sonin.mn
Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
 
-Ардчилсан намын X их хурал арванхоёрдугаар сард болж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл заалтууд, өмнөх дүрмийн зүйл заалтуудад тодорхойгүй зүйл заалтууд орсон гэж үзсэн. АН-ын X их хурал бол хүчин төгөлдөр хурал. Улсын дээд шүүхээс тодруулах зүйл байна гэж хэлсэн. Бид дээд шүүхийн шийдвэр цаасаар гарч ирсний дараа тодруулах ёстой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, дахин хүсэлтээ өгнө. Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намын дүрмийн дагуу өмнөх намын дарга хариуцлага хүлээж, би намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн намын даргад тамга, тэмдгээ хүлээлгэн өгнө. Сүүлийн үед эрх баригч намын зүгээс АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах, хагарсан мэт харагдуулах процессуудыг явуулж байна. АН өөрөө 200 мянган гишүүнтэй. Энэ хүмүүсийн дэмждэг байдаг учраас бид зөв зүйл, шударга ёсны тэмцэлээ цаашид үргэлжлүүлнэ. Үндсэн дүрмийн жижиг алдааг дахин засаж, Улсын дээд шүүхэд бид дахин хүсэлтээ өгнө.
 
Нийслэлийн АН-ын дарга Б.ПҮРЭВДАВАА:
 
-Өнгөрсөн хугацаанд АН-ын үйл ажиллагаа доголдож, хоёр хуваагдсан гэх агуулгыг иргэдэд өгөх гэж оролдлоо. Яг өнөөдрийн байдлаар аймаг, дүүрэг, нийслэлийн нам дотроо хуваагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Өмнө нь 2017 оны намын дүрмийн өөрчлөлтөөр намын дүрэм бүртгэх асуудал Улсын дээд шүүхээс буцаж, намын дүрэмд редакцын засвар байна гээд буцааж байсан. Тухайн үеийн дарга С.Эрдэнэ даргалж байхдаа 14 хоногийн хугацаанд засаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Бүртгэлийн хувьд тохиолддог үйл ажиллагаа болохоос нам бутарсан зүйл байхгүй. АН дотроо үл ойлголцолтой, удаашралтай явагдаасай гэдэг хүсэл АН-ын эсрэг байр суурьтай хүмүүст ашигтай байгаа учраас ийм үйлдэл гаргаж байна гэсэн юм. 
Ингээд Ардчилсан намын 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн техникийн шинж чанартай жижиг тодруулга засварыг хавсарган Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин өгөх боллоо.
 
 
 
Шүүхийн үйл явцад бид хүндэтгэлтэй хандаж буй бөгөөд өмнө нь буюу 2017 онд Ардчилсан нам шинэ дүрмээ бүртгүүлэхэд Улсын дээд шүүхээс тухайн үед адил төстэй тодруулга шаардан буцааж байсан бөгөөд техникийн шинжтэй засварыг хийснээр дахин бүртгүүлж байсныг сануулах нь зүйтэй билээ.
 
 
 
Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн дагуу Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн болон бүх дүүргүүд, 21 аймгийн намын хороод хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Хотынхондоо тусалья”, “Малчиддаа тусалья” зэрэг иргэддээ туслах аянуудыг цар тахалын хүнд үе тохиосон ч амжилттай зохион байгуулж байна.
Хамгийн гол нь Ардчилсан нам цар тахалын үед иргэддээ ээлтэй засаглалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа эрх баригч Монгол Ардын Намын удаа дараагийн оновчгүй шийдвэрт онц шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд тэдний буруу бодлогод иргэдийн хамт хатуу хяналт тавьж сөрөг хүчний үйл ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлэх болно.