Энэ удаагийн дугаартаа "Эвдэрхий хүн" хэмээх тодотголтой реппэр Rokit Bay буюу О.Баярсайхантай ярилцлаа. Өөрийн өвөрмөц өнгө аяс, хурц үгтэй уран бүтээлүүдээрээ хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар байгаа түүнтэй хувь хүн, уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.
Дашрамд сонирхуулахад түүний гол дүрд нь тоглосон "Эцсийн зогсоол Э цэг" хэмээх дэлгэцийн уран бүтээл өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийгээд байгаа билээ.
-Өнгөрсөн зуныг хэрхэн өнгөрүүлэв. Уран бүтээлийн олз омог арвин байгаа байх. Энэ асуултаас ярилцлагаа эхэлье?
-Өнгөрсөн зуныг "Эцсийн зогсоол Э цэг" хэмээх дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж өнгөрөөлөө. Энэ киноны зохиол маш их таалагдсан учраас өөриин хувиин уран бүтээлийг түр хугацаанд хойш тавьж кинондоо сэтгэлээ зориулж ажиллаа.
-Киноны зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ. Эцэг хүний дүр бүтээхэд хүндрэл гарав уу?
-Зураг авалт хоёр cap гаруй хугацаанд үргэлжилсэн. Дүр нь өөрөө сонирхолтой, миний мэдэхгүй зүйлийн тухай байсан болохоор ажиллахад сонирхолтой байлаа. Ер нь би өөрөө өөртөө шалгуур тавих дуртай.
Тэр шалгуурынхаа ард гарч байж тэндээсээ сэтгэл ханамж авдаг. Аав хүний дүр бүтээнэ гэдэг их хэцүү юм билээ. Надад дүү байхгүй. Би өөрөө аавгүй өссөн. Надад хүүхэд ч байхгүй. Тэгэхээр аав хүн ямар байдаг вэ гэсэн төсөөлөл маш бага. Энэ л жаахан бэрхшээлтэй байлаа. Тиймээс дүрээ үнэмшилтэй гаргахын тулд их хичээсэн.
-Хип хоп хамтлаг, реппэрүүдийн бусад хамтлаг дуучдаас ялгарах гол онцлог нь дууны шүлгээ өөрсдөө бичих явдал. Rokit Вау-ийн хувьд ямар үед дууны шүлгээ бичдэг бол. Ихэнх уран бүтээлчдээс сонсч байхад ямар нэгэн сэтгэл хөдлөлд автсан үедээ илүү их бичдэг гэж ярьдаг юм билээ?
-Миний өмнөх гаргасан хоёр цомогт сэтгэл санааны байдал нэлээд туссан байх аа /инээв/. Сэтгэл санаа тогтворгүй, нэг хэвийн биш, зарим үед бүр уналтанд орсон гэж хэлж болохоор ч үеүд байсан.
Тиймэрхүү үедээ бичсэн дуунууд их бий. Өөртөө өөртөө урам хайрлах, зориг өгөх гэсэн дуунууд ч бий. Дуунууддаа ихэвчлэн өнгөрсөн, одоо үеийг ямар нэгэн байдлаар мэдэрсэн, мэдэрч байгаа сэтгэл зүйн байдлаа илэрхийлсэн байдаг.
-Урлагийн сургууль төгсөөгүй хүний хувьд уран бүтээлч байх хэр хүнд байдаг бол?
-Би өөрийгөө урлагийн хүн, ялангуяа реппэр болно гэж төсөөлөөгүй, зүүдэлж ч байгаагүй. Миний өөрийгөө нэг зүйлээр зөвтгөдөг юм. Хэтэрхий номонд баригдсан хүмүүс хайрцаглагдчихсан юм шиг санагддаг. Тийм биш байгаадаа өөрийгөө зөвтгөөд байгаа юм.
Уран бүтээлүүдээ өөрийнхөө мэдрэмжээр л хийдэг болохоор нэг их хүндрэл гараад байгаа юм алга. Харин ч энэ нь хүссэнээ илэрхийлэх, шинэ содон зүйл сэдэхэд илүү дөхөм юм шиг санагддаг.
Яалт ч үгүй уран бүтээлээ мэргэжлийн түвшинд хийхийг хичээж, чанарыг эрэлхийлж байгаа учраас дууны хөгжмийн найруулга, тохируулга зэрэг дээрээ мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг.
-Сэтгэл санаагаа уналтанд орсон үед өөртөө урам өгөхийн тулд уран бүтээлүүд хийж байсан гэж ярилаа. Гэтэл өмнөх цомгуудын дуунуудаас харахад өөрийгөө их "муу хүн" мэтээр харагдуулах гэж хичээгээд байгаа юм шиг санагдсан. Та үнэхээр тийм "муу хүн" юм уу?
-Тухайн үеийн сэтгэл санааны байдалтай шууд холбоотой, түүнээс төрөн гарсан "Нэг өдрийн хаан", "Бусдын чадаагүйг чи чад" гэх зэрэг дуунууд байна. Өөртөө хүч өгсөн. Эргээд энэ дуунуудаа сонсохоор тэр үеийн байдал мэдрэгддэг.
Нийгмийн тодорхой төлөөллөөр дүр бүтээж, түүнийгээ шүүмжилж дуулсан дуунууд ч бас байна. "Сахилга сул", "Ээ дээ энэ эрчүүд үү" гэх мэтчилэн. Гэхдээ янз бүр шүү дээ.
Ерөнхийдөө би бол сайн хүн биш. Би өөрийгөө муу зүйл хийдэггүй муу хүн гэж боддог. Өөрийгөө муу хүнээр дүрсэлж байна гэдэг чинь тухайн нийгмийн байдлыг л шүүмжилж байгаа нэг хэлбэр юм даа.
-Rokit Bay их нууцлаг хүн юм. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ч барагтай л бол ярилцлага өгдөггүй. Юунаас ингэтлээ нуугдаад байна?
-Нуугдах нь ч юу юм бэ /инээв/. Нэг талаас жаахан хэцүү. Манай сэтгүүлчид ярилцлага авахаараа бүгд яг л нэг юмаа асуудаг. Тэгэхээр нэг юмаа дахин дахин давтаж яриад л.
Энэ чинь уйтгартай шүү дээ. Дээрээс нь хүний яриаг гуйвуулаад биччихнэ, эсвэл санаандгүй хэлсэн ганц үгийг өлгөөд авчихна. Нэлээд хэдэн удаа тийм зүйл давтагдсан. Тийм болохоор ярилцлага өгөх тийм ч дуртай биш.
-Шар хэвлэл, сайтууд уран бүтээлчдийн тухай сонссон зүйлээ л баримтгүйгээр биччихдэг. Тэр нь уншигчдыг илүү татдаг байх. Харин таны хувьд энэ шар хэвлэлийнхэнд хэр их гүтгүүлж байв?
-Би ер нь нэг их ач холбогдол өгдөггүй юм даа. Бичсэн л байдаг юм. Дөжирч байх шиг байна. Сүүлд гэхэд л жүжигчин Гэрэлцэцэгтэй намайг холбоод л биччихсэн байсан. Огт үндэслэлгүй зүйлийг шүү.
Тэр хүнийг эвгүй байдалд орж байгаа байх даа гээд л би өмнөөс нь санаа зовж байгаа байхгүй юу. Тэр хүн гэр бүлтэй байвал яана. Уг нь тэр өдөр миний тоглолтон дээр ганц удаа зураг авахуулаад л өнгөрсөн юм. Би таних ч үгүй. Ямар зургаа авахуулахгүй гэлтэй нь биш.
-Rokit Вау-д "оддын өвчин"-өөр өвчилж явсан үе байв уу?
-Байхгүй. Надад өөрийгөө од гэж бодож явсан удаа байхгүй.
-Тэгвэл өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэж бодож байв уу?
-Би багаасаа өөрийгөө онцгой хүн гэж боддог байсан. Хүүхэд байхаасаа л өөрийгөө ямар нэгэн онцгой зүйл хийх ёстой юм шигээр боддог байсан юм. Хүн бүр цор ганц. Тийм учраас өөр өөрийнхөөрөө онцгой шүү дээ.
-Залуу хүн гэхэд их хөдөлмөрч, олон ажлыг зэрэг амжуулдаг бололтой. Цомгуудынхаа дизайныг өөрөө гаргадаг, шаардлагатай бол дуунуудынхаа хөгжмийн найруулгыг ч хийдэг гэх юм?
-Яахав цомгийнхоо дизайн, санааг гаргана. Дууны хувьд үг, аяа өөрөө бичнэ. Клипний хувьд ч өөрийн санааг аль болох тусгахыг боддог Тэгж байж л өөрийнхөө санаанд хүрсэн зүйлийг гаргах юм шиг санагдаад байдаг юм. Өөр хүн чадахгүй бол өөрөө хийнэ гэж л боддог хүн дээ.
-АНУ-д таван жил суралцаад эх орондоо ирсэн. Гадаадад боловсрол эзэмшсэн хүний нүдээр харахад манай хотын хөгжил, залуусын хотын соёл ямар түвшинд харагддаг бол?
-Хотын соёл гээч зүйл хүмүүсийн хоорондын харьцаа, хувь хүний ухамсар зэрэг энгийн, жижиг зүйлүүдээс л эхэлнэ гэж боддог. Наад зах нь хогоо хогийн саванд хаячих сэтгэл хэрэгтэй байгаа юм.
-Хүний нутагт ганцаараа амьдарч байхдаа юуг хамгийн их ойлгож байв?
-Эх орондоо биш учраас хүссэн зүйлээ хийх боломж хомс. Тиймээс өөрийн хүсээгүй зүйлийг хийнэ. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Тэгж байж л амьдарна шүү дээ.
Эх орноо их л санадаг юм байна лээ. Хэчнээн тухтай байлаа ч гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрдөггүй юм. Гадаадад амьдардаг олон залуус тийм л мэдрэмжтэй байдаг байх.
-Уг нь бол их олон залуус гадаадад сургуулиа төгсчихөөд эх орондоо ихийг хийж бүтээнэ гэсэн дэврүүн хүсэлтэй ирдэг шүү дээ. Гэтэл энд ирэхэд нь байдал эсрэгээр угтдаг?
-Хэчнээн дэврүүн байлаа гээд манай монголын систем өөрөө хүнийг нухчин дарах чадалтай шүү дээ. Ялангуяа америкт байсан хүн монголд ирэхэд анх бодож ирсэн сэтгэгдэл нь орвонгоороо эргэнэ дээ.
-Анх хип хоп урлагт танигдаж эхэлсэн үеэ дурсъя. Анх "Nevalast" нэрээp хип хоп сонирхогчдод танигдаж эхэлсэн байдаг?
-Энэ чинь миний "Асуулт" форумын нэр. Энэ нэрээрээ тэр "Асуулт" гээд тэмцээнд орж байлаа. Тэгэхэд л бараг анх сүүл, толгой холбож үзсэн дээ.
-Ер нь яагаад заавал хип хоп урсгалыг сонгож уран бүтээл хийх болсон юм бэ?
-Би дуучин биш. Багаасаа л хип хоп сонсдог байсан минь нөлөөлсөн байх. Гэртээ байнга л хөгжим тавиад, тэрийгээ дагаж үглэдэг хүүхэд байсан. Тийм ч учраас энэ урсгалдаа дуртай, хайртай. Миний сэтгэлгээтэй үелзэл нь таардаг урсгал юм даа.
-Хамгийн анх хоолойны бичлэгт ороод ямар сэтгэгдэлтэй үлдэж байв. Ихэнх уран бүтээл чид өөрийнхөө хоолойг сонсоод ичсэн ч гэж ярьдаг?
-Яриад бичлэг хийхээр тэнэг сонсогддог юм байна лээ /инээв/. Харин дуулж бичихэд бол өөрийгөө гайхашруулж ч болох. Дуулахад хүний дотроос тодорхой хэмжээний сэтгэл хөдлөл гарч, түүнийг нь тухайн мөчид бичиж авч чаддаг нь бас их сайхан.
Анх студи энэ тэрт очиж сүртэй бичүүлж байгаагүй ээ. Гэртээ хувцасны шүүгээндээ сууж байгаад л компьютер дээрээ бичиж байлаа /инээв/. Яг үнэнээ хэлэхэд анхныхаа бичлэгийн үеэр үнэхээр яах ч учраа олоогүй.
Ямар стилиэр яаж дуулахаа мэдэхгүй. Дууны үг бол ойлгомжтой хурц байсан. Гэхдээ өөрийн арга барилаа олоогүй байлаа. Их л сонин сэтгэгдэл төрж байсан санагдана.
-2009 онд АНУ-д байхдаа "Маргаашгүй" МУСК-нд сэтгэлийн тэнхээгээр өөрт тохиолдсон бүх бэрхшээлийг даван гарч байгаа залуугийн дүрд тоглосон. Бодит амьдрап дээр Rokit Bay хэр сэтгэлийн тэнхээтэй хүн бэ?
-Миний эргэн тойронд маш олон сэтгэлийн тэнхээтэй хүмүүс хүрээлж байдаг. Миний гэр бүлийнхэн, ялангуяа эмээ маань маш их сэтгэлийн хаттай хүн. Тэр хүмүүсээсээ үлгэр жишээ авч, суралцаад л амьдарч байна дээ.
Багадаа ч тэднийгээ ямар хүнд үеийг тэсч өдийг хүрсэн юм бэ гэдгийг ойлгодоггүй байж. Одоо бол зах зухаас нь ойлгож л байна. Хүнийг харанхуй ангалаас аварч чаддаг асар их хүч юм даа.
-Богино болоод бүрэн хэмжээний хэд хэдэн уран бүтээлд ажиллалаа. Сүүлд "Зоорь" МУСК-ны дууг бас өөрөө зохиож дуулсан байсан. Ер нь кино урлаг руу татагдаад байнаа даа?
-Би өөрөө кино урлагт дуртай. Хөгжим сонирхдог шигээ л хүүхэд байхаасаа кинонд хоббитой байлаа. Зүгээр нэг үздэг биш их ухаж үздэг байсан. Бараг шүүмж талаас нь хардаг.
Өөрөө ч чанартай дэлгэцийн уран бүтээл хийх хүсэлтэй. Гэхдээ одоохондоо жүжиглэх чадвараа жаахан ахиулчих гээд туршлага хуримтлуулаад л явж байна. "Эцсийн зогсоол Э цэг" кинонд өөрийнхөө чадах бүх зүйлийг л гаргалаа. Цааш цаашдаа туршлагажаад ирэхээрээ өөрийн гэсэн уран бүтээл хийх сонирхолтой байгаа.
-Сүүлийн үед Rokit Bay жүжигчин, дуучин, бизнесмэн гээд их олон статустай болж. Ингэхэд хувь хүн О.Баярсайхан гэж яг хэн юм бэ?
-Би бол реппер. Түүнээс учиргүй мундаг бизнес хийгээд яваа юм байхгүй. Дуучин ч биш.
-Бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжлээ өөрийн уран бүтээлээ олон нийтэд хүргэх тал дээр ашиглаж байна уу?
-Хүнд хэзээ ч мэдлэг илүүдэхгүй. Тодорхой хэмжээгээр хэрэглэгдэж л байгаа байх.
-Урлагаас хэзээ нэг өдөр хөндийрөх болов уу. Урлагт нэг л татагдсан бол тэр чигтээ шунан дурладаг гэдэг юм билээ?
-Нэгэнт л шийдээд энэ замыг сонгосноос хойш өврөө орхино гэж байхгүй. Үхэн үхтлээ л урлагаар амьдарна. Гэхдээ реппэр гэдэг утгаараа биш шүү дээ. Яваандаа продьюсерын ажил хийх, кино урлаг руу орохыг ч үгүйсгэх аргагүй.
-Шинэ уран бүтээлүүд хэзээнээс сонсогчдод хүрч эхлэх вэ. Хувийн уран бүтээлээ хэсэг хойш тавилаа. Харин саяхан тантай холбогдоход клипний зураг авалттай явж байна гэж байсан?
-Тэр үед "Эцсийн зогсоол Э цэг" киноны дууны клипний зураг авалттай явж байсан. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох байх. Миний өөрийн шинэ цомгийн ажил эхэлчихсэн явж байна.
Цомгийн голлох шинэхэн дуугаа бэлэн болгочихсон. Удахгүй клип нь хийгдэнэ. Мен "Nine magic" гэж студи байгуулаад богино хэмжээний кинон дээр ажиллаж байна.
-"Nine magic" студийг хэзээ байгуулаа вэ. Үйл ажиллагааныхаа тухай ярихгүй юу?
-Өмнө нь миний "Эвдэрхий хүн" дууны клипийг хийсэн "Нигун" гэж студи байсан. Энэ студийнхэн, манай хамт олон нэгдээд "Nine magic" студийг байгууллаа. Бидний гол зорилго бол чанартай уран бүтээл хийх. Энэ студийн гол үйл ажиллагаа дэлгэцийн уран бүтээл.
-Бие даасан тоглолт төлөвлөгдөж байна уу?
-Тоглолт арай болоогүй. Цомог гарсны дараа гээд бодохоор ирэх онд л тоглолт хийх байх. Яг тодорхой цаг хугацаа заагаад хэлчихээр худлаа болчих гээд байдаг юм. Юутай ч нэг их удахгүй шинэ цомог гарна. Угаасаа шинэ цомог гаргах хугацаа ч болчихож.
А.Халиун
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Rockit Bay миний хамгийн дуртай артист!!! Улам цааш нь үргэлжлүүлээрэй.
yostoi durtai repper amjilt
"Эцсийн зогсоол Э цэг" Хэн нэгэн таньдаг хүн шиг сэтгэлд хоногшсон дүр үлдээх кино ховордсон үед чи тийм дүр үлдээсэн,мундаг