Энэ удаагийн дугаартаа "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Т.Баттулгатай ярилцлаа.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүү байв. Хаана өссөн бэ. Хүүхэд насныхаа тухай яриач?
-Багадаа бол нэлээд хөдөлгөөнтэй; сахилгагүй хүү байсан. Би 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл VI бичил хороололд амьдарч байгаа. Бичил дотроо л нүүнэ үү гэхээс хол явж үзээгүй. Эндээсээ холдохгүй бололтой. Миний бага нас энд л өнгөрсөн. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгслөө. Манай ангид хоёр гуравхан сахилгагүй хүүхэд байдаг байлаа. Тэдний нэг нь би байсан даа. Багш нартаа ч их загнуулдаг байсан. Багаасаа найзласан байрныхаа хүүхдүүдтэй бүжиглэдэг байлаа.
Тухайн үед зохиогддог байсан бүжгийн тэмцээнүүдэд их оролцдог байсан. Бас хэсэг хип хоп сонирхож, дуулах гэж оролдож байлаа. "Энхийн дуу" гэж хамтлаг байгуулж ч явлаа. Ер нь багадаа явж үзээгүй дугуйлан гэж бараг байхгүй дээ. Зургийн дугуйлан, такевондо, карате гээд л явж өгдөг байлаа.
-Багадаа найзуудынхаа зургийг цуглуулж зургийн цомогтоо хадгалдаг байсан гэж сонссон. Одоо тэр цомог нь байдаг уу?
-Тийм. Багадаа найзуудынхаа зургийг цуглуулдаг байлаа. Миний найзууд зургийн цомгийг минь үзээд өөрсдийнхөө зургийг харчихаад "Пөөх ийм зураг байдаг юмуу" гээд л гайхдаг. Одоо бол тийм цуглуулга байхгүй ээ.
-Гэр бүлийнхнийхээ тухай яриач. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Миний аав өөрөө их өнөр өтгөн айлд төрж өссөн хүн. Эхээсээ арвуулаа хүн байсан. Манайх ч гэсэн олуулаа шүү. Би дээрээ хоёр эгч, нэг ахтай. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Айлын дундах хүүхэд.
-Жүжигчин мэргэжлийн юунд хамгийн их сэтгэл татагдсан бэ. Энэ мэргэжлээ сонгосон шалтгаан юу байв?
-Миний аавын төрсөн ах нь МУСТА Ч.Хүрэл гээд жүжигчин байсан. Хүмүүс "Анхны алхам", "Гэрлэж амжаагүй явна" зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүдээр нь сайн мэддэг. Намайг бага байхад тэр ах маань манайд байнга ирдэг байлаа. Харахад их сайхан харагддаг байлаа. Энэ ч бага зэрэг нөлөөлсөн байж магад. Гэхдээ хүүхэд байхдаа бол яг жүжигчин болъё ч гэж бодож байгаагүй. Бас багын найзуудын маань ихэнх нь Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг байлаа.
Дунд сургууль төгсөх үед тэр найзууд маань бараг бүгдээрээ СУИС-т элсэлтийн шалгалт өгөх гэж байсан. Тэр хэд маань ч намайг хамт өгье гэж ятгасан. Уг нь би тэр үед Аялал жуулчлал, менежментийн ангид шалгалт өгнө гээд төлөвлөчихсөн байсан. Би дэлхийн улс орнуудын ёс заншил, газар орон нутагтай танилцах сонирхолтой, аялах дуртай, сониуч хүүхэд байлаа. Сэтгэл хоёрдоод нэлээд сайн бодсон. Би ирээдүйд хэн болох вэ гээд л. Тэгээд энэ мэргэжлээ сонгосон. Гэнэтийн сонголт гэж хэлж болох юм даа. Элсэлтийн шалгалтандаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн Д.Саранхүү багшаараа бэлдүүлж ороод тэнцсэн. Одоо энэ сонголтондоо сэтгэл хангалуун байдаг. Би алдаагүй гэж боддог доо.
-Гэнэт төлөвлөж байсан мэргэжлээрээ тэс өөр, тэр дундаа урлагийн хүн болно гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бол?
-Гэрийнхэн баярлаагүй. Бас тийм ч айхтар эсэргүүцээгүй. "Миний хүү өөрөө мэд дээ. Чи өөрөө л итгэлтэй байвал хийгээд үз" гэж хэлж байсан.
-Оюутан насны дурсамжаасаа хуваалцаач?
-Би 2006 онд СУИС-ийг төгссөн. СУИС бараг хоёр дахь гэр байсан гэж хэлж болно доо. Хонож хичээлээ давтах үе цөөнгүй гарч байсан. Их сайхан цаг үе юм даа. Манай мэргэжил угаасаа тийм шүү дээ. Бусад сургууль шиг гэртээ хийх даалгавар гэж бараг байхгүй. Үргэлж л сургууль дээрээ бэлтгэлтэй байдаг. Нэг нь л байхгүй бол жүжгийн сургуулилт хийж болохгүй, нэг нэгэндээ их шаардлага тавьдаг байлаа.
Маш их хариуцлагатай мэргэжил гэж би ойлгодог. Хамт олон гэж зүйлийг их мэдрүүлдэг байсан юм болов уу. Одоо манай ангийнхнаас ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж байгаа шүү. "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Ганбаяр, Т.Билгүүн, Б.Отгонтуяа, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г.Алтаншагай, "Parody" хамтлагийн жүжигчин Б.Нямхүү, "Анчин" нэвтрүүлгийн хөтлөгч Баяржаргал, "Х-түц" хамтлагт байсан жүжигчин Б.Хулан, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал гэх мэтчилэн ажиллацгааж байна.
-Хамгийн анх ямар уран бүтээлээр камерийн өмнө гарч байв?
-"Хурд" хамтлагийн "Нэг ангийнхан" дууны клипэнд манай "Шинэ үе" продакшныхан тоглож байсан. Тэрэнд л хамгийн анх орж байсан санагдаж байна. Бүрэн хэмжээний уран сайхны киноы хувьд "Шинэ үе" продакшны бүтээл "Буруу эргэлт" кино миний хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл.
-"Шинэ үе" продакшнд анх хувцасны эрхлэгчээр ажилд орж байсан гэж сонсож байсан. Энэ тухайгаа эргээд дурвал?
-Дөрөвдүгээр курст сурч байхад манай ангийн Мөнхгэрэл, Ганбаа, Билгүүн, Отгоо, Шагай гээд таван хүүхэд "Шинэ үе" продакшнд орж байсан. Нэг өдөр би тэр хэдтэй уулзах гээд ажил дээр нь очлоо. Тэгээд уулзаад сууж байтал тухай үед манай "Шинэ үе"-ийнхэн хувцасны эрхлэгч хэрэгтэй байна гээд хоорондоо ярьж байхыг сонссон. Тэгээд би тухайн үед "Шинэ үе"-ийн менежер байсан Дашка ахаас "Ямар хүн хэрэгтэй юм бэ" гээд асуусан л даа.
Тэгсэн чинь "Мэдээж эмэгтэй л хүн байж таарна шүү дээ" гэдэг юм байна. Би ч шууд л "Эрэгтэй хүн байж болохгүй юмуу. Би оръё л доо. Би чаднаа" гээд л гуйчихсан. Харин Дашка ах "Чи чадахгүй ээ. Энэ чинь эмэгтэй хүний ажил. Тэгээд ч Бооёо ах эд нар юу ч гэх юм билээ" гээд зөвшөөрөхгүй байлаа. Би ч "Би чаднаа. Би бас ангийнхаа хүүхдүүдтэй ажилламаар байна" гээд л гуйгаад байлаа. Тэгж тэгж зөвшөөрсөн. Тэгээд бараг тэр өдөртөө ажлаа хүлээж аваад, хувцасны склад руугаа орж үзэж байлаа.
Хөл толгой нь мэдэгдэхгүй хувцасны өрөө л санагдаж байсан. Хувцаснуудаа өмд, цамц гээд ялгаж хураагаад л, цэгцлээд л. Тэгээд маргааш нь би нөгөө хувцаснуудаа янзлаад сууж байсан чинь Бооёо ах байн байн орж ирж хараад л, тэгэх тоолонд нь би сандраад л. Намайг ажиллуулахаа больчих вий гэж айж байхгүй юу. Ингээд хувцасны эрхлэгчээр бараг жил орчим ажилласан шүү. Тэгээд байж байтал нэг өдөр Бооёо ах намайг өрөөндөө дууддаг юм байна.
Гүйгээд очсон чинь "Миний дүү одоо сургуулиа төгсөх ч боллоо. Дараагийн тоглолтноос эхлээд мэргэжлээрээ ажиллаарай" гэсэн. Би тухайн үед хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярласан. Би Бооёо ахдаа одоо ч баярлаж, талархаж явдаг. Миний сайхан хуурай ах нарын нэг. Ингэж анх "Шинэ үе"-ийнхэнтэйгээ тайзан дээр гарсан даа. Бараг таван жил гаруй энэ хамт олонтойгоо ажилласан. Би өөрийгөө багаас эхэлсэн гэж боддог. Үүндээ хэзээ ч харамсаж байгаагүй. Харин ч баяртай байдаг.
-Тэр өдрөөс хойш "Шинэ үе"-тэйгээ хэчнээн тоглолтонд оролцсон бэ?
-2006 оноос 2010 хүртэл хугацаанд тоглосон бүх л тоглолтуудад оролцсон.
-Хэзээнээс "Мөрөөдлийн театр"-тай уран бүтээл хийж эхэлсэн бэ?
-2010 онд би Энэтхэг рүү хэлний бэлтгэлд сурахаар явсан. Тэнд зургаан cap сурчихаад эргэж ирээд дахиад Швед явсан. Тэгээд иртэл манай Алтаншагай, Эрхэмбаяр зэрэг залуу уран бүтээлчид шинэ хамтлаг байгуулах гэж байгаа тухайгаа надад хэлсэн. Би ч нэлээд бодож байгаад Бооёо ахдаа "Дүү нь ангийнхаа найзын энэ хамтлагт тусалж дэмжээд нэгдлээ" гээд хэлсэн л дээ. Бооёо ах маань ч сонголтыг маань хүлээж авсан.
-Хүмүүс таныг анх "Мөрөөдлийн театр"-ийн менежерээр ажиллаж байсан гэж бодоод байдаг?
-Шведээс ирээд удаагүй байхад "Мөрөөдлийн театр"-ынхан "Миний нууц хүү" жүжгээ тавихаар дүрүүдээ дөнгөж сонгоод ажиллаж эхэлж байсан. Тийм болохоор эхний тэр жүжгийнхээ арын албанд ажилласан. Тэрийг хүмүүс "Мөрөөдлийн театр"-ын менежер болчихлоо гэж ойлгосон юм шиг байгаа юм.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээлд ажилласан бэ?
-Онцгой байдлын албаны тухай "Нарны жим" гээд 50 ангит киноны гол дүрд тоглолоо. Ирэх дөрөвдүгээр сараас үзэгчдийн хүртээл болж эхлэх байх. Анх удаа олон ангит кинонд ажиллаж үзлээ. Бас саяхан "Нэгэн зүгт" хамтлагийн найзуудынхаа шинэ дууны клипний зураг авалтанд ороод өчигдөр дууслаа.
-Олон ангит кинонд ажиллах нь нэг ангит кинонд ажиллахаас ямар ялгаатай байна вэ. Жүжигчнээс илүү ур чадвар шаардах ч юмуу, арай илүү хүнд санагдав уу?
-Нэг ангит ч бай, олон ангит ч бай жүжигчнээс шаардагдах ур чадвар, ажиллагаа яг л адилхан шүү дээ. олон ангит киноны зураг авах хугацаа л урт болохоос биш. Олон ангит кинонд ажиллахад ангиас ангид, зураг авах тусам улам дүрдээ ороод байгаа юм шиг санагдаж байсан /инээв/.
-Ажиллаж байсан кинонуудаасаа хамгийн хүнд зураг авалттай байсан киногоо нэрлээч гэвэл аль киног нэрлэх вэ?
-Ер нь амархан ажил гэж байхгүй шүү дээ. Ялангуяа манай мэргэжил. Тийм амархан бүтдэг дүр гэж байдаггүй гэж боддог. Би ч тэгээд тийм ч олон дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй хүн шүү дээ. Анх "Буруу эргэлт", өнгөрсөн жил "Гарал угсаа" гээд киноны гол дүрд тоглосон. Тэгээд "Нарны жим". "Нарны жим"-ийн зураг авалт арай хүнд байсан. Байгалийн гамшиг, осол аваарь гээд л. Хүнд хүнд зураг авалт ихтэй байсан. Хөдөө гадаа ч их явлаа.
-Зураг авалтаас шантрах үе гарч байв уу?
-Шантарсан үе байхгүй ээ. Гэхдээ ямар хэцүү мэргэжил вэ гэж бодож байсан удаа бий. Сая "Нарны жим" кинонд ажиллахад хүйтнээс л их халширч байлаа. Хүйтэнд нимгэн, нойтон хувцастай зураг авахуулна гэдэг их хүнд юм байна лээ. Даараад эрүү ам чичрээд, үгээ хэлж чадахгүй. Одоо бол даарна гэдгээс л их айдаг болчихоод байна.
-Дэлгэцийн уран бүтээлд бүтээхийг хүсч явдаг дүр байдаг уу?
-Би түүхэн гэхээсээ орчин үеийн адал явдалтай action кинонд тоглож үзэх юмсан гэж хүсдэг. Хүүхэд байхдаа каратегаар хичээллэдэг байсан болохоор өөрийгөө жаахан эвсэлтэй гэж боддог шүү /инэзв/
-Тэгвэл тайзны уран бүтээлийн хувьд?
-Тайзны уран бүтээлийн хувьд яг тийм гэсэн дүр байхгүй ээ. Жүжиг бүхэн гоё шүү дээ. Орчин үеийнх ч бай, сонгодог жүжиг ч бай бүгд л гоё.
-Ихэнх жүжигчид найруулагчийн ажил руу ордог. Таны хувьд ч бас алсдаа найруулагчаар ажиллах бодол байгаа юу?
-Яг одоо тэгэж бодсон юм байхгүй ээ. Их л холын зүйл дээ. Гэхдээ яваандаа болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Одоохондоо бол энэ мэргэжилдээ эзэн болох гээд л хичээж явна.
-"Мөрөөдлийн театр"-ын дараагийн тоглолт төлөвлөгдөж байна уу?
-Одоо "Мөрөөдлийн театр"-ынхан шинэ уран бүтээлдээ шамдан орж байна. Би "Нарны жим" кинонд тоглох гээд сүүлийн тоглолтондоо орж амжаагүй. Тун удахгүй, ирэх сараас манай хамтлагийн шинэ тоглолт тоглогдож эхэлнэ.
-Чөлөөт цаг хэр гарч байна вэ. Хэрхэн өнгөрүүлж байна?
-Найзуудтайгаа уулзах дуртай. Бас фитнессээр хичээллэж байна. Агаар салхинд ч гарах дуртай шүү.
-Ганц бие урлагийнхныг хэл ам тойрохгүй юм. Гэрлэлтийн тухайд ямар бодолтой байдаг вэ. Энэ тал дээр нэг их яарахтүй байгаа харагддаг?
-Хүмүүс энэ тухай их асуух юм. Гэхдээ би хэлмээр санагддаг. Хүнтэй сууж болно. Тэр бол амархан. Гэхдээ салмааргүй байна шүү дээ. Миний үеийнхэн дунд салалт их байна. Үүнд би маш их эмзэглэдэг. Би үнэхээр бат бөх гэр бүл зохиомоор байна. Тийм ч учраас яарахгүй байгаа. Одоохондоо бол ажилдаа л анхааръя гэж бодож байна. Цаг нь болохоор гэрлэх байлгүй дээ /инээв/.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0