sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины FreeДОМ телевиз, Politeka Online сайт, оросын суртал ухуулагч Игорь Коротченко, шинжээч Андрей Пионтковский, украины шинжээч Сергей Пархоменко, Валентин Бушанский, казахын генерал Альнур Мусаев нарын ярьснаас түүвэрлэн хөрвүүлэн сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Нягтлан бодохын тооцоо: хэн нь ялсан, хэн нь ялагдсан, хэн нь юу хожих, хэн нь хохирох, юу алдах тухай азнах хэрэгтэй хэмээн барууны, тэр ч бүү хэл оросын эх сурвалжууд дүгнэж байна. Орос нь хохирлоо тас нууцлаад маш нууцын зэрэглэлд оруулчихсан, гэхдээ ялахгүй гэдгээ ч хатуу мэдэрчихсэн бололтой дайнаа үргэлжлүүлнэ. Украиныг хэлэлцээнд ил далд зуучлуулан уриалах боловч Украин нь эх орноо, газар нутгаа чөлөөлөхөөс нааш хэлэлцээ хийгүй гэсэн байр суурьтай байна. 
 
Украинд барууны орнууд зэвсгийн тусламж үзүүлсээр фронтын байдлыг шар өөр болгочихлоо. Стратегийн санаачилга Украины талд шилжиж байна. Херсонд Оросыг бутцохино гэдэг Курскийн талд Вермахтыг бутцохисонтой адил үйл явдал, Украинд хамгийн глобал тулаан өрнөж байна хэмээн Пионтковский дүгнэв.  
 
Орос ялахын тулд биш, ялагдаж шившгээ тарихгүйн тулд “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг болж, тэр ч бүү хэл Хойд Солонгосоос 100 мянган цэрэг оролцуулахыг уриалан дуудсан ТВ-ийн ток-шоу хийж буй харагдав. Орост хойд солонгосын гэрээт ажилчид барилгачид олон байдаг, тэд маш хөдөлмөрч, иймд тэд фронтод яг тэгж хөдөлмөрлөж чадна хэмээн оросын суртал ухуулагч Игорь Коротченко ярина. Оросын ТВ-ээр үзүүлснээр бол Кремль тийм хүсэлт Ким Чен Ун руу явуулах ёстой, БНАСАУ ч сайн дурын 100 мянган цэргээ илгээхэд бэлэн юм байна. Коротченко хэлж байна: Украин дахь зэвсэгт мөргөлдөөнд оролцохоор ирэх 100 мянган хойд солонгосын сайн дурынхан бэлэн болсон гэсэн мэдээ бидэнд байна,  хойд солонгосчууд контрбатарейны (их бууны) дайн явуулах туршлагатай, украины фашизмтай явуулах тэмцэлд олон улсын үүргээ биелүүлэх хүсэлтэй байвал бид тэдэнд боломж олгоё л доо!
 
 
Хойд Солонгосын цэргийн тусламжийн мэдээ гэнэт цухалзсан нь оросын өөрийнх нь суртал нэвтрүүлгээр бол “сайн дурынхан” нэрээр оросын сателлит зарим улсууд цэргээ илгээх гэж байгаа, мөн БНАСАУ нь ДНР, ЛНР гэх тоглоомын хоёр БНУ-ыг хүлээн зөвшөөрсөн, Украиныг нь Хойд Солонгосын заяаны дайсан АНУ зэвсэглэж байгаа, нөгөө талаасаа Оросын дотоодод дайчилгаа явуулах улс төрийн капитал Путинд алга байгаагийн илрэл гэж үзэж болохоор юм.
 
“Русь Сидящая” гэх сангийн захирал Ольга Романова гэдэг бүсгүйн ярьснаар Украины эсрэг дайнд оросын хоригдлуудыг хуйгаар нь элсүүлэн фронт руу илгээх ба энэ тухай оросын “Важные истории” хэмээх хараат бус хэвлэлд бичсэн гэв. Онц ноцтой хүнд ялтай хэрэгтнүүдээс тусгай анги салбар хүртэл бүрдүүлсэн, уугуул орос үндэстнээ дайнд явуулахгүй байх бүх арга чаргыг хэрэглэж байна гэжээ.   
 
Донбассын нэрт террорист Гиркин ярьж байна: Донбасст Украины армийг сөрж буй ДНР, ЛНР-ийн ардын сэргийлэх гэдэг нь 3 сарын хугацаатай татагдаж очсон Донбассын уугуул иргэд байх ба 3 сар байлдсан, одоо хаяад явцгааж байна. Хэрэв байлдааны байрлалаа орхивол 15 жилийн ялтай гэдэг хатуу хууль гаргасан ч “Байлдахгүй, түүнийхээ оронд тэр шорондоо суулгачих” гэдэг болцгоожээ. Москвад суугаа Луганскийн элчин сайд Родион Мирошникийн ярьснаар Украины дорнод хэсэгт байлдаж буй орос-донбассын цэргийг “холбоотны хүчин” гэж нэрлэдэг болжээ.  
 
Орос ялахгүй байх тусам энэ дайны логик алдагдлаа. Оросын хувьд дайны зорилго байхгүй, зүгээр л украины ард түмнийг хүчээр өөртөө эрхшээх гэсэн мухар сүсгийн дайн. Нутаг дэвсгэрийнх нь хэсгийг эзлэн авч ОХУ-д нэгтгэх зорилгоо ч нуухаа байсан. Референдум явуулна гээд байгаа нь Оросын ард түмний өмнө дайнаа зөвтгөх сүүлчийн боломж. “Гэхдээ тэр дайндаа ялчихаад дараа нь референдумээ явуулал даа” хэмээн Гиркин Стрелков тавлан ярина.
 
Оросын арми ийм сул дорой, сүүлийн нэг сард тактикийн ганц ч ялалтгүй, урагшаа олон км ахиж чадахгүй байгааг оросын зэвсэгт хүчин дэх коррупцын механизмтай холбож тайлбарлаж байна. FreeДОМ-ын телемарафон энэ тухай ингэж ярьж байна. Оросын командлал гарцгүй болж мухардсан, Кремлийн төлөвлөгөөгөөр явдаг бүр худлаа болсон, дайнд үр дүнтэй байлдах зэвсэглэлийн мөнгийг завсраас нь олон жил идэж уусан генералууд баривчлагдсаар байна, Орос орны дотоод дахь авилга гэдэг бол Украинаасаа илүү хамгийн том дайсан, Оросын армийн ялагдлын шалтгаан нь авилгал хэмээн оросын нэртэй бизнесмэн Владимир Осечкин ярьж байв. 
 
 
Оросын армийн хохирол өссөөр, зөвхөн 1800 танк, 4000 хуягт машинаа сөнөөлгөж, 40 гаруй мянган цэргээ алдаж, бараг 100 мянган цэргээ шархдуулснаас үзэхэд Орост ялалт ирэхгүй болох нь харагдаж байна. 
 
Орос ямагт хуучин зэвсэг хэрэглэн байлдаж, цэц мэргэн ч биш гэлээ, хамгаалалтгүй хот сууринг хөнөөгөөд байхтайгаа,  дайны ложистик нь төмөр зам, украины армитай биш ард түмэнтэй нь дайтаж өс авч байгаа тухай америкийн эксперт Том Купер ярив.  
 
Сергей Пархоменкогийн ярьснаар бол Орост давшилт хийх нөөц байхгүй, нөөцөө барсан, тийм учраас хориглон хамгаалалт руу шилжсэн ба Кривой Рог руу давшина гэдэг нь эргэлзээтэй, тийм баталгаа алга гэжээ. Харьков руу давшина гэж зунжингаа ярилаа. Гэтэл тийм нөөц нь байхгүй. Орос цэргээ дахин бүлэглэж байна, томхон хүч хуралдууллаа Харьков руу орно, дараа нь Кривой Рог гэж ярьж байгаа нь худал цуурхал, худал мэдээллээр дайснаа айлгаж, оросын иргэдийг тайвшруулж байгаагаас өөрцгүй, нотлогдоогүй иймэрхүү мэдээллийг Орос байнга цацдаг. Хэрэв Оросын нөхцлийн дор хэлэлцээ хийж, энх тайван тогтоохгүй бол Украины бүх хот, тосгодыг минажүүлнэ гэсэн заналхийлэл ч яг тийм цуурхлаас хэтрэхгүй, украины хүн амын дунд эргэлзээ төрүүлж, айлгахаас өөр зүйлгүй гэжээ. 
 
Улс төрийн шинжээч Валентин Бушанскийн үзэж байгаагаар, оросын суртал нэвтрүүлэгчид, ёс зүйгүй сэтгүүлчид цэргээсээ өөрцгүй ажиллаж, дезинформац гэдгийг 24 цагийн турш дэлхийд цацаж байна. Харин оросын суртал нэвтрүүлгийн шуурган гал дундуур украины зэвсэгт хүчин зугуухан урагшлах ба өмнөд хэсэгт санаачилга авсан, Орос нь Донбассаас өмнөд Украин руу цэргээ татаж, украины сөрөг давшилтыг зогсоох гэж оролдсоор байна. Сөрөг давшилтыг нь зогсоож чадаагүй байхдаа л оросын суртал нэвтрүүлэг түрүүлээд  Кривой Рог, Днепр, Николаев руу давших операц руу шилжлээ гээд мэдээлээд эхэлдэг, үүнд Украин хэдийнээ бэлтгэсэн, Оросын ямар ч давшилтын ямар ч хувилбаруудыг судлаад олон талаар бэлтгэсэн ажээ.  
 
Гэхдээ Оросыг ялах өдий байна, Орос нь Донбасст хангалттай өндөр түвшинд хүч нөөцтэй байна. Хүнд их буу олонтой, тэр нь Харьков муж руу галласаар, хохирол учруулсаар байна. Анхандаа Донецк, Луганск хоёр мужийг нь бүтэн эзэлнэ гэсэндээ хүрсэнгүй, Донецкийг эзлэн авах нь эргэлзээтэй, довтолгооноо бүтэн сар үргэлжлүүлсэн боловч тэр болгоныг украины цэрэг няцаасаар, байрлалаа баттай хадгалсаар иржээ. Өнөөдөр Бахмутын орчим хүнд тулалдаан өрнөж байна. Украины металлургийн аж үйлдвэрийн төв болох Кривой Рог, Днеприйг украинчууд хамгаалан тулалдсаар байна.
 
Украины сценар Казахстанд давтагдаж магадгүй талаар Альнур Мусаев анхааруулжээ. Украины дараа Казахстан руу гарцаагүй довтлох байсан, харин Украин ялбал оросын ертөнц төгсгөл болно, одоо Байконур нь ч, ОДКБ ч Путинд туслахгүй байна. Казахстан Оросын болзошгүй түрэмгийлэлд цэргээ бэлтгээд эхэлсэн, Турктэй цэргийн харилцан туслах тухай хэлэлцээр байгуулсан, Туркээс зэвсэглэж байна. Армийн зэвсгийнхээ талаас илүүг НАТО, Туркийн стандартын зэвсгээр зэвсэглэсэн гэв. 
 
Орос, Англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь