sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс оросын Дождь ТВ-ийн “Здесь и сейчас” нэвтрүүлгээр оросын сэтгүүлч Тихон Дзядко, мөн украины сэтгүүлч Ярослав Кречко, Роман Пагулич, Егор Логинов нарын ярьсан, бичсэнээс түүвэрлэн орос хэлнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Украинд Орос бүрэн хэмжээний дайн дэгдээгээд бүтэн 10 сар (271-272 дахь хоног) болох гэж байна. Энэ хугацаанд 4700 пуужин Украин руу харважээ. Украины хэдэн зуун хот, тосгон, суурин газрууд оросын пуужинд өртжээ. Мянга мянган гэмгүй энгийн иргэд алагдаж шархдан, олон сая хүн дүрвэж, мөн мянга мянган украин хүн Орост хүчээр хөөгдөн туугдан, хуурагдан очжээ. Иймд Оросын түрэмгийллийг зогсоох нь зайлшгүй чухал байна хэмээн Владимир Зеленский дэлхийн олон нийтэд хандан дахин уриалжээ.
 
Оросын цэрэг Херсоныг орхисноор 20 мянган цэргээ дахин бүлэглэж фронтын бусад чиглэлд хүчээ бэхжүүлэн дахин давшилтаа үргэлжлүүлэхээр байна. Тэдний нэлээд нь  Донецк мужийн зүүн хэсэгт очжээ. The Wall Street Journal-д мэдээлснээр, Украин нь Херсоноо чөлөөлсний дараагийн шинэ давшилтдаа бэлтгэж байгаа ба Орос ч хариу давшилтаа төлөвлөж байна. Харин хэнийх нь давшилт үр дүнтэй болж байгааг өнгөрсөн сарын байлдаан ил тодоор харууллаа. Фронтын зарим хэсэгт Орос нь эргэж харан хамаа намаагүй галлан ухарсаар байна, зүйрлэвээс дэггүй хүүхэд хүн зодчихоод ум хумгүй зугтаж байгаа аятай.   
 
Херсоноос ухарч байгаа орос цэргүүдийн байдлыг ажваас юу ч үлдээхгүй гэсэн зарчмаар дайнд өртөөгүй барилга байшин, цахилгааны дэд станцууд, телевизийн цамхаг, ус сувгийн байгууламж, зам гүүрийг хайр найргүй дэлбэлэн, замдаа тааралдсан болгоноо дээрэмдэж тун зохисгүй авирлаж байна. Мина энд тэндгүй булж орхисныг илрүүлэх их ажил өрнөжээ. Эзэлсэн газартаа олон зуун украинчуудыг алж булсан, эрүүдэн шүүсэн, шоронд тамлаж байсан баримтууд илэрсээр байна.  
 
Оросын цэргийн эзэлсэн нутагт дээрэм тонуул хэрээсээ хэтэрсэн. Украинчуудаас юу байгаагий нь хуу дээрэмдсэн, тэр дундаа хувийн автомашин, мотоцикл, унадаг дугуйг хуу хамаад арилжээ. ОХУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг нь гээд байгаа Херсон мужийн Антоновка, Велетенское, Новокаиры, Новотягинка, Понятовка, Токаровка, мөн нийслэл Херсон хот руу их бууны сум олныг илгээж, үлэмж сүйтгэл хохирол учруулжээ. Фронт дээр халз тулалдаад ялахгүй бол хариуг нь энгийн иргэд, энгийн хотууд, бүтээн байгуулалтад нь  өгнө гэсэн зарчмаар олон улсын дайны хууль, дайны явуулдаг уламжлалт арга барил, дайны  заншлыг Орос ийнхүү уландаа гишгэн шившигтэйгээр ухарсаар байна. “Чөлөөлөлт” гэсэн нэрэндээ тохирохооргүй дээрмийн дайн хийж байгаа ба одоо Украины хотуудыг пуужиндаж байгаагаа “сайхан сэтгэлээр үзэн ядсан”-даа тэгсэн, украинчуудыг бууж өгөхгүй байхлаар нь хашрааж байгаа нь тэр хэмээн Оросын Төрийн Думын депутатууд ярьжээ.
 
Энгийн иргэд, энгийн хотууд, иргэний бүтээн байгуулалтад гэнэтийн бөөгнөрсөн цохилт өгөх нь олон улсын хуулиараа дайны гэмт хэрэгт (терроризм) тооцогддог тул Европын парламент ОХУ-ыг “террорист дэглэм” гэж үзсэн тогтоол санал нэгтэйгээр баталжээ. Улмаар Польш энэ онд даргалж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагынх нь хуралд ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг оролцуулахгүй байхаар шийдэж, “цэргийн гэмт хэрэгтэн” мэт үзэх дээрээ тулж хатуурхжээ. Энэ бол “террорист дэглэм” гэж үзсэн Европын парламентын тогтоолтой шууд холбоотой.   
Арав орчим сарын байлдаанд Оросын цэрэг хэрхэн хохирсон тухай шинэхэн мэдээг Украины Жанжин штабаас гаргажээ. Алагдсан цэрэг 85 мянга руу дөхөж, сөнөөлгөсөн танк 2900 хүрэх нь байна. Байлдааны 278 онгоц, 261 нисдэг тэрэг сөнөөгджээ. Зөвхөн өчигдрийн байлдаанд 390 цэргээ алдсан байна. 
 
 
 
Энэ байдлаар явбал 2022 оны төгсгөл гэхэд оросын 100 мянган цэрэг амиа алдсан байх тооцоо гарчээ. Гол асуудал, шинэ оны босгон дээр Крым Оросын мэдлээс алдагдах магадлал өндөр байна. Оросууд Крым дэх өмч хөрөнгө хогшлоо зараад Орос руугаа ум хумгүй зугтаж байгаа, хойд хэсэгтээ бэхлэлт окоп олныг ухаж хориглон хамгаалах дайнд бэлтгэж буй мэдээ тасрахгүй ирж байна.
 
Украины Жанжин штабын мэдээгээр оросын цэрэг ойрын үед хэд хэдэн чиглэлд дахин давшилт хийхээр зэхэж байна. Бахмут, Авдеев, Новопавловын чиглэлд Орос цэргээ дахин бөөгнүүлж, давшилт хийхээр байгаа ба өмнөх бүх давшилтуудыг 4 сарын турш Украин амжилттай няцаасан, зөвхөн уржигдар гэхэд Донбассын 7 хот тосгоны ойролцоо, тухайлбал Луганск мужийн Белогоровка, Донецк мужийн Спорное, Яковлевка, Бахмутское, Бахмут, Опытное,  Клещеевкад оросын цэргийн атакийг няцааж ухраажээ. 
 
Бахмут, Авдеевын чиглэлд 4 сарын турш амжилтгүй давшаад мянга мянган цэргээ алуулаад, хүнд техникүүдээ гарздаад, тэгсэн мөртлөө ухрахгүй орхихгүй байгааг цэргийн шинжээчид ингэж тайлбарлаж байна. Амжилт олж болох хамгийн найдвартай чиглэл, энэ чиглэлд ямар ч үнээр хамаагүй, хичнээн ч орос цэргийн амиар бүтсэн хамаагүй ямар нэгэн, бүр жижиг ч атугай ялалт Кремльд хэрэгтэй, тэгж ялж байж Кремлийнхэн оросын ард түмнийг харах нүүртэй болно, бүтэн 10 сар үр дүнгүй байлдсаны ганц ч атугай зөвтгөл болно хэмээн Оросын БХЯ, Жанжин штаб үзээд давшуулахыг хүчлэн шахсаар байгаа ажээ. Гэхдээ энэ чиглэлд гайгүй тогтоон бариад хариу байлдаад байгаа нь Оросын арми бус, ЧВК гэх хувийн цэргийн компанийн хөлсний дайчид болж таарчээ. БХЯ-ны мэдлийн цэрэг гэдэг нь өнгөрсөн 10 дугаар сард нэмэлт дайчилгаагаар татагдсан шинэхэн цэргүүд байх ба тэд нь туршлагагүй, зэвсэг хэрэгсэл муутай, сэтгэл санааны бэлтгэл хийгдээгүй тул алагдах, хохирох нь их байна. Болж өгвөл бууж өгөхийг хүсэвч “заградотряд” гэх чечень боевикуудын хараа хяналтад, цаадуул нь хөдөлгөхгүй ухарвал цаазалдаг, тиймээс хэний ч суманд өртсөн ялгаагүй болж байна. 
 
Өнгөрөгч бямба, ням гаригийн байдлаар Волынск, Полесск, Северскийн чиглэлд мэдэгдэм өөрчлөлт гарсангүй, орос цэргээ бүлэглэж байгаа, нэмэлт хүч татан авч байгаа мэдээ алга, харин  Купянск, Лиманы чиглэлд Орос үлдсэн газартаа бэхлэлт байгуулж, хориглон хамгаалах байлдаанд бэлтгэж, хааяа нэг миномет, их буу, тийрэлтэт сумаар галлаж байна.  Слобожанскийн чиглэлд Орос нь Харьков мужийн Двуречная, Огурцово, Стрелечье, Старица, Чайковка суурингууд руу их буугаар галлажээ.
 
Запорожийн чиглэлд хориглон хамгаалалтад шилжсэн. Давших боломжгүй болсон. Гэхдээ ойролцоох Висшетарасовка, Гуляйполе, Дорожнянка, Зализнычное, Новополь, Орехов,  Красное гэх цэрэггүй суурингууд руу их буугаар хамаа намаагүй галлаж, аль болох их хохирол учруулахыг оролджээ.
 
Энэ шинэ 7 хоногт Донбасст ширүүхэн байлдаан өрнөнө гэсэн таамаг байна. Өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн Украины зэвсэгт хүчин дорнод ба өмнөд чиглэлд давшилтаа эхлүүлсэн. Донецк мужид гэхэд л 40 тосгон сууринг чөлөөлсөн. АНУ-ын Дайн судлалын хүрээлэнгийн тооцоогоор Орос нь Донбасст давшилтын хүч нөөцөө алдсан, гэвч оролдсоор байна, Кремнев хавьд Украины сөрөг давшилт хийгдэхээс үхтлээ айж байна, тэгээд ч Донецк, Луганск хоёр муж Орост онц чухал биш болох нь илт болсон тул Орос орхин гарахад бэлтгэж байгаа ажээ. Донецк муждаа иргэний дэд бүтэц рүү цохилт өгсөөр байгаагаас үзвэл Орост авч үлдэх хүсэл үгүй нь харагдаж байна. 
 
Сүүлийн 7 хоногт илт ажиглагдсан зүйл бол оросын арми Украины өмнөд хэсгээс бүхэлдээ ухарч байгаа явдал боллоо. Оросын асар их зэвсэг техник бүрэн бүтнээрээ, хагас хугас  эвдэрснээрээ украины армид очиж байна. Явж явж барууны аль ч тусламжаас илүүтэй Украиныг Орос өөрөө зэвсэг сум галт хэрэгслээр сайтар хангажээ. Трофеи гэж нэрлэдэг орос танк, их буу, бусад хүнд хөнгөн зэвсэг, сум галт хэрэгсэл олон газраас олджээ. Өөрсдөд нь байгааг нь Украины алсын тусгалт их буу, тийрэлтэт их буу системүүд оросын цэрэгт очихоос нь өмнө агуулахад нь, эсвэл тээвэрлэх замд нь дэлбэлж үгүй болгожээ.
Оросын арми цаашдаа яах вэ, хэрхэн байлдах бол гэсэн асуулт цэргийн шинжээчдийг алмайруулав. Украин дахь дайнд нь шинэ мобикууд (дайчилгаа буюу “Мобилизация”) очихоос гадна Оросын шорон, хөдөлмөрийн колониудаас нийт 23 мянган эрүүгийн хоригдол өнгөрсөн гурван саруудад суллагдаж Украин руу их бууны зуушинд явсан мэдээ өнгөрсөн 7 хоногт ил болжээ. Фронтын шинэ шугам нээгдэх магадлал өндөр байгаа ч тэр нь оросын хориглолтын зурвас байх болно гэдэг дээр шинжээчид санал нэг байна. Гэхдээ Оросын арми хаана ч хориглолт бэхлэлт байгуулсан Украины галын хяналтад орчихоод байгаа нь гарцаагүй үнэн болжээ.
 
Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь