sonin.mn
1-р сарын 20-нд Сүхбаатарын талбайд иргэд цуглан, Улсын Онцгой Комиссын үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал хийж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох шийдвэр гаргасан билээ.
Ингэхдээ 1 сарын 21-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр У.Хүрэлсүх: "Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. 
Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.
Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм. 
Дахиж 7 сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. 
 
 Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье" хэмээсэн юм. 
 
Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга: "Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна...Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын Ерөнхий Газар болон Цагдаагийн Ерөнхий Газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа." гэж өгүүлсэн.
Үүнээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ.
 
1 сарын 21-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий Сайд асан У.Хүрэлсүхийн хэлсэн үг туйлын ноцтой үг билээ.
 
Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр уг жагсаалыг өдөөн турхирсан болж таарвал Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 -т  “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Еренхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасны дагуу асуудал өрнөх байв. МАН-ынхан ч Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх эсэх асуудлыг уухайн тас хэлэлцэх нь ойлгомжтой.
Гэвч эх сурвалжуудын өгүүлж буйгаар хуулийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглааныг улс төржүүлж, үймээн самуунд уриалсан эсэхийг шалгасан ч тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл Ерөнхий Сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-ын чуулганы индэр дээрээс гүтгэсэн болж таарч буй ажээ.
 
Э.Мягмар