sonin.mn
2016 оны улсын төсөв болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа. 
 
-2015 оны төсвийн тодотголыг УИХ-аар баталлаа. Харамсалтай нь тодотгол гэсэн шошго наасан төдий л өөрчлөлт хийгдлээ гэх шүүмжлэл байгаа юм. Та сүүлийн үед төсвийн тодотгол болон төсвийн төслүүдэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, 2016 оны төсвийн төслийг хэр үр дүнтэй өөрчлөлт хийсэн гэж харж байна вэ? 
 
-Үнэхээр таны хэлсэнчлэн тодотгол хийсэн гэсэн шошго л хадаж өглөө. 900 тэрбумаар алдагдлыг буурууллаа гэж хэлж байгаа ч бодит хэмнэлт хийгдээгүй. Монгол Улс жил бүхэн төсвөө алдагдалтай баталж ирсэн. Энэ нь эргээд эдийн засагт асар их хор нөлөө учруулж байна. Өнөөдрийн их өр үүсч байгаа шалтгаан нь төсвийн алдагдал. Эдийн засгийг туйлдуулж байгааг та бид бүгд мэднэ.
 
Намын бүлэг төсөвтэй холбоотой дүгнэлтээ гаргаад Төсвийн байнгын хороонд өгчихсөн. Төсвийн байнгын хороо хуралдана гэж хоёр өдрийн ажил уялаа. Арайхийн шөнө дөлөөр хуралдаж байж асуудлаа хэлэлцлээ. Дахиад ямар асуудал маргаан дагуулах нь чуулганаар орж ирэхэд тодорхой болох байх. Энэ янзаар бол олигтой төсөв болохгүй нь гэж харж байгаа. Цаашдаа ч тодотгол хийхгүй гэсэн баталгаа алга. Улам бүр л өр нэмэгдэж байна шүү дээ.
 
Ер нь цалин хасах тухай асуудал байж болохгүй юм. Харин ч нэмэх ёстой. Засгийн газар 2012 онд мөрийн хөтөлбөрөө батлахдаа инфляцийн төвшинтэй уялдуулж жил болгон нэмэгдүүлнэ гэсэн. Тэр зорилтоо огтхон ч биелүүлэхгүй байгаа. 2012 онд цалин тэтгэвэр 200 хувиас дээш хувиар нэмэгдэж байсан. 2013 оноос хойш дөнгөж наймхан хувиар нэмэгдэж байна шүү дээ.
 
-Иргэдийн худалдан авах чадвар буурчихсан. Эдийн засаг өнөөдөр хэвтрийн өвчтөн шиг л амь тариагаар өдөр хоногийг өнгөрөөж байна гэж хэлэх гээд байна уу, та? 
 
-Ердөө л үнэн байдал тийм байна. Хар ухаанаар хэлвэл, сүүлийн гурван жилд хүмүүсийн худалдан авах чадвар цалин тэтгэвэртэй уялдуулахад 30 гаруй хувиар буурчихлаа. Цалин нэмэгдсэн ч эсрэгээрээ 30 гаруй хувиар буурлаа гэсэн тооцоог хийж болно. Цалин тэтгэврийг ирэх онд нэмэхгүй гэж эрх баригчид хэлж байгаа. Бид нэмэх ёстой гэж шүүмжилдэг.
 
Энэ байр суурьнаасаа ч ухрахгүй. Цалин нэмэхгүй гэсэн асуудлаас болоод гурван талт маргаан үүсчихлээ. Энэ бол ноцтой асуудал. Ганц төрийн албан хаагч ч биш нийт хүн амын дундах худалдан авах чадвар буурчихлаа. Малчдын орлого буурсан. Тэд цалин авахгүй ч 200 мянга байсан хонь нь 50 мянган төгрөг болчихсон гэдэг нь худалдан авах чадвар тэр хэмжээгээр буурна л гэсэн үг.
 
Оюутнуудын төлбөр 40 гаруй хувиар өссөн байхад мах, мал өсөхгүй байгаа нь үнэн. Хуучин нэг үхрээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихдөг байсан бол өнөөдөр таван үхрээр төлбөр хийж байгаа нь эрүүл төсвийн үр дүн биш шүү дээ. Бизнес эрхлэгчдийн орлого буурсан судалгааг бид хийсэн. Жилд 12 удаа эргэлт хийдэг байсан бол өнөөдөр 1-2 удаа л гаднаас бараа татаж байна гэж тэд ярьдаг.
 
Том бизнесүүд үндсэндээ зогсонги байдалд орлоо. Зээлээр хөдөлж байсан ч банк зээл гаргахаа больсон учраас ажлаа явуулах боломжгүйд хүрч байгаа талаар тэд ярьж байна. Монголын бүх мөнгийг Засгийн газар дотоодын бонд гаргаж худалдаж авчихаад хувийн хэвшилд очих ёстой мөнгө Засгийн газрын зээл болчихоод байна шүү дээ. Төр мөнгөгүй болсон.
 
Хүнээ ярьвал цусны эргэлт нь нэг газар бөглөрчихөөд Монгол Улсын эдийн засаг цус харвахад бэлэн болсон гэсэн үг. Цус харвалтын шалтгаан нь 2012 онд төрийг хүлээж авсан эрх баригч нам, тэдний байгуулсан Засгийн газрын хийсэн эдийн засгийн том бодлогын алдаа. 
 
-Цус харвалтаас сэргийлэх гарцаа л хамтдаа эрэх гэж та бүхэн хамтарсан. Гарах гарц нь таныхаар тэгвэл юу байна вэ? 
 
-2012 онд Засгийн газраа байгуулахад нь бид анхааруулсан. Та нар эдийн засгийн том бодлогын алдаа явуулж байна гэж хэлсэн. Наад зах нь ганцхан төсөвтэй байя гэж сануулсан. Гэтэл улсын төсвөөс гадуур Хөгжлийн банк гэх мэтээр дөрөв, таван төсөвтэй болчихсон. Улсын төсөв, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт төсвийн гаднах төсвүүд олон байна.
 
Ганцхан улсын төсвөө УИХ-аар батлуулдаг ч цаана нь байгаа эдгээр төсвүүдийг эрх баригчид дур мэдэж зарцуулсан нь үнэн. Үр дүнгүй юманд зарцуулсан нь бас үнэн. Н.Алтанхуягийн Засгийн газраас 4-5 дахин илүү мөнгө зарцуулсан. Миний тооцоогоор 13 их наяд төгрөгийг зарцуулсан байгаа юм. Долоон их наяд нь улсын төсөв. Үлдэж байгаа зургаан их наяд нь дээрх нь том том бонд, хөтөлбөр, банкны шугамаар зарцуулагдлаа. Дэлхий нийтийн жишиг байдаг юм. Тодруулбал, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байхад эдийн засаг ерөөсөө өсдөггүй юм. Аль ч улсад тийм л байдаг.
 
Хамгийн чухал нь улс төрийн тогтвортой байдал байдаг. Төрөө тогтворжуулна гэж биднийг урьсан. Бид албан тушаал, том ордын наймаанд биш ард түмний төлөө ажиллах гэж орсон. Гэхдээ биднийг хөөгөөд явуулсан хүмүүс чинь тэд өөрсдөө. Цаашдаа улс төр тогтвортой болно гэдэг юу л бол. Биднийг хамтарч байхад ам.долларын ханш 170 орчим төгрөгөөр буурсан. Одоо эргээд нэмэгдчихлээ. 
 
-Өнгөрсөн долоо хоногт чуулган төсвийг хэлэлцэх байсан ч чадсангүй. Ямар шалтгаан байна вэ. Улс төрд өрнөөд байгаа нөхцөл байдал уу, эсвэл...? 
 
-Чуулган пүрэв гарагт Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцээд явах байсан ч харамсалтай нь амжаагүй. Үргэлжлүүлэн 2016 оны төсвийн төслийг хэлэлцэх байсан ч бас л амжаагүй. Төсвийн байнгын хороо хуралдаж чадахгүйгээс асуудал хойшилсон шүү дээ.
 
Хуулийн хугацаа нь энэ сарын 15-аар дуусна. Бодвол хоёрдугаар хэлэлцүүлэгт жаахан анхаараад гурав, дөрвөө бөөндөөд явуулчихна гэсэн бодолтой байгаа байлгүй дээ. Энэ долоо хоногт чуулган хуралдах өдөр бүх нийтийн амралтын өдөр таарч байна. Юу болоод байгаа юм, энэ улстөрчид. Гацааж байгаа улс төрийн хүчин энэ асуултад их тодорхой хариулах байх. 
 
-Төсвийг буцааж татна гээд татаагүй, шууд ганц нэг жижиг өөрчлөлтийг хийгээд явчихсан юм биш үү? 
 
-Тэгсэн. Татна гэж байгаад татаагүй. Уг нь байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусгаад оруулж ирэх байсан ч тэгсэнгүй. Байнгын хороогоор баахан санал гарсан, ажлын хэсэгт намын бүлгүүд баахан санал өгсөн. Тэр асуудлаасаа болж баахан маргалдаж хоёр өдрийг алдах шиг боллоо. Би Төсвийн байнгын хорооны гишүүн биш учраас юу болсныг мэдсэнгүй. 
 
-2016 оны төсвийн төслөөс бүх шинэ бүтээн байгуулалтын мөнгийг хассан. Тухайлбал, танай тойрогт ямар ажлууд хийгдэх байсан бол? 
 
-2016 онд мөнгө байхгүй. Тэгэхээр юуных нь бүтээн байгуулалт байх вэ. Санаа байвч сачий хүрэхгүй. Намайг анх 2008 онд УИХ-д орж ирж байхад гадны хөрөнгө оруулалт 800 орчим сая төгрөг байсан. Манай нам тэр үед дангаараа засаг бүрдүүлж болох л байсан. Гэхдээ бид тогтвортой байдлыг чухалчлах ёстой гэж үзээд хамтарч засаг байгуулж байлаа.
 
Хамтарч байсны үр дүнд бид нэг хувьд байсан эдийн засгийг 17 хувьд хүргэсэн. Улс төр тогтвортой байсны бодит үр дүн энэ. Тэр үед та санаж байгаа бол дэлхий дахинд эдийн засгийн хямрал бий болчихсон байсан үе. Тэр жил хөрөнгө оруулалт бас өссөн. 800 сая байсан хөрөнгө оруулалт 5.6 тэрбум ам.доллар хүртэл өссөн. Гаднаас хөрөнгө оруулалт орж ирснээр иргэдийн амьдралд өөрчлөлт гарсан юм.
 
Цалин тэтгэвэр хоёр дахин нэмэгдсэн. Тэр жилүүдэд асар их бүтээн байгуулалтууд хийгдсэн. Шинэ сургууль, цэцэрлэг барьсан. Эх орны хишиг, хүүхдийн мөнгө гэж өгч байлаа. Оюутны төлбөр гэж төлсөн. Амьдралд нь өөрчлөлт хийх гэж бид оролдож байсан ч 2012 оноос хойш улс төрийн байдал дахиад л тогтворгүй болж эхэлсэн. Олонхиор дарамталж шийдэж байгаа энэ үед дандаа л буруу шийдвэр гардаг.
 
Дарамтын үр дүнд ирэх жил шинэ барилга барихгүй, хуучин барилгаа дуусахгүй гээд сууж байна. Гадаад нэр хүндийн талаар ярих ч юм биш. 5.6 тэрбум байсан гадны хөрөнгө оруулалт хасах 74 сая болж, хөрөнгө оруулалт 60 дахин буурсан байгаа. Хөрөнгө оруулагчид бүгд зугтаад гарчихсан. Төсөв жил тутам нэг их наядаар нэмэгдэж явсан. Амьдрал сайжрахгүй ээ. 2016, 2017 онд том бүтээн байгуулалт хийх мөнгө байхгүй.
 
Нэг хоёр жилдээ амьдрал сайхан болохгүй. Дэлхийн олон улсын санхүүгийн байгууллага ч гэсэн тийм дүгнэлт өгчихсөн. 
 
-Гадаад өрийн талаар нэгдсэн тоог МАН-ын бүлэг гаргаад байсан? 
 
-Нийт өр 2012 онд ДНБ-ий 40 хувьд байсан. Одоо эрс нэмэгдэж 21 тэрбум ам.доллар буюу 40 тэрбум төгрөгт хүрчихсэн. Нэг хүн 13 сая төгрөгийн өртэй байна гэсэн үг. Ирэх жилийн төсөв 6.9 их наяд төгрөгийн орлоготой байгаа. Тэрний 50 орчим хувийг өрөндөө өгнө. Зээлийн хүүнд 962 тэрбум төгрөг төлнө. Үндсэн зээл нь 2.4 их наяд төгрөг. Нийлүүлэхээр 3.3 их наяд төгрөг болно оо доо. Энэ бол төсвийн тал хувь нь.
 
Тэгэхээр бүтээн байгуулалтын талаар бодох ч хэрэггүй. Албан хаагчдынхаа цалинг тавьж чадвал том амжилт болно. 2012 онд зээлийн үйлчилгээний төлбөр 37 тэрбум төгрөг байсан. 2016 онд 962 тэрбум болж нэмэгдлээ. Зээл бол асар их дарамт болж байна. 
 
-Шатахууны онцгой албан татвар болон гаалийн албан татварыг бөөний үнэд нэмсэн ч шатахууны үнэ удахгүй нэмэгдэх нь гэсэн яриа гараад байна? 
 
-Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан. Тиймээс манайд буурах ёстой. Гэтэл татварыг нь нэмж тэндээс мөнгө олно гэж яриад байх юм. 61 тэрбум төгрөг тэндээс авлаа гээд эргээд л ард түмний амьдралд дарамт болж очно. Татварыг нь хэвээр үлдээгээд харин ч жижиглэнгийн үнээ буулга гэж шаардах ёстой шүү дээ.
 
Н.Алтанхуягийнх нь ч тэр, Ч.Сайханбилэнгийн ч Засгийн газар татвар нэмэхгүй гэж хэлдэг ч байнга л татвараар оролдож байгаа. Биднийг шүүмжилж байна гэж хардаг. Бид бодит байдлыг л хэлдэг юм. 
 
-Мөнгөний бодлогод сөрөг хүчин яагаад шүүмжлэлтэй хандаад байна вэ. Харин ч эрүүл, хариуцлагатай байдлыг чухалчилсан бодлого оруулж ирээд байгаа юм биш үү? 
 
-Шүүмжлэх гол биш. Хамгийн гол нь төсөвтэй уялдахгүй байгаа юм. Сүүлийн хэдэн жил тийм явсан. Энэ жил арай өөр. Монголбанк зөв юм хэлж байгаа. Төсвийн алдагдлаа багасга гэж шаардсан. Орлого зарлагаа нэг их наядаар бууруул гэж дандаа хэлдэг ч Засгийн газар нь биелүүлдэггүй. Одоо бол бүр ч биелэхгүй. Төсвийг бүрдүүлдэг хэдэн аж ахуйн нэгж нь хямралд ороод хаалгаа барьж эхэллээ. Ямар орлогоороо тэд төсвийг бүрдүүлэх вэ дээ. 2015 оны төсвийн тодотголын гүйцэтгэл бас л худлаа зүйл гарч ирнэ. 
 
-Төсвөөс гадна Тавантолгой сүүлийн үед анхаарал татаж байна. УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулагдлаа. Та дэмжсэн гишүүдийн нэг. Ямар шалтгаанаар дэмжих болов? 
 
-Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэрвээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тухайн ордыг илрүүлсэн бол 51-ээс доошгүй хувийг нь төр эзэмших хуультай. Харин хувийн хөрөнгөөр тухайн ордыг илрүүлсэн бол 34 хүртэл хувийг төр эзэмших учиртай.
 
Тавантолгойн орд улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн орд учраас 51 хүртэл хувийг төр эзэмших юм. Х.Баттулга нарын гишүүдийн яриад байгаа тогтоолын төсөлд 1072 хувьцааг саналын эрхтэй болгох маш том санал санаачилга явж байна. Энэ бол маш зөв зүйтэй санал. Байгалийн баялгийн хуваарилалт шударга явах ёстой.
 
Байгалийн баялаг бол ард түмний өмч гэж байгаа шүү дээ. Тиймээс иргэд эндээс хувь хүртэх ёстой юм. Нэг хэсэг хувьцааны ногдол ашгийг өгч байсан ч одоо хаячихсан. Тавантолгой ашигтай ажиллаад ард иргэд 1072 хувьцаагаар дамжуулж ногдол ашиг авах ёстой.
 
Үүнийг нь би дэмжсэн. 51 хувийг төр эзэмшихдээ төр мөнгө гаргах болно. Гэхдээ мөнгө хаана байна вэ гэдэгт л хариулт олох ёстой гэж харж байгаа. 
 
-Х.Баттулга нарын гишүүд мөнгөн хэлбэрээр биш тоног төхөөрөмжийг лизингээр авах замаар шийдэх боломжтой гэсэн байна билээ? 
 
-Тэгж яриад байгаа юм. Байж болох боломжтой хувилбар. Тогтоолд нийцүүлж Засгийн газар цаашаа хөрөнгө оруулагчидтай ярилцах ёстой. 
 
-Тавантолгойг УИХ-аар хэлэлцэхээр оруулж ирсэн тохиолдолд сөрөг хүчин бүрэн дэмжих үү. Энэ талаар бүлэг дээрээ ярилцав уу? 
 
-Тогтоолыг өргөн барьсны дараа бүлгээрээ ярилцана. Хувь гишүүд бол дэмжиж байгаа. Бүлэг дээр ч дэмжинэ гэдэг байр сууриа хэлнэ. Хуульд нийцэж байгаа санал санаачилга. Иргэдийн хүсч байгаа зарчимд нийцсэн гэж хэлмээр байгаа юм.
 
Б.Өнөртогтох
Эх сурвалж:"Монголын мэдээ" сонин