьдрал чинь гал шиг бадарч, дөл шиг дүрэлзэж өнгөрсөн билээ л...
 
 
Тугалхүүгийн Баасансүрэн