sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч М.Тулгаттай ярилцлаа.

-Өөрийнхөө талаар товч танилцуулна уу?

-Би 1996 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль төгссөн. Хоёр жилийн дараа буюу 1998 онд Японы Киотогийн их сургуульд элсээд нийтдээ зургаан жил суралцаж эдийн засгийн бакалавр, дараа нь магистрын зэрэг авсан. Төгсөөд Японы “Софтбанк групп” гэдэг компанийн Санхүү, төлөвлөлтийн хэлтэст ажилд орж 5 жил орчим ажилласан.

 

Өндөр хөгжилтэй орны төлөвшсөн томоохон байгууллагад ажилд орсондоо урамшаад их зүйлийг мэдэж сурч авахыг хичээсэн дээ. Өнгөрсөн хугацааны хамгийн завгүй бөгөөд гэгээлэг мөчийн нэг тэнд байсан гэхэд болно.



-Дайчин давшингуй, өндөр зарчим үйлчилсэн орчин ахуй бүхий нийгэмд ажиллахад амаргүй байсан нь мэдээж. Бөөн хүч энерги тээсэн хүн эх орондоо ирээд ажлаа юунаас эхэлсэн бэ?

-Нээрэн их урам зориг дүүрэн хүн эх орондоо ирсэн шүү. 2010 онд буцаж ирээд цаг алдалгүй шуудхан хувийн компани байгуулж ажилласан. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хоёр хэлбэрээр тодорхойлж юуны өмнө Японы хөрөнгө оруулалт, бизнесийг Монголд оруулж ирэх зорилгоор консалтинг үйлчилгээ эрхлэх ажиллагааг эхлүүлсэн.

 

Үүнийхээ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Японы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газар буюу "ЖЕТРО" хэмээх байгууллагын Монголд дахь албан ёсны төлөөлөгч болсон. Манай үйл ажиллагааны хоёр дахь чиглэл нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал. Санаж сэдэж, зүтгэж байгаа болохоор бизнесийн маань үр дүн харагдаж л байна.

 

Үүнээс гадна салбарынх нь компанитай хамтарсан компани байгуулж, Японы өрөмдөлгийн машин, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Монголд зарж борлуулах үйл ажиллагааг эхлүүлсэн. Товчхондоо иймэрхүү бизнес эрхэлж байна даа. Үүнийхээ зэрэгцээ өнгөрөгч 11 дүгээр сард болсон орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж өрсөлдөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Улмаар ИТХ-ын дэд дарга, тэргүүлэгчээр сонгогдсон.



-Ажлаа юунаас эхэлж байна даа?

-Сонгуульт ажлаа хүлээж аваад хэдхэн хонож байна. Гэхдээ ажлууд шил шилээ даран хүлээж байгааг сонгогчдын итгэлийг хүлээсэн тэр мөчөөсөө л мэдэрч эхэлсэн. Өнөөдрийн тухайд бид ирэх оны төсвөө энэ сарын 20-ны дотор батлах ёстой.  Дүүргийн хэлтэс, харьяа байгууллагуудтай танилцах ёстой гээд нэлээд шахуу ажиллаж эхэллээ. Богино хугацаанд амжуулах гээд л ёстой л цаг наргүй зүтгэж байна даа.



 -Баянзүрх дүүрэг бол хамгийн олон хүн амтай дүүргийн нэг. Юуны түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэх вэ?

-Баянзүрх дүүргийн хувьд тулгамдсан асуудалд маш их байна. Нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал бол хүүхдийн цэцэрлэг. Сонгогчидтойгоо уулзаж явахад хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Дүүргийн хэмжээгээр гурван хүүхдийн хоёр нь цэцэрлэгт явж чадахгүй байна гээд боддоо. Хүүхдүүдийн нэг хэсэг нь хэн нэгэн насанд хүрсэн хүний хараа асаргаанд, зарим нь гэртээ цоожлогдоод үлддэг үзэгдэл түгээмэл болоод уджээ.

 

Баянзүрх дүүргийн 28 хорооноос цэцэрлэггүй хороо маш олон байгаа. Дүүргийн АН мөрийн хөтөлбөртөө бүх хороог цэцэрлэгтэй болгох зорилт тавьсан. Гэр хорооллын хүмүүст цэцэрлэгийн үйлчилгээ маш хол, хүрэлцээ ч муутай болохоор аргагүй шүү дээ. Ямар ч байсан бид энэ асуудлыг шийдвэрлэнэ. Энэ зорилтынхоо хүрээнд гэр цэцэрлэг бий болгох ажлыг нэн түрүүнд эхлүүлнэ.

 

Ер нь цаашилбал дүүргийн хэмжээнд хийх зүйл их байна. Замын хүндрэл бэрхшээл, хогны асуудлыг шийдвэрлэж, шуудан харилцааг нэвтрүүлэх зорилттой байна. Нөгөөтэйгүүр манай дүүрэгт сургуулийн хүрэлцээ маш муу, орчны гэрэлтүүлэг тааруу гээд засч залруулах ажил шил шилээ даран хүлээж байна даа. Мөн дүүргийн хэмжээгээр бүтээн байгуулалтын чиглэлээр хогны үйлдвэр ч юм уу, иймэрхүү томоохон төслөөс барьж авах нь зөв арга юм.

 

Заавал Засгийн. газар, нийслэлийг харахгүйгээр дүүргийнхээ хүчин чадал, нөөцийг ашиглах, гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татаж томоохон үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг барьж авч хэрэгжүүлэхээр бодож төлөвлөж байна.



-Баянзүрх дүүрэг бол хамгийн олон хүн амтай дүүрэг. Энэ хэрээр асуудал ихээр хуримтлагддаг байх. Иргэдийн амьжиргааны түвшинд хэрхэн анхаарах вэ?

-Баянзүрх дүүрэг маань хүн ам хамгийн ихтэй. Хөдөөнөөс шилжиж ирсэн хүмүүс ч олон. Тэд газар байхгүйгээс уулаар нэг тархан сууршсан байна. Энэ хүмүүсийн хувьд нийгмийн баталгаа гэх юм уу дэд бүтцийн байдал, инженерийн шугам сүлжээ юу ч байхгүй. Нэг ёсондоо хаягдсан. Гэр хорооллын иргэдийн амьдрах орчны асуудлыг шийдэх нь тэргүүн ээлжинд бодож хийх ёстой ажил юм


.
-Дүүргийн өмнөх дарга удирдлагуудын эхлүүлсэн ажлуудаас үргэлжүүлэх зүйл байна уу?

-Тодорхой хэмжээгээр хорооны байр барих, цэцэрлэгийн барилга барих гээд иймэрхүү бүтээн байгуулалтын чанартай хийж ирсэн зүйл бий. Үүнийг цааш цааш нь үргэлжлүүлж ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг сайжруулна. Гэхдээ өмнөх удирдлагуудын хувьд хөшөө дурсгалд их анхаарсныг хүмүүс мэднэ. Нохойн хөшөө, эвтэй дөрвөн амьтан гээд л. Бид харин иймэрхүү зүйл хийхгүй ээ. Маш өөр менежментээр дүүргийн удирдлагыг хэрэгжүүлнэ.



-Та бол эдийн засагч хүн. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна даа?

-Манай улсын эдийн засаг ялангуяа ашигт малтмал, уул уурхайн эрдэс баялагийнхаа нөөцөд тулгуурлаад өндөр өсөлттэй явж байгаа. Өнгөрсөн жил ДНБ-ий өсөлт 17 хувьд хүрч дэлхийд хоёрдугаарт орсон. 2013 онд Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орно. Үүнийг дагаад ДНБ-ий өсөлт 20 хувь давна гэсэн прогнозтой байгаа. 2012 оны тухайд гэвэл харьцангуй хүнд жил байсан шүү дээ.

 

Сонгуулийн жил гэдэг утгаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бизнес, эдийн засгийн хөдөлгөөнд хүлээлт үүссэн тал байгаа. Өөрөөр хэлбэл, засаг солигдохоос хамаарч харзнасан, ажигласан шинж байлаа. Дээр нь Хятадын эдийн засгийн өсөлт харьцангуй буурч, манай экспортын нүүрсний хэмжээ багассан. Дээр нь дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ хямдарсан.

 

Энэ үзэгдэл Монголын эдийн засагт ихээхэн нөлөөлж байна. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүний хувьд зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн арилжааг харахад ч ийм байгаа. Өрөмдлөгийн болоод уул уурхайн компаниудын байр байдпыг ажиглахад үйл ажиллагааных нь өсөлтийн хурд саарсан жил улирч байна. Харин ирэх жилээс шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа жигдэрч Оюу толгой ч бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлчихнэ.

Монголын эдийн засгийн маш өндөр хурдтай өсөлт үргэлжилнэ гэдэг миний бие бүрэн итгэлтэй байна.



-Орон нутагт санхүүгийн эрх олгоно гээд байгаа. Баянзүрх дүүргийн хөрөнгө санхүүгийн эх үүсвэр юу вэ?

-Би дүүргийн ажилтай одоо л танилцаж эхэлж байгаа хүн шүү дээ. Мэдэж байгаагаа л ярья. Нийтдээ 70 орчим тэрбум төгрөгийн төсөв байж байгаа. Үүнээс 47 тэрбум нь тусгай зориулалтын буюу улсын нэгдсэн төсвөөс сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгүүдэд шууд зориулагдах юм. Дүүргээс цааш нь шилжүүлээд өгнө гэсэн үглдээ.

 

14 тэрбум нь нийгмийн халамжид төсөвлөгдсөн. Үлдсэн найман тэрбум нь дүүргийн урсгал зардалд зориулагдана. 3 тэрбум гаран нь л бүтээн байгуулалтад зориулагдахаар төсөвлөгдсөн юм билээ. Ерөнхийдөө төсөв мөнгө тийм их хүрэлцээтэй биш байдаг юм байна.



-Одоо ярианыхаа сэдвийг өөр тийм хандуулая. Япончуудаас юуг нь бахархаж олж харав?

-Япон улс, Японы ард түмэнтэй холбоотой нэгэн жишээ татая. Шиба Рёотаро гэдэг алдарт зохиолчийн “Даваан дээрх үүлс” гэдэг номонд Орос-Японы дайнд гарамгай гавьяа байгуулсан Акияма Ёшифүрү гээд цэргийн том жанжины тухай өгүүлдэг юм. Тэр хүн анх ядуу айлын хүүхэд байж. Аав нь жирийн төрийн албан хаагч. Тэднийх маш олон хүүхэдтэй, амьдрал ч ядруу байж л дээ.

 

Акияма Ёшифүрүгийн хувьд суралцах маш сонирхолтой. Энэ мөрөөдлөө биелүүлье гэхээр нэгдүгээрт сургуульд явах мөнгө байхгүй, хоёрдугаарт ар гэрээ тэжээх хэрэгтэй. Харин нэг өдөр тухайн орон нутагт нь цэргийн үнэгүй сургуульд сонсогч бүртгэж авч байна гэдэг зар сонсч. Түүнд их том боломж гараад ирэв. Сургуульд сурах хүсэл нь биелэх нь гэж бодохоос маш баярласан байгаа юм.

 

Үнэ төлбөргүй учраас тэр л дээ. Тэгээд энэ сургуульд яаж бүртгүүлдэг юм бол доо гээд хайгаад явсан чинь мань хүний аав нь тэр асуудлыг  хариуцдаг болж таарав. Гэртээ ирээд ааваасаа “Та цэргийн сургуульд та бүртгэж байгаа юм уу гэж. Би ормоор байна” гэж асууж. Аав нь хариуд нь “Энэ бол төрийн ажил. Чи бид хоёр гэртээ ярьж болохгүй. Маргааш албан ёсоор цаг аваад надтай уулзаж мэдээлэл ав” гэж.

 

Ингээд хүү нь товлосон цагтаа албан ёсны хувцас өмсөөд бусад иргэдийн адил мэдээлэл авсан байгаа юм. Тэр аав ямар мундаг байна вэ. Хувь, хувьсгал хоёроо гайхалтай ялгаж чадаж байна шүү дээ. Энэ бол төрийн албан хаагчийн ёс зүйн мундаг жишээ бөгөөд Япончуудын гайхамшигтай чанарын нэг мөн. Ер нь иймэрхүү жишээ Японд маш олон байдаг. Япон улсыг хөгжилд хүргэсэн гол нууц бол хүмүүсийн сэтгэл, ухамсарт байжээ гэж хувьдаа боддог.


 
-Та бол залуу хүн. Монголын залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ? Тэдэнд юу дутагдаад байна вэ?  Дэмжихийн тулд төрөөс юу хийх шаардлагатай вэ?

-Монголын залуусаа харж байхад эмэгтэйчүүд нь харьцангуй дайчин, амьдралаа авч явахын төлөө зүтгэж байх юм. Ажилсаг, хичээнгүй, чамбай маш олон эмэгтэйчүүд маань Монголын нийгмийн амьдралыг нуруун дээрээ үүрч явна даа. Харин эрчүүдийн тухайд ярьмаар юм байна. Амьдралдаа ачаа үүрч сурахаас зугатаасан, аливаа асуудалтай нүүр тулж сурах тийм зориг зүрх олон эрчүүдэд дутагдах гээд байх шиг.

 

Эрхэлсэн ажил дээр нь жаахан бэрхшээлтэй зүйл гарвал шантраад хаяад явчихдаг залуус цөөнгүй байна. Ажил хийх бодолгүй хүмүүс ч байна. Цаг нөгцөөхийн тулд архи уугаад л. Нэг ёсондоо зорилго тэмүүлэлгүй, амар хялбар аргаар амьдрах гэсэн өрийн наснаасаа жаахан хүүхэд шиг сэтгэхүйтэй эрчүүд олон байдаг нь харамсалтай. Монголд эр хүний чанар чансааг сайжруулах юмсан гэж боддог минь ийм учиртай л даа.

 

Ажилгүйдлийг өөгшүүлэхэд өмнөх Засгийн газрын хэт хавтрайсан нийгмийн халамжийн бодлого нөлөөсөн гэж би боддог. Бүх хүнд бэлэн мөнгө тараагаад өгчихсөн. Үнэхээр ядарсан, орлого олох чадваргүй хүнд биш шүү дээ. Бие бялдартай, сайхан залууст адилхан мөнгө өгчихөөр амьдралын төлөө гэсэн тэмцэлгүй болчихож байгаа юм.

 

Ер нь төр засгийн бодлогын зүгээс хэн баялаг бүтээж байна вэ, хэн хөдөлмөрлөж байна вэ тэр сайхан амьдардаг гэсэн ухамсарыг бүрдүүлэх ёстой гэж боддог. Бүгдийг нь халамжлаад угжаад байж хэрхэвч таарахгүй. Өнөөгийн төр засаг тэр зам руу явж байна. Залуучууддаа хандаад хэлэхэд энэ цаг үед төрж өссөн та нар азтай хүмүүс шүү. Та бүхэн боддоо.

 

Хэдийгээр 13 дугаар зуунд дэлхийг эзэгнэсэн Их Монголын эзэнт гүрэн байсан ч хувь заяаны эрхээр олон жил манжийн дарангуйлалд байлаа. 70 жил Зөвлөлт Оросын шууд хараанд байлаа. Үндсэндээ 300 жил тусгаар тогтнолыг бодит утгаар нь хэрэгжүүлж чадаагүй. Харин 1990 оны ардчилсан хувьсгалаар л анх өөрөө өөрийгөө мэдэхтэйгээ болж, бодит утгаар тусгаар улс болсон.

 

Тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал гэдэг маш том үнэт зүйл. Дээрээс нь бурханы авралаар өвөг дээдсээс минь өвөлж ирсэн газар нутаг, байгалийн баялаг байж байна. Энэ бүхэн Монгол Улсыг цааш цаашдаа хөгжихөд асар их боломж олгож байна. Дэлхийд гайхагдах өндөр хөгжилтэй орон болох гарааны шугаман дээр ирчихсэн, ийм орны иргэн болоод төрчихсөн хүмүүс шүү дээ, бид.

 

Аз завшаанаа ашиглаад амжилтад хүрэх хэрэгтэй гэж уриалах байна. Боломж нээлттэй байна шүү. Уучлаарай, би АН-ын гишүүн болохоор хэлбийгээд хэлчихэж магадгүй. УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулиар АН ерөнхийдөө засаг төрөө барьчихлаа. Би улстөрийн хүчний хувьд хамгийн эрүүл хамгийн зөв улс төрийн хүчин төр засгийн эрхэнд гарлаа гэж үзэж байна.

 

Цааш цаашдаа манай улстөр харьцангуй зөв гольдиролоор явах илүү эрүүлжээд явах боломж нь  энэ сонгуулиудаар, ард түмний сонголтоор бүрдсэн байх гэж боддог. Өмнөх удирдах хүмүүсийн, улстөрчдийн хамаа замбараагүй авдаг байсан, луйварддаг байсан тэр зүйлүүд бага багаар хумигдаж байна, эхнээсээ шүүхээр шийтгүүлж байна. АТГ, холбогдох байгууллагууд нь шалгаад явж байна.

 

Дараа дараагийн хүмүүс үүнээс сургамж авч байна. Засаг төр харьцангуй цэвэрших тийшээ орлоо. Гэхдээ үүнд мэдээж санаа амарч болохгүй. Иргэд олон нийтийн шахалт, байнгын хяналт байх ёстой. Тэгж байж ардчилал гээч юмыг хамгаална. Ардчилал гэдэг чинь эмзэг зүйл. Цэцэг сайхан боловч эмзэг байдагтай яг адилхан.

Сайхан зүйл эмзэг байдаг. Эсрэгээр хогийн ургамал, шарилж амь бөхтэй. Тэгэхлээр энэхүү эмзэг сайхан зүйлийг хамгаалж тордож улам сайхан болгохын төлөө манай ард түмэн, залуучууд бид ухамсарлаж, ажиллаж амьдрах хэрэгтэй гэж боддог.



-Шинэ жил дөхлөө. Энэ баяр дөхөхөөр юу бодогддог вэ?

-Шинэ жилийг Монголчууд маань өргөн тэмдэглэдэг болж. Манай орон их хүйтэн шүү дээ. Ийм орны хүмүүс бид өвлийн айхтар хахир улирал нэг удаа баярлалдаж хөгжилдөх нь сайхан үйл явц мөн. Хамгийн гол нь өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж ярилцаад ирэх жилийн ажлаа цэгнэж төлөвлөж, цээжин дэх галаа асааж ингэж бодох, нэгийг ухаарах хоёрыг санах ийм боломж өгдөг баяр. Энэ утгаараа би шинэ жилд дуртай. Хүүхдүүд багачууд ч их дуртай. Бэлэг авна. Гацуур модоо харж баясна. Монголчууд бүгдээрээ шинэ жилээ сайхан утгаасай.

 


2013 он Монгол түмний хувьд үнэхээр сайхан орон болно гэж итгэл төгс байна. Тэр сайхан жил болгохын төлөө хүн бүр өмнөө өөдрөг зорилт тавьж, эрч хүч дүүрэн ажилаарай гэж уриалах байна. Баянзүрхчүүддээ, нийт монголчууддаа шинэ оны мэнд хүргэе.

Эх сурвалж: "Геологи Уул Уурхайн мэдээ"