sonin.mn
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
 
Ардчилсан хувьсгалын 31, ардчиллын төлөөх намууд нэгдсэний 21 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож буй. Харамсалтай нь хоёр хуваагдаж тэмдэглэж байна. Ардчилсан намын алдаа, оноог дүгнэвэл?
 
Хоёр том алдаа байгаа. Нэгт, бид иргэдээ мартсан нам болж хувирсан. Цөөн тооны гишүүдээ тойглож, эргэлдсэн, тэднийхээ хайрцагнаас давж гарч чаддаггүй байсан. Тийм учраас олон нийтийн дэмжлэг бага авч байна. Зөвхөн тогоон доторхи жижиг хэрүүлээрээ тамга тэмдэг булаацалдаж, хэн нь олон гишүүнтэй, хэн нь албан ёсных вэ гэдэг энэ талцал хуваагдал бол Ардчилсан Намыг улам булшлахаас бус урагш нь алхуулахгүй шүү дээ. Тиймээс бид энэ алдаагаа зогсоох ёстой. Бид илүү том, даацтай, иргэнд хэрэгтэй юм хийж, ярьж, ойлгож байж л сонгогчдын итгэл, дэмжлэгийг авна. Хоёрт, бас нэг маш том алдаа бол намын олон нийтээсээ тасарсан дарга нар хоорондын талцал, хэрүүл, нэг нэгнээсээ өшөө авах гэсэн, гомдлоо тайлах гэсэн оролдлого нь 30 жил бойжуулсан ардчиллын галыг манах манаачийг өөрийг нь үхүүлж байна.
 
Намаасаа давсан эрх мэдэлтэй, амбицтай дарганцарууд амбицаа дарж, илүү ойртож, нэгдэх хэрэгтэй. Ардчилсан намын жирийн гишүүд хуваагдаагүй, үзэл санаа тасраагүй байгаа. Тийм учраас үзэл санаагаа илүү түүчээлж, иргэнд хэрэгтэй, улс оронд дэмтэй бодлогуудаа хэн хэрэгжүүлж чадах вэ гэдгээрээ л өрсөлдөх ёстой шүү дээ. 
 
“Иргэн үгүй төр, иргэн үгүй эдийн засаг, иргэн үгүй хуулийн засаглал” гэсэн тодотголтой эрдэм шинжилгээний хурал болсон. Энэ тодотголыг тодруулбал? 
 
Өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа бол эдийн засаг нь өөрөө иргэнгүй болчихжээ, өөрөөр хэлбэл иргэнээ мартчихаж. Дарга нарын эдийн засаг бол хямраагүй байна шүү дээ. Гэтэл бодит байдал дээр гудамжинд байгаа жирийн бизнес эрхлэгч, ЖДҮ-чид, өдрийн хоолоо аргацааж байгаа хүмүүсийн орлого  байхгүй болчихлоо. Энэ юуг харуулж байна вэ гэвэл Монгол улсын эдийн засаг өөрөө иргэнээ үл тоож байна. Ард нь юу явж байна гэвэл иргэн, хувийн хэвшлийг шахаад төрийн оролцоотой, далд төсөв дээр суурилж ажилладаг  бизнесүүд томроод, томрохын хэрээр авлига нь томорч байна шүү дээ. Тэгэхээр бид энэ алдааг засах ёстой. Улс төр, сонгууль, намууд дээр мөн адилхан. Бүгд мөнгөөр өрсөлдлөө. Хэн мөнгөтэй нь сайдыг хүртэл захиалж авч байна. Ах дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдээрээ төрийг авч явж байна. Тэнд мэргэжил, ур чадвар, ёс зүй, зарчим ерөөсөө хамаагүй. Эрүүл саруул мэдлэг, иргэн хоёроосоо тасарчихсан төр засаг оршин тогтнож байна гэсэн үг. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нь дарга болчихоор  түүнд үйлчилдэг хууль, шүүхтэй болоод хувирчихаж байна шүү дээ. Нөгөө хууль, шүүх нь “double standart”-тай, дарга, иргэн хоёрт ялгавартай хандах гэж оролддог. Ийм аюултай үзэгдэл газар аваад эхлэхээр Монголд ардчилал гажаад зогсохгүй, хамгийн аюултай нь луйврын төр, засаглал хүртэл бий болж эхэлж байгаа юм. Ийм байдлыг бид одоо л зогсоохгүй юм бол ардчилал алдагдаж байна. Харамсалтай нь үүнийг бүтээхэд манай ардчиллын алтан хараацай нар ч гар бие оролцсон. 
 
Ардчилал гажуудаж байхад АН-ынхан яагаад ардчиллаа хамгаалж чадсангүй вэ?
 
Мэдээж Ардчилсан нам дотор энэ гажуудлыг засах оролдлого байнга явж байсан. Жишээ нь цагдааг яаж иргэнжүүлэх вэ, хуулийн системийг яаж хүний эрхийг хамгаалдаг болгож хувиргах вэ, иргэний эрх чөлөөтэй холбоотой төрийн үйлчилгээнүүдийг яаж илүү цахимжуулах вэ гэх мэтчилэн олон санаачилгууд гарч байсан. Гэвч Ардчилсан намын нэг сул тал юу байсан гэвэл энэ санаачилгууд дээрээ нам цулаараа зогсож чаддаггүй байсан. Дотроо хуваагдаж, талцаж, хэрэлддэг. Зарим нэг ардчиллын нэрээр албан тушаал дээр очсон хүмүүсийн хувийн ашиг сонирхлыг хөнддөг, түүнээсээ болоод хувь хүмүүсийн маргаан болж хувираад нэг нэгнийхээ бодлогыг дэгээдэж унагаадаг.Үүнээсээ болоод намынхаа дундын үнэт зүйл, зарчим, бодлогоо үгүй хийчихдэг. Түүний хожоо нь хаана гардаг вэ гэхээр өрсөлдөгч дээр нь гарч ирдэг. Бидний сул тал ердөө л энэ байсан. 
 
Ковидизмыг та хэрхэн ойлгож байна?
 
Ойлгоод байх юу байхав. Ардчилсан, чөлөөт нийгэмд хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй гаж соёлуудыг үйлдвэрлэж байгаа үйл явц шүү дээ. Жишээ нь феодал ёсыг.
 
Ардчилсан нийгэмд иргэдийг төлөөлж байгаа хүн иргэнээсээ илүү тансаг амьдарч болохгүй. Гэтэл эрх мэдэлтнүүд өнөөдөр тансаг байдлаараа өрсөлдөж байна. Хэн том машин унаж, хэн том байшинд амьдарч, хэн тэрбум, тэрбумын хадгаламжтай болж байна. Иргэдийн хоолны мөнгө багасч байхад нөгөө талд тэдний итгэлээр, тэдний төлөө ажиллана гэж гарч ирсэн албан тушаалтнууд ямар тансаг байна.
 
Энэ орлого чинь хууль ёсны орлого уу?  Энэ чинь нөгөө талдаа авлига байгаа биз дээ. Авлига, хулгай, тонуулыг энгийн юм шиг хүлээж авдаг нийгмийг бүтээж байна гэдэг чинь зэрлэг шүү дээ. Авлигаас гадна ил цагаан худлаа хэлдэг болж байна. Эрх мэдэлтэйгээ үлдэж л байвал юу ч гэж худлаа хэлсэн яахав гэдэг популизм газар аваад эхэллээ. Энэ байдал нь ардчиллыг устгадаг соёлуудыг үйлдвэрлээд эхэллээ. Хувь хүн, байгууллагын даргын хувьд бус институтынхаа хувьд шүү. Парламент гэдэг иргэдийн төлөөлөгч нар суудаг иргэний байгууллага байтал хурлын дарга нь цэргийн ёсолгоо хийгээд зогсож байна гэдэг чинь л өөрөө дампуурлын хамгийн том илэрхийлэл . Засгийн Газрын Шадар сайд нь зэвсэгтэй хүмүүс дагуулаад хувийн уурхайг дээрэмдэнэ гэдэг чинь аюул байхгүй юу. Хамгийн том аюул. Эмнэлэгт төсөв мөнгө нь хүрэлцэхгүй, эмч нарынхаа цалинг тавьж чадахгүй байхад 32 тэрбумаар бурхны хөшөө барина гээд УИХ-ын гишүүд нь ичих ч үгүй яриад сууж байгаа нь энэ төр иргэний төлөө юу? эсвэл хэний төлөө вэ гэсэн асуулт асуухад хүргэж байна. Үүнийг л өөрчлөхгүй бол бид Монгол улсаа алдах нь байна шүү дээ. 
 
Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?
 
Мэдээж өөрчлөхийн тулд урт хугацаанд ажлууд хийгдэнэ. Эхлээд авлигатай хатуу тэмцэх хэрэгтэй. Ойлгомжгүй, хүнд сурталтай, ухаалаг бус тогтолцоонуудыг өөрчлөх хэрэгтэй. Хуулийн системээ иргэний болгохын тулд цагдаажсан, цэрэгжсэн удирдлагын тогтолцооноосоо салах хэрэгтэй байна шүү дээ. Хамгийн энгийн зарчим цэргийн дүрэмт хувцас өмсөх дуртай, донтой төрийн албан хаагчдаасаа бид яах ёстой вэ, салах ёстой. Хамгийн энгийн зарчим.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
 
 
Баярлалаа.
 
Ярилцсан Ч.Явуухүү