sonin.mn

(Эсээ-нийтлэл)

Газар дээр хамгийн зовж, зүдэрч амь зуудаг амьтныг нэрлэ гэвэл би тарвага гэж хэлнэ. Хавар газар гэсэж ичээнээсээ гармагц л хавх зүүх, урхи тавих, буудах, нохойгоор бариулах, мориор хөөж цохих, ус тавих, утаж малтах зэрэг есөн шидийн арга хэрэглэж тарвагатай дайн зарлаж эхэлдэг. Намайг бага байхад “Хулгар шарыг эр хүний ганзаганд эрүүгээрээ зүүлгэж, замынх нь гүнцэг болж байх тангарагтай амьтан гэдэг шүү” гэж ярьцгаадаг байсан юм.

Тарвага харсан хүн махы нь идэх юмсан. Эс бөгөөс арьсыг нь авч дамлахсан гэж хорхойсно. Ийм шунал хөөрхийсийг гайтуулж, зовлонгийнх нь үүдийг нээдэг байна. Монголчуудыг олон зуун жил тэжээсээр ирсэн ачтан юмсан. Эзэн хаанаас эхлээд эгэл боргил ард тарвагаар амиа зогоож ирснийг түүхийн ном судруудад тэмдэглэсэн байдаг.

Дээр үед монгол оронд тарвага айлын хотны захаас л бужигналдаж эхэлдэг байлаа. 1860-аад оныг хүртэл тарвагыг олноор нь алж арьсыг нь худалдан авч байсан баримтгүй боловч хятадын доншуур наймаачид, пүүсүүд авдаг байжээ. 1880 онд германы Лейпциг хотод арьсыг будаж, минж булгатай төстэй болгосноор зах зээлд хямд үнэтэй байсан тарваганы арьсны үнэ эрс өссөн байна.

Оросын эзэн хааны ордны зөвлөх буриад Петр Бадмаевын 1893 оны хоёрдугаар сарын 13-наар огноолж III Петр Александарович хаанд бичсэн нэгэн зурваст “Монголчуудын бараг цорын ганц аж үйлдвэрийг бүрдүүлдэг тарвага нь тэндээ маш их бөгөөд арьсаар нь илэг, өөхөөр нь тос хийдэг. Тарваган тос өнөө үед маш их хэрэгтэй байгаа ба энэ нь Эрхүүгээс төмөр зам тавихад бүр өсөх нь ойлгомжтой.

Илэг, тосыг хийхийн тулд Монголын хил дээр үйлдвэр байгуулж болох юм” гэж бий. 1910 онд 4 сая, 1922-1931 онд 16 сая орчим арьсыг хил нэвтрүүлж байжээ. 1946-1955 онд жилд дундажаар 2.3 сая арьс бэлтгэдэг байжээ. Энэ үед тарвага шороо шиг олон байсан. Үнийн хувьд 1880 онд 3-5 мөнгө, 1927 онд 3 рубль 40 копейк, 1980 онд ОХУ-ын хар зах дээр 3-4 доллар, 1980-1998 онуудад 10 доллар болтлоо өсчээ. (Д.Ядамцоо “Уугуул нутаг, удам судар 2011 он номын 53-54 тал)

Богд хаант засгийн газрын үед 1910 онд Монгол Улсжилд дундажаар 3.2 сая ширхэг тарваганы арьс бэлтгэж байв. Олноо өргөгдсөн Богд хаант монгол улсын 1911 онд нэг сая гаруй тарваганы арьс Оросоор дамжин Герман улсад боловсруулагдаж байсан сонирхолтой мэдээг Монголын эрдэмтэн Ч.Сэрээтэр 1982 онд хэвлүүлсэн “БНМАУ ба социалист орнуудын эдийн засгийн түүх” хэмээх бүтээлдээ дурдсан байдаг. Энэ баримтаас үзвэл монголчууд жилд 3.5 сая орчим тарвага агнаж, гуравны нэгийг нь гадагш гаргаж, үлдэхийг амин зуулгадаа хэрэглэж “сүргийн” эргэлтийг нь зохицуулж иржээ.

Миний мэдэхээс манай нутагт мал, хөрөнгө муутай ядуу айл өрх тарвагаар өл хоолоо залгуулж “алахын нүгэлтэн” гэж ад үзэгдэх явдал байв. Жишээ дурдсан ч болно. Чулуун “өндөр ах” гэж хөгшин байлаа. Хавар ханш нээж чийгийн амьтад нүхнээс гарах үеэс эхпэн намар ичээний амьтад далд орох хүртэл тарвага агнадаг байсан. Ер нь ч тэгээд тарваганы хамраас цус гаргаагүй эрчүүд ч ховор доо.

Чулуун өндөр ахыг ад үзэж, муу хэлэх мөртлөө махассан нөхөд ичих ч үгүй гэрт нь явж очоод гэдсээ тийртэл амаа олохгүй тарваганы мах идэж аваад морддогсон. Би ч гэсэн бас тэдний нэг билээ. Манай нутагт нэг үе тарвага шороо шиг байлаа.

Хурдан өсөж үрждэг болохоор нь шороо шиг гэж зүйрлэж ярьдагсан. Тарвага агнаж, тарвагаар амь зуудаг хүмүүс мөндөл, хөхүүл (нагай) агнахгүй. Хавханд орчихсон байвал тавьчихна. Агнасан хүнийг толгойг нь эргэтэл зэмлэнэ. Үржлийн сурвалж үүсвэр гэж үздэгээс тэр. Чулуун өндөр ахад нэг нүхнээс ганцаас илүүг авч болохгүй гэсэн нэг зарчим байдагсан.

Алсыг бодсон том ухаан шүү. Ийм байхад тарвага өсөж үржилгүй яахав. Би гурван жилийн өмнө өсөж төрсөн зуслан, намаржаагаараа явж үзэв. Бага байхад өглөө босоод харахад хотны захаас эхпэн бужигнаж, хошгирч шуугижбайдагньхаачив аа? Хавханд орчихоод чарлахад хаяанд унтаж хэвтсэн ноход чимээнээр нь сэрж давхилдан явдаг нь ч алга. Барагдахгүй юм шиг боддог байсан минь ташаа байжээ.

Хөөрхийст зориулж хөшөө босгосныг илүүд үзэж адпах юм. Яадаг юм. Хөшөө босгоо л биз. Гурван голын савд бага балчирт нь эзэн Чингисийн минь гэр орныхныг тэжээж байсныг бодсон ч, гадаадад сурч байсан оюутнуудыг минь арьсаараа тэтгэн тэжээж ирсэн гавьяаг нь ч, олон зууны туршид ард түмэнд минь өлзийгөө өгч, буян хишигээ хайрлаж ирснийг дурсаж суухад юу нь болохгүй гэж...

Аптай, хангайгүй тарвага ихэд цөөрчээ. Газрын тосноос дутуугүй үнэт баялаг юмсан. Манайхны хэт шуналаасэнэ амьтны нэр түүхийн хуудсанд бичигдэж үлдэх цаг ойртсон бус уу. Зах зээлийн нийгэм яасан ч халгаатай юм бэ. Хууль гаргаад агнахыг Хориглочихоод байхад үржиж олширсон янз мэдэгдэхгүй л байх юм.

2005 онд тарвага агнахыг хориглосон. 2000-2004 онуудад ган, зуд, хэт агналт, хүний болон байгалийн таагүй хандлагаас шалтгаалан тарваганы тоо толгой эрс хорогдсныг судлаачид тогтоожээ.

Энэ жилүүдэд намар ичсэн тарвага дараа жилийн хавар нүхнээсээ гараагүй бүгд нүхэндээ хөлдөж үхсэн гэж ихэнх нутгийн ардууд харамсан үгүүлдэг. Үүнээсхойш 10 шахам жилд үржиж өссөн гэх мэдээ байгаа хэдий ч бидний нүдэнд олигтой өсөж олширсон нь үзэгдэж харагдахгүй, ховор хомс хэвээр байна.

ОХУ-д 1997 онд тарваганы элдсэн арьс 175244 ширхэг, тарваган дээл 831 ширхэг, тарваган малгай 6764 ширхэг, тарваган дээлийг 2005 онд 601, 2006 онд 485, 2007 онд 322, 2008 онд 35, 2009 онд 25 ширхэгийг гаргасан гаалийн мэдээ бий.

Хятадад 1997 онд боловсруулсан арьс 7570 ширхэгийг гаргасан гэсэн оог цоог мэдээ байлаа ч гаалиас гадуур хувь хүмүүсийн нууж гаргасан, дотоодын зах зээлд хэд хэчнээнийг борлуулж байсан тарваганы арьсны тоо мэдээ хараахан олдохгүй байна. Энэ бол хувь хүмүүс тарваганы арьсны бизнесийг хөгжүүлж, жилд хичнээн тарвага агнаж буй тоо хэмжээ бүртгэгдэхгүй, нууц байдалд орсны илрэл билээ.

Монголын хил, гааль дээр нууцаар хэдэн зуу, мянгаараа илэрч байсан баримтыг энд дэлгэж тоочихын хэрэггүй биз ээ. Бага байхад “Газар доорхи гүзээтэй шар тос. Тэр юу вэ? гэж тарвагыг оньсого болгон таалгадагсан. Одоо тэгвэл оньсогоор таалгах байтугай, газрын хөрснөөс ор мөргүй арчигдаж, улаан номын хуудсанд нэр нь дурдагдахад ойртсоноос тарвагаа аварцагаая гэсэн эмзэглэл дотроос хатгаад болдоггүй.

Би одоо судлаач багш Т.Лхагвагийн судалгаанаас бодит гэсэн ганц тоо дурдая. Т. Лхагва “1970 онд улсын бэлтгэлээр агнасан тарваганы тоог нэг сая хоёр зуун хорин хоёр мянга зургаан зуу (1,222,600)” гэжээ. Тэгвэл үүн дээр арьсны үнэ нэмэгдэж ангуучдын хорхойг хөдөлгөснөөс өгүүтгэгдсэн тарваганы тоог нэмбэл жилд бараг хоёр сая (2.000,000)-д хүрнэ.

Энд бид 1970-1990 он хүртлэх 20 жилийн агналтыг тооцож болох. 1990 оноос хойш тоо мэдээг нь бүртгэхээ байжээ. 1990 оноос өмнөх үеийн агналт нь экологийн тэнцвэр хадгалагдах хэмжээнд байсан бол үүнээс хойш зах зээлийн нэрэнд дулдуйдагдаж гай тарьдагаараа гадаадынхныг эртнээс айлгаж, газар дээр хэдхэн тоотой үлдсэн хулгар шарууд минь хулгайн ангуучдын онь хараанд өртөж, хурдан бууны бай идэш болж хэлмэгдэв.

Ийнхүү харсаар атал өсөн үржиж байсан монголчуудын амин зуулгын нэгэн эх үүсвэр бидний нүдний өмнө түгшүүрийн харанга цохиж эхэлсэн. Гэтэл одоо нөхөн төлждөггүй уул уурхайн баялагаас ашиг хүртэх гэж дотор талаа шуналын хорхойд маажуулаад малын бэлчээрээ сүйтгүүлж амьдралын бас нэг эх үүсвэр болох мал аж ахуйгаа гаргуунд гаргах гэж байгааг юу гэж үзэх вэ?

Монголчууд бид түр зуурын бэл болох хэдхэн ногоон дойлуурт хууртаж, бэлчээр нутгаа сүйтгүүлж амин зуулгынхаа бас нэг эх үүсвэр болох мал сүргээсээ хагацахад дөхөж буйг төрийн түшээд минь ухаараач гэхдээ энэхүү тарвага хэмээх эсээ-нийтлэлийг тэрлэв.

Зохиолч, яруу найрагч Чойндонгийн Онгоодой