sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн материалыг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, МАН-ын Ёс Зүйн Хорооны дарга Б.Баярбаатар нар СЕХ-нд өнөөдөр хүлээлгэн өглөө.
 
 
 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, намын Үндсэн дүрэм зэргийг чанд мөрдсөн.МАН-ын Бага хурал энэ сарын 2-нд болж нэр дэвшигчээр У.Хүрэлсүхийг тодруулсан бөгөөд намын 250 мянган гишүүн, анхан болон дунд шатны 2500 салбар нэгжийн саналыг үндэслэсэн хэмээн дурьдав.
 
Үүний дараа МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа:
“Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Улстөрийн намын тухай хууль, МАН-ын дүрэм зэргийг үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд хүлээлгэн өглөө. МАН бага хурлаа 5 сарын 02-ны өдөр албан ёсоор хийж, Монгол улс даяар 250,000 гаруй гишүүд, дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, 2500 орчим анхан болон дунд шатны намын байгууллагуудаар хэлэлцүүлсний үндсэн дээр 5 нэр дэвшигчээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг санал нэгтэйгээр дэмжсэн байгаа. У.Хүрэлсүхийг дэмжсэн учир нь Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шударга ёсны тэмцэл буюу нам дагасан бүлэглэл, уул уурхайн баялгийн тэгш бус хувиарлалт зэрэг олон зүйлтэй эхлүүлсэн тэмцлийг үргэлжлүүлэх ийм зорилготойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Нөгөө талаасаа Монголын ард түмэн өнөөдөр эрч хүчтэй, эр зоригтой, эв нэгдлийг илэрхийлэгч, улс үндэстнээ удирдан манлайлж, хөгжил дэвшлийг богино хугацаанд авчирч болох улстөрч хэн бэ? гэдэг олон төрлийн судалгаанаас үндэслэж энэ нэр дэвшилт болсон гэдгийг онцолж хэлэхэд таатай байна. МАН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 8 дахь удаагийн сонгуулийг илүү цэвэр, будлиангүй явагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Эрх баригч нам, мөн улстөрийн ууган хүчний хувьд энэхүү сонгуулийг шударга болоход ямар нэгэн саад бэрхшээл учруулахгүй, бусад улстөрийн нам хүчнүүдээ шударга өрсөлдөхийг уриалан, манлайлж ажиллах болно гэдгээ СЕХ-ны удирдлагуудад мэдэгдсэн. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулиудыг манай ард түмэн ярьдаг. Хамгийн муу хүмүүс өрсөлдөж, нэг муу нь ялдаг гэж. Тийм учраас МАН энэ соёлжиж байгаа нийгэмд илүү манлайллыг үзүүлж, илүү цэвэр, бодлогын өрсөлдөөнийг бий болгохын төлөө хичээж ажиллана гэдгээ Монголын ард түмэндээ хэлмээр байна. 
 
Мөн МАН, МАХН нэгдэх гэрээ хийгдэж, албажаад явж байна. Энэ гэрээнд нэг ч төрийн албан тушаал, улстөрийн албан тушаалын талаар яриа хэлцэл байхгүй ээ. Төрийн албан тушаал наймаалцах ёсзүйгүй алхам огт хийгдэхгүй ээ. Улстөрийн намуудад илүү соёл дэвшил хэрэгтэй байгаа юм. Хоорондоо зөрчилдөн тэмцэлдэхээсээ илүү бодлого, хөтөлбөрөөрөө өрсөлддөг байх нь зүйн хэрэг юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн мөрийн хөтөлбөрийг тун удахгүй ард түмэндээ танилцуулна. 
Монгол Улсын 30, 31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, баялгийн тэгш хуваарилалт, Монгол хүн эх орондоо сайхан амьдрах тэр боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах үндсэн зорилго байгаа. Нөгөө талаасаа эрх барьж байгаа нам нь Ерөнхийлөгчийнхөө институцтай хамтарч эв нэгдлээ бэхжүүлж, нэг зүгт харж ажиллана гэдэг нь Монгол улсад хөгжил дэвшлийг ямар богино хугацаанд авчирч чадах вэ? гэдгийг үзүүлэх түүхэн боломж гэж үзэж байгаа. Монголын ард түмэн 30 жилийн хугацаанд анх удаа нэг намд 2 удаа дарааллан засгийн эрх барих боломжийг олгосон. Ард иргэдийнхээ энэ сонголтыг өндөр дээд хэмжээнд нь хүргэх боломж бол өнөөдөр Ерөнхийлөгчөө аваад, хамтдаа нэг зүгт хараад, төрийн институци хоорондоо зөрчилдөн тэмцэлдэхгүйгээр улс орон, ард иргэдийнхээ төлөө ажиллах чинхүү хүсэл байгаа гэдгийг хэлье.” гэв.
Мөн олон нийтийн сүлжээнд гарсан МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сүүлийн 5 жил Монгол улсад амьдарсан байх ёстой гэдэг шаардлагыг хангахгүй байгаа гэдэг нь худлаа бөгөөд, "2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдон ажиллаж байсан. Ингээд бодохоор Монгол улсдаа сүүлийн 7 жил тогтвор суурьшилтай амьдарсан. Хоёрын хооронд явуургүй улстөр хийж, зарим нэг хүмүүс тийм зүйл явуулж байх шиг байна. Улстөрийн хэт улайрал, худал мэдээлэлд автахгүй байх, ард иргэдээ ийм худал мэдээлэлд автуулахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.” гэсэн юм. 
 
М.Чойжал