sonin.mn

 

-Нөөцийн махны худалдааг сурвалжилсан нь-
 
Бид нийслэл, төв суурин газар худалдаалж буй нөөцийн махны худалдааг сурвалжиллаа. Ингэхдээ нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргаж байгаагийн гол зорилго болох махны нийт үнэ буурахад бэлтгэлийн мах нөлөөлж буй эсэх "сурвалжлахыг" хичээсэн юм. Энд худалдаалж байгаа нөөцийн махны бэлтгэл, үнэ ханш, чанар "дагалдсан" нь мэдээж...
 
 
Юуны түрүү нөөцийн мах нийслэлийн төв болон хүн ам ихээр төвлөрсөн орон сууцны хороололд, тухайлбал, 3-4 хороололд ховор буюу байсныг хэлэх хэрэгтэй. Энэ нь нөөцийн махыг аль болох амьжиргаа доогуур өрх ихэвчлэн оршдог гэр хороолол болон хотын захын дүүргүүдэд түлхүү худалдаалж байгаа юм байна гэсэн бодлыг төрүүлсэн.
 
 
Тухайлбал, "Скай", "Номин" зэрэг төвд орших худалдааны ганц хоёр төвийг эс тооцвол нөөцийн махыг гэр хороолол дахь дэлгүүрүүдэд түлхүү худалдаалж байна. Жишээ нь, гуравдугаар хорооллын орон сууцныхан ихэвчлэн үйлчлүүлдэг “Номин”-гын хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн мах худалдаж байгаа гэх боловч тэндэхийн оршин суугчид олж чадахгүй байгаа учир "хорооллынхон" хамгийн "ойроор" нь 32-ын тойрог зорьж тэнд орших "Сансар", Баясах трейд"-ын сүлжээ супермаркет дэлгүүрээс авахад хүрч байв.
 
 
Учир нь энд нөөцийн мах элбэг, дөнгөж ирсэн, ямар ч оочер дугааргүй, тэгээд ч сонголт ч арвин байв. Сонголт арвин гэдэг нь нөөцийн мах дотроо бас янз бүр байгааг хэлж буй ухаан нь тэр.
 
 
Ер нь иргэд нөөцийн махыг хөдөө орон нутгаас дөнгөж ирж зах дээр зарагдаж буй шинэ буюу нойтон махтай харьцуулж амт шимтгүй, хатуу байна, яс ихтэй юм, хуршсан байна, хадгалж нөөцөлсөн мах ямар олигтой байх вэ гэдэг.
 
 
Үүнээс болоод нөөцийн мах руу тэр бүр хошуурахгүй байгаагаас нийт махны үнэд нөлөөлж чадахгүй байна гэдэг. Гэвч нийт махны үнэ буухгүй өндөр байгаагаас хүмүүс аргагүйн эрхэнд нөөцийн маханд гар хүрэх болсон.
 
 
Нөгөө талаар энэ жилийн нөөцийн мах өмнөх жилүүдийг бодвол чанартай байгаа учир нөөцийн махыг дагасан дээр дурдсан тайлбарууд өнөө жил хүчингүй мэт байлаа...
 
 
Нөөцийн махны чанар дээрдсэн ч бэлтгэсэн аж ахуйн нэгж, компаниараа бас яльгүй өөр өөр байна. Жишээ нь, "Баясах трейд"-ын супермаркетаас "Жаст Агро"-гын бэлтгэсэн нөөцийн мах худалдан авсан хүн зэргэлдээх орших "Сансар" сүлжээ дэлгүүрээс "Max Импекс"-ийн бэлтгэсэн нөөцийн мах авсан танил хүнийхээ махтай харьцуулж үзээд өөрийн авсан махаа голж байв.
 
 
Нээрээ үзэх нь ээ, "Max Импекс"-ийн нөөцийн мах харваас шинэвтэр, хамаагүй тарган, өөх, мах нь хосолсон харагдаж байлаа. "Max Импекс" олон жил мах бэлтгэж ирсэн туршлагатай болохоор тэр үү дэргэд нь "Жаст Агро"-гын мах арай тааруу харагдаж байлаа.
 
 
Гэхдээ энд бас мах бэлтгэх технологи хамааралтай. Үүгээрээ уг нь "Жаст Агро" дутмааргүй. Гэвч ямар ч болсон "Жаст Агро"-гийнханд нөөцийн мах бэлтгэл дээрээ цаашид анхаармаар байгааг дуулгахад гэмгүй байв.
 
 
Нөөцийн махыг гялгар уутанд тухайн бэлтгэсэн компанийн хаяг, шошго, кг савлагаатай нь ил, хонь, ямаа, үхрийн зурагтай худалдаалж байгаа учир хүмүүс гаднаас нь хараад л мэдэж байв. Жинлэж үзвэл ихэвчлэн хоёр кг-аар савлажээ.
 
 
Тиймээс жишээ нь, нөөцөлсөн хонины махыг кг-ыг 5750 төгрөгөөр борлуулж байгаагаар тооцоход нэг уут мах нь арван гаруй мянган төгрөг болж байв. /Үхрийн мах нь хониныхоосоо 200 төгрөгөөр илүү, ямааных 4850 төгрөгөөр борлуулж буй/.
 
 
Тиймээс дөрвөн уут хонины мах авахад дунджаар 7.7 кг татаж, 44.700 төгрөг болж байв. Харин гулуузаар авбал хонины мах кг 5500 төгрөг гэж байв. Гэвч хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн мах гулуузаар худалдаагүй байв.
 
 
Үүнтэй ч холбоотой юу зарим хүмүүс нөөцийн махны гуяа нь яачихсан юм, хааччихсан юм, гулуузаар олдохгүй байна гэсэн яриа үүссэн байх. Нөгөө талаар нөөцийн махыг ууталсантай харьцуулахад гулуузаар тэр бүр хүртээмжтэй худалдахгүй байсан нь ченжүүдийн гарт орж дамаар цааш нь зарагдах болжээ гэсэн дүгнэлтэд хүргэсэн бололтойдог.
 
 
Учир нь нөөцийн гулууз махыг голдуу хүнсний захуудаар борлуулж байгаа сураг гарсан. Энэ нь, нэгд, захад, ил, том талбайд худалдаалах гэсэн зорилго бололтой. Хоёрт, ууталсантай нь харьцуулахад гулууз мах хаяг шошго тийм ч ил бус байгаа байдлыг махны худалдаачид "ашиглаад" цааш нь шинэ мах гэх юм уу шинэ махтай холиод борлуулж байж болох талтай.
 
 
Үүнээс болсон уу нийслэлийн удирдлага мах бэлтгэлийн компаниудын төлөөлөлтэй ярилцан нөөцийн гулууз махыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Шөнийн зах, "Мишээл экспо", "Бүрд" /100 айл дахь худалдааны төв/, "Оргил" төвд худалдана гэсэн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гаргаж худалдаалах цэгийг таваар нэмсэн.
 
 
Ингэхдээ зөвхөн амралтын өдрүүдэд борлуулахаар болсон. Энэ нь ажилтай байдаг хүмүүсийн хувьд болж байгаа хэдий ч ихэвчлэн ажлын өдрүүдэд хүнтэй, голцуу өвгөд хөгшид байдаг гэр хорооллынхонд нөөцийн махаа гулуузаар олж авахад бас хүндрэл үүсчээ.
 
 
Юу гэвэл нэгдүгээрт, заавал амралтын өдрийг буюу бүтэн долоо хоног хүлээх хэрэг гарч байна. Хоёрт зөвхөн амралтын өдрүүдэд зарах нь дугаар, ачаалал үүсгэх учир хотын дарга нарын хэлээд буй нөөцийн махны өргөтгөсөн худалдаа нь "нарийссан худалдаа" болчих вий гэдгийг иргэд хэлж байв.
 
 
Эцэст нь, нөөцийн гулууз махыг амралтын өдөр хүнсний захууд дээр зарахад өглөө эрт хэдийнэ дуусчихдаг аж. Энэ нь захын худалдаачид, ченжүүд иргэдээс өрсөөд авчихаад байна гэсэн хардлагыг мөн дагуулж байв. Ийнхүү байдлыг нийтэд нь ажиглаж харахад нөөцийн махыг иргэд их худалдан авч байна.
 
 
Өмнөх жилтэй харьцуулахад худалдаа илт нэмэгдэж, хүртээмжтэй болсныг дэлгүүрийн худалдагчид батлан хэлж байв. Нэг ёсондоо иргэд нөөцийн мах ихээр худалдаж авч байна. Тэр хэмжээгээр махны өндөр үнэ буурмаар...
 
 
Гэвч одоохондоо тиймгүй, махны үнэ буугаагүй л байна. Өөр нэг өөлөх зүйл гэвэл энэ жил өнгөрсөн оны кг нь 3400-3700 төгрөг байсан ханштай харьцуулахад өнөө жилийн нөөцийн махны үнэ өндөр байгаа. Үүнийг нийт махны үнэд нөлөөлж чадахгүй байгаатай холбох хүн ч байлаа.
 
 
Харин бизнесийнхэн энэ жилийн үнийг бэлтгэлийн зардалтай холбон тайлбарлаж байна. Ямартай ч мах бэлтгэлийн компаниуд өнөөдрийн энэ үнээ цааш нэмэхгүйгээр одоогийн хангалт, үнэ хоёроо барин наадам хүргэнэ гэж амлаж байна. Ийм хэмжээний мах бэлтгэж нөөцөлсөнөө батлан хэлж байна. Харин нийт махны үнэ буурах эсэхийг хугацаа харуулах үлдэв.
 
 
Сурвалжилсан Б.Билгүүн
 
Эх сурвалж: “Бизнес таймс”